Аймгийн Алдарт уяач Ж.Мөнхсүрэн: Хурдан морины уралдаан бол арын хаалгагүй аргагүй сайхан цэнгэл

А.Тэлмэн
2016 оны 11-р сарын 01 -нд

АХ-ын 95 жилийн ой, Үндэсний их баяр цэнгэл наадмын хурдан хязаалангийн уралдаанд бор үрээгээ айргийн тавд хурдлуулсан Сүхбаатар аймгийн Халзан сумын уугуул, аймгийн Алдарт уяач Жамбын Мөнхсүрэнгийн баярын сэтгэгдлийг уншигч танаа хүргэж байна.
-Төрийн наадмын салхийг хагалж хязаалан үрээгээ айргийн тавд хурдлуулсан танд баяр хүргэе. Баярынхаа сэтгэгдлээс манай уншигчидтай хуваалцахгүй юу?
-Баярлалаа. Би Сүхбаатар аймгийн Халзан сумын харьяат, хөдөөний эгэл малчин уяач.Төрийнхөө баяр наадамд морь айрагдуулна чинээ санасангүй. Энэ том босготой наадмаас чинь үнэндээ сүрдэх юм байна шүү дээ.
-Анх удаа улсын наадамд ирж байна уу?
-Тиймээ, улсын баяр наадам үзэж ч байсангүй. Анх удаа өөрөө наадам үзье, хурдан хүлгийнхээ тоосыг нь өргөе хэмээн зорьж ирсэн нь энэ.
-Гэтэл унаган хүлэг нь урамтай сайхан давхиж, айрагдлаа?
-Тэглээ, газар газрын хурд цугласан энэ том наадамд унаган үрээ маань айрагдлаа. Хурдан морины уралдаан бол арын хаалгагүй аргагүй сайхан цэнгэл. Энэ өндөр довонд анх удаа ирээд айраг хүртэнэ гэдэг миний хувьд хамгийн дээд баяр байлаа. Нутгийнхаа уул ус, зон олон, ах дүү нар маань намайг түшсэн байх. Тэд нартаа төрийн их баяр наадмын мэндийг хүргэе.
-Хэдэн насны хичнээн морьтой ирсэн бэ?
-Уяхын тухайд нас болгонд уяж, жижиг бэсрэг наадмуудад уралдуулсан. Улсынхаа наадамд гурван насны морьтой ирсэн.
-Унаган хүлгээ улсынхаа наадамд айрагдуулсан танд дахин баяр хүргээд, амжилт хүсье.
-Баярлалаа.
А.Энхжил

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна