Аймгийн Алдарт уяач Г.Батболд: Миний аав чоно авладаг шар хээрээ аймагт аман хүзүүдүүлж байсан

А.Тэлмэн
2016 оны 11-р сарын 22 -нд

Увс аймгийн Зүүнговь сумын уугуул, аймгийн Алдарт уяач Г.Батболдтой хийсэн ярилцлагыг хүргэж байна.
-Хэдэн оны аймгийн Алдарт уяач вэ. Орон нутгийн ханасан цолонд хүрэхэд таны ямар, ямар хурдан буянгууд гол үүрэг гүйцэтгэсэн бэ?
-Анх 1996 онд хээр морь уяж сумын 70 жилийн онд наймлуулчихаад, дараа жил нь суманд зургаалаад, хавчиг морь 2004 онд анхныхаа айргийг суманд авч байсан. Хээр морийг залгаад цавьдар азарга суманд зургаан жил  дараалан айраг, түрүү авсан. Аймагт Мал эмнэлгийн 90 жилээр аман хүзүүдэж, ноднин аймгийн баяраар гуравт давхиж, өөр хүрэн даага дөрөвлөснөөр 2013 онд Аймгийн Алдарт уяачийн болзол хангасан. Сум, аймаг, бүсээс нийтдээ 14 айраг, хоёр түрүүтэй. 2005 онд зургаан настай азарга сумандаа айрагдчихаад, аймагт болсон эхний даншигаар 13-аар давхиж байсан.
-Саяхан Аймгийн Алдартын болзол хангасан гэхээр хожуу уяа эвлүүлсэн юм уу, эсвэл уясан морьд түрүүлж, айрагдахгүй байв уу?
-Уг нь олон жил уясан. 13-тайгаасаа ахынхаа Булаг хээр морийг уяад өөрөө унадаг байсан юм. Тэгээд цэрэгт яваад 1995 онд ирээд дараа жилээс нь эргэж уясан. Заримдаа шантрах ч үе гардаг, баярлах ч үе гарна. Морь явахгүй цулбуур авахгүй үед ингэж явж байхаар больё гэж бодох үе гарна. Цулбуурт ороод арваас урагшаа давхичихаар болох юм байна гээд л зүтгэнэ. Нэлээн юм болж байж Аймгийн Алдарт уяач цолыг хүртлээ.
-Больё гэхээр чадахгүй байгаа биз дээ. Нэг орсон хүн эргэж гарч чаддаггүй л гэдэг.
- Нэгэнт адуутай холбогдчихсон болохоор больж чадахгүй. Хаана ямар баяр болно, тэнд морь тавимаар санагдаад болохгүй. Баяр ойртоод ирэхээр нойр хүрэхгүй шүү дээ. Баярын дараа сайхан амарна даа.
-Ахын морийг анх уясан гэхийг бодоход удмаараа хурдтай хүмүүс байх нь ээ?
-Удмаараа бид хурдан адуутай улс. Миний аав Гомбосүрэнгийн шар хээр морь аймагт аман хүзүүдсэн, сумандаа бас айраг түрүүтэй адуу байлаа. Уг нь Тэсийн наад талд Харганат кэрэвт нутагладаг, шар хээр мориороо өдөрт хоёр чоно авладаг байсан. Манай аавын аав Тур гэдэг хөгшний удмын шар хээр морь байгаа юм. Миний авга ах, аавын дүү Дүүрэн гэж бас нэлээн хурдтай, Аймгийн Алдарт уяач хүн бий. Одоо манай ах Пүрэвжав, Нямсүрэн, авга Баяндалай гээд удмаараа морь уядаг, хүрэн зээрд адууны удам тасрахгүй байгаа. Саяхны зүүн бүсийн уралдаанд ахтайгаа би дөрвөн айраг авлаа. Ер нь манай удмынхан орсон болгондоо давхиж байсан, айраг түрүү алддаггүй улс.
-Аймагт айрагдсан шар хээртэй нэг удам угшилтай адуу танайханд бий юу?
-Нямсүрэн ахын сартай хээр морь байна. Ер нь буурлаас бидэнд нэг нэг даага, гүү өгсөн. Тэр адуунуудаас салбарлаад явж байгаа. Манай ах надад буурлын адууны нэг харагч гүү өгснөөс буурал духтай хээр морь, цавьдар азарга, жижиг сартай хээр даага гээд хурдууд гарсан. 1996 онд уяа эхлүүлсэн хээр морь чинь энэ буурал духтай хээр байгаа юм. Суманд 70 жилийн ойгоор наймалж, хурдтай адуу гэдэг нь мэдэгдсэн. Гэхдээ 3-4 жил айргийн араар зургаагаар ороод, хүмүүсээс зэмлэл сонсон, настай ахмад уяачдаас зөвлөгөө авч байж л айрагдуулж байсан.
-Хэн, хэн гэдэг ахмад уяачдаас зөвлөгөө авч байв?
-Лхагваа гээд Аймгийн Алдарт уяач байгаад өнгөрчихлөө. Манай аав тэгэхэд 70 хэдтэй, аавын зөвлөгөө надад үнэтэй байсан. Залуу хүн чинь асууж зөвлөхгүй хэнэггүйтээд 2-3 жил явсан. Тэгээд л ахмадуудын үгэнд орохгүй бол болохгүй юм байна гэдгийг мэдрээд, санаа оноог нь уяандаа тусгаж байж 2004 онд анхны айраг амссан даа. Буурал духт хээр Зүүнговьдоо хоёр айрагдаад, Хяргас суманд аман хүзүүдсэн. Түрүү байхгүй.
-Зургаан жил дараалан айраг, түрүү хүртсэн цавьдар азарганыхаа амжилт гаргасан наадмуудыг нь дурсахгүй юу?
-Бүдүүрч уягдаад аймгийн Мал эмнэлгийн 90 жилээр арваад азаргатай уралдаж аман хүзүүдсэн. Ноднин аймгийн баяраар дөрөвт давхисан. Сумандаа гарчихаад/түрүүлчихээд/, Бөхмөрөн сумын 90 жилийн ой болоход давхар уяагаар гурваар хурдалсан. Цавьдар азарга манай ах Цагааны унаган адуу. Эцэг нь бас цавьдар зүсмийн азарга байсан. Одоо миний энэ хүрэнгүүд бүгд цавьдар азарганы төлүүд.
-Танайхан ер нь бага насанд нь нэг их уядаггүй бололтой?
-Даага, шүдлэнд нь нэг их уядаггүй, хязаалан, соёолон болгож байж л уядаг. Бүдүүрч давхисан мал ямар ч байсан нэлээн хэдэн жил давхина шүү. Дааганд нь балмагдуулаад хаячихсан мал бүдүүрч ирээд давхидаггүй тал бий.
-Унаган адуугаараа амжилттай наадна гэдэг уяачийн бас нэгэн бахархал. Гэхдээ адууны цусыг холдуулж сэлбэж байх ёстой гэдэг юм билээ.
-Өнөө жилээс энэ тал дээр юм хийе гэж бодож байгаа. Завхан аймгийн Баянтэсийн Ганбаа найзтайгаа хоёулаа адуу солилцоно гээд ярьчихсан. Гэхдээ бид өөрсдийн унаган адуугаар л наадах дуртай. Авга Баяндалайгаар ахлуулаад манай ах дүү нар нэг гал болж хамтдаа уяа сойлгоо хийж, наадамд явна. Эднийхээ туслалцаа дэмжлэгээр бид явдаг юм. Ганцаараа бол амжилтанд хүрнэ гэж байхгүй шүү дээ. Гэрийн хүний зүтгэл нэлээн шаардагдана. Морь уяад сараас дээш явж байхад, ар гэрийн амьдралыг гэрийн хүн авч явна.
-Галаараа одтой сайхан наадсан нь олон байлгүй?
-Ноднин Бөхмөрөн сумын 90 жилийн ойд миний азарга гурваар, Пүрэвжав ахын сартай хүрэн морь хоёроор, Нямсүрэн ахын сартай хээр морь дөрөвт давхиж байсан. Би бас ноднин аймгаас хоёр айраг хүртчихээд баярлаж байсан даа.
-Хүүхдүүд нь урлаг, спортоор амжилт гаргаж яваа гэсэн байхаа?
-Манайх охин, залуу хоёртой. Хүү чөлөөт бөхөөр барилддаг, Аймгийн аваргын мөнгө, хүрэл, Улсын аваргын мөнгөн медальтай. Азийн тэмцээний эрх авчихсан, зургаан сард гадагшаа явж бэлтгэл хийх юм гэсэн. Энэ жил 11 дүгээр анги. Бас морь сонирхож аавынхаа уяаны ажилд тусалдаг юм.
-Аль талдаа бөхийн удамтай вэ?
-Аавын талд бүр дээр үед бөх байсан гэдэг юм билээ. Баяндалайгийн дүүгийн Уянгаа гэж охин бас барилдаж байгаа.
-Энэ жил морьд сайн байвал нутгийн дэвжээнд болох даншигт боломж байгаа даа?
-Ах дүүгээрээ нийлээд бид ямар ч байсан нас болгонд уях байх. Азарга, их нас, үрээ, шүдлэн, соёолон тус бүр гурав бий. Ямар ч байсан арваад морь баруун бүсийн даншигт оролцох байх. Сум орон болоод аав ээж, ах дүүгийн нэр байна, тэгээд ч нутгийн дэвжээ сайхан байдаг.

"Тод магнай" сэтгүүл Увс аймгийн тусгай дугаар

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна