“Бат-Оргилох булаг” ХХК-ийн захирал, малын их эмч Д.Баасанжаргал: Давс даарахад дах, таргалахад ташуур, турахад тушаа болдог

А.Тэлмэн
2016 оны 12-р сарын 20 -нд

Намрын зэвэргэн өдрүүд өвлийн хүйтнээр солигдож буй энэ цагт адууны хувьд нэмэлт тэжээл, арчилгаа маллагааны үе эхэлдэг гэж болно. Үүнтэй холбоотойгоор “Бат-Оргилох булаг” ХХК-ийн  захирал малын их эмч Д.Баасанжаргалын өгсөн зөвлөгөөг уншигч уяачидтайгаа хуваалцаж байна. Баасанжаргал эмчийн тухайд 2007 онд ХААИС-ийг малын их эмчийн мэргэжлээр төгссөн бөгөөд Мал эмнэлгийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, Францын “Хил хязгааргүй малын эмч нар” төслийн Баянхонгорын зохицуулагчаар тус тус ажиллаж байсан юм.

Тэжээл гэж юу вэ?
Манайхан тэжээнэ гэхээр цатгана гэж ойлгоод байдаг. Өөрөөр хэлбэл хямдхан үнэтэй тэжээлийг их хэмжээгээр  “бөмбөгдөх” нь бий. Тэгсэн атлаа өөрсдөө “эрүүл хоол”-ны талаар ихийг ярьдаг.  Уураг, нүүрс ус, өөх тос, эрдэс давс, витамины солилцоог физиологийн нормоор авч үзвэл хүн хоногт уураг 100-120 гр, нүүрс ус 400-450 гр, еех тос 80-90 гр-ийг хэрэглэх шаардлагатай байдаг. Түүнтэй адил мал амьтанд ч энэ бүхнийг тооцож хэрэглэх ёстой. Үүний тулд мэргэжлийн эмч нарт хандаж амьдын жингээр нь тооцож тооцоог гаргана.
Тэр тусмаа уралдааны морины хувьд хэдийчинээ ажил ихтэй байна тэр хэрээр амин дэмтэй бүтээгдэхүүнээр хооллох хэрэгтэй. Үүнд овъёосонд уураг бага хэмжээгээр агуулагддаг. Ер нь ургамалд уураг бага, харин нүүрс ус их байдаг. Гэхдээ уураг өндөртэй ургамлын гаралтай бүтээгдэхүүнүүдээс хамгийн өндөр агууламжтай нь рабс байх жишээний.
Тэгэхээр олон төрлийн өвс тэжээлийг орц найрлагыг тооцож, хольж хэрэглэх нь илүү үр дүнтэй. Нөгөө талаас нэг дор бөөнөөр нь өгөх биш өдөрт гурав, дөрвөн удаа бага багаар хооллох нь зүйтэй. Учир нь адуу хээрээр бэлчиж явахдаа бага багаар тасралтгүй хооллож байдаг. Тэгэхээр уяач  адуутайгаа л “иднэ, ууна, амарна“ гэхчилэн дарааллаар ажиллана.
Яг үнэндээ манайхны нэг дутагдалтай тал байдаг. Мэргэжлийн хүний зөвлөгөөг хүлээж авахдаа бага мөртлөө хэн нэгний ам дамжсан ярианд маш амархан итгэдэг. Бүүр болоогүй үнэн худал нь мэдэгдэхгүй ам дамжсан ярианаас, тэр мориндоо тийм юм өгөөд аймаар давхисан гэнэ гэж ирээд л яриад, өөрөө ч туршиж үзэхээр яардаг. Үнэндээ тэр хүн морио нэг өөрөөр уяна. Бас нөгөөх нь өөрийн арга барилаар уяна. Өөр шинж чанартай, өөр давхилтай, хоёр өөр морин дээр  яг адилхан зүйлийг турших гээд байдаг нь буруу юм. Наад захын жишээ татахад витамин гэхэд худалдааны нэршил нь өөр өөр ч Америк, Англи, умард Ирланд, Германд үйлдвэрлэсэнээрээ л ялгагддаг. Тэгэхэд тэр тод манлай, энэ манлай энийг  л өгч байна гэнэ. Би заавал тэрийг л авна гэж туйлшрахыг яана. Цэндбаатар уяач адуугаа алимаар тэжээдэг гэнэ гэсэн цуу яриа сонсчихоод алим өгөх гээд зүтгээд байдаг. Нөгөөх нь хэрвээ дургүй бол яахын бэ. Эсвэл мянга идээд Цэндбаатарын морины энд хүрэхгүй байж болно шүү дээ. Эндээс би юу гэх гээд байна гэхээр хүн дуурайж гүйлгүй өөрөө л морьтойгоо илүү ойр ажилла. Дээр нь мэргэжлийн хүний зөвлөгөөг сонсож, амьдрал дээрээ хэрэгжүүлж сур. Сүхбаатар аймгийн Асгат гаралтай аймгийн Алдарт уяач аймагтаа алдартай хурдан хар азаргатай байж. Манай  найзын өвөө аав л даа. Өвгөн гурван жил дараалан нэг азаргаа аймагтаа оруулсан байгаа юм. Энэ амжилтын нууц ердөө энгийн. Тэр хүн өдөр болгон тэмдэглэл хөтөлдөг байсан. Өнөөдөр тийм ажил хийлээ, тийм давхилтай байна гэхчилэн бүүр а, б-гүй бичдэг байж. Их ухаантнаас богино харандаа гэдэг шиг хэзээ ч мартаж магадгүй. Өдгөө дээр үеийн хоёр гурван зузаан дэвтэр дүүрэн монгол бичгээр тэмдэглэсэн гарын авлага үр хүүхэд, ач зээ нарт нь өвлөгдөн иржээ. Тэгэхээр өөрөө өөрийнхөө моринд л уяач байх хэрэгтэй гэж би хэлнэ.

Адууны ходоодны онцлог
Адууны ходоодны дотор талын нэг хэсэг нь салстан бүрхүүлтэй бол нөгөө хэсэг нь бүрхүүлгүй. Тийм болохоор амаар орсон хоол ходоонд очоод салстаас доош ирээд дахин идэш хоолоо иддэг. Тэгэхээр  ходоодыг хатуу овъёосоор дүүргэснээс ходоодны үрэвсэл, шарх үүсч улмаар архагших аюултай. Ер нь малчин хүний буруу арчилгаа маллагаа, тэжээлийн үндсэн зарчмыг алдагдуулснаас болж гэдэс болон хөлөнд оёгтой болох нь олонтаа тохиолддог.

Овъёос
Овъёосыг эрдэнэшиш, арвай, үр тариатай хольж бага зэрэг бутлаж өгснөөр хоол боловсруулахад нь дөхөм болдог. Гэхдээ дэвтээх юмуу, дэвтээж исгэх нь онцын ач холбогдолгүй аж.
Бүхлээр нь овъёос өглөө гэхэд өтгөнөөр нь бүтнээрээ гарах жишээний. Энэ нь тэр овъёосыг ходоодны хүчил нь задалж чадаагүй гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл шим тэжээлтэй хэсэг нь бие махбодид үлдээгүй байна. Буталсан овъёос нь хоёр, гурван цагийн дотор ходоодноос нарийн гэдэс рүү, нарийн гэдэснээс хоёр, гурван цагийн дараа бүдүүн гэдэс цаашлаад шулуун гэдсээр дамжин үлдэгдэл нь гадагшилдаг.
Одоогоос хэдэн жилийн өмнө бол овъёосон дээр таана хөмөөл мэтийн даршилсан ногоог хэрэглэдэг байлаа.  Энэ нь зөвхөн хурдан морь гэлтгүй ядарч доройтсон малыг хурдан сэргээж, тарга хүчийг тогтоон барьдаг давуу талтай. Тэр дундаа өвлийн цагт хоол хүнс, шим тэжээл багасаж, шар өвсөөр өдрийн өл залгах тохиолдолд даршилсан ногоо нь бие мадбодид хэрэгцээт зүйлүүдийг нөхөж өгдөг байсан гэж болно. Ер нь овъёос, сонгино, сармис, таана, хөмөөл зэрэг ургамлууд нь мал амьтны дархлааг дэмжих үйлчилгээтэй. Тэр дундаа даршилсан ногоо юмуу давс хужирыг нэмэлтээр хүйтэн сэрүүний улиралд тамир тэнхээ сул малд тухайн нөхцөл байдлаас хамааран хэмжээг тогтоон нэмэлтээр өгдөг.
Хурдны адууны тухайд даршилсан сонгино, сармисанд илүү их дуртай. Сүүлийн үед Ирландын ТRM компаниас оруулж ирдэг сармисны ханд,  Германы Ловет компаниас оруулж ирдэг хуурайшуулсан сармисанд хэрэглэгчид ам сайтай байх нь бий. Харин Монголын нөхцөлд аймгийн Алдарт уяач, малын эмч залуу Завханы улаан сармисыг спиртэнд хандлан адуундаа өгдөг туршлага бий. Энэ чинь манайхны дунд хамгийн их яригддаг ханиаданд сайн үйлчилгээтэй. Гэхдээ вирусын гаралтай ханиадын тохиолдолд дархлаа сайжруулж, улмаар эдгэрэлтийг түргэсгэнэ.
Тэгвэл хужир, шүүний тухайд болж өгвөл хэрэглэхгүй байх хэрэгтэй. Үүнд ашигтай элемент байхгүй шахуу болохоор дутагдлаа нөхөж чадахгүй. Гэхдээ хортой гэсэн үг биш л дээ.
Харин олон найрлагатай байгалийн гаралтай давсыг өдөрт тодорхой хэмжээгээр хэрэглэж болно. Юу вэ гэхээр давсны зохистой хэрэглээний тухай энэ яригдах юм. Тухайн давсанд ямар, ямар элемент орсон байна, өөрийн малдаа хэзээнээс өгөх үү гэдгээс эхлээд давсны хэрэглээ хэр байгаагаас шалтгаалж тунг нь тааруулна. Жишээ нь уяа сойлгын дундуур юмуу, хөлсний ар дээр жоохон нэмэгдэлтэй өгөх маягтай. Мэдээж хэтрүүлбэл ходоодны гүрвэлзэх хөдөлгөөнийг идэвхижүүлэн цочроож чацага алдах гэхчилэн гэдсэнд сөрөг нөлөө үзүүлдэг. Зөв хэрэглэж чадвал давс даарахад дах, таргалахад ташуур, турахад тушаа гэдэг үгтэй. Энд ердөө эзний анхаарал халамж хэрэгтэй. Тухайн уяач морь малтайгаа ойр дотно байж байж энэ “нөхөрт” ийм хэмжээний давс өгөхөд таардаг гэдгийг явцын дундаас туршлагаар олж авдаг. Хэрвээ давсыг ихдүүлсэн бол хордлогонд орох бөгөөд зовхи, буйлны салст бүрхүүл улаан хүрэн болох жишээний. Цусны эргэлт муудаж, ноомой сул дорой болно. Дээр нь түрүүн хэлсэн чацага алдана. Тийм тохиолдолд давсны хэрэглээгээ багасгах учиртай. Тэгвэл эсрэгээрээ давс болон эрдэс бодисын дутагдлын үед ашигт долооцыг хэрэглэх нь илүү үр дүнтэй. Давс болон эрдэс дутагдахад мал амьтан тэр дундаа адуу янз бүрийн хүнсний бус зүйл үмхэж хазах, мэрж харагддаг. Жишээ нь өгөршчихсөн яс байвал аваад үмхэх жишээний. Энэ бол кальцийн дутагдлын нэг илрэл. За бас сайхан ургасан өвс ногоо байгаад байхад шороо руу дайраад байдаг. Энэ ч мөн л эрдсийн дутагдалд орж байнаа л гэсэн үг.
Дараагийн хэсэгт бид эмчээс олон найрлагат витамины талаар дараах хариултыг авсан юм. Витамин нь байгаль дэлхий дээр маш бага буюу ховор талдаа. Тухайлбал А витаминаа нөхөж байхын тулд их хэмжээний лууван идүүлэх хэрэгтэй болно. Тэгэхээр үйлдвэрийн аргаар гаргаж авсан витаминыг авч, гол нь зохистой хэрэглэх хэрэгтэй. Энэхүү олон найрлагат витаминыг өвөл 11 сараас тэжээлд орууллаа гэхэд өгч л байх ёстой. Өвөл бэлчээрээр гарахад хамаг шим тэжээл нь уначихсан амны зугаа гаргах төдий цагаан өвснүүд болчихсон байдаг учраас голдуу овъёос, хивгээр л тэжээнэ. Гэтэл тэрэнд ямар нэгэн витамин бол байдаггүй. Ийм учраас ажил хийж байгаа үед зайлшгүй витаминыг нэмэлтээр өгч байх шаардлагатай юм. 

Тэгвэл уургийн тухайд,
Мал амьтны тухайд  мэдрэлийн систем хүн шиг төгс биш болохоор уургийн дутагдал гэх зүйл харьцангуй гайгүй. Гэхдээ  ажлын болон ид ачаалалтай ажиллаж байгаа мал амьтанд уураг хэрэгтэй болдог.  Хялбархан жишээ тарахад бодигийн тамирчид бие махбодио хөгжүүлэхийн тулд уураг хэрэглэдэгтэй адил хурдны моринд ч тодорхой хэмжээгээр хэрэглэнэ. Гэхдээ үүнийг бодисын солилцоонд ордог уургийг байгаль дэлхийгээсээ өөрөө олоод авчихдаг учраас ид ачааллын үед л бага зэргийг нэмэлтээр өгнө.
Уяачдын хувьд 11 сараас эхлээд дараа жилийн хавар ногоо гартал гээд адуугаа тэжээдэг. Зарим нь ч бүүр ногоонд найдалтгүйгээр нэмэлт тэжээлээ таслахгүй байх тухай өөр хоорондоо ярилцаж туршлага судлах нь бий. Харин үүнд мэргэжлийн хүн,
-Нэмэлт тэжээл гэхээр ахиад л ачааллын тухай  дурдана. Мэдээж ачаалалтай ажиллаж байхад нэмэлт өгч байх хэрэгтэй. Одоогоос хэдэн жилийн өмнө ургамал ногоо элбэг дэлбэг, гарц сайтай, өөр өөрийн онцлог найрлагатай ургадаг байв. Харин өнөөдөр ургамал ерөнхийдөө тачир болсон. Түүгээр ч үл барам хангайд ургадаг ургамал говьд ургахгүй, говьд ургадаг нь хангайд ургахгүй байна. Тийм болохоор хангайн адууг авчраад говьд уралдуулбал зайлшгүй нэг нэмэлт хэрэгтэй болж таарч байгаа юм. Эсвэл говийн адууг хангайд уралдуулбал бас нэг нь дутна. Гэхдээ хил хязгаараас үл хамааран амьдрах болсон энэ цагт хүссэн нэмэлт тэжээлээ Англи, Герман, Ирландаас овъёостой, овъёосгүйгээр оруулж ирээд худалдаалдаг болчихлоо. Энэ бол давуу тал юм.
Мэдээж тэжээлийн тухай ярихаар хорыг дурдахгүй өнгөрч болохгүй. Үр тариаг байнга удаан хугацаагаар идэхээр тэжээлийн хордлого зайлшгүй гардаг. Аливаа юм хоёр талтай болохоор хэрвээ хордсон бол цусыг шингэлэх, /амаар шингэн өгөх, хордлогонд орсон бол зайлшгүй шингэн хийнэ. Энэ бол эмчилгээний журмаар хийгддэг зүйл/ хоол тэжээлийн давтамжийг өөрчлөх, бүтэц найрлагыг өөрчлөөд үзэхэд гэмгүй гэдгийг зөвлөх байна.
Ер  нь өдөрт ууж л байвал усыг хангалттай өгөх хэрэгтэй. Манайхан уралдахаас өмнө ус өгч болохгүй гэлцэж ирсэн. Үнэндээ ус нь хоёроос гурван цагийн дотор л ходоодноос шимэгдээд алга болчихдог зүйл шүү дээ. Тэгэхээр уралдахаас хоёроос гурван цагийн өмнө услачихсан байхад буруудахгүй. Гэтэл манай уяачид маргааш уралдах гэж байгаа амьтныг урд өдөр нь услаад, янз бүрийн эрсдэлүүдийг дагуулдаг. Ус бол чандмань эрдэнэ.  Хэрвээ нэмэлтээр эрдэс өгч чадахгүй бол усанд нь жоохон хоолны давс холиод өгөх нь бие махбодид зайлшгүй шаардлагатай 0,9 хувийн давсны уусмал болчихож байгаа юм.

Уураг

-Говь-Алтайд явж байхад нэг уяач чонын сэмжээр хурдан морио тэжээдэг байсан тухайгаа ярьсан. Тийм байж болох уу?
 Уураг бол амьтны гаралтай бүтээгдэхүүнд л байдаг. Адуу гэлтгүй өвсөн тэжээлтэй амьтны нэг онцлог нь амьтны гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг боловсруулж чаддаггүй. Ходоод нь өвс тэжээлийг бутлах, дэвтээх, няцлах замаар боловсруулдаг. Тэгэхээр амьтны гаралтай бүтээгдэхүүн ходоодонд орсон тохиолдолд боловсруулж чадахгүй бөглөрөө үүсэх эсвэл өтгөнөөр нь бүхлээрээ гарна. Задрахгүй байгаа учраас өнөө уураг нь биед шимэгдэхгүй.
 Адууг шар тос, борцоор утдаг тухай бас сонсож байсан юм байна?
-Сэжгээр өвдөж, сүжгээр эдгэнээ гэж монголчуудын үг бий. Энэ мэт уламжлалт аргыг айхтар үгүйсгэх аргагүй. Гэхдээ бас хүлээн зөвшөөрөхөд амаргүй. Жишээ нь гэдсэнд эмгэг үүсэхэд дэлүүтлээ гэж яриад дэлүүг хатгадаг. Үүнийг шинжлэх ухааны үүднээс тайлбарлавал хоол боловруулах зам болох нарийн гэдсэнд үүссэн өвдөлтийг сарниах зорилгоор өөр газар хүчээр өвдөлт үүсгэхийг сарниах эмчилтгээ гэж ярьдаг. Өөр газар өвдөлт үүсгэхээр бие махбодийн зангираад байсан булчин сулрах, түгжирсэн бол түгжрэл багасах гэхчилэн бие махбодь өөрөө өөрийгөө эмчилнээ л гэсэн утгатай юм. Дэлүү нь цусны судал багатай, дүлий эрхтэн. Үрэвсэж эмзэглэх нь харьцангуй бага болохоор дэлүүг цочроож байгаа болохоос эмчилж байгаа юм биш. Тэгэхээр магадгүй үүнтэй адил хурц үнэртэй зүйлээр утахаар бие махбодь хариу үйлдэл үзүүлж болох юм.
 Энд нэг зүйлийг асуумаар байна. Хоёр жилийн өмнө тарсан нэг бичлэгэн дээр бахардаад унасан морийг өшиглөж байгаа харагддаг. Энэ ямар учиртай юм бэ?
-Адуу бүх чадлаараа уралдаад орж ирээд унаж байгаа нь зүрх  ачааллаа дийлэхгүй болоод зогсож байнаа л гэсэн үг. Тэр үед бусад эрхтэн систем болоод тархи ажиллаж байгаа бол зүрхэн дэх ашоп товарын зангилааг механикаар цохиод өгөхөд сэргэх магадлал өндөр. Өөрөөр хэлбэл зүрх ажиллана. Тэгэхийн тулд бүдэрхийний дээд хэсэгт зүрхний ойролцоо ганц нэг хүчтэй өшиглөж болно. Тэрнээс зүрх зогсоод 3-5 минут болчихсон бол ямар ч нэмэргүй.

Эмгэг
Урьдчилан сэргийлж чадаагүйн улмаас эмгэг үүсэж байгаа юм. Тэр дундаа хурдны адууны хувьд хөлний эмгэг хамгийн элбэг тохиолддог. Энэ нь хэд хэдэн шалтгаан байна. Нэгдүгээрт арчилгаа маллагаа муугаас болж байна. Хоёрт жилдээ их олон уралдаж байна. Гуравт эм бэлдмэл, нэмэлт бүтээгдэхүүнийг хэтэрхий замбараагүй хэрэглэж байна. Дээр үеийн уяачид хамгийн сүүлд сувдан хөлсийг авч үзэхэд ямар ч амтгүй байдаг тухай ярьцгаадаг. Энэ нь бие махбодийн бүх л эрдсийг шавхаад хаясан. Бие нь нарийсаад, хөл нь тодорхой газар биеэ аваад уралдах чадвартай болсон гэдгийг харуулж байгаа юм. Тэр үед ихэвчлэн туранхай уралдуулдаг байсан. Би ч багадаа хурдны морь унадаг байлаа. Тэгэхэд дундаас уралддаг, сүүлд уралддаг, араас хөөж нэхэж уралддаг, гарч хэсэг зугтаадаг морьд тэр 20 км-т маш олон “ааш”-ийг үзүүлээд өнгөрдөг байлаа. Одоо бол эхний тавьд гарч чадахгүй л бол нэмэргүй болсон тухай уяачид ярьж  байна. Яагаад гэвэл бие махбодиос алдагдаж байгаа зүйлийг нь буцааж нөхөөд байхаар өнөө морь байгаа хурдаараа л уралдаж байгаа нь тэр шүү дээ. Хуучин шиг айхтар нарийсгаж уяхаа байсан цаг. Үүнээс үүдээд тэр лагс  том биен дээр хүүхдийн жин нэмэгдээд хэт хурдтай уралдаж байгаад захын энхэл донхолд хөл гараа авах нь энүүхэнд. Нөгөө талаас үе мөч, шандас шөрмөс гэдэг чинь гадна талаараа уутан бүрхүүлтэй, түүн дотор нь шингэн хуримтлагдсан байдаг юм. Энэ нь үеийг чийгшүүлж гулгамтгай байдлыг бий болгож байдаг. Тэнд бас үрэлт бага хэмжээгээр явагдаад эхэлбэл шингэн бага хэмжээгээр шимэгдэнэ. Өөрөөр хэлбэл багасна. Тэгэхээр олон уралдуулаад ирэхээр өнөө шингэн бага багаар шимэгдсээр яваандаа бэртэж гэмтэхэд нөлөөлдөг. Нөгөө талдаа хамгаалалт хийхгүй байна. Уралдаад ирсэн адууныхаа хөл гарыг амраа, сайн гишгүүлэхгүй анхаарал үнэхээр дутмаг болсон. Хэсэг алхуулаад хөлс хатсан бол аваачаад уячихдаг. Тэгвэл бага хэмжээнд бэртэж гэмтсэн байлаа гэхэд тэнд байнгын үрэвслийн процесс явагдаад эхэлдэг. Яваандаа энэ нь томорсоор хөл гаргүй болоход нөлөөлдөг учраас уяачид анхаарах ёстой.  Та нар харсан бизээ. Морь уралдаад ирэхэд хөлөнд нь кампертай, гаатай тос түрхэж байхыг. Энэ бол эсийн концентрацийг өөрчлөх, үрэвслийн эсрэг үйлчилгээтэй бөгөөд хуримтлагдсан шингэнийг гадагшлуулж, сорвижилт үүсэхээс хамгаалж байгаа юм.
Хөлний бэртэл гэмтлийн үед амраахаас өөр сайн эмчилгээ байхгүй. Гэмтлийн шинж тэмдэг илэрсэн л бол даруй арга хэмжээ авна. Жишээ нь хөл хавдлаа гэхэд өвдөлт намдаах тариа хийгээд, гадна талаас нь концентраци өндөртэй, кампертай шингэн, гаатай тосыг түрхэж шингэнийг гадагш нь татаж авснаар үрэвсэл багасна. 12-24 цагийн дотор доголын эмчилгээг эхлүүлээд, амраах хэрэгтэй. Болж өгвөл хоёр жил өнжөөхөд шандас шөрмөс буцаад хэвэндээ орох магадлалтай гэж үздэг. Ер нь олон уралдуулъя гэж бодож байгаа бол өнжөөж амраах л хэрэгтэй. Шандас шөрмөс нь цусны судал байхгүй учраас эдгэрэх процесс удаан байдаг юм. Тэгэхэд манайхан үл ялиг гайгүй болж эхлэхэд нь ахиад барьж аваад уячихдаг. Үүнээс болоод хүндрээд хөлгүй болох аюултай.
 Доголыг таних олон аргууд байна. Зүгээр чигээрээ шогшиж байхад мэдэгдэхгүй хэрнээ жишээ нь нар зөв тойруулаад шогшуулахад зүүн талдаа эмзэглэдэг гэхчилэн дурдаж болно. 
Бид эмчээс намрын цагт уяачид голд тэр дундаа Хэрлэнд уяа зоогоод адуугаа уядаг нь хэр зөв болох талаар асуухад
Дээр үед хөлөндөө жоохон согог эмгэгтэй, сагагны хажуудаа цус хурсан тохиолдолд намар оройн сэрүүнд сойх эмчилгээ байсан шиг байгаа юм. Тэр бол цусны эргэлтийг сайжруулах, нөгөө талаасаа шандас шөрмөсний гэмтэлд нөлөөтэй гэж үзээд ганц нэг адуугаа усанд сойдог байж. Тэрнээс бүх адуугаа толгой дараалан усанд уясанаар хөл сайжирч, хурд нэмэгдэнэ гэж байхгүй. Нөгөө л өрөөсгөл ойлголт, туйлшрал хоёр яваад байгаа юм гэж хариулах аж. 
-Бидний урилгыг хүлээн авч, үнэтэй зөвлөөг өгсөн эмчдээ баярлалаа.

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна