МУ-ын Алдарт уяач Л.Батмөнх: Гурван халзан үрээгээрээ сайхан наадлаа

А.Тэлмэн
2016 оны 10-р сарын 20 -нд

АХ-95 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан соёолонгийн уралдаанд хүрэн халзан үрээгээ айргийн тавд хурдлуулсан МУ-ын Алдарт уяач Л.Батмөнхийн баярын сэтгэгдлийг уншигч танаа хүргэж байна.
-Халзан соёолон төрийнхөө наадамд айргийн тавд хурдаллаа. Баяр хүргэе?
-Баярлалаа. Унаган соёолон маань улсынхаа наадамд айрагдсанд баяртай байна. Өнөө жил улсынхаа наадамд азарга, их нас, соёолон, шүдлэн насны морьд мордуулсан. Азарга 12, их насны морь 51, шүдлэн 26, 33-аар тус тус давхилаа.
-Өнөө жилийн баяр наадмын талаар ямар бодолтой байгаа вэ?
-Бороо, хуртай дэлгэр сайхан жил байна. Аймгуудын баяр наадам хойшилсон болохоор морьдын тоо их, өтгөн сайхан наадам боллоо.
-Нутагтаа болсон баруун бүсийн уралдааныг зорьсон. Хэрхэн наадсан бэ?
-Тэгсээн. Өнөө жил миний төрсөн нутаг Говь-Алтай аймагт баруун бүсийн уралдаан болж, би улсын наадмын дараа “Их хурд”-д оролцолгүйгээр шууд нутаг явсан. Нутагтаа очоод өөрийн унаган гурван халзан адуугаа дараагаар нь оруулж сайхан наадлаа. Баруун бүсийн уралдаан үүлдэрлэг байдлаар сайн ялгаж, улсын наадмын зайг баримтлан уралдуулсан. Өөрөөр хэлбэл их насны морь 26, азарга 23, эрлийз дээд нас 23, соёолон 23, хязаалан 18, шүдлэн 14, даага 11 км зайд тус тус уралдлаа. Мөн наадмын хаалтын үеэр аймгаасаа төрсөн улсын цолтой уяачдад хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг зохион байгуулснаараа бусад бүсээс ялгарч байлаа.
-Сайхан арга хэмжээ болно лээ?
-Улсын цолтой уяачдадаа тухайн сум, орон нутгаас нь эмээл хазаартай морь бэлэглэж, хөдөлмөр зүтгэлийг нь үнэллээ. Надад сайхан жороо морь таарсан. Манай Алтай нутаг бол эрт дээр үеэсээ жороо морьдоороо алдартай. Түүнийг нь бэлгэдэн Бигэр сумын ЗДТГ-аас сумынхаа наадамд дөрвөөр давхисан жороо морийг сонгон бэлэглэсэн. Түүнд нь маш их баярлаж байгаа.
-Нутгийн хүү уралдааны санхүүжилтыг бүрдүүлэхэд оролцоо байлгүй?
-Оролцолгүй яахав. Есөн насны ангилалд унасан морио түрүүлгэж, айрагдуулсан 45 хүүхдэд иж бүрэн хамгаалалтын хувцас хэрэгсэл бэлэглэсэн.
-Баруун бүсэд хэдэн насны морьтой очсон бэ?
-Эрлийз дээд насанд гурван үрээ мордуулж, гурвууланг нь айрагдуулсан. Мөн эрлийз дунд насны ангилалд найздаа өгсөн шүдлэн үрээ гуравт орсон. За тэгээд хязаалан 21, даага 18, шүдлэн 21, их морь 34-өөр давхилаа даа. Өнгөрсөн жил болсон зүүн бүсийн уралдаанд миний унаган хоёр үрээ мөн дараагаараа орсон. 
-Хэдэн жилийн өмнө Ирландаас  Англи азарганууд оруулж ирсэн. Тэднийхээ төлүүдээр наадаж байна уу?
-Тиймээ. Сая баруун бүсэд гурваар давхидаг шүдлэн үрээ Ирландаас авчирсан азарганы т анхны төл. Тэр азаргануудын төл дээд тал нь шүдлэн болоод байна. Хүмүүс эрлийз адууг маллахад төвөгтэй гэж боддог шиг байгаа юм. Тийм биш шүү дээ. Өвөл цаг хатуурчихгүй бол монгол адуу шигээ бэлчээрээр өвөлжчихнө. Тэр үед би гурван азарга оруулж ирээд нэгийг нь хүнд өгсөн. Хоёр азарга нь одоо тус бүр 25 гүүтэй. Шинэ цагийн адуунаасаа би нутаг орон руугаа ч явуулдаг, хүмүүст ч өгдөг. Очсон газартаа түрүүлж, айрагдаад дажгүй л байгаа дуулддаг ш дээ.
-Баруун бүсэд халзан үрээнүүд хөвгүүдийн тань нэр дээр мордож байна лээ. Хүүхдүүд моринд дуртай юу?
-Би гурван хүүтэй. Манай гурван хүү гурвуулаа моринд дуртай. Гурвуулаа морь унадаг. Том хүү маань 2010 онд бүсийн наадмаас айраг хүртэж байсан. Бага хүү ч ялгаагүй хурдан морь унана. Аав, ээж хоёр нь моринд дуртай болохоор хүүхдүүд дагадаг юм шиг байна. Манай эхнэр бас моринд их дуртай. Аймаг, сумын наадамд морь мордуулна. Өөрөө сумын Алдарт уяач цолтой.
-Моринд дуртай, морио дээдэлдэг бүсгүйчүүдийн хүрээ тэлж байна шүү. Удахгүй улсын цолонд хүрэх бизээ?
-Ерөөлөөр болог. Цол гэснээс миний хувьд өнөө жил гурван халзан үрээнийхээ амжилтаар Манлай уяачийн болзол хангалаа. Би чинь улс, бүс наадмаас 24 айраг хүртсэн хүн шүү дээ. Өмнө нь тоо нь гүйцчихээд чанар нь хүрдэггүй байсан юм. Энэ амжилтын 70 хувь нь миний унаган адууных.
-Манлай цолоо авахад тань баяртайгаар уулзъя. Ярилцсанд баярлалаа.
-Баярлалаа. Та бүхний ажилд амжилт хүсье.
А.Энхжил

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна