Аймгийн Алдарт уяач, спортын Мастер, сумын Заан О.Буянжаргал: Аавыг өөд болоход хурдан хээрээр нь хөл унаа хийсэн
Увс аймгийн Наранбулаг сумын уугуул, аймгийн Алдарт уяач, спортын Мастер, сумын Заан Олдморын Буянжаргал гуайн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
- Наранбулаг сумынхаа МСУХ-г үүсгэн байгуулаад нэлээн хэдэн жил тэргүүнээр нь ажилласан гэсэн. Энэ талаар яриагаа эхэлье?
-1989 онд Монгол адуу нийгэмлэгийн анхдугаар их хурал Төв аймгийн Зуунмод хотод болоход оролцсон. Тэр жилээ Монгол адуу нийгэмлэгийн салбар Шандас клубыг сумандаа анх байгуулж, тэргүүнээр нь сонгогдсон. Тэгээд монгол адууны бурхан Даян гэдэг бурхан тахиулан, хурдан морины уралдаан явуулж, эмнэг сургах, морь бугуйлдах тэмцээн явуулсан. Би 23 жил сумын уяачдын холбооны тэргүүн, 10-аад жил сумын бөхийн холбооны тэргүүнээр ажиллаад 2011 онд хоёулангийнх нь тэргүүний ажлаа өгч тэргүүлэгчээр нь ажиллаж байна. Халх уяа гэдгийг манай энд огт мэддэггүй байсан. Энэ хугацаанд Халх уяаны морь тарлах, хөлслөх, торгон ирэнд нь яаж уях уу гээд ерөнхий дэг жаягийг энэ нутагт хэвшүүлсэн. Үсэргээнээс өөр юм мэддэггүй байсан бол одоо хүмүүс хөлс, тар, сунгаа гээд юм юм хийж байна. Би энэ сумын анхны аймгийн Алдарт уяач 2002 онд боллоо. Надаас хойш 20-иод аймгийн Алдарт уяач төрсөн.
-Та Шандас клубээ байгуулаад, ямар ажил хийсэн бэ?
-Шандас клубынхээ хүрээнд хэд хэдэн дүрэм гаргаж гал маягийн юм зохион байгуулж зохион байгуулалтанд оруулж байсан. Завхан сумаас Булдагча гэж мундаг уяачид шилмэл адуу ялган өгч шилмэл адууны суурь байгуулж байлаа. Удалгүй хувьчлал явагдаж суурь тарсан ч гэсэн тэр адуунаас гайгүй морьд гарсан. Манай суманд ерөөсөө азарганы уралдаан гэж байгаагүй, таван нас уралддаг байсан. 90 билүү 91 онд азарганы уралдаан анх удаа зохион байгуулж, дөрөвхөн азарга уралдсаныг дөрвүүлэнг нь барьж, азарганы уралдааныг бий болголоо. Унаач хүүхдийн хувцас шовоодой малгай, нимгэн цамц, улаан цэнхэр нөмрөг, морины хэрэглэл зулайвч зэргийг сумынхаа үйлчилгээгээр оёулж унаач хүүхдэд олгож байлаа. Багууд ээлжлэн улиралд нэг уралдаан явуулж байхаар тогтож, уралдааны тоог нэмсэн. Уралдаан их болсноор үр дүнд нь хүмүүс их суралцаж байгаа байхгүй юу. Есөн сарын нэгэнд дааганы уралдааныг анх өөрийнхөө нэрэмжит болгон 10-н хэдэн жил явуулж хэвшүүлэн, дараагийн ивээн тэтгэгчдэд хүлээлгэн өгсөн. Одоо манай Аймгийн Алдарт уяач нар ээлжилж ивээн тэтгэн есөн сарын нэгэнд Ирээдүйн их хурд гэсэн нэртэй дааганы уралдаан жил болгон зохион байгуулж байгаа.
-Хэдийнээс Шандас клуб Наранбулаг сумын уяачдын холбоо болж өргөжсөн юм бэ?
-Монгол адуу нийгэмлэгийн Шандас клуб гэж байгуулагдчихсан байсан болохоор МСУХ байгуулагдахад намайг тэргүүнээр нь эргүүлээд баталсан. Энэ хугацаанд Уяачдын холбооны хурлыг хэд хэдэн удаа хийн тэргүүлэгчдээ сольж, миний бие 23 жил тэргүүнээр ажиллалаа.
- Наранбулаг сумын хэмжээнд хурдан морь уяж сойдог хичнээн хүн байна. Тэдгээрээс хэд нь аймаг, сумын цолтой вэ?
-Манайх 5000 орчим хүн амтай, хүн амаараа аймагтаа эхний гуравт ордог сумын нэг. 150-200-аад хүн морь уяж сойж байгаагаас Аймгийн Алдарт уяач 20-иод, Сумын Алдарт уяач 30-аад хүн бий. Манай сум 2000 оноос хойш Сумын Алдарт цол олгосон. Би Сумын уяачдын холбооны тэргүүний хувьд “Уяачийн алдар” сэтгүүлд мэдээ, мэдээлэл бас домог, түүх маягийн юмнууд бичиж байсан. Сүүлд “Төрийн наадмын манлай хүлгүүд” гэдэг номонд сумаасаа гурван уяач оруулсан байгаа. Манайхан бүсийн, сумын, аймгийн наадамд боломжоороо оролцож, айраг, түрүү авдаг.
-Наранбулаг сумын адуу ер нь ямар онцлогтой, ямар хэлбэр хийц, зүстэй вэ? Ямар уяа сойлготой, ямар томоохон амжилтууд үзүүлж байснаас нь дурьдвал?
-Манайх бол ерөнхийдөө хурдны чиглэл багатай, нутгийн шилмэл гайгүй адуунууд байна. Цэмбэл, Ийшээ гэдэг хүмүүсийн хурдан зээрдүүд, манай аавын хурдан хээр гээд сумандаа зургаа түрүүлсэн зартай хурдан адуу байлаа. Би өөрөө нэгдлийн адууны угшилтай хурдан улаан азаргатай байсан. Улаан азарга сумандаа дөрөв түрүүлж хоёр аман хүзүүдээд дархлагдсан. Намайг тэргүүнээр ажиллах хугацаанд манай суманд арваад морь дархалсан байгаа. Тухайлбал Төрбатын шархал, Охион хээр гээд азарганууд дархан болсон. Улсад бол манай сумын Нямгэрэл гэж залуугийн морь айрагт ордог юм билээ. Аймагт бол Дондогийн халиун морь хоёр түрүүлж, Очиржавын хүрэн азарга хоёр удаа айрагдаж, Өлзийхутагийн Балжиннямын хээр морь соёолондоо айрагдсан. Манай суманд болсон Аймгийн бүсийн наадамд манайхны нэлээн морьд давхисан. 2005 онд би Тариалангийн 80 жилийн ойд очиж таван адуугаа тавууланг нь айрагдуулж байлаа.
-Сум орон нутгийн нэрийн хуудас болсон эрдэм мэдлэгтэй, ямар сайн уяачид байсан бэ?
-Дээр үеийн сайн уяачид гэх юм манай багт гэхэд л Цэмпил, Ийшээ, Аюуш, адуучин Овоо, манай аав Олдмор гэж хүмүүс байсан. Алдар багт “Хайнаг” хэмээх Даваа, Сур хэмээх Тавхи гэж сайн уяачид байлаа. Хужирт багт болохоор хурдан алаг морьтой Мишиг, хар морьтой Осор, хонгор морьтой Шагж зэрэг сайн уяачид байсан. Ийшээгийн зээрд, “бух” Цэмпилийн зээрд морьд нэгэн үе сумынхаа наадмыг өнгөлдөг байсан. Мөн Задгай Рэнцэн гэж Завхан аймгийн гаралтай хүний хээр морь их хурдан байлаа.
-Тэгвэл дунд үе буюу тантай хамт адуу мал уядаг байсан ямар уяачид байна?
- Аймгийн Алдарт уяач Баастын Цэдэнбал гэж одоо Сэлэнгийн Орхонтуулд байна, Мөнхийн Жамсран гэж хүн бий. “Шулга” Мөнх гэж бас хурдан морь уяж байсан хүн байгаа. Алдар багт Бэгзийн Оросоо гэж хүн байгаа. Хужирт багт Осорын Батцэнд гэж хатирдаг улаан морь суманд дархлуулсан хүн байна. Баруун аймагт жороо морь наадам болгоноор уралддаг, жороогүй наадам гэж байхгүй. Харин улсад наадмын уралдааны баярын төрлөөс хасагдчихлаа. Энэ уралдааныг сэргээх хүсэл надад байдаг. Миний бодлоор бол эрлийз шинэ цагийн монгол адууны уралдааныг хасаад, цэвэр монгол мориор уралдмаар байна. Хоёрдугаарт энэ хатираа, жороо гэсэн төрлийг морин уралдааны дүрмэнд оруулах шаардлагатай гэж хувьдаа боддог юм.
-Таны аав Олдмор гуай морь уядаг байсан гэхээр та удам дамжсан уяач юм байна. Хээр мориноос өөр ямар хурдан морьтой хүн байв?
- Тэр хээр морь манай аавын ахын гаралтай, манайд ямар замаар ирснийг би сайн мэдэхгүй. Ер нь манай аав хээр мориноос өөр морь бараг уяагүй. Нэгдлийн адуучин хүн байсан. 1971 онд сумынхаа 50 жилийн ойд их нас, соёолон, шүдлэн үрээ гурав түрүүлгэж байсан юм. Одоо цагийнх шиг уяж байгаагүй, ганц үсэргээд л наадамд ордог байв шүү. Хээр морь нэлээд зантай морь байсан гэж ярьдаг. Засаатай байгаад тав зургаатай их хожуу авсан болохоор Асман хээр гэдэг нэр өгсөн. Анх хязааланд нь хангал морь Өөлдийн Жаргал гэдэг хүн эмээлтэй хазаартай унаж хоёрт ирсэн. Сумандаа зургаа түрүүлэхэд нь би дөрөвт нь унасан. Эргээд л гараад ганцаараа хол тасраад барианд ирнэ. Цоллуулах гэж ааш гаргаж алдагдах гээд аюултай юм болно. Хээр морь 21 хүртлээ уралдаж хамгийн сүүлд манай сумын 20 жилийн ой 1975 онд болоход 15-д ирсэн гэсэн. Сүүлд аав өнгөрөхөд хойд насных нь хөл унаа гэж хээр морийг өгсөн.
-Хөл унаа гэж юу гэсэн үг юм бэ?
-Нас барсан хүнийг морьтой явуулах ёстой гэдэг. Талийгаачийн ажил явдалд гол ажил хийсэн, ном уншсан ч юм уу, аль эсвэл толгойд нь хүрсэн хүнд морь өгдөг байхгүй юу. Манай энд нас барсан хүнийг явган явуулахгүй гэж ламд нь ч юм уу, гол үүрэг гүйцэтгэсэн хүнд морь өгдөг. Аавын арын буяныг хийсэн авга ламд хээр морийг өгсөн. Сүүлд нь 22 настай тогоо тосолсон гэнэ лээ. Тэгэхэд хээр морь цэл залуу морины шүдтэй, манайхны ярьдгаар харанхуй шүдтэй байсан гэдэг юм.
-Уяа нь орохоороо тийм ааштай болдог юм уу, ер нь жирийн үедээ ч гэсэн тийм ааштай байсан юм уу?
-Жирийн үед гайгүй. Уяа нь ороод хөнгөдөөд ирэхээрээ тийм омголон болдог байсан. Уяанаас бусад цагт гайгүй. Их том сайхан адуу, энэ цагт уясан бол гэж бодогддог. Тэр үед уяа байхгүй, уяа мэдэхгүй зөвхөн ганц үсэргэх төдий л наадамд очоод Олдморын хээр түрүүллээ л гэж байдаг.
-Та хэдий үеэс морь уясан юм бэ?
-Би бол нагац ахдаа өргөгдсөн өргөмөл хүүхэд байгаа юм. Гарсан нь ганц охинтой, өргөмөл хүү, охин нийлээд гурвуулаа. Тэр хүний гал голомтыг залгаж яваа нь би. Би 1976 онд техникум төгсөөд үргэлжүүлээд цэрэгт яваад 1980 онд халагдаж ирсэн юм. Багаасаа хурдан морь унаж байсан хүн чинь морины хорхойтой болчихдог юм байна. Цэргээс ирсэн жил манай нутгийн Бадам хөгшин энэ хүүхэд моринд их хорхойсож байна гэж ажиглаад өмнө нь тогоо худалдаж аваад адуу өгөх ёстой байсныгаа бодож надад нас нь нэлээн явсан халтар морь өгсөн. Тэр морийг анх удаа уяж үзээд эхний жилээ 25-д ирээд, дараа жил нь ес, долоогоор ордог юм. Их холч мундаг адуу байсан. Сүүлд бригадын дарга болоод л нормынхоо морьдыг уядаг болсон.
-Анхны айраг, түрүүгээ хэдэн оны ямар наадмаас авч байсан бэ?
-Уяж эхэлсэн 1980 ондоо айраг аваагүй. 1981 онд АХ-ын 60 жилийн ойгоор нормынхоо хул хязаалан, улаан азарга хоёроо түрүүлж, айрагдуулж анхны айраг, түрүүгээ авч байлаа. Бас нэг хязаалан хул морь суманд түрүүлгэж байлаа. Миний дархан улаан азарганы эцэг улаан азарга анх суманд азарга уралдахад дөрвөн азарганаас түрүүлж байсан.
-Таны нэрийг гаргасан улаан буюу бор азарганаас өөр ямар хурдан хүлгүүд байна вэ?
-Бор азарга байна, миний Махан толгой гээд жороо хээр морь байсан. Хаана ч очоод уралдсан айраг, түрүү алддаггүй. Бор азарганы гарал үүсэл нь миний суран бугуйлыг нэг хүн гуйж аваад оронд нь борлог гүү өгсөн юм. Борлог гүүнээс охин хар унага гарсан. Тэр хар унага гүү болоод есөн эр төл гаргасан нь бүгд л хурдан байсан. Тэрэн дундаас Махан толгой гэдэг хээр морь сумандаа хэдэн удаа айрагдсан. Тариалан сумын 80 жилийн ойд 150 мориноос гуравт ирсэн. Тэрний дүү нь улаан азарга. Улаан азарга суманд дөрөв түрүүлж, хоёр аман хүзүүдсэн. Тариалан сумын 80 жилийн ойд хоёрт ирж, Аймгийн 60 жилд есөд ирсэн. Намайг гайгүй нэрд гаргасан малын нэг. Миний жороо хээр морь зургаа түрүүлсэн. Хээр морь Тэсийн цаад тал Тува гаралтай монгол морь, жирийн морины ханшаар буюу 85, 86 оны үед 1500 төгрөгөөр авсан. Сумандаа нэг жил таван морь айрагдуулж, тэр жилээ Тариалан суманд өөрийнхөө гурав, миний уяж очсон манай дүүгийн морь, даага хоёр айрагдаж мөн таван морь айрагдуулж байлаа. Миний дээд амжилтууд гэвэл ийм. Өө тэгээд бүсийн сумуудаар зөндөө очиж айраг, түрүү авсан. Анхны медалиа 1986 онд Ховд аймгийн Дөргөн сумын 40 жилийн ойд очиж, халтар даага, азарга хоёр айрагдаж хоёр медаль авч байлаа. Тэнд жороо хээр морь наймд ирсэн. Анх медаль өгч байсан болохоор их л сонин, жижигхэн, хүнд эд байсан. Бараг сумандаа анхны медаль авчирсан нь тэр байх.
-Сүүлийн үед сумаасаа гадагшаа гарч уралдаж байна уу?
-Уралдалгүй яахав. Би ойрын тав, зургаан жил морь уяж чадаагүй. Унадаг хүүхэд байхгүй, хүүхдүүд бүгд тусдаа гараад эхнэр бид хоёр хоёулхнаа малаа маллаж, зав чөлөө багатай болохоор морь уях нь ч багасаад л байна. Гэхдээ бас тэсэхгүй морь уяад л нааш цааш явж байгаа ч амжилт тийм сайн биш байна.
- МУ-ын спортын мастер гэсэн. Спортын ямар төрлөөр зэрэг авсан юм бэ?
-Би багаасаа адуутай ноцолдож өссөн. Манай аав намайг 10 настай байхад л бүдүүн хангал моринд мордуулаад ташуур барьчихаад “унах юм бол нөхөр минь” гээд л унуулдаг байдаа. Одоо бодоход зоригжуулж байсан юм билээ. Тэр үед намын хурлаар би сумын нэгдлийн адуунаас эмнэг сургаж спортын мастерын болзол хангана гэж амлалт, үүрэг аваад тэрнийхээ дагуу нэгдэл адуун дээр зуны гурван сар, намрын эхэн сар хүртэл байж хоёр жил морь сургасан. Тэгээд 120 эмнэг сургаж болзол хангаад 83 онд спортын мастер цол авсан. Тэгэхэд эмнэг сургалтын спортын мастер цол авлаа гэж монголын радиогоор хэлдэг байлаа шүү дээ. Аавынхаа буянаар эмнэг хангалыг сайн сургаж, цол зэрэг хүртэл авсан минь тэр.
-Ер нь дээр үед хүүхдүүдээ хатуужилтай сургадаг байж. Та одоо хүүхдүүдээ аав шигээ чанга гараар сургаж байна уу?
-Нэг тиймэрхүү. Гэхдээ тэр үеийн хатуужил эд нарт яаж байхав. Бид нар чинь даарах, өлсөх, халах, ядрахыг бүгдийг нь үзэж хатуу гараар хүмүүжсэн. Одоо бол тийм юм алга, бүх юм нь бэлэн, амар амгалан л байна. Тэр үед мориор л адуу малаа маллаж, эрэлд явна. Байнга морь унадаг байлаа. Одоо бол бүгд хужаа мотоцикль унана. Эмнэг сургах бол үнэхээр амь дүйсэн ажил. 120 эмнэг сургахад тэр болгон надад туслах хүн байхгүй, би ганцаараа. Өдөрт 10 эмнэг сургана. 10 хангал морь барьж авахад л найм нь таван настай соёолон, хоёрхон нь л шүдлэн үрээ. Нэг өдөрт 10 морины амыг мэдүүлнэ. Нэг морины амыг нь мэдүүлээд л чөдөрлөж орхиод дараачийн морио сургана. 10 морины ам мэдүүлчихээд орой нь ядарна гэж замбараагүй. Ганц хүн чинь эмээлээ тохоод л мордоход хаашаа очих нь мэдэхгүй, зүггүй нисч байгаа юм чинь. Тэгээд хээр унах юм бол хохь нь л болно. Хаа очиж чирэгдэж унаж байгаагүй. Намайг аавын буян, адууны буян харж үзсэн юм байлгүй би мориноос нэг их унаагүй.
-Сайн эмнэг сургагч хүнд ямар чадвар байх ёстой вэ?
-Нэгдүгээрт айхгүй, зоригтой байх хэрэгтэй, хоёрдугаарт хангал адуутай харьцах туршлага хэрэгтэй. Эмнэг адуунд мордохоос авахуулаад, амыг нь мэдүүлэх, буух хүртэл байнгын анхаарал болгоомж, авхаалж самбаа хэрэгтэй. Хамаагүй буух юм бол өшиглөчихөөд л алга болно. Заавал амыг нь дарж хөдөлгөөнгүй болгож байж бууна. Дээр нь чөдөр тушаа, эд хэрэглэл сайн байхгүй бол тасрах аюултай. Би 10 бөх чөдөр хийж аваад, улаан эмээлээ аваад л гардаг байлаа. Намын дарга миний амлалтыг дэмжээд л, хоёр гурван сарын чөлөө өгч байсан. Уг нь бол би биеийн тамирын гурван сарын дамжаа төгссөн, сумын биеийн тамирын арга зүйч байсан юм.
-Алдартай эмнэг, бусгадаг булгидаг адуу сургаж байв уу?
- Тэр үед дарга нарын унааны нормын морь гэж байсан. Тэрэн дотор Толбот хүрэн гээд хүн амьтан ойртуулдаггүй, өшиглөдөг, булгидаг аюултай морь байлаа. Тэр морийг унах хүн олдохгүй, би унаж байсан. Тэгээд тийм айхтарыг нь унаж байсан юм чинь гээд улам л зориг орно. Давстын ойд очоод хязаалан, дөнөн хоёр морь айрагдуулчихаад байтал, Тулгаа заан барилдаад шагналд нь Давстынхан дийлээгүй хаячихсан эмнэг халтар морио өгдөг юм. Тэгээд замдаа саваагүйтээд л шууд мордсон чинь тэр морины туйлж булгиж байгаа нь тэр хавийн хүмүүсийг дайрч алах гэж байсан. Сүүлд суманд авчраад хоёр гурван удаа унасан. Ямар ч шалтгаангүй булгидаг, хазаарлаж чөдөрлүүлэхгүй, эмээл тохуулахгүй, булгина гэж нөхцөлгүй. Сайхан шогшоод явж байснаа л гэнэтхэн учир шалтгаангүй булгина.
-Таны бас нэг авьяас барилдах. Хэдэн онд Сумын заан болж байв?
-Би Улиастайд 3 жил цэргийн алба хаасан. Техникумыг Гедротехникч мэргэжлээр төгсөөд очсон болохоор засварын ротт гээд автын засварчин, аккумляторчин, цахилгаанчин гэсэн гурван мэргэжил цэргүүдэд эзэмшүүлдэг ротод жагсаалын даргаар томилсон. Цэрэгт байх хугацаандаа барилдаж нэлээн хэд түрүүлсэн. Тэгэхэд улсын арслан Ганбаатарыг цол аваагүй байхад нь хаяж л байлаа. Сүүлд сумынхаа наадмаар барилдаж цол авсан. Дөрвийн даваанд Малчин сумын харьяат аймгийн арслан Буянтогтоход амлуулж барилдаад дөрөв давсан байхгүй юу. Тэгээд миний ах Гомбо бид хоёр хоёулаа үзүүр, түрүүнд үлдээд хэн хэн маань суманд түрүүлж үзээгүй юм чинь хоёулаа яс барилдъя гэж ярилцаад би ахыг дийлж чадалгүй үзүүрлэсэн. Үзүүрлэсэн боловч Цэвээн дарга “энэ залууд сумын заан цол өг” гээд Сумын заан цол авсан. Дараа нь сумын заан цолоо батлан сумандаа түрүүлж байлаа.
-Таны удамд бөх барилддаг хүн байдаг юм уу, эсвэл адуу малтай ноцолдож байсан эр бяр нөлөөлсөн юм болов уу?
-Монгол хүн юм чинь бөх барилдах дуртай байлгүй яахав. Дээрээс нь адуу малтай ноцолддог байсан нь нөлөөлсөн биз. Ах нь бас чөлөөт, самбогоор барилдаж байлаа. Хадлан дээр бүх эрчүүд барилдахад л би дандаа түрүүлнэ. Гэхдээ манай ээжийн тал бяртай чадалтай, хурдан адуутай тийм хүмүүс байсан гэж ярьдаг. Манай өвгөн аав жижиг гэрт багтдаггүй тийм том хүн байсан гэсэн. Ах нь ер нь юм юманд оролдлоготой, тэр үеийн нийгмийн хандлага ч хүмүүсээс тэгж шаарддаг байсан. Ямар ч ажилд сэтгэлээсээ ханддаг, хүн хуурч, худал хэлэхгүй, юмыг бүтээхийн төлөө зүтгэдэг. Тэр ч утгаараа би багийн даргаар 24 жил, бригадын даргаар 6 жил ажиллаад өнгөрсөн сонгуулиар ажлаа өгсөн. Одоо ч МАН-ын гишүүн хэвээр байгаа. Солиод ч яахав үхэхийн хооронд.
-Танайх хэдэн хүүхэдтэй айл вэ? Хүүхдүүдээс нь таны барилдах, уралдах авьяасаас чинь өвлөж авсан хүн байна уу?
-Манайх өөрийн төрсөн таван хүүхэдтэй, зээгээ үрчилж аваад зургаа болсон. Бүгд л төвд ажилтай албатай улс байна. Нэг нь л аймгийн начин цолтой, Өлгийд биеийн тамирын багш хийдэг юм. Одоо ч барилдахаасаа өнгөрч байх шиг байнаа. Морь мал сонирхох санаа байвч эд нарт орчин байхгүй. Харин бага маань жудо, үндэсний бөхөөр барилдана, морь сонирхох маягтай. Тэрнийгээ л харж байна даа.
-Миний асуух асуулт энэ хүрээд жаргаж байна. Бидний урилгыг хүлээн авч ийм сайхан хууч дэлгэсэнд баярлалаа.
-Энэ жил аймгийн маань 90 жилийн ой, дээр нь хурдан морины даншиг наадам болох юм байна. Ахмад уяачийн хувьд хэр чадлаараа л оролцоно. Хэдэн морь уралдуулах санаатай бэлдэж л байна. Мэдээж уяачдын холбооныхоо ажлыг дэмжиж чадлынхаа хэрээр төрийн ажилд оролцоно. Аймгийн ой, даншиг наадам сайхан болоосой, нутгийнхны маань морь хурдан, бөх хүчтэй байг. Тэгээд Увс нутгийн ард түмэндээ сайн сайхан, эрүүл энхийг хүсье.
"Тод магнай" сэтгүүл Увс аймгийн тусгай дугаар
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
- 2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд Х.Гарь…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд 106 да…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд ангилалд эхний …
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насны уралдаанд…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насанд 65 хурда…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд эхний 10…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд С.Баярса…
- 2024 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд 79 хурдан хүлэг бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 13 -нд Цоллооч хүүд Д.Чулуунбат Тод манлай даага амлав
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан д…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Х.Улам-Өрнөхийн хээр даага тү…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 258 даага бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Энх-Очир: Захаар нь дайрч ороод Нандин…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Хишиг-Очирын Бөхбатын хүрэн с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 217 соёолон бүртгүүлж, 152 нь гараа руу хөдөлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд Б.Ерөөлтийн халтар морь түрүү…
- 2024 оны 7-р сарын 11 -нд 228 их насны морь бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан а…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор …
- 2024 оны 7-р сарын 11 -нд 192 азарга бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна