Аймгийн Алдарт уяач Ё.Жигжидсүрэн: Унаган таван морь дараагаараа орж байсан

А.Тэлмэн
2016 оны 11-р сарын 01 -нд

Завхан аймгийн Цэцэн-Уул сумын уугуул, аймгийн Алдарт уяач Ё.Жигжидсүрэн гуайн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Хурдан улааны эзэн хэзээнээс уяа эвлүүлэх болсон бэ?
-Уяхаасаа өмнө унадаг байсан.Балжин ахын хүрэн үрээг шүдлэн, хязааланд нь унаж Сантмаргаз суманд түрүүлгэж байлаа.Тэгээд 1950 оноос уяачийн гараагаа эхэлсэн дээ. Өвөөгийн дүү Дэнзэн гэж хүн надад “танай энэ улаан даага хурдан юм. Чи уя” гэж зөвлөөд би 16 настай анх морь уяж 10-т давхиулж байлаа. Улаан үрээ дараа жил нь тавлаж, хязаалан, соёолондоо түрүүлсэн. Хавчиг өнжөөгөөд нас нийлсэн хойно нь Сантмаргазад айрагдуулж байсан. Ер нь тойрсон хэдэн сумандаа 19 нас хүртлээ жил өнжилгүй айрагдсан шүү. Нэг жил л хүнээр уяулж түрүүлгэсэн. Бусад үед нь би өөрөө л уядаг байсан даа. Энэ хавийнхан Жигжидсүрэнгийн улаан бор гэхээр андахгүй дээ.
-Танай унаган адуу юу?
-Энэ адууны дээд тал нь Завханмандал гаралтай.
-Тэгвэл Толбот улаан чинь хаанахын адуу юм бэ?
-1962 онд нэгдэлд адуугаа нийгэмчлээд авч үлдсэн цөөн адууны дунд нэг охин даага байсан юм. Тэр нь хязаалан жилээ унагалж эр улаан унага гаргасан нь миний Толбот улаан байхгүй юу. Толбот улаан маань уясан уяагүй ижил адуу байсан.
-Бэлэн давхилтай гэсэн үг үү?
-Тийм. Хаа ч байсан давхина. Хамгийн аюултай нь хадуурна. Хадуурахгүй бол бүр их амжилт гаргах байсан байх. Гэхдээ л дааганаасаа эхлээд соёолон хүртлээ сумандаа болон Эрдэнэхайрхан, Сантмаргазын наадамд түрүүлсэн. Их насанд нийлээд нэг түрүүлээд хөлгүй болсон доо, хөөрхий.
-Уяачийн өм нээгдэхэд айраг, түрүү бөөнддөг шүү дээ. Тийм наадмууд хэр олон байв?
-Аймгийн 80 жилийн ойгоор унаган хүрэн морио гуравлуулж, хүрэн үрээ 13-т давхиулсан. Цэцэн- Уулын нэг жил наадамд миний унаган дөрвөн морь дараагаараа ирж тав дээр Галаарайд өгсөн миний унаган морь орж байлаа. Үндсэндээ миний таван морь дараагаараа орсон гэсэн үг.
-Таван их насны морь дараагаараа орно гэдэг ховор шүү?
-Завханмандалд гурван шүдлэн угсраагаараа ирж, соёолон түрүүлэн, их морь наймд давхиж байлаа. Мөн Цэцэн-Уулд хээр, хүрэн халзан, шарга гурван хязаалан дараагаараа ирж байсан. Би ер нь унаган адуугаа голдуу уралдуулдаг хүн. 16 наснаас хойш морь уяагүй өнжсөн жил байхгүй. Уяад айраг амсаагүй жил байхгүй.
-Унаган адуу хурдан ч сэлбэж сайжруулахгүй бол болохгүй. Гаднаас хэр олон адуу авч байна?
-Хэдэн хүүхдэдээ гайгүй юм үлдээчих юмсан гээд зүтгэж л явна. Өнгөрсөн жил Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумаас халтар, бор, хүрэн халзан гурван үрээ авчирсан. Бор нь бооцоот уралдаанд дөрөвт орсон. Мөн Асгатын Эрдэнэсүхээс хоёр даага авчирсан. Тэдний үр төл хэдэн жилийн дараагаас хурдлах байлгүй гэж найдаж байна.

"Тод магнай" сэтгүүл Завхан аймгийн тусгай дугаар

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна