Аймгийн Алдарт уяач Б.Александр: Хорыг нь зөв гаргаад, хоолыг нь сайн тааруулчихсан адуу явнаа л гэдэг байсан
1943 он буюу АХ-ын 22 жилийн ой үндэсний их баяр цэнгэл наадамд Төв аймгийн Эрдэнэ сумын харьяат Дамдингомбын буурал духтай хүрэн азарга айргийн гуравт хурдалсан байдаг. Энэ цагаас хойш Эрдэнэ сумаар овоглосон хурдан хүрэнгүүд төрийн наадамд олонтаа түрүүлж, айрагдан түмэн олноо баясгасан билээ. Тэдгээрийн нэг нь АХ-ын 46 жилийн ойд аман хүзүүдэж, 47 жилийн ойн ойд түрүүлсэн Багаагийн /Александрийн/ хүрэн азарга юм. Бид аймгийн Алдарт уяач Багаагийн Александртай уулзан хурдан хүрнийх нь талаар дурсамж сөхлөө.
-АХ-ын 46 жилийн ойд таны аав Багаагийн хүрэн азарга аман хүзүүнд хурдалсан байдаг. Бидэнд Багаа гуайн талаар ярьж өгөөч?
-Миний эцэг Өвөрхангай аймгийн Хужирт сумын хүн. Бархасбадь гэдэг хүний гурав дахь хүү нь юм гэнэ лээ.1950-иад оны үед энэ нутагт жин тээж ирээд миний ижийтэй танилцаж айл гэр болоод гарсан ууган хүү нь би. Миний ижийгийн ах “цагаан” Дугар гэж мундаг уяач байсан. Энэ нутгийнхан андахгүй дээ. Тэр хүн эцэгт маань хурдан сайхан хүлгүүд олж өгч, уяач болгосон юм гэдэг. 1967 онд улсад аман хүзүүддэг хүрэн азарга Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын харьяат “Сөөнөн” Гомбын адуу.
-Манал гэдэг хүн авчирч зарсан гэдэг байхаа?
-Тиймээ, Төв аймаг байгуулагдсаны 40 жилийн ойн жил Манал гэгч хавчиг азарга авчраад Шохой цагаан булгаар нутагладаг шар Даваа гэдэг хүнд “зарчихаарай” гээд үлдээсэн юм гэнэ лээ. Нөгөөхийг нь нэгдлийн адуу хариулдаг хөх Цэрэндорж гэдэг хүнд өгч. Хүрэн азаргыг үзсэн улс “шар үстэй, муу юм”, “нэг сээр нь дутуу юм”, “ийм адуу хурдална гэж байхгүй” гэх мэтээр голоод тоохгүй байж. Тэгэхэд нь манай нагац ах “хурдан” гээд авсан юм билээ. Авсан жилээ Төв аймгийн 40 жилийн ойд уралдуулж шар үстэй азарга 11-т давхиулж.Тэр жил би Мөлүү хараа, дүү маань хүрэн азаргаа унаж байсан. Мөлүү харыг манай ах эндхийн Жигжидийн Дорж гэж хүнээс бас л хурдан гээд авч байсан. Ер нь хурд таньдаг хүн байсан шүү.
-Хүрэн азарга ирсэн жилээ Төв аймгийн наадамд 11-ээр давхиад, тэрнээс хойш...
-1964 онд сумандаа аман хүзүүдээд, 1965 онд Баяндэлгэрт очиж наадсан.1966 онд сумандаа түрүүлсэн шиг санаж байна. Хүүхэд байсан болохоор бас сайн санахгүй байнаа. Суманд түрүүлснийх нь дараа жил хүргэндээ буюу манай аавд өгсөн. Яагаад гэхээр тэр үед манай эцгийн бие тааруу байсан юм. Хүрэн азаргыг ах уяад миний доод талын дүү Мөнхөө унаж 700-гаад азарганаас аман хүзүүнд хурдлуулсан.Тэр жил Сэргэлэн сумын Дамдингийн хүрэн азарга, буурал морь хоёр нь түрүүлж байсан юм.
-Та тэр жил морь унаагүй юм уу?
-Хар азаргаа унаж нэлээд хойхнуур ирсэн.Тэр жилийн улсын наадам их өтгөн болж байсан шүү.
-Дараа жил нь хүрэн азарга таны нэр дээр уралдаж түрүүлсэн байдаг?
-Тэр хавар нь гурван сард миний аав өнгөрчихсөн юмаа. Хүмүүс “эцгийгээ нас барсан жил морь уяад дэмий байх” гэж байсан ч Дугар ах маань “ийм сайн азаргыг өнжөөж болохгүй. Буян ном сайн хийчихээд улсын наадамд явнаа миний дүү” гэж хэлсэн. Тэгээд л намайг дагуулаад хоёр тэмээн тэрэгтэй төрийнхөө наадмыг зорьж ирээд түрүүлгэсэн дээ. Сунгаанд “нармай” Дондов гэдэг хүний бор азарга түрүүлж, миний хүрэн азарга аман хүзүүдэж байсан юм.
-1968 оноос хойш ямар амжилт үзүүлсэн бэ? Дахин улсын наадамд ирсэн үү?
-Тэрнээс хойш нэг их айхтар давхиулж чадаагүй ээ. Ахын маань хараа муудаад, би балчирдаад олигтой уяж чадаагүй. Гэхдээ сумынхаа наадамд гурав түрүүлж, тав зургаа айрагдсан.
-Хүрэн азарга хэд хүртлээ уралдсан юм бэ?
-25 хүртлээ уралдсан.
-Эцгийн шийрийг хатаах хурд төрсөн үү?
-Цөөхөн гүүтэй байсан даа. Гэхдээ нэг сайн халиун азарга төрсөн. Манай эхнэрийн дүү Цогтсайхан гэж хүнд байдаг. Мөн шар Намсрай гэдэг хүнд хар үрээ, Баяндэлгэрийн Василь гэж хүнд хээр үрээ өгсөн. Жигээ Дамбадаржаагийн бор азарганы угшилтай гүүнүүд хураалгасан ч эцэг талаа татаад хүрэн адуунууд гарсан. Шохой цагаан булгийн Чимэддорж, Цэдэндамбаа нарын хүмүүст ах маань зарсан. Цэдэндамбааг та бүхэн мэдэх байх даа. Улсад хонгор шүдлэн түрүүлгэж байсан шүү дээ.
-Төлүүд нь ямар амжилт гаргаж байсан бэ?
-Гайгүй амжилттай давхисан нь шар Намсрайн хар азарга. Энэ сумандаа нэлээд хэдэн удаа түрүүлж, айрагдсан. Түүний дараа Баяндэлгэр лүү явсан хээр азарга. Гайгүй давхиж байгаа дуулддаг байсан.
-Цогтсайханы халиун нь ...?
-Суманд гурав түрүүлж, нэлээн хэдэн удаа айрагдсан. Архустын тэжээлийн үйлдвэрийн 20 жилийн ойгоор аман хүзүүдэхэд нь хүмүүс наанаас эргэсэн гээд гайхаж байсан удаатай.
-Түрүүний хоёр азарга тэгтлээ хол тасарсан юмуу?
-Баян сумын “хар” Мөнхөө гэдэг хүний хул түрүүлж, Цогтсайханы халиун аман хүзүүдсэн. Хоёулаа их хол тасарч ирсэн л дээ. Тэр хул азарга их томируун биетэй. Аргагүй чацаараа илүүрхдэг юм билээ. Халиун азарга барагтай адуутай эгнэж уралддаггүй. Ганцаараа л ирдэг. Тэгэхэд халиуны хүүхэд нь буруу замаар яваад хулыгаа гүйцэж буруу талаар нь ороод аман хүзүүдсэн дээ. Тэр их сайхан наадам санагддаг юм.
-Нагац ахынхаа талаар мэдэхээ хуучлаач?
-Миний ээжийн төрсөн ах нь. Лам хүн байсан гэнэ лээ. Жанчивлангийн хүрээнд шавилан суудаг байж. Цаг хатуураад ирэхээрээ сахилаа гээгээд хар болсон гэдэг юм. Гуравдугаар ангийн боловсролтой.
-Нэр нь Цагаандугар уу?
-Дугар. Баянголд болсон уралдаанд таван бүгээн адуу уяж очоод дөрвийг нь айрагдуулахад “аргагүй цагаан юм амсаж явах хувьтай хүн юм” гээд түүнээс хойш цагаан Дугар гэдэг болсон юм гэнэ лээ. Манай ах адууг шинжихдээ гаргуун хүн байсан. Баяндэлгэрийн улцан Дэндэв гэж хүнийг дагаж морь уяж сурсан гэж өөрөө ярьдаг байсан. Нэг жил Баяндэлгэр 20-д гаргаж наадмаа хийгээд ах гайгүй сайхан хусран даагаа уяад очиж. Цавьдар үрээ байсан гэдэг юм. Тэгсэн Дэндэв гуай харчихаад “чи уясан юмуу хүүхээн” гэж асууж. Тэгэхээр нь ах “уяхаар барах уу, сумынхаа наадамд түрүүлгэчихээд ирлээ” гэж. Тэгсэн Дэндэв гуай “ээ зайлуул. Миний шарга морьтой нэг тарлаадах” гэж. Түрүүлсэн даагатай хүнийг ингэж хэлэхээр уурлана биз дээ. Хамт явсан Маналсүрэн гэж хүндээ ”энэ муу өвгөн зөнөглөчихсөн юм байна” гэж миний цавьдар даагыг шарга морьтойгоо тарла гэж байхгүй юу. Дургүй хүрээд ганцааранг нь тарлачихлаа” гэсэн юм билээ. Тэгсэн нөгөөх нь “чи яаж байгаа юм бэ? Манай энэ нутагт чинь ахын үгнээс гардаг амьтан байдаггүй юм. Чи аягүй бол буруудчихсандаа” гэж. Маргааш нь уралдсан айраг байтугай модгүй ч давхисан юм билээ.Тэгээд л орой руу нь орохгүй юу. Хожмоо надад “уяач хүний үгийг хүлээж авч сурах хэрэгтэй юм шүү.Би тэгж зөрүүдлээд цавьдар даагаа айрагдуулж чадаагүй. Хүнийг ерөөсөө голж болохгүй” гэдэгсэн. Би ч бурхан болтол нь загнуулсан даа.
-Юуг голчилж захидаг байсан бэ?
-Морины хоол. Өвлийн адууны хорыг гаргах. Хорыг нь зөв гаргаад, хоолыг нь сайн тааруулчихсан адуу явнаа л гэдэг. Айхтар нарийсгадаггүй. Морины тарыг айхтар нарийн өг. Өөд газар амыг нь татаж өөрийнх нь бярыг гаргаж бай. Битгий ороолго. Тэгсэн морь хөндүүр сууна” гэдэг байсан. Манай ах туранхай адуунд гойд сайн. Туранхай адууг жинхэнэ сайн уядаг хүн байсан. Нэг жишээ хэлье л дээ. Тууварт явж байсан хүн муудаад явахаа байсан бор морио дэнх Магсар гэж хүнд “хойтон жил нэг унааны морь өгөөрэй” гээд үлдээж. Түүнийг нь Магсар гуай манай ахад хэлэхгүй юу. Ах харчихаад арай ч хоосонгүй юм шиг гээд 300 төгрөгөөр авч байсан гэдэг. Тэр үеийн 300 төгрөг бага мөнгө биш шүү дээ. Ер нь бол сайн морины өртөг. Тэгээд нөгөө туранхай бор морийг халуун шаагь идүүлж хөлслөөд тэр газар нь хөрвөөлгөчихөөд л ирдэг байсан. Наадам болтол тийм л ажил хийсэн. Хааяа нэг улаан үнээний түүхий сүү өгсөн байх. Тэгээд сонгуулийн өдөрлөгт уралдуулахад их хол түрүүлсэн. Туранхай морийг хоёр наадам дамжуулна гэж аархаж ч байсан удаатай. Тэр бор морь гойд сайн морь байсан байх. Дараа нь ах тугалтай үнээ, залуу морь хоёроор зарчихаж байсан юм. Буриад хүн авсан. Тэндээ очоод бас гайгүй давхиж байгаа дуулддаг байсан шүү.
-Таны хувьд хэзээнээс бие даан морь уях болсон бэ?
-Би 1975 онд цэргээс халагдаж ирэхэд ах маань нэлээд ядарсан байсан. Тэр үед манай суманд халзан Даш гэж хүн байлаа. Би тэр хүнтэй нийлж их олон жил морь уясаан. Хүрэн азарганы маань төл сайхан хээр морь байлаа. Миний уяж байсан морьдоос бараг хамгийн өндөр амжилт гаргасан нь тэр хээр байх. Манай ах тэр хээр морины эхийг дааганд нь Архустын Эрдэнэжав гэж хүнээс шалсаар байж 300 цаасаар аваад сумын өвгөчүүлд “сөнгө дааганд шилмэл залуу морины өртөг өглөө” гээд загнуулж байсан юм гэнэ лээ. Хээр морь намайг цэргээс ирэхэд ид залуу найман настай байсан. Намар найман сард халагдаж ирээд өвөл нь айлын найранд түрүүлгэснээс хойш сумандаа есөн удаа аман хүзүүдүүлж, ганцхан удаа түрүүлгэсэн.
-Ямар морьтой түрүү булаалддаг байсан юм бэ?
-Янз бүрийн л морьтой уралдаж байсан даа. Ганжуурын зээрдтэй нэлээд хэд уралдсан байх. За тэгээд Хийлийн хонгор, Цогтжаргалын хонгор гээд энэ нутгийн сайн хүлгүүдтэй түрүү булаалддаг байсан.
-Үзүүр дээрээ суудаг адуу байсан юмуу?
-Шүдлэнд нь хээрийн амьтан хүрчихсэн юм гэнэ лээ, тэгээд хутаг суучихлаа гэдэг байсан. Нэг жил түрүүлэхэд нь хүнээр өөрийг нь зуруулаад сахиус болгон зүүгээд явуулчихсан юм. Тэгсэн түрүүлсэн. Тэрнээс хойш жижиг наадмуудад гайгүй давхисаан.
-Та аймгийнхаа наадамд морь айрагдуулж байсан уу?
-Аймагт нэг их морь мордуулж чадаагүй ээ. Сумандаа голдуу нааддаг. Сумын баяр наадмаас 10-аад түрүү, 20-иод айрагтай.
-Хүрэн азарганаасаа хойш улсын наадамд ахиж явсан уу?
-Шарга азаргатайгаа очиж 13-аар нэг давхиулж байсан. Бас нэг удаа чойндон тамгатай шарга морьтойгоо очоод 70-н хэдээр давхиулж байсан. Пүрэвсүрэн гээд охин маань уначихсан. Түргэний гол хүртэл шарга морьтойгоо зугтаагаад. Их холоос зугтаасан морь дорхноо л гүйцэгдэлгүй яахав. Тэгээд айрагдаж чадаагүй. Тэгэхэд айрагдах морийг айрагдуулж чадсангүй гэж зэмлүүлж байлаа. Цагаан хоолойгоор Төв аймгийн Эрдэнэ сумын харьяат Александрын чойндон тамгатай шарга морь их хол явж байна гэж зарлахыг сонсоод нүдний нулимс гарч байсан шүү./инээв/
-Хүрэн азарганыхаа хэд дэх үеийн төлөөр наадаж байгаа вэ?
-Дөрөв дэх үеийн төлүүд нь уралдаж байна даа. Би гурван хүүтэй. Гурвуулаа морь уяна. Манайх уяач олонтой. Худ, хүргэн гээд цөм уяна.
-Хамгийн сайхан наадмын дурсамжаасаа хуваалцаач?
-Шарга азарга маань даагандаа сумынхаа наадамд их хол түрүүлсэн. Бараг гурван км шахуу газар тасарч түрүүлсэн шүү. Хөлсийг нь хусчихаад байхад аман хүзүүний даага ирээд хүүхэд нь “би янзтай хол түрүүллээ шүү дээ ахаа” гэж байсан юм. Тэгсэн Цэдэнбал гээд аман хүзүүддэг хүрэн дааганы эзэн “юу ярьж байгаа юм. Аль цагийн Алагаа ахын чинь шарга даага түрүүлээд ирсэн” гэж билээ. Цэдэнбал бид хоёр сайн найзууд л даа. Найз маань намайг даагаа хол түрүүлгэлээ гээд бага адуугаар шагнаж байсан. Тэр наадам л хамгийн сайхан даа.
-Таны нэрийг хэн өгсөн гэдэг вэ? Эрдэнэ сум Александр олонтой бололтой?
-Тэр үед манай суманд ажиллаж байсан бага эмч эрэгтэй хүүхдэд Александр эмэгтэй хүүхдэд Маяа гэж нэр өгч байсан юм гэнэ лээ. Манай Эрдэнэд таван Александр байсан. Нэгийг нь ах лам нь орос хүний нэр өгөхгүй гээд Рагчаа болгож сольсон.
-Төрийнхөө наадамд адуун сүргийн манлай азарга түрүүлгэж мөнхөрсөн танд эрүүл энх, аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөгөөд ярилцлагаа жаргаая.Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа.
-Манай нутгийг зорин ирж уяачидтай уулзаж байгаа та бүхэнд бас талархлаа илэрхийлье.
А.Тэлмэн
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
- 2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд Х.Гарь…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд 106 да…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд ангилалд эхний …
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насны уралдаанд…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насанд 65 хурда…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд эхний 10…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд С.Баярса…
- 2024 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд 79 хурдан хүлэг бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 13 -нд Цоллооч хүүд Д.Чулуунбат Тод манлай даага амлав
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан д…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Х.Улам-Өрнөхийн хээр даага тү…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 258 даага бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Энх-Очир: Захаар нь дайрч ороод Нандин…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Хишиг-Очирын Бөхбатын хүрэн с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 217 соёолон бүртгүүлж, 152 нь гараа руу хөдөлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд Б.Ерөөлтийн халтар морь түрүү…
- 2024 оны 7-р сарын 11 -нд 228 их насны морь бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан а…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор …
- 2024 оны 7-р сарын 11 -нд 192 азарга бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна