Аймгийн Алдарт уяач Б.Лхагва-Очир: Төрийн наадмаас түрүү хүртэх хүслээ биелүүллээ

А.Тэлмэн
2016 оны 10-р сарын 26 -нд

АХ-95 жилийн ой, Үндэсний их баян цэнгэл наадмын хурдан хязаалангийн уралдаанд хүрэн үрээгээ түрүү магнайд хурдлуулсан Дундговь аймгийн Хулд сумын уугуул, аймгийн Алдарт уяач Баярсайханы Лхагва-Очирын баярын сэтгэгдлийг уншигч танаа хүргэж байна.
-Төрийнхөө их баяр цэнгэл наадамд унаган үрээгээ түрүүлгэж, уяачийн бахдалыг мэдэрсэн танд баяр хүргэе.
-Баярлалаа. Улсынхаа наадамд унаган хүрэн үрээгээ түрүүлгэж уулс, ус, түмэн олноо баярлуулсандаа баяртай байна. Өнгөрсөн жил Дундговь аймгийнхан маань одтой сайхан наадаж улсын баяр наадмаас олон айраг, түрүү авсан. Түүнийг зарим нэг хүмүүс цаг агаарын байдалтай холбон тайлбарлаж байсан учраас би хувьдаа өнөө жил сайн уралдчих юмсан хэмээн зорьж ирсэн. Түүндээ хүрч унаган үрээгээ түрүүлгэсэндээ баяртай байгаа.
-Аав хүү хоёр айраг алдахгүй наадаж байгаа байх шүү?
-Тиймээ, сүүлийн жилүүдэд сайхан наадаж байгаа. Гэхдээ төрийн наадмаас анхны түрүүгээ хүртэж байна. Би 2013 онд анх хээр шүдлэнгээ аман хүзүүнд хурдлуулчихаад ихээхэн урам орж байлаа.Тэгээд 2014 ондоо өнжөөд, 2015 онд соёолон, шүдлэн айрагдуулсан. Хүн л юм болсон хойно төрийн наадмаас түрүү хүртэж үзэхсэн гэж боддог байсан. Түүнийгээ өнөө жил биелүүллээ.
-Эр хүн зорьсондоо хүрэх шиг сайхан зүйл хаа байхав. Өнөө жил хэдэн насны морьтой ирсэн бэ?
-Өнөө жилийн хувьд шүдлэн, хязаалан, соёолон, азарга гэсэн дөрвөн насны зургаа, долоон адуутай ирсэн. Манай ах Эрдэнэтөгсийн хээр азарга Цагаан хөтөл хүртэл сайхан өнгөнд уралдаад говийн бүсэд очиж дөрвөөр орлоо. Соёолонг маань улсад үүлдэрлэг байдлаар хасчихсан байна лээ. Уг нь монгол үрээ. Гэхдээ дараа нь говийн бүсийн уралдаанд түрүүлсэн. Шүдлэнгийн тухайд унаган хүрэн үрээ маань есөд давхисан.
-2016 он гарсаар хичнээн айраг түрүү хүртээд байна вэ?
-“Дүнжингаравын хурд”-д  азарга дундуур давхиад, Өвөрхангай аймагт болсон хаврын бүсийн уралдаанд соёолон айргийн таваар давхисан. Аймгийн чанартай уралдаанаас гэвэл гурван түрүү, есөн айраг авсан юмуу даа. Хавар “Мандалын хурд” уралдаанд ахын азарга, хоёр соёолон айрагдаж, аймгийн баруун бүсийн уралдаанаас хоёр түрүү, дөрвөн айраг авсан. Дараа нь аймгийн зүүн бүсийн уралдаанд хүрэн үрээ аман хүзүүдсэн. Улсын наадмын дараа аймгийн баяр наадам болж соёолон түрүүлгэн, шүдлэн айрагдуулсан.
 Говийн бүсэд нэлээд амжилттай наадах шиг болсон. Хэдэн айраг, түрүү авсан бэ?
-Манайхан хоёр түрүү, гурван аман хүзүү, хоёр айраг авлаа. Нэг азарга аман хүзүүдэж, нөгөө нь дөрвөөр давхиад, их морь түрүү, аман хүзүүнд давхисан. Мөн соёолонд Амгалан ахынхаа хээрийг  түрүүлгэж, хүрэн хязаалангаа аман хүзүүдүүлээд, эрлийз дээд насны ангиллаас нэг айраг авсан.
-Хэдэн хүний морь уяж байна вэ?
-Манай аймгийн харьяат, аймгийн Алдарт уяач Рэнцэнпүрэв, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын харьяат, аймгийн аймгийн Алдарт уяач Наранцэцэгийн Амгалан, Хэнтий аймгийн МСУХ-ны тэргүүн Батжаргал нарын морийг уяж байна. Мөн аймгийн Алдарт уяач Сосорын Мөнхбат ахын ганц нэг морьд бас бий.
-Хийморилог залуу уяачид амжилт хүсье. Ярилцсанд баярлалаа.
-Баярлалаа.
А.Энхжил

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна