Дэлхийн гиннесийн амжилтад монгол адуу

А.Тэлмэн
2012 оны 2-р сарын 12 -нд

Өнгөрсөн жил монголчууд бид 6002 бөхчүүдийг нэг дор цуглуулан Монгол үндэснийхээ бөхийг Гиннесийн номноо бүртгүүлээд авсан билээ.  Бид дэлхийд гайхуулах эрийн гурван наадамтай  түмэн.  Тэгвэл манай хурдан морины уралдааныг Гиннесийн номонд  дэлхийн хамгийн холын зайн морины уралдаанаар бүртгэсэн байдаг байна.
2009 оноос хойш Английн адал явдалт аялалын холбоо, Монголын морин спорт аялалын болон Арвагар хээр холбоод хамтран “Монгол дерби” дэлхийн хамгийн холын 1000  км-д уралддаг уралдааныг зохион байгуулсаар ирсэн юм. Энэхүү “Монгол дерби” уралдааныг Дэлхийн хамгийн холын зайн морин уралдаан 833,2 км-ээр бүртгэснийг 2010 оны 08-р сарын 17-нд зарласан ажээ.
Гурав дахь жилдээ уламжлал болон явагдаж байгаа энэхүү уралдааны анхных нь  Өвөрхангай аймгийн Хархорин сумаас Хэнтий аймгийн Биндэр, Дадал сум хүртэл Өвөрхангай аймгийн Хархорин, Бүрд, Төв аймгийн Эрдэнэсант, Өндөр ширээт, Баян -Өнжүүл, Сэргэлэн, Баян Хэнтий аймгийн Цэнхэрмандал, Дэлгэрхаан, Өмнөдэлгэр, Жаргалтхаан,Баян адарга , Биндэр , Дадал сум хүртэл 1000 км-т  10 орны 23  тамирчин  уралдсан байдаг байна. Харин хоёр дахь удаагийн тэмцээнд мөн энэ маршрутаар Биндэр сум хүртэл 833,2 км-т дэлхийн 10 орны 16 тамирчин авхаалж самбаагаа сорьсон юм. Харин энэ жилийн тухайд Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг Өгөөмөр хайрханаас гараагаа эхлэж Баян өнжүүл, Өндөр ширээт, Эрдэнэсант,Өвөрхангай аймгийн Бүрд, Хархорин, Архангай аймгийн Хашаат, Өгийнуур, Батцэнгэл, Их тамир, Өндөр-Улаан, Эрдэнэмандал, Хайрхан, Өлзийт, Булган аймгийн Сайхан, Хутаг-Өндөр сумын Уран тогоо уул хүртэл 1000 км-т дэлхийн  11 орны  23  тамирчин оролцсон уралдаан өнгөрсөн 8 сард болж өндөрлөсөн юм.
Уралдаан нь өртөөний системээр зохион байгуулагдсан байдгаараа онцлогтой. 1000 км-ийг 40 км-ээр өртөөчлөн 25 өртөө байгуулдаг гэнэ. Өртөө бүрт нөөцний морьдыг бэлтгэсэн байх агаад үүнийг тухайн сумын уяачдаас авдаг. Нэг морийг 60,000 төгрөгөөр түрээслэж авдаг ажээ. Түүнчлэн зохион байгуулагчдын зүгээс хандивын ажиллагааг ч явуулдаг байна. Тухайлбал 2010 онд улс даяараа цаг  хүндэрч, байдал хэцүү байхад нутаг дэвсгэрээр нь явсан гэдэг утгаараа бүх сумдад тус бүр 2 сая төгрөгний хандав өгч байжээ. За бас тус тэмцээнд оролцсон бүх тамирчид нь монгол улсад туслах зорилгоор хандивын данс бүрдүүлдэг байна. Энд цугларсан мөнгөө Мерси кор олон улсын байгууллагаар дамжуулан нутаг дэвсгэрээр нь аялсан бүх сумдадаа 1-2 төсөл хэрэгжүүлдэг аж. Төслийн дүн 8 сая ?өгрөгөнд багтаж байгаа гэнэ. Энэ мэтчилэнгээр Монголын байгаль, үндэсний соёл, Монгол адууг дэлхий дахинаа сурталчилсан тус уралдаанд оролцогчдын тоо жил ирэх тусам нэмэгдэж байгаа юм. Энэ жилийн тухайд  Англи улсын парламентийн гишүүн Умард Ирландын ерөнхий сайд, гэр бүлийн хүний хамт оролцсон нь содон зочдын нэг яах аргагүй мөн байлаа. Нэмж сонирхуулахад энэ уралдааны анхны тамирчин, одоо бол ерөнхий зохион байгуулагч Katie Willings  “Монгол дерби”-г Гиннест бүртгүүлэхэл оцгой үүрэгтэй оролцсон нэгэн гэдэг.

 

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна