Залуу уяач Б.Давааням: Аймгийн наадмаас таван айраг, сумын наадмаас нэг түрүү, есөн айраг аваад байгаа

А.Тэлмэн
2016 оны 12-р сарын 03 -нд

Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул, Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат, залуу уяач Баасандоржийн Даваанямын яриаг уншигч танаа хүргэж байна.
-Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын хүн юм байна. Хурдтай нутгийн хүү удамт уяачдын нэг байж мэднэ.
-Манай Баян-Уул сум уяачид сайтай. Миний аав Баасандорж нутаг орондоо сайхан наадчихдаг жирийн нэг уяач. Би 1991-2000 он хүртэл аавынхаа уясан морьдыг унаж хурдлуулдаг байлаа. Аавд хондон, улаан, буурал, цоохор зэрэг хурдан  морьд байсан юм. Тэгээд 2000 онд Орхон аймагт шилжиж ирээд 2005 оноос бие даан морь уяж байна.
-Яагаад энэ нутгийн хүн болсон юм бэ?
-Эгч дүү нар сургууль соёл бараадан гэр бүлээрээ Орхон аймагт шилжиж ирээд, би аавтайгаа хөдөө мал малладаг байсан юм. Тэгээд 2005 оноос өөрийн унаган морьдоос уяж эхлээд, Булган аймгийн Ядам гэж хурдан хээр азаргатай хүнээс хээр даага авч, тэр жилээ аймгийн наадамд 19-өөр давхиулсан. Дараа нь дөрвөн жижиг наадам болоход дөрвүүлэнд нь 11-ээр давхисан.
-Тэгээд анхны айргаа хэдэн оны ямар наадмаас авч байсан бэ?
- 2008 оны аймгийн наадамд  Толин хулаа хязааланд нь дөрвөөр давхиулж, амжилтын гараагаа эхэлж байсан. Тэр цагаас хойш хул азарга маань дөрөв түрүүлж, 13 айрагдсан. Түүний гурав нь аймгийн чанартай наадмын айраг.
-Хаанахын адуу билээ?
-Манай өөрийн унаган адуу.Нутгаас ирсэн адууны эхтэй. Эцэг талыг нь сайн мэддэггүй юмаа. Ер нь миний уяж байсан адуунуудаас хамгийн өндөр амжилт гаргасан нь миний хул азарга. Одооноос бага адуунууд сайн давхиж байна. Энэ жил л гэхэд Орхон аймгийн баяр наадамд доод гурван нас айрагдуулсаны нэг нь өөрийн унаган адуу байлаа. Нөгөө хоёр нь Сэлэнгэ, Сүхбаатарын гаралтай адуунууд байгаа юм.
-Одоогоор аймгийн баяр наадмаас хичнээн айраг, түрүү хүртээд байгаа вэ?
-Аймгийн наадмаас таван айраг, сумын наадмаас нэг түрүү, есөн  айраг аваад байгаа. Энэ жил ММСУХ-ны 20 жилийн ойд шүдлэн, хязаалан хоёртой очоод 50, 52-оор давхиуллаа. Ноднин Баян-Уул сумынхаа 90 жилийн ойд очиж уралдсан. Энэ мэтчилэн сүүлийн жилүүдэд гарч уралдаж байгаа.
-Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Залуу уяачийн хийморь өөдөө байж уясан хүлгүүд нь урамтай сайхан хурдлан улсын цолонд хүрэх болтугай.
-Тэр ерөөл бат орших болтугай.
"Тод магнай" сэтгүүл Орхон аймгийн тусгай дугаар

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна