Уяач Б.Бат-Эрдэнэ: Бие дааж морь уяад хоёр жилийн дараа хязаалан үрээгээ айрагдуулсан.

А.Тэлмэн
2016 оны 11-р сарын 09 -нд

Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын уугуул, уяач Б.Бат-Эрдэнэтэй хийсэн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Хурдан туурттай амьдралаа холбоод хичнээн жил болж байна вэ?
-Миний хувьд моринд ороод яг арав дахь жилээ болж байна. Тийм болохоор хууччуулын дэргэд амжилтын цуваа гэж нэг их урт үргэлжлэхгүй ээ. Түүнээс өмнө хөдөө малчин байгаад сумын төв руу орсон нь энэ. Бие дааж морь уяад хоёр жилийн дараа буюу 2005 онд буурал зүсмийн хязаалан үрээгээ шөвгөрүүлж наадмын өм нээгдэж байлаа. Манай нутгийн адуу л даа.
-Таны унаган адуу юу?
-Үгүй ээ, авмал адуу байгаа юм. Манай сумын нэгдүгээр багийн Монгол улсын Алдарт уяач Галбадрах гуайн унаган адуу. Шүдлэн үрээ байхад нь өвөл худалдаж аваад хязаалан шөвгөрүүлсэн нь тэр байгаа юм.
-Тэр үед чинь адууны ханш ямар байсан бэ?
-Одоогоос 10 жилийн өмнө шүү дээ. Тэгэхэд сувай адуу, бүдүүн морь жараад мянган төгрөгийн үнэтэй байлаа. Би ч тэр ханшаар худалдан авч байсан юм.
-Ингээд 2005 оноос хойш ямар ямар амжилт гаргаад байна даа?
-Дараа жил нь 2006 онд сумын 80 жилээр 200-гаад соёолон мордож, миний адуу 56-гаар орсон. Түүнээс хойш нэг хэсэг завсарлах маягтай гэхүү дээ. Ажил төрөл зав гарахгүй, дээр нь бүл цөөтэй болохоор уяаны ажлаа хойш тавиад байсан юм. Харин ноднин Дорнод гаралтай энэ хонгор азаргыг хязаалан үрээ байхад нь сая, 500-гаар авлаа. Бас нэг Дорнодын гүүтэй болсон. Одоо л ажилдаа орно доо. Энэ жилийн наадмаар хонгор азаргаа уралдуулна.
-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье. 

"Тод магнай" сэтгүүл Хөвсгөл аймгийн тусгай дугаар

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна