Аймгийн Алдарт уяач Т.Баяраа: Сумынхаа уяачдын холбооны тэргүүний албыг 22 жил хашлаа

А.Тэлмэн
2016 оны 11-р сарын 24 -нд

Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын уугуул, "Өндрийн жигүүр" МСУХ-г үүсгэн байгуулагч, аймгийн Алдарт уяач Т.Баяраатай хийсэн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна. 
-Сумынхаа МСУХ-г үүсгэн байгуулагчдын нэг гэж байсан. Холбооныхоо түүхийг бидэнд ярьж өгөөч?
-1992 онд манай сумын Гомбын Нордог, Очирбатын Намжилдорж бид гурав холбоо байгуулах саналыг гаргасан юм. Гэхдээ тухайн үедээ холбоо гэсэн нэрлээгүй л дээ. Зүгээр нутгийн адууныхаа удам угсааг сайжруулъя л гэж нэгдсэн хэрэг. Тэгэхэд чинь нэгдэл тараад бүгдээрээ ардын аж ахуйтан болчихсон, ардчилал дөнгөж гарч эхлээд байсан үе. Говь-Алтай аймгийн Цагаан-Уул сумын улсын Алдарт уяач Лувсанцэрэн гэж хүн Цагаан-Уулын бригадын даргаар олон жил ажилласан. Тэгээд манай суманд шилжиж ирсэн юм.  Бидний хэдэн нөхөд дээр Алдарт уяач Лувсанцэрэн, манай сумаас төрсөн МУ-ын  Алдарт уяач Баатарын Шамгай, Очирбатын Намжилдорж нарын улс  нэмэгдсэн юм. Очирбатын Намжилдорж,  Баатарын Шамгай нар ах дүү хоёрын хүүхдүүд. Ингээд бид 1992 онд анхныхаа холбооны бооцоот уралдаанаа Говь-Алтай аймгийн Цагаан-Уул суманд хйисэн юм. Уг уралдаанд Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын Цагаан-Уулын Лувсанцэрэн гуайн Цоожийн хээр морь түрүүлж байлаа. Эндээс шилжин явах тугтай болох тухай ярилцаж, дараа жил нь буюу 1993 онд албан ёсоор Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын уяачдын холбоо гэж байгуулагдсан түүхтэй.
-Тэр үедээ юугаар бооцоо тавьцгааж байсан юм бэ?
-Тухайн үедээ тав, арван төгрөгөө нийлүүлээд л наадсан. Харин 1993 оны наадмын зургаан насыг бид өөрсдөө ивээн тэтгэсэн. Тэр жил анхны бүсийн уралдаан болж, Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын уяач Норовдаваагийн хүрэн морь түрүүлсэн бол 1994 онд нь Баянцагааны наадамд МУ-ын Хөдөлмөрийн баатар Төмөрийн хээр морь түрүүлж байлаа. Харин 1995 онд Шинэжинстэд болоход Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын Цагаан-Овоо бригадын уяач Өлзийсайханы хавчиг соёолон болох буурал морь түрүүлсэн. Дараа жил нь аймгийн Алдарт уяач Ширнэнгийн Тогоогийн сарт Баянговьд түрүүлж, анх удаа байны шагнал Иж-5 мотоциклийг авч байлаа.
-1993 онд үүсгэн байгуулагдахдаа гишүүн бүртгэсэн үү?
-Тэр үед морь уядаг болгон л нэгдсэн. Зохион байгуулалттай хурал энэ тэр хийгээгүй ээ. Санаа нийлсэн хэдэн хүн байсан юм чинь. Харин бид чинь наадмын өмнөх их сунгаанаар үндсэндээ галын зохион байгуулалтанд орчихсон байлаа. “Ухаа толгойн гал” гэж Хөдөлмөрийн баатар Бангуу, аймгийн Алдарт уяач Тогоо тэргүүтэй уяачид байлаа. Нөгөө нь “Дөржийн худаг” гэж байсан бөгөөд Туваандорж, Цэвээний Амаржаргал, Дагвадорж нарын аймгийн Алдартуудын гал. Мөн хойд, урд гэж хоёр бригад байгаад, урд бригадынхан зүүн ард Баян хөндийд аймгийн Алдарт уяач Бямбажав, сумын тэргүүний уяач Дэмбэрэл нар уядаг. Эндээс бид хамтаараа уралдаанд наадамд явах ажлыг эхлүүлсэн.
-Улаанбаатар хотод болсон уяачдын анхдугаар их хуралд танайхаас хүн оролцож байв уу?
-Анхдугаар хуралд Очирбатын Намжилдорж оролцсон юм. Тэр хүн адуу мал сонирхдог, сайн ч мэддэг байсан. Ер нь тухайн үед Нордог гуай, Баянцагааны гаралтай Лхүндэг, аймгийн Алдарт уяач Товчинживуу, Тогоо нарын лут уяачид байж билээ. Лхүндэг гэж хүний Тэгш хүрэн бол Баянцагаан төдийгүй Баацагаан, Шинэжинст, Баян-Өндөр гээд тойрсон бүх сумдаар яригддаг байсан. 
-Та яг хэдэн онд албан ёсоор тэргүүнээр ажиллах болсон юм бэ?
-1993 онд холбоо байгуулаад л тэргүүнээр нь ажиллаж эхэлсэн. Түүнээс хойш 22 жил тасралтгүй ажиллаад 2014 онд албан ёсоор хүлээлгэн өгсөн. Өөрөөр хэлбэл холбооныхоо 20 жилийнхээ ойг хийгээд сумынхаа Засаг даргад ажлаа өгч байсан юм. Намайг ажиллаж байхад манайхан 1996 онд Дэлгэрт болсон баруун бүсийн даншигт очиж наадсан. Анх удаа сумаас 300 шахуу км газар морио хөтлөөд явж уралдсан нь тэр.
-Хэн хэн гэж уяачид явж, ямар амжилт гаргасан бэ?
-Бүх насны морь явсан. Гэхдээ айраг түрүү авч чадаагүй ээ. 10-50-ийн хооронд л ирсэн. Сайхан газар үзэж, нүд тайлаад ирцгээсэн.
-Таны 22 жилийн хугацаанд хийсэн ямар ямар том ажлууд байна вэ?
-Өнгөрсөн хугацаанд би Баян-Өндөр сумынхаа  адууны удам угсааг сайжруулахад л гол анхаарлаа хандуулж ирсэн. Даанч 92,93 оны зуднаар даруулаад үлдсэн хэд нь өсөж үржээд овоо болж байтал 2001 онд зуднаар манай эндхийн адуу үгүй болсон. Тэгээд л манай уяачид зүүн тийшээ явж эхэлсэн.
Ерээд оны эхээр чинь холоос азарга солино, гүү авчирна гэсэн ойлголт бараг байсангүй. Аймаг дотроо Говь-Алтайн Эрдэнэ, Эрдэнээс цаашаа Дэлгэр, Дэлгэрээс Завхан дамжиж ирсэн адуугаар уяачид адуу  малаа сайжруулна. Харин тэр айхтар зудны дараанаас зүүн тийш жим гаргасан гэх үү дээ. Уяачдын холбоог үүсэн байгуулагчдын нэг  Нордогийн хүү аймгийн Алдарт Батнасан зүүн талын адуу авчирч, дараагаар нь  Юмжаргал, Пүрэвсүрэн, Жуужаа Тогоо нар явсан. Тэр үед би сумын ИХ-ын төлөөлөгч, тэргүүлэгчээр ажиллаж байлаа. Тэгэхэд Мөнх-Эрдэнэ дарга аймгийн уяачдын холбоог авсныхаа дараа баг бүрт нэг нэг азарган үрээ өгсөн юм.
 Намайг тэргүүнээр ажиллаж байхад 1998 онд говийн бүсийн даншгийг анх удаа энд хийж байлаа. 1999 оны Ламын гэгээний ойд би хурдан морины комисст орж ажиллаж байлаа. Манай сумын хувьд анх удаа морьдоо ачаад наадамд явж байлаа. Тэр үедээ ЗИЛ -130 хоёр машин, нэг 53-тай явсан юм. Ахиад 2003 онд Баянхонгор аймгийн Говийн бүсийн хурд даншгийг хийлээ. Намайг ажиллаж байх хугацаанд буюу 2000 онд МУ-ын Алдарт уяач Баатарын Шамгай төрж байлаа гээд бахархах түүх ихтэй үлджээ. Улмаар миний морины хөгжилд оруулсан хувь нэмрийг үнэлж, 2015 онд Уяачдын холбооны 15 жилийн ойгоор аймгийн Алдарт уяач цолыг олгосон.
-Улсын Алдартад та тодорхойлолт бичиж байв уу?
-Тиймээ би тодорхойлсон. Харин аймгаас аймгийн уяачдын холбооны дарга Баярмагнай тодорхойлсон. Тэр үед Шамгай ч одтой наадаж байлаа. Аймаг сумдын ойгоор тоолж баршгүй их амжилт үзүүлсэн. Өөрөө бас эмнэг сургалтын спортын мастер хүн шүү дээ.
-Анхны аймгийн болон сумын Алдарт уяачид хэдий үеэс төрж эхэлсэн юм бэ?
-2001 оноос анхны аймгийн Алдартууд гарч эхэлсэн. Анхны аймгийн Алдарт 1997 онд болсон МУ-ын Хөдөлмөрийн баатар Банку гуай бол дараагийнх нь 1998 онд Туваандорж, Тогоо хоёр, 2003 онд уяачдын холбооны 10 жилээр Дагвадорж, Амаржаргал нар аймагт данстай уяачид болж байлаа. Харин 2000 онд улсын Алдарттай болсон. Сумын Алдартын хувьд дээхнэ үедээ сумын тэргүүний уяач гэж өгдөг байсан юм. Анхных нь Тунгалаг байх шүү.
-Тунгалаг гэж хүн ямар амжилтаар тэргүүний уяач болж байв?
-Түүний хар морь олон удаа айрагдаж, түрүүлсэн. Харин сумын Алдарт уяач цолыг холбооныхоо таван жилийн ойноос эхэлж олгодог болсон. Холбоо байгуулагдаад сумынхаа баяр наадам, бригадын өдөрлөгөөр амжилт гаргасан уяачдаа аймагт тодорхойлж явуулдаг байлаа. Тухай үед одоо шиг сум, аймгийн Алдартын болзол гэж байсангүй. Бид нар эндээс сайн тодорхойлж чадах юм бол аймгийн хэмжээнд дүйцүүлж байгаад л гаргадаг байсан байх гэж одоо боддог юм.
-Өнөөдөр Баян-Өндөр сумын хэмжээнд нийт хичнээн уяач байна вэ?
-Холбоонд 80 гаруй уяач бүртгэлтэй. Үүнээс тогтмол уяж байгаа нь 40 гаруй хүн байна. Харин сүүлийн үед залуучууд моринд их орж байна.
-Баян-Өндөр холбоо эрт байгуулагдаж, арай эрт хурдан морины хөгжлийг харсан байх юм. Тэр утгаараа аймагтаа хурдаараа илүүрхэж баймаар атал сүүлийн үеийн цувааг харахаар тэгж харагдахгүй юм?
-Манайхан аймагт очиж уралдахын тулд 270 км явж хүрнэ. Тэгэхээр том уралдаанд л очно уу гэхээс АХ-ын баяр наадамд байнга очоод байдаггүй. Баян-Өндөрийн нэрийг аймагт гаргасан хүн бол Баярмагнай гэж байгаа юм. Баярмагнай даргын хязаалан аймагт айрагдаж байсан нь сумын анхны айраг бол залуу уяачдаас  аймгийн Алдарт уяач Пүрэвсүрэнгийн даага бас нэг айрагдсан юм. Гэхдээ хэдэн онд билээ, санахгүй байх чинь. Харин өнгөрсөн жил хязаалан, шүдлэн, даага нь гурвуулаа аймагт айрагдаад ирсэн.
-Та нар холбоогоо байгуулаад 1956 оноос хойшхи судалгааг гаргаж байсан гэсэн. Тэр юуны судалгаа байсан юм бэ?
-Их насны л судалгааг гаргаж байсан юм. Харин нарийн судалгаа бол уяачдын холбооны нарийн бичгийн дарга Хонгорзул гэж эмэгтэйд бий. Түүний аав морины талаар мундаг мэднэ дээ.
-1956-гаас 1990 оны эхэн үе хүртэл  40 гаруй жилийн хугацаанд хамгийн олон түрүүлж, айрагдсан ямар морьд байдаг юм бэ?
-Хамгийн олон түрүүлсэн энэ нутгийн унаган морь бол Дагва гуайн хүрэн байна. Зургаа түрүүлсэн байдаг юм. Айргийг бол гаргаахгүй. Хамгийн сүүлд зодог тайлахынхаа өмнө Хөдөлмөрийн баатар Банку гуай аваад нэг айрагдуулсан. Ерөөсөө өөрөө өөрийгөө сойчихдог. Өнөө “Тод магнай” кинон дээр гардаг шиг л морь байсан гэж ярьдаг. Баатар энийг өөрөө их сайн ярих байхаа. Дараа нь Баяртын Халзан гэж хүний хар морь, хүрэн алаг морь орно. Тэрээр хар морио Говь-Алтайн Чандманиас авсан гэдэг юм. Далаад оны үед энэ хар морь нь түрүүлнэ, үгүй бол хүрэн морь нь түрүүлдэг. Бүүр ёс юм шиг. Бас ягаан морь нь айргаар л хурдалдаг байсан. Удаалаад Ванхүү баатрын алаг морь багтана. Мөн л олон түрүүлсэн дээ. Араас нь Туваандоржийн халтар, хар хоёр морь, Жуужааны сарт бас орох юм байна. Эдгээр нь Говь-Алтайн Цээлийн Алдарт уяач Лхагва гэж хүний гаралтай морьд.
-2000 он гарснаас хойш ямар морьд дээгүүр нэр бичигдэж байна вэ?
-2000 он гарснаас хойш янз бүрдээ. Зүүнтээс ч адуу их ирж байна. Засаг дарга Идэрмөнх, аймгийн Алдарт уяач Пүрэвсүрэнгийн хээр морь, тэрний ах нь сумын Алдарт Жаргалсайханы хээр морь, аймгийн Алдарт Даваагийн зартай хонгор азарга, Тогуу гуайн хүү Жанчивдорж гэж хүний шарга, сумын Алдарт уяач Батсүхийн азарга, аймгийн Алдарт уяач Отгонпүрэвийн хээр азарга гээд л сайн уяачдын сайн морьд олон болсон. 2008 онд болсон уяачдын холбооны 15 жилийн ойгоор ёстой л газар газрын шилмэлүүд цугларч билээ. Тэгэхэд Отгонпүрэвийн хээр азарга энэ дошин дээрээ түрүүлсэн. Уг гарал нь манай Баянхонгор аймгийн Загийн Төмөрбаатар гэж хүний унаган адуу байгаа юм. Өнөөдөр ер нь тэрний адуу, энэний адуу гэж хэлэхэд бэрх болсон цаг. Ёстой л тэр өдрийн тэнгэр мэднэ гээч болсон байна.
-Та ямар мэргэжилтэй хүн юм бэ?
-Би чинь малын эмч л дээ. 1985 онд ХАА-н дээд сургуулийг төгсөж байлаа.
-Тэгвэл холбооны ажлыг олон жил хийсэн нь учиртай байх нь ээ?
- Малын эмч, малчин хоёр үйлгүй холбоотой улс. Мал маллаж байхад малын эмч л малынх нь эрүүл мэндийг хариуцана шүү дээ. Шилэлт сонголт, үүлдэр угсаа, товлолт вакцин, урьдчилан сэргийлэлт гээд л юу эс байхав.
-Та түрүүн яриандаа аймгийн иргэдийн хуралд сууж байсан гэлээ. Тэр тухай яриагаа үргэлжлүүлээч?
-Би ч 1985 оноос өнөөг хүртэл морь дагаж, баяр наадмын комисст ажиллаж ирлээ. Төрийн ажлыг 1985-92 он хүртэл  хийж, мал эмнэлгийн тасгийн эрхлэгч, малын их эмчээр ажиллаж байсан. Харин 1992 оноос нэгдэл тарахад ХАА-н хоршоод гэж байгуулагдаж, түүнд зургаан жил ажиллалаа. 1998 оноос төрийн албанд ХАА-н байцаагч, 2000-2004 онд Засаг дарга, 2004-2008 онд Иргэдийн хурлын дарга, 2000-2004 онд Иргэдийн хурлын төлөөлөгчөөр сонгогдон ажиллаж байлаа.
-Таны удам сударт морь уядаг улс байв уу?
-Манайхан морь мал уяж байгаагүй ээ. Харин миний дүү нар, хүүхдүүд намайг дагаж явсаар моринд орцгоосон. Төрсөн дүү маань аймгийн Алдарт уяач Отгонпүрэв гэж бий. Хүү маань ахыгаа дагаад морь уяад л явна. Би чинь нэг хүү, гурван охинтой хүн. Өнгөрсөн холбооны 20 жилийн ойгоор уяачдын холбоо надад зүүн зүгийн угшилтай охин даага авчирч өгсөн. Адууныхаа  удам угсаагаа сайжруулъя гээд дүүгийнхээ адуунд тавьчихсан.
-Та өөрийн нэртэй морьдоо уралдуулж байна уу?
-Уралдуулалгүй яахав. Шинэжинстийн 40 жилийн ойгоор очиж соёолон морь, даага хоёр айрагдуулаад ирж байлаа. Сумандаа бол хэд хэдэн айрагтай. Тэгээд хэдэн адуугаа дүүдээ залгамжлаад яв гээд өгчихсөн. Надад арын албаны ажил илүү зохих юм шиг байгаа юм. Наадам зохион байгуулж, хандив мөнгө цуглуулж, уяачдын болон унаач хүүхдүүдийнхээ хөдөлмөрийг үнэлүүлэхэд илүүтэй анхаардаг. Энэ дашрамд ярихад би түрүү морины бай шагналыг хэт өндөр байхыг үгүйсгэдэг. Түрүү морь нь машин, аман хүзүү нь мотоцикль байвал тэнгэр газар шиг ялгаатай харагдаж байгаа биз дээ. Хэрвээ түрүүчийн морьд нь машин, мотоцикль бол тав дээр ирсэн нь 500,000, таваас 10 дээр ирсэн нь 10,000 байх жишээтэй. Зарим газрын наадам ийм харагддаг. Уяачдын хөдөлмөрийг үнэлэх хэрэгтэй л дээ. Ямар ч байсан манай баяр наадамд ирсэн хүмүүс сэтгэл гонсгор буцдаггүй. 30 хувийг нь бариад бай өгөхөд газар газрын уяачид сэтгэл хангалуун л буцдаг юм.
-Мэдээж оролцсон наадам бүхэн сайхан. Түүнээс аль нэгийг нь онцлооч гэвэл...?
-Нэгдэлжилтийн 30 жилийн ой гэж улс даяар болсон. Би тэр наадмыг мартдаггүй юм. Тухайн үедээ нэгдлийн дарга нар, нэгдэлчин малчид орон нутгийнхаа наадмыг алдахгүй гэж дор бүрнээ л хичээж билээ. Тэгээд Хөдөлмөрийн баатар Банку гуай Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын Товчин Жамц нарын улс 4000 төгрөгөөр харлаг морь авчирсан нь  энд түрүүлсэн. Харин соёолонд нь улсын Хошой аварга Гочоогийн Амарын саарал хол түрүүлж ирсэн. Тэр сэтгэл догдлуулсан их гоё наадам болсоон. Би ч дөнгөж сургуулиа төгсөөд ирсэн. Залуу ч байж.
-Бидний яриа энд хүрээд жаргаж байна. Урилгыг маань хүлээн авч, сум орон нутгийнхаа уяачдыг зохион байгуулалттайгаар оролцуулсанд маш их баярлалаа. Хурдан тууртын босоо цагаан хийморьт өнө мөнх ивээгдэж яваарай.
-Та бүхэнд ч баярлалаа. Монгол орны өнцөг булан бүрт Баянхонгор аймгийн “Хонгорын жигүүр” уяачдын холбооны ажил хүрч байх болтугай.

"Тод магнай" сэтгүүл Баянхонгор аймгийн тусгай дугаар

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна