“Ажнай шарга” галын гишүүн Ж.Уясах: Аавын маань олон жилийн нөр их хөдөлмөр, хичээл зүтгэлийн үр дүн гарлаа

А.Тэлмэн
2016 оны 11-р сарын 16 -нд

АХ-95 жилийн ой, Үндэсний их цэнгэл баяр наадмын хурдан шүдлэнгийн уралдаанд бор халзан үрээгээ түрүүлгэсэн Архангай аймгийн Ихтамир сумын уугуул, “Ажнай шарга” галын гишүүн, залуу уяач Жаргалсайханы Уясахын баярын сэтгэгдлийг уншигч танаа хүргэж байна.
-Төрийнхөө их баяр цэнгэл наадамд унаган адуугаа түрүүлгэсэн хийморилог залуу уяачид баяр хүргэе.
-Баярлалаа. Анх удаа төрийнхөө наадмаас түрүү хүртлээ. Түүнээс өмнө 2009 онд АХ-ын 88 жилийн ойгоор саарал соёолонгоо 27-д хурдлуулж, дараа жил нь төвийн бүсийн уралдаанд хязаалан үрээ долоод давхиулсан. Мөн 2013 онд Төв аймгийн 90 жилийн ойгоор даагаа аравт давхиулж дараа жил нь Ламын Гэгээний 375 жилийн ой, говийн бүсийн уралдаанд даага долоод хурдлуулж байлаа. Ер нь бол айргийн араар олон морь давхиулсаан.
-Өнөө жилийн тухайд хэдэн насны морь мордуулсан бэ?
-Энэ жил шүдлэн, хязаалан насны гурван үрээ уясан. Хоёр шүдлэнгийн маань нэг нь түрүүлж, нөгөө нь 20 гаргаж давхисан бол хязаалан үрээ 30 дотор ирлээ.
-Төрийн наадмын түрүү хүртэх агшинд юу бодогддог юм бэ?
-Өвөг дээсийн маань буян заяа түшиж, аавын маань олон жилийн нөр их хөдөлмөр, хичээл зүтгэлийн үр дүн гарлаа даа л гэж бодсон. Дээр нь “Ажнай шарга” гал уяаны хамт олон, тэр дундаа уяач Энхбатын Дашчирэвийн маань бүтэн жилийн хөдөлмөрийн үр дүн гарлаа гэж бодсон доо. Та бүхэн миний аавыг мэдэх байх. Монголын хурдан морины салбарт 15 жил зүтгэж байгаа уяач. Миний хувьд зургаан настайгаасаа хойш аавыгаа даган наадам алгасалгүй өдий хүрлээ дээ.
-Хурдан морь унаж байсан уу?
-Унаа морь бол унанаа. Хотод төрж өссөн учраас уралдааны морь унах хэмжээний туршлагатай биш. Гэхдээ аавыгаа дагаад багаасаа монгол ахуй соёл, морин уралдаантай ойр байсан. Аав маань хүүгээ монгол ахуйд нь ойртуулъя, монгол ухаанаар хүмүүжүүлье гэж зорьсон хэрэг байх л даа.
-Даяаршлийн эсрэг вакцин үндэс угсаа, үүх түүхээ дээдлэх явдал юм. Бор халзан үрээ сунгаануудад өнгөнд хурдалж байв уу?
-Тиймээ. Манай галын морьд Хэнтий аймагт уягддаг. Наадмын гурван сунгаанд түрүүлсэн учир нэлээд найдлага тавьж байсан. Гэхдээ түрүүлнэ гэж бодоогүй ээ.
-Аль бүсийн наадамд явахаар төлөвлөж байгаа билээ?
-“Ажнай шарга” галынхан маань Хэнтий аймагт болох зүүн бүсийн уралдаанд явна. Манай гал уяа Ардын Хувьсгалын 95 жилийн ойн баяр наадмаас нэг түрүү, нэг аман хүзүү хүртэж, шигшмэл морьдын  “Их хурд-7” уралдаанд Баттулгын Сүхбаатар ахын маань Дүү хээр азарга айрагдлаа. Энэхүү амжилтын буухиагаа цаашдын уралдаануудадаа үргэлжүүлэхээр зорьж байна.
-Ярилцсанд баярлалаа. Амжилт хүсье.
-Баярлалаа.
А.Энхжил

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна