“Дааган хурд” МСУХ-ны тэргүүлэгч Ч.Батхишиг: Зүүнхангайн хурдан адуугаа сэргээж, ахмадуудынхаа амжилтыг үргэлжлүүлэхийн тулд холбоогоо байгуулж байлаа
Увс аймгийн Зүүнхангай сумын харьяат, “Дааган хурд” МСУХ-ны тэргүүлэгч Ч.Батхишигтэй хийсэн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Зүүнхангай сумын холбоо үүсгэн байгуулагдсан түүхээс яриагаа эхэлье?
-2000 онд аймгийн уяачдын холбооны тэргүүн Мажигсүрэн манай суманд ирээд, МСУХ байгуулах саналыг дэвшүүлсэн юм. Ингээд санаа нийлсэн долоон хүн Зүүнхангай сумын уяачдын холбоог үүсгэн байгуулж байлаа. Тэд бол анхны тэргүүн Дашбалбарын Баттөмөр, дэд тэргүүн нь Чадраабалын Батхишиг, нарийн бичгийн дарга Өсөхбаяр /одоо сумын тамгын газрын дарга хийж байна/, Лхамжавын Тогтбаатар, Цолмон, Баянцэнгэл, С.Магванбаатар нар байлаа. Түүнээс хойш 15 жил өнгөрч байна. Энэ хооронд аймгийн Алдарт уяач найм ес, сумын Алдарт уяач 20,30-аад хүн боллоо. Манай анхны аймгийн Алдарт нь болох Хүрэлийн Барсүрэн гэж хүн одоо Нийслэлийн Алдарт уяач болсон байна. Улсын Алдартын босгон дээр байгаа хүн дээ.
-Холбоо анх байгуулагдаад ямар ямар зорилт дэвшүүлж байв?
- Манай сум 70, 80-аад оны үед маш их хурдтай байсан газар. Тэр цагт Донойн хүрэн, Жандихын шар хээр, Нэгдлийн бор хээр, Баттогтохын шар хээр гээд ойр хавийн залгаа хоёр, гурван аймаг дамжаад хаана ч очсон түрүүлдэг байлаа. Гэвч 90-ээд оны үеэс сумын хүн ам цөөрч, тэр хэрээр уяачид ч багассан. Улмаар адуу малаа сайжруулах ажил хоцроод энд тэнд айрагддаг морьгүй болоод ирсэн. Ингээд яах аргагүй өвөг дээдсээс ирсэн Зүүнхангайн хурдан адуугаа сэргээж, нэгэн цагт ахмад уяачдынхаа гаргасан амжилтыг үргэлжлүүлэх сэтгэлийн үүднээс холбоотой болох шаардлага урган гарсан юм. Холбоогоо байгуулсны дараа олон ажил ундран гарсан. Ямартаа ч холбоо байгуулагдсаны ач тус нүдэнд харагдаж, гарт баригдаж байна. Энэ бол амжилт юм.
Бид анхны ажлаа уяачидтайгаа уулзахаас эхэлсэн. Бидний ажлыг дэмжсэн уяачид зарим нь 20,30-аад хонь өгч, нөгөө хэсэг нь бэлэн мөнгө, эд материалын зүйлээр тусалж байлаа. Үүний дараа холбооноос анх удаа 2001 онд хаврын бооцоот уралдааныг зохион байгуулсан. Суманд болсон энэ уралдаанд соёолон, азарга, их нас уралдаж, түрүүлж айрагдсан морьдыг медалиар мялааж байлаа. Анх удаа медальтай наадсан нь тэр.
-Өөр ямар ажлыг амжуулав?
-Залгаа сумдынхаа баяр наадамд зохион байгуулалтаар оролцдог болсон. Хичнээн сайн хурдан морьтой ч сумаасаа гадагшаа явж чаддаггүй хүмүүс олон байлаа. Тэр үед майхан савнаас эхлээд морьдоо ачаад, уяач, унаач хүүхдүүддээ газар үзүүлээд, баяр наадмыг зохион байгуулж байгаа хүмүүстэй уулзаад ирдэг байсан.
Манайхан Завханы Сантмаргац, Увсын Цагаанхайрхан бүсийн наадамд явж байлаа. Сантад хоёр морь түрүүлж, Завханы бүсэд нэг морь түрүүлж, нэг азарга айрагдлаа. Нэг даага бас айрагдсан. Гэхдээ наадам одоог бодоход ховор байж дээ. Бүтэн жил хүлээж хүлээж сая нэг улсын баяр болно шүү дээ. Одоо сар, улирал болгон бараг долоо хоногт баяр наадам зохион байгуулж байна.
-Зүүнхангай сумын адуу бусад сумдын адуунаас ямар онцлогтой вэ?
-Хуучин манайх чинь Лу жанжины хошуу гэж явдаг байлаа. Лу жанжины сайвар халтар морь Бээжинд хоёр оруулаад, хоёуланд нь гүйж ирээд нутагтаа ясаа тавьсан гэдэг юм. Манжийн баяр дээр түрүүлээд ирэхэд Манжийн захирагчид бэлэглэж. Тэр үед Манжийн морь, бөх л түрүүлдэг бичигдээгүй хууль үйлчилдэг байсан цаг шүү дээ. Тийм болохоор энэ адууны угшлын адуунууд суманд бий. Мөн дайны жилүүдэд Баян-Өлгий, Ховд, Мянгадаас баахан агт авчирч байсан юм байна лээ. Тэндээс ирсэн саарлуудын удмаас манай тэр үеийн уяачид зохион байгуулалттай авч үлдсэн гэдэг. Тухайн үедээ гаргах моринд шинжилгээ хийдэг байж л дээ. Аль хурдан угшилтай азарга, үрээ, гүүнүүдийг онцолж байгаад шөнө нүд рүү нь улаан тамхи хийчихнэ. Өглөө өнөөх нь хоёр нүд улаанаараа эргэлдэж байна. Тэгэхээр нь мэлэм гэж өвчин тусаад нулимс нь гоожчихжээ гэвэл оросууд ална ч гэдэг юм уу, нэг бол газар дээр нь хаячихдаг байсан шиг байгаа юм. Ингэж бас нэг сайн адуутай болсон түүхтэй. Харин сүүлийн үед залуучууд Дорнод, Хэнтий, Баян-Өлгий, Ховд, Хөвсгөлийн Цэцэрлэг, Хэнтийн Галшар, Сүхбаатарын Халзан, Уулбаян, Асгат гээд авчрахгүй газар гэж байхгүй болчихлоо.
-Тэгвэл одоо адуугаа сайжруулах зорилго үр дүнд хүрч, сумынхаа нэрийг гарган хурдалж байгаа ямар ямар хурдан хүлгүүд байна вэ?
-Манай Ханхөхийн хошуунд төрөөд, зарагдсан хоёр морь улсын баяр наадамд түрүүллээ. Цэнд-Аюушийн хүрэн морь гэдэг чинь соёолондоо манайхаас зарагдаад явсан адуу байгаа юм. Хойд талын Тэсийн голын унага. Гарал үүсэл нь Ханхөхийн угшилтай. Дээр нь Цэрэнжээгийн хээр морь байна. Мөн л Ханхөхийн гаралтай адуу. Дараагийн үе нь гэхээр нийслэлийн Алдарт уяач Барсүрэнгийн хээр азарга байна. Одоо Гантөмөрийн Гансүхийн нэр дээр цоллогдож байгаа Элбэг хээр азарга юм шүү дээ. Эцэг нь Бүргэдэй гуайн бор азарга, харин эх нь манай сумын унаган гүү юм. Ноднин АХ-ын 93 жилийн ойн баяраар эрлийз дээд насанд айрагдчихлаа, Эрдэнэтийн бүсэд айрагдлаа.
Одоо манай суманд Борхүүгийн хүрэн азарга сайн хурдалж байна. Уржнан Завханы Нөмрөг, Түдэвтэйд болсон бүсийн наадамд очоод түрүүллээ. Энэ жил Батбаярын хүрэн азарга Сантын наадамд очоод гуравлалаа. Манай Баянгол багийн дарга Цэрэнтогтох гэж залуугийн халзан үрээ дааган цагаасаа эхлээд бүсийн наадмуудад айрагдаж байна. Сонгинод, Улаангомд болсон төвийн бүсийн наадамд айрагдчихаад ирлээ. Энэ өвөл Сантад болсон Завханы бүсийн наадамд түрүүллээ. Уяачдын холбооны тэргүүн Зулбаярын хар үрээ бас Тавантэсэд очиж айрагдлаа. Ийм олон хурдан буянгууд манайхаас төрөн гарч байна. Өнгөрсөн жил манайх сумынхаа түүхт 90 жилийн ойг хийхэд их нас, азарга, хязаалангийн түрүүг өөрсдөө авцгаасан. Хурд сайжирч байгаагийн жишээ энэ болов уу.
-Уяачдаа ч дадлагажуулж, орчин цагийн уяаны талаарх мэдээллээр хангаж байх ёстой болов уу?
-Тийм шүү. Сүүлийн жилүүдэд манай залуус шинэ цагийн уяанд суралцаж байна. Бидний үед цагаан өвсөөр л морио уядаг байлаа. Энэ жил тавилаа гэхэд долоон сарын 11-нд баяр болно, маргааш нь тавьж өгөөд, хойтон жилийн зургаан сарын 23-нд барьж уях жишээний. Одоо бол жилийн дөрвөн улиралд байнгын бэлтгэлтэй болчихсон байна. Яг л тамирчин хүн шиг. Өнөөдөр гаргаад уралдъя гэхэд зүчээнээсээ гаргаад л мордуулчихдаг боллоо.
-Харин таны хурдан морьтой холбогдсон түүх хэзээнээс эхэлдэг юм бэ?
-Миний бага нас адууны нуруун дээр л өнгөрсөн. Авга ах Увс аймагт хоёр түрүүлсэн Пуужин хээрийн эзэн, аймгийн Алдарт уяач Баттогтох байгаа юм. Нэгдлийн орлогч дарга хийж явсан ах маань одоо Эрдэнэт хотод амьдардаг. Багадаа эднийд адуу малтай л ноцолдож өслөө. Тэр цагаасаа эхлээд моринд дуртай болсон гэж болно. Өөрөөр хэлбэл 12-тойгоосоо унаж уралддаг байсан гэхээр бараг 40 жил морьтой холбоотой явна. Эндээс 20 наснаасаа гардан морь уяж эхэлсэн юм. Энэ хооронд өөрийн тэмдэглэлээс үзэхэд 16 айраг, 7-8 түрүү авсан байна лээ. Энэ медаль сүүлийн үед дэлгэрсэн зүйл. 80,90-ээд онд сумын томоохон ойгоор л медаль өгдөг. Бусдад нь цай, сахартай өргөмжлөл бичээд өгчихдөг байсан нь өдгөө түүх болж дээ. Цай, сахар аваад харина гэдэг бас л бахдалтай шүү.
-Анхны аймаг, түрүүгээ хэдэн оны наадмаас ямар адуугаар авч байв?
-Эхэндээ ч ихэвчлэн 10 гаргаж давхиулаад явсан юм. Ингээд 1996 онд юм болов уу. Манай өөрийн угшлын сартай хээр даага энэ сумандаа түрүүлгэж, анхны түрүүгээ аваад мөн ч их баярласан. Дараа жилийн зун нь дахиад шүдлэндээ түрүүлсэн юм. Бас нэг хонгор азарга худалдаж аваад суманд арваад айрагдуулсан. Наана гурван үрээ мөн л гурав, дөрөв айрагдууллаа. Харин сүүлийн үед Сүхбаатарын гаралтай адуугаар наадаж байна. Дөрвөн жилийн өмнө Сүхбаатараас дөрөв, таван адуу авчирсан. Энд ирээд хоёр нь айрагдчихлаа. Адууныхаа цусыг сайжруулахын тулд газар болгоноос гүү авчраад тавьчихсан. Дээр нь шинэ цагийн адуу ч сонирхож байна. Сая Эрдэнэтээс англи цэвэр цусны азарга гүү авчирлаа. Цаашдаа зөвхөн монгол гэлтгүй цэвэр цусны адуугаар ч уралдаад үзье гэж шийдсэн.
-Сумандаа арваад айрагдсан хонгор азарга таны унаган адуу юу?
-Хонгор азарганы эх энэ сумын угшилтай гүү. Тэсийн голыг дагасан адуу их хурдан төрдөг. Тавантэс, Зүүнговь, Хөвсгөлийн Цэцэрлэг гээд баруун бүсийн их хурд нь Тэсийн голын хөвөөнд төрсөн адуунууд байдаг юм. Эцэг нь тэрний угшилтай азарга байлаа. Би дааганд нь сургаж уяагүй. Шүдлэн үрээ анх уяж суманд айрагдаад, тэрнээс хойш айргаар л хурдалдаг байсан. Би азарга тавьж, одоо төлүүд нь гээд 30,40-өөд шахуу адуу бий. Үнэхээрийн бас буянтай мал байсан, хөөрхий минь. Намайг олонтоо баярлуулж, олон түмэнтэй танилцуулж өгсөн юм. Зүгээр Батаа, Батхишиг гэвэл Зүүнхангай сумынхан танихаас зэргэлдээ сумаас хүн танихгүй шүү дээ. Харин аль нэг наадамд айрагдууллаа гэхэд морины хорхойтнууд хонгор азарганы эзэн үү гээд андахгүй. Тэгэхээр морь бид хоёрын амьдрал салшгүй холбоотой болж байгаа биз.
Энэ сумын уяачдын холбооны тэргүүлэгчийг 15 жил хийж яваа маань ч учиртай. Дуртайдаа ч юм уу, хэнхэгтэйдээ хийж байгаа юм биш. Бусад уяачдын холбооноос дутахааргүй болгоод, хойч үедээ бэлдээд өгөхсөн гэж зүтгэж яваа юм. Түрүүчээсээ ч бодож санаж явсан зүйл маань биелж эхлээд байна. Гэхдээ сэтгэл дундуур явдаг юмнууд ч бас бий. Бид чинь зургаа, долоон настайгаасаа морь унаж сурлаа. Өнөөдөр нэг талаараа хүүхдийн эрхээ хамгаалж байна гэж байгаа ч нөгөө талаараа зөрчигдөөд байгаа юм шиг санагддаг. Тэр хүүхэд өөрөө морь унамаар байхад “чи болоогүй байна. 8, 10 наснаасаа уна” гэнэ. Болоогүй 16 нас хүрч уралдаанд морь унуулна ч гэх шиг. Өөрийн орны нөхцөл, уламжлал дээр тулгуурлалгүй гадны юмыг тэр чигээр нь хуулах гээд байх улс юм даа. Тэр эрлийз морь тусгай бэлдчихсэн зам дээр явж байна. Гэтэл Монголын энэ 30-40 км уралдааны замд 16 настай, багадаа 30, 35-аас дээш жинтэй хүн мордуулаад явуулахаар яах уу. Энэ болгоныг чинь ялгаж чадахгүй байна. Дээр нь энэ хот суурингийнхан монгол ахуйгаасаа, мал аж ахуйгаас их тасарч байгаад эмзэглэдэг. Жишээ нь “АХА” нэвтрүүлгийг харж байхад Улаанбаатарын хүүхдүүд унага гэж юуны төл вэ гэхэд зарим нь мэдэхгүй толгой сэгсрээд зогсохыг яана.
-2005, 2011 онуудад болсон Увс аймгийн баруун бүсийн даншиг наадмуудад оролцож байв уу?
-Яг өөрөө морь уралдуулж очоогүй. Үзэгчийн хувиар үзсэн. Манай сумын аймгийн Алдарт уяач Баавгай гэж хөгшний соёолон бараг хоёр км гаран тасарч ирж билээ. Харж зогссон хүмүүс “мотоцикльтой хүн ирж байна, морь биш” хэмээн ам булаалдан маргалдаж байсан юм. Туг руу орж ирж байхад арын морь нь гарч ирж байлаа. Ер нь тэр үеэс манай сумын морьд хурдтай нь мэдэгдэж эхэлсэн гэж болно. Очоод уралдаж чаддаг бол хаана ч аль ч бүсийн наадмаас айлтгүй болж байна. 2011 онд болсон баруун бүсийн даншигт манай Цэнд-Аюушийн хээр морь их насанд аман хүзүүдлээ. Манай сумаас гаралтай Ханхөхийн морьд жишээ нь улсын баяр наадамд дараагаараа хоёр их насанд түрүүлж байна гэдэг бидэнд хурд байна гэсэн л үг байхгүй юу. Тэр үед эндээс 1100 км морио хөлөөр нь аваачаад уралдуулна гэдэг сэтгэлд багтдаггүй байсан. Харин одоо сайхан болж байна. Хаана л болно хаана машинаар, зарим боломжтой улс нь онгоцоор ч ачаад явдаг цаг иржээ.
-Таны морио уралдуулж байсан хамгийн өндөр чансаатай наадам гэвэл алийг онцлох вэ?
- 95 оны Сархайрханд анх удаа морио хөлөөр нь хөтөлж очоод уралдуулж байлаа. Тэгэхэд 50-н хэдээр л ирж байсан ч их урамшиж байсан. Газар газрын томчууд чуулсан том наадамд эр хүнийхээ хувьд анх удаа морио хөтөлж очоод хийморио сэргээгээд ирэх нь сайхан боломж санагдсан юм. Морь айрагдсан юм шиг л баярлаж байсансан.
-Удахгүй болох бүсийн наадамдаа морь уралдуулахаар төлөвлөж байгаа биз дээ?
-Би сумын иргэдийн хурлын дарга хийдэг юм. Тэгээд сумын Засаг дарга, тамгын газрын дарга нартайгаа хамтарч байгаад сумаасаа нэг гал зохион байгуулаад гаръя гэж бодож байна. Очоод хоёр гурван гэр бариад, шонгоо татна даа. Бас өөрийн Сүхбаатараас авчирсан ганц нэг гайгүй адуунуудаа Увс аймгийн 90 жил, Баруун бүсийн даншигаас айраг авчих болов уу гэж горьдоод л сууна. Алба, амины ажлаа аль алийг нь зохицуулна даа.
-Бидний урилгыг хүлээн аваад ирж ярилцсанд баярлалаа.
-Та бүхэнд ч баярлалаа. Монголынхоо нийт уяачдад унага болгон нь босоо төрж, уясан болгон нь түрүү магнай авч байхын өлзийтэй ерөөлийг дэвшүүлье.
"Тод магнай" сэтгүүл Увс аймгийн тусгай дугаар
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
- 2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд Х.Гарь…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд 106 да…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд ангилалд эхний …
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насны уралдаанд…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насанд 65 хурда…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд эхний 10…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд С.Баярса…
- 2024 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд 79 хурдан хүлэг бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 13 -нд Цоллооч хүүд Д.Чулуунбат Тод манлай даага амлав
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан д…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Х.Улам-Өрнөхийн хээр даага тү…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 258 даага бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Энх-Очир: Захаар нь дайрч ороод Нандин…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Хишиг-Очирын Бөхбатын хүрэн с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 217 соёолон бүртгүүлж, 152 нь гараа руу хөдөлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд Б.Ерөөлтийн халтар морь түрүү…
- 2024 оны 7-р сарын 11 -нд 228 их насны морь бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан а…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор …
- 2024 оны 7-р сарын 11 -нд 192 азарга бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна