Аймгийн Алдарт уяач П.Нүрзэд: Аавын маань шилж тавьсан азарга болгон түрүүлсэн

А.Тэлмэн
2017 оны 1-р сарын 17 -нд

Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын уугуул Ш.Пүрэвжавыг Монголын  дөрвөн  зүг, найман зовхист суугаа морины хорхойтнууд андахгүй.  Ийн өгүүлэхийн учир нь түүний унаган адуунаас төрийн их баяр наадам, Их хурдад айраг түрүүгээр хурдлан Пүрэвжавын нэрийг олонтаа дуурсгасан нь бий. Тэрээр хүү Нүрзэдээ өрх тусгаарлахад Босоо дэлт азаргыг зүсэлж өгсөн гэдэг. Харин хавчиг азарга болдог жил нь  Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын харьяат «Буйдаа» компанийн захирал Д.Ганбатад өгч. Удалгүй Босоо дэлт хүрэн азарга Боржигон бүсийн хаврын уралдаанд түрүүлж, Нийслэлийн магнай хурд наадамд айргийн гуравт хурдалж, төрийн их баяр наадам болоод шигшмэл морьдын «Их хурд - 4 « уралдаануудад тус тус айргийн гуравт хурдалж түүний нэрийг гаргасан юм. Энэ мэт аймгийн Алдарт уяач Нүрзэдтэй ярилцсанаасаа сонирхуулахад ийм байна. Үргэлжлэлийг уншигч танаа үлдээе.
- Моринд хайртай Монгол түмний хүндлэлт хүлгийн эзэнтэй уулзаж байгаадаа баяртай байна. Босоо дэлт хүрэн азарга чинь танай унаган адуу гэдэг байхаа?
-Тиймээ, хүрэн азарга бол манай аавын унаган адуу. Эцэг тал нь аавын тав түрүүлж, гурав аман хүзүүлсэн хонгор азарганы төлийн төл. Харин эх нь өөрийнх нь гал голомтны хүрэн адуунаас гаралтай. Намайг 2000 онд айл гэр болоход аав “Энэ сайн адуу болно. Миний хүү уяж үзээрэй” гэж зүсэлж өгсөн юм. Анх би дааганд нь түрүүлгээд, шүдлэн ахин түрүүлгэж, хязаалан үрээ Халзангийн 60 жилийн ойгоор долоогоор оруулсан. Тэгээд соёолон азарга Хэнтийн бүсэд аваачиж 11-т давхиулаад, хавчиг азарга Ганбаа ахдаа өгч тэр зунаа улсын наадамд гуравласан. Өвөл нь Зүлэгтийн нэг наадамд очиж гуравт орж, хойтон жил нь улсад аман хүзүүдээд, “Их хурд”-д очиж дахин гурваар орсон.
-Үүнээс өмнө санал тавьж ирсэн хүмүүс олон байв уу?
-Тийм ч олон хүн ирээгүй ээ. Ганбаа ах, Тод манлай Дуламсүрэн гуай хоёр хүрэн азаргыг чинь авъя гэж ирэхээр нь өгөөд явуулсан нь тэр. Том уяачид таниад л авсан гэж боддог. Харин хүрэн азаргыг улсад орсны дараа Архангай, Өвөрхангайгаас зөндөө улс ирсэн. Энэ мэтээр манай адуунаас аваад л явдаг, очоод сайн давхилаа л гэдэг юм.
-Эцэг эх нэгтэй адуунууд нь яаж давхиж байна вэ?
-Эцэг эх нэгтэй хурдан хүрэн азарга надад бий. Харин дүүд хурдан саарал азарга байна. Төлүүдээс нь бага адуунууд сум аймагтаа дээгүүр давхиж байна. Би одоогоор улсын баяр наадамд явж үзээгүй ээ. Эр хүний замын хүзүү урт гэдэг дээ. Нэг сайхан өдөр явнаа.
-Адуу сайн байхад яагаад явдаггүй юм бэ?
-Тохироо нь бүрдэхгүй байх шиг байна. Явъя гэж бодсон ч сум, аймагтаа наадаж байгаад таарчих юм. Ирэх жилээс  зорилго тавиад явах санаа байна. “Агтны бийд газар үз, аавын бийд хүнтэй танилц“ гэдэг дээ. 
-Өөр танай адуунаас гадагшаа гарч хурдалсан ямар адуунууд байна вэ?
-Манай ажаа баруун хойшоо Онон гуайд Наран шарга азаргыг өгч байлаа. Тэрийг Дуламсүрэн гуай уяад, Өндөр Гэгээний наадамд гурваар давхиулсан гэдэг байхаа. Дорнодод очиж бас айрагдсан. Мөн Даваахүү гуайд өгсөн Шөвгөр хүрэн Дүнжингаравт орж, Багануурын “Нүүрэнтэйн хурд”-д гуравласан. Миний мэдэж байгаагаар манайхаас улсын наадамд Наран шарга, Босоо дэлт, Шөвгөр хүрэн гээд дөрөв, таван адуу орсон байна. Мөн 1999 онд Доржпүрэв гэж хүн соёолон азарга аман хүзүүдүүлсэн. Харин бүсийн наадам, аймаг, суманд гэвэл Архангай, Өвөрхангайгаар их олон адуу дээгүүр давхилаа. Дундговьд ч сайн давхиж байна. Би Дундговийн Будханд гэж найздаа хүрэн морь, хүрэн үрээ өгсөнийг Луусын Ганзориг уядаг. Мөн л сайн давхиж байгаа гэнэ лээ. Мөн Өвөрхангай, Архангай, Говь-Алтай  зэрэг аймгууд руу цөөнгүй адуу гарсан.
-Үнэ ханшийг нь сонирхож болох уу?
-Үнэ өртгийн хувьд янз бүр. Битүү адуу тав, зургаан саяар аваад явсан нь бий. Гэхдээ одоогоор надаас орсон адуу авсан хүн байхгүй. Харин манай дүүгийн хурдан саарал азаргыг 120 саяд авъя гэж ирсэн ч өгөөгүй. Мөнгийг нь их, бага гэж голоогүй л дээ. Хүнд өгч байхаар өөртөө  үлдээе л гэж шийдсэн хэрэг.
-Таны адуу хэд хүрч байна вэ?
-Ах дүү бид гурвын адуу нийлээд 500-гаад орчим болж байгаа. Үүнээс би гэхэд жилдээ 40,50-аад унага авна. Гэхдээ эндээс чинь эндэж хорогдоно, хүн амьтан авна, бэлэглэнэ. Гэхдээ аавын үлдээсэн буяныг хайрлаж явахад дундрахгүй ээ. 
-Та хэдий үеэс бие даан морь уяж байна. Ямар ямар амжилт үзүүлээд байгаа вэ?
-17,18-тай бие даан морь уяж эхэлсэн. Тэр чинь 1994 он байгаа юм. Анх азарга уяж түрүүлгэснээс хойш айраг, түрүү алдалгүй наадаад л явлаа. Тэгээд 2008 онд болсон аюултай шуурганаар адуу малаа уруудуулчихаад өнжсөн. Ингэж завсарласны дараа дахин морь уяж, 2014 онд аймгийн Алдарт уяач боллоо. Уясан болгон ороод байхгүй болохоор алдар цолыг авна гэдэг чанга юм байна лээ.
-2014 онд хаагуур хаагуур наадаж, ямар амжилт гаргасан бэ?
-Тэр жил Түмэнцогт сумын ойд даага түрүүлгэж, шүдлэн гуравлуулсан. Түүнээс урд Хэнтий аймгийн  Баянхутагийн Босоо Самдангийн наадмаар хоёр их насны морь оруулж, соёолон түрүүлгэсэн. Тэгэхэд аав, ах дүү нартайгаа очоод дөрвөн түрүү, 12 айраг авч, тун ч одтой наадсан. Бас Хэнтийн гурван түмэн адууны баяр, Хэнтийн Батноровын хоёр түмэн адууны баяраар азарга, морь аман хүзүүдүүлсэн. Тэр баяраар Хэнтийн Содном гуайн дөрвөн морь нь орсон. Нэг нь түрүүлж, минийх аман хүзүүлээд, араас нь гурван морь нь дараагаар орж байлаа.
-Эндээс хамгийн өндөр амжилт үзүүлсэн нь ямар адуу байна вэ?
-Сумын 60 жилээр аавын хонгор азарга түрүүлж, 70 жилээр халиун азарга нь түрүүлсэн юм. Тэрнийх нь төл хонгор үрээг аав маань азарга тавьж өгсөн. Би шүдлэнд нь Өвгөн ноёны наадамд очиж 17-д оруулаад, хязаалан үрээ Баянхутагт болсон Өндөр гэгээний наадамд аваачиж түрүүлгэсэн. Тэгээд соёолон азарга сумандаа түрүүлгэж, хавчиг азарга ахиад түрүүлгэж, долоотойд нь аман хүзүүдүүлж, наймтай түрүүлгээд, нэг аман хүзүүдүүлж, нэг удаа зургаагаар давхиулсан. Товчхондоо 12 уралдуулж, нэг л удаа зургаад оруулсан. Ер нь миний азарганууд бүгд сайн. Эндээс хонгор азарга хамгийн өндөр амжилтыг үзүүлсэн нь. Одоо төлүүдээс нь олон сайхан бага адуунууд бий.
-Аав тань тодорхой хэмжээнд адуугаа сайжруулчихсан хүн. Харин таны хувьд энэ тал дээр хэрхэн анхаарч байна даа?
-Аав маань адууны угшлыг ойртуулж болохгүй, сайн гүү, азаргыг энд тэндээс авч бай гэж хэлдэг байлаа. Өөрөө морины тухай яриан дундаа наймаа хийгээд л явдагсан. Би сүүлд Түвшинширээгийн буурал Батсүхийн хүү Болдоо гэж найзаасаа нэг ягаан азарга авлаа. Бас Галын Баттөмөр ах маань надад эрлийз хүрэн азарга өгсөнд их баярлаж байгаа. Манай дүү ч мөн дөрөв, таван азарга гаднаас авсан.
-Танайд  шинэ цагийн буюу эрлийз цустай адуу бий юу?
-Баттөмөр ахын өгсөн эрлийз хүрэн азарганы төлүүд бий. Ах, дүү хоёрт ч цус орсон адуунууд байна. Даанч манай энд болж байгаа уралдаанд оролцох гэхээр хасчихдаг. Би чинь улс бүсийн наадамд явж үзээгүй. Гэхдээ баяр наадмаар монгол адуу гээд айхтар том том юм уралдуулаад л байгаа харагдах юм. Одоохондоо учрыг нь сайн мэдэхгүй л байна шүү.
-Та аав ээжээс хэдүүлээ юм бэ?
-Бид наймуулаа. Аав ээж маань гурван хүү, таван охин төрүүлж өсгөсөн буянтай улс. Өдгөө гурван хүү  нь мал маллаж, морь уяж байна.
-Аавтайгаа олон наадамд явж байсан байх?
-Мэдээж олон наадамд явж байлаа. Аав маань маньд бол агуу хүн л дээ. Ард түмэн бол сайн уяач, морь сайн таньдаг гэж ярьцгаадаг. Надад их ч юм зааж өгсөн. Аав гүүний савыг их харнаа. Хярзан урттай том гүү төл хаядаг юм шүү гэж хэлдэг. Ухаандаа төө ч юм уу, төө гаруй урт хярзантай байхад сайн. Тэгэхэд зарим хүмүүс их гэдэстэйг нь савтай  гүү гэж яриад байдаг.  Харин азаргыг гурван овоо яс нь тэнцүү, туур сайтай адуугаар тавьж бай гэж заасан. Аавын тавьсан азарга болгон орж түрүүлсэн, мундаг л даа. Нутгийн олон ч адуу шинжээд өгөөч гээд ирэхэд татгалзаж байгаагүй. Гэхдээ хүн чинь эцэг эхээ мөнх юм шиг л санахыг яана. Тэр үед хэлж сургаж байсныг бүгдийг нь ягштал сурсан гэж худлаа яриад яахав. Бага сага юм үлдэж. Тэрнээс аав шигээ энэ явах юм байна, энэ явахгүй гэж хэлж чадахгүй.
-Таныхаар ямар адууг давхих нь гэж хардаг вэ?
-Хурдан адуу янз бүр л дээ. Сайхан том толгойтой, арагшаа шувтан адуу хурдалж л байна. Үгүй бол жоохон толгойтой, бие нь зохицоогүй гэмээр ядруухан харагдах атлаа давхисан нь ч байна. Тэгэхээр түрүүлж ам гарах хэцүү. Минийхээр хөл, туур, чих толгой, ахар сүүл, мундаа бүгд тэнцсэн байхад дажгүй. Ер нь бүх юм нь зохицсон адуу шал өөр л дөө. Би энэ азарга тавих адуу, харин энэ их насны сайхан морь болох нь, энэ сав сайтай гүү гэхчилэн өөртөө бол харчихнаа. Тэрнээс хүнд хэлэх хэмжээнд биш.
-Уяаны талаар ч ааваасаа сурсан юм их болов уу?
-Тэгэлгүй яахав. Гэхдээ манай аав чинь морь давхар уяж үзээгүй. Дахиад уяхаар тамир нь хүрэхээ болчихно гэдэг байлаа. Яг торгон ирэн дээр нь л тавьдаг байсан. Нутгийнх нь нударга Батсүх гэж өвгөн “энэ улс давхар уяад л байх юм. Аав чинь бол нэг л уяна даа” гэж ярилаа. Яагаад гэж асуувал “ганцхан уяагаар тавиад л түрүүлгэдэг болохоор давхар уях хэрэг юу байхав” гэсэн юмдаг.
-Харин та давхар уяж байна уу?
-Ноднин анх удаа даага давхар уяж зургаа уралдуулсан. Тэгээд дөрөв түрүүлгэж, хоёр удаа гуравлуулсан. Болмоор санагдсан шүү.
-Сайн уяач, сайн шинжээч байхаас гадна бас сайн засалч байх ёстой гэлцдэг?
-Аав морь хатгаж үзээгүй. Морь хөлгүй болгож ч үзээгүй гэдэг. Ямартаа ч намайг мэдээ орохын моринд хутга хүргэж байхыг би хараагүй. Ер нь адуугаа хайрлаж, хөлөнд нь элдэв гэм суулгахгүйгээр уяж чаддаг байсан.
-Одоо таны хүүхдүүдээс морь уяж байна уу?
-Би хоёр хүү, хоёр охинтой. Хөвгүүд моринд дуртай. Том нь арав, удаах охин дөрөвдүгээр ангид сурдаг. Дараагийн хүү таван настай отгон охин маань өнгөрсөн хавар төрсөн.
-Бидний яриа энд хүрээд өндөрлөж байна. Ярилцсанд баярлалаа.
-Та бүхэнд ч баярлалаа. “Тод магнай” сэтгүүлийнхээ нийт уншигчдад ажил үйлс нь бүтэмжтэй явахын ерөөлийг өргөе.
"Тод магнай" сэтгүүл

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна