Э.Эрдэнэбилэг: Холоос ирж байгаа томчууд бэлэн давхилтайг, ойроос ирж байгаа нь битүү адуу авах сонирхолтой байдаг

А.Тэлмэн
2016 оны 12-р сарын 15 -нд

Сүхбаатар аймгийн Халзан сумын уугуул, уяач Эрдэнэдалайн Эрдэнэбилэгтэй хийсэн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Хурд ирлэсэн түүх гэхээр танайхны хувьд нэлээд дээрээс эхлэлтэй бололтой?
-Тийм шүү, манайхан хэдэн үеэрээ хурдан морины уяа сойлго тааруулж, алтан тууртынхаа хийморт сүслэн яваа улс. Миний өвөөгийн өвөө Сономын Далантай Дарьгангын нэртэй уяач явсан гэдэг. 1915 онд Манлай ван Дамдинсүрэнгийн удирдсан Бяруугийн дайнд оролцож явсан юм билээ. Далантайн хүрэн морь гэж Алтан-Овоонд олон удаа түрүүлсэн хурдан хүлэг байсан. Түүнээс гадна буйлаа хээр, гуулин гэхчилэн их насны голдуу морьдыг нь хүмүүс ярьдаг юм. Их олон охинтой хүн байсан бөгөөд ганц хүү нь миний өвөө Цэвэгсүрэн байгаа юм. Өвөө маань насаараа Халзан сумын “Хөдөлмөр” нэгдэлд нярав, ня-бо хийж  явсан. Бас  аавынхаа адилаар нэгэн цагт эх орноо хамгаалан, 1939, 1945 оны дайнд оролцож явсан. Тийм ч болохоор эх оронч өвөг дээдсээрээ би бахархдаг юм. Өвөөгийн хурдан халтар азарга бэсрэг угшил болтлоо тарсан адуу. Дуулгын Балдангийн хар азарга гэж тавь, жараад онд долоо түрүүлж байсан хурдан ажнай байсан гэлцдэг. Түүнээс хойш өвөөгийн халзан Халзан суманд дөрөв түрүүлж, гурав аман хүзүүдэн, гурав айрагдаж ордог юм.
-Халзан азаргыг шүдлэнд нь авч байсан гэлээ. Дээд угшил нь хаанаас эхтэй адуу вэ?
-Манлай уяач Онгой ахын аав ониго Шар гэж хүний шаргал халзан азарганы төл юм гэнэ лээ. Тэр шаргал халзан азарга нь Гэндэнгийн Байдаа гэдэг хүний Бүрэнцогт хавиас ирсэн тайж адууны халтар азарганы төл гэдэг. Харин эх нь Хэнтийн 30 жилд түрүүлж байсан Лүндэгийн босоо цавьдар халзангийн төл угсааны халзан гүү юм билээ. Ухаандаа босоо, тайж адуу нийлж манай халтар азарга төрсөн учиртай. 1977 онд шүдлэнд нь авч байсан юм. Тэр жилээ сумандаа гурав байна уу, дөрвөөр орсон гэдэг. Тэгээд хязаалан, соёолонд нь сайн уяагүй. Харин 1980 оноос хойш дөрөв түрүүлж, гурав аман хүзүүдэж, гурав айрагдсан байдаг  юм. Төлүүд нь ч их хурдалсан. Түүний нэг нь манай залуу халтар буюу Энэбишийн халтар азарга юм шүү дээ. Энэ мэтчилэн яривал нэлээн урт үргэлжилнэ дээ.
-Төлүүдээс нь аймаг, улс, бүсийн чанартай наадмуудад хэд орсон байна вэ? Энэ тухай тэмдэглэл хөтөлж байсан уу?
-1989 онд Шагдарсүрэн гуайнд нэг залуу угсаа нь болох хээгч гүү очиж, улсад түрүүлдэг Бямбаноровын хар морь төрсөн юм. Ер нь улс бүсэд хурдалж байгаа адууны угшил гарвалыг нь хөөхөөр манай халтар азарганы цус аль нэг талдаа орсон байдаг. Мөн улсад айрагдсан “Иточу”-гийн Мөнгөн нүдэт бол халтар азарганы хамгийн сүүлийн төл Болдоо халтар азарганы төл байгаа юм. Өөрөөр хэлбэл манай халтар азарганы ач гэсэн үг л дээ. Бас манай Гантөмөрийн Нуман хээр шүдлэн үрээ улсад тавлалаа. Нуман хээрийн уяа сойлгыг би өөрийн дүү аймгийн Алдарт уяач Бадарчинтайгаа хамт тааруулдаг.  Нуман халтар ноднин даагандаа энэ хавиар дөрөв түрүүлээд, Гантөмөр гуайд 25 саяар зарсан. Бас зүүн бүсэд аман хүзүүдсэн халиун үрээгээ Хөвсгөлийн Төмөрбаатар гэж хүнд өгсөн.
-Яриагаа аавын тань гаргасан амжилтуудаар үргэлжлүүлмээр байна.
-Өвөө маань дөрвөн охин, ганц хүүтэй хүн. Ганц хүү нь миний аав Эрдэнэдалай байгаа юм. Аав багийн даргаар 16 жил ажиллаж явлаа. Ажил төрөл гээд улсад явж байгаагүй л дээ. Сумандаа л ихэвчлэн нааддаг юм. Халтар азаргыг аав маань уядаг байсан. Дал, наяад оны үед өвөө нас нь яваад аав гардан уяж, өвөөгийн нэр дээр уралдуулдаг байсан. Харин аавын нэр дээр манай залуу халтар уралддаг байлаа. Залуу халтраас бас л халзан азарга, гүү төрж манай адуунууд нэлээн чангарч ирсэн л дээ. Гэвч 1999 онд айхтар түймэр гараад бөөн сүүлтэй гүү, бас хэдэн охин даага л үлдсэн.  Сав нь байгаа болохоор эндээс дахиад манай хурд залгасан. Миний хувьд өвөг дээдсийн уяаг залган 1990 оноос хойш морь уяж байна. Гуравдугаар ангийн хүүхэд л анх морь уяж эхэлж байлаа шүү дээ.
-Адууны наймаа нэлээн хийдэг бололтой?
-Хийнээ хийнэ. Хүмүүс энд тэндэхийн уралдааны бичлэг харж байгаад эрж сураад л ирдэг.
Манай адууг ер нь давхихаас нь өмнө унаганд нь ирж авчихаад байх юм. Мэдээж ор тас морь мэдэхгүй хүн ирж авахгүй ш дээ. Ирж байгаа хүмүүс ямар нэгэн байдлаар шинжээчээ, уях уяачтайгаа хамт ирдэг. Тэгээд санаанд нь багтвал авч байгаа юм. Тэрнээс давхиж ирээд л пад гээд авчихдаггүй. Холоос ирж байгаа томчууд голдуу бэлэн давхилтай морь авахыг боддог юм. Харин аймгаас ирж байгаа хүмүүс битүү хатуу адуу аваад өөрсдөө уяж сойчих санаатай байдаг.
-Нууц биш бол Халзангийн адуу ямархуу үнэ ханштай байна вэ?
-Уржнан 11 аймгийн тэгш ой болж өргөн дэлгэр наадлаа шүү дээ. Тиймдээ ч морь эзтэй зарагдсан. Манай Сүхбаатарт морь зарж үзээгүй айл гэж байхгүй болсон. Миний хувьд бол аль болох хурд тараая гэж боддог. Адуу  чинь хүний хийморь дагадаг амьтан. Хүний буяны сав хэмжээ гэж байна. Тэр хүн арван хурдан морь элээх ёстой бол яг л тэр нь заяадаг юм. Өнөөдөр нэг хурдан адуу зарлаа ч эхээс нь ч юм уу, эгчээс нь ч юм уу зарснаас нь илүү унага төрнө гээч. Энэ юу гэхээр нөхөгдөж явдаг юм гэсэн үг л дээ. Уул уурхай гээд есөн жорын юмыг бодвол манай Монголын баялаг болсон адуу чинь өсөж үржин, хөгжиж байдаг юм. Нөгөө талдаа нэг адуугаа зарчихаад байр байшин авахгүй ш дээ. Дахиад илүү сайн хурдан адуу авдаг л байхгүй юу.
-Халзангийн хамгийн үнэтэй зарагдсан ямар адуу байна вэ? Болдбаатарын халиун соёолонг 80 сая хүрсэн гэлцдэг юм билээ?
-50 саяар л гарсан адуу л даа. Ноднин аймгийн ойд зургаагаар орсон Сайнаагийн хүрэн шүдлэн үрээ 80 саяд гарсан байна. Тод манлай уяач Г.Батхүүгийн аав Пүрэв гэж хүн Батчулуун Манлайтай ирж авсан гэсэн. Ухна гуайн хүү Гантөмөрийн аймагт гурав түрүүлсэн хонгор азаргыг 2008 онд 30-аар авсан гэдэг байхаа. 2008 оны 30 ч овоо л мөнгө шүү.
Сүхбаатарыг хурдны өлгий нутаг гэж хүн бүр л ярьдаг шүү дээ. Олны үг ортой. Манайхнаас олон хурдан азарга хойшоо гарлаа. Аль Пунцагбалжир агсаны үеэс л хурдалсан гойд болгоныг аваачсан. Тэндээс сураг сонсоход Цэрэнтогтох гуайн хээр азарга гэдгээс Нацагнямын халтар гарлаа. Бусад нь чимээгүй. Тэнд очоод Жаргалант нь байна уу, Тэс нь  байна уу? янз бүрийн гүү тавьсан ч улс, бүсэд цуурайтсан гоц хийцтэй, гойд хурдан адуу төрөхгүй л байгаа юм. Эндээс хараад манай найз нар “хурдан адуу чинь байгалиасаа төрдөг” гэж ярьдаг юм. Оргүй үг биш гэж боддог.
-Магадгүй азарга, гүүний тохироо таардаггүй байж болох юм?
-Азарга, гүүний тохироо гэхээсээ илүү онгийн тарга тамир, чөмөг гэж байна. Манайхны адуу таана идэж,  чөмөг сууж таргалдаг. Хойшоо чөмөг сууж таргалахааргүй усан ногоотой л доо.
-Ай.Төмөр-Очир гуай наймаанд бодлого барих ёстой тухай ярьж байсан. Өөрсдөө уяад нутаг орныхоо нэрийг гаргаж болох уу?
-Тэгж бодно л доо. Гэхдээ хүн дурлаад, сонирхоод зориод ирж байхад боож байгаа юм шиг янтайж суучихаад зарахгүй гээд байх дэмий л дээ. Гэхдээ миний хувьд том болчихсон адуугаа зардаггүй. Тодорхой хэмжээний лимит тогтоочихсон. Зарахгүй дээ гэсэн гүүгээ бол чангахан атгаад л гүрийчихнэ шүү. Тэгэхгүй бол бүгдийг нь аваад явчих шинжтэй гээч.
Өнөөдөр Сүхбаатарынхны хувьд цойлоод гараад ирсэн хурдан адуу дундажаар 30-40 сая хүрч байна. Энэ нь төсвийн ажилтны 4-5 жилийн цалин. Тэгэхээр нөхөгдөж байгаа баялгийг зөвхөн өөртөө хав дараад суух нь утгагүй санагддаг. Зарахад асуудалгүй.  Өнөөдөр хүмүүс Галшарын адуу тараад дууссан юм шиг ярьдаг. Яахав арай дэндүү хоморголоод, хуйгаар нь хөөгөөд энд тэнд тараачихсан болохоор тэгж боддог шиг байгаа юм. Гэсэн ч өнөө угшил нь нутагтаа л байгаа ш дээ.
-Танайхан удам дамжсан уяачид. Тэр утгаараа ижил дасал болсон адуугаа өгөхөд өр өвддөг болов уу? Эндээс яваад яах бол гэж?
-Мэдээж ижил дасал болсон адуугаа өгөх амаргүй л дээ. Тийм ч болохоор нас бага, битүү хатуу дээр нь зарчихвал арай дээр санагддаг. Би халиун үрээгээ зарахад жаахан эвгүйтсэн л дээ. Яг машин дээр ачихад эргэцээд, янцгаагаад л, нүднийхээ булангаар эргэн, эргэн хяламхийгээд байгааг нь харахад хэцүү байсан.
-Сонирхолтой яриа өрнүүлсэн танд баярлалаа.

"Тод магнай" сэтгүүл Сүхбаатар аймгийн тусгай дугаар, 2013 он

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна