МУ-ын Алдарт уяач Ө.Пүрэвбаатар: Манлай уяачийн болзлыг бүрэн утгаар нь хангалаа

А.Тэлмэн
2016 оны 10-р сарын 14 -нд

АХ-ын 95 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан соёолонгийн уралдаанд загал үрээгээ аман хүзүүнд хурдлуулсан МУ-ын Алдарт уяач Ө.Пүрэвбаатарын баярын сэтгэгдлийг уншигч танаа хүргэж байна.
-Морины их олимпод их насны морь айрагдуулсан танд баяр хүргэе.

-Баярлалаа. “Тод магнай” сэтгүүлийн хамт олондоо.
-Сүүлийн гурван жил төрийн зарлигт наадмаас айраг, түрүү алдалгүй сайхан наадаж байна.
-Тиймээ. 2014, 2015 онуудад улс, бүсийн чанартай уралдаанаас 12 айраг, түрүү хүртэн Манлай уяачийн болзол тооны хувьд гүйцсэн. Өнөө жил төрийнхөө  баяр наадамд  унаган үрээгээ аман хүзүүдүүлж, шигшмэл морьдын “Их хурд” уралдаанд загал морио айрагдуулан Манлай уяачийн болзлыг бүрэн утгаар нь хангалаа. Миний өвөг дээдэс монгол наадам, морин уралдаанаа дээдэлдэг уяачид. Манайхан гурван үеэрээ морь уяж, монгол наадмаа чимж яваа улс.
-Гурван үеэрээ...
-Тиймээ. Миний өвөө Архангай аймгийн Төвшрүүлэх сумандаа сайхан наадаж явсан буурал. Өвөөгийн маань адуу тэр нутгаар их тарсан байдаг юм билээ. Уугуул нутгийн маань түмэн олон намайг урьж, сумандаа очиж наадан дөрвөн түрүү хүртэн сайхан наадсан. Тэр үеэр олон хүмүүс ирж баяр хүргээд “танай адууны угшилтай тийм мориороо сайхан наадаж байна”хэмээн ярьж байна лээ. Гурван үеэрээ морь уяж байгаа гэсний учир нь. Би бол өвөөгөө залгамжилсан хоёр дахь үеийн уяач. Харин миний хоёр хүү бол гурав дахь үеийн уяачид. Хоёулаа моринд дуртай. Наадам дөхөхөөр уяанаас сална гэж байхгүй. Морио манаж хононо. Морь уяхад суралцаж л явна.
-Монголын хамгийн өндөр чансаатай гурван уралдаанд гурвууланд нь морь айрагдууллаа. Өмнөх “Их хурд” уралдаануудад оролцож байсан уу?
-Үгүй ээ, өмнөх “Их хурд” уралдаануудад үзэгчийн хувиар л оролцож байсан. Энэ жил анх удаа оролцож, загал морио айрагдууллаа. Морь маань хурдан байсан учир “Их хурд”-д бараг түрүүлчих болов уу гэж бодож байсан шүү. Гэхдээ энэ том наадмын хишгийг чамлаж болохгүй ээ. Гурван жилд нэг болдог морины олимпод хүссэн аавын хүүгийн морь айрагдахгүй шүү дээ.
-Тэгэлгүй яахав. Алдарт бүгээн адуугаар амжилттай нааддаг юмаа даа?
-Нээрэн тийм байна шүү. Үүний өмнө бас нэг саарал морь сайн давхиж байсан.Өвөө маань хүрэн, зээрд зүсмийн адуугаар сайн наадаж байсан бол би загал, бүгээн зүсмийн адуугаа түрүүлгэж айрагдуулж байна.
-АХ-ын 95 жилийн ойд хэдэн насны морь мордуулсан бэ?
-Дөрвөн насны морь уяад хоёрыг нь улсын наадамд мордуулсан. Загал морь маань наймлаж, загал соёолон маань аман хүзүүдлээ. Нөгөө хоёрыгоо бүсэд уралдуулахаар хадгалж байна.
-Аль бүсэд очиж наадахаар төлөвлөж байгаа вэ?
-Эрдэнэт явах бодолтой байна. Тэндхийн морь уралдааны газар загал моринд маань яг таарна. Огцом өгсүүр бартаатай замд илүү давхидаг онцлогтой адуу байгаа юм. /Хангайн бүсийн уралдаанд загал морь айргийн гуравт хурдалсан /
-Ярилцсанд баярлалаа. Дараагийн уралдаануудад нь амжилт хүсье.
-Баярлалаа. Баяртайгаар эргэн уулзахын ерөөл өргөе.
А.Энхжил

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна