Залуу уяач, адуучин С.Өлзийсайхан: Төрийн наадмын данстай хурдан хүлгүүдийг маллана гэдэг асар их хариуцлагатай ажил

А.Тэлмэн
2017 оны 1-р сарын 17 -нд

Унаачаас уяачийн гараагаа эхэлсэн С.Өлзийсайхан удам залгасан уяач. Аавын ширийг хатаан 2007 оноос уяа сойлго тааруулах болсоор сумын наадмын түрүүгээр амжилтын гараагаа эхэлж байжээ.  Өдгөө хэд хэдэн айргийн эзэн болоод буй залуу уяач  хийморьтой агаад азтай эр. Учир нь тэрээр Дархан түмэн эх, МУ-ын Манлай уяач Д.Бат-Эрдэнийн Улс халзан, Н.Хүрлээ Алдартын Бүс халзан, Н.Дашбалжир Алдартын Аварга саарал гээд төрийн наадмын данстай хурдан хүлгэдийг хариуцан малладаг юм. Ингээд оршлоо хойш тавьж түүнтэй ярилцсанаа толилуулж байна.
-Унаачаас адуучин болох гараагаа эхэлж байсан болов уу гэж таамаглаж байна?
-Тиймээ, анх зургаан настай морь унаж сурсан. Түүнээс хойш 14 хүртлээ хурдан морь унаж уралддаг байлаа. Булган сумандаа Энхбаатар, Суурь, Дүгэрсүрэн  гэж ах нарынхаа болон аавынхаа уясан морийг унаж уралдана. Эд нутаг адуугаар нааддаг улс. Гэвч би айраг, түрүүгээр хурдлуулж байгаагүй. Арав дотор л давхиулж явлаа. Тэр үед манай аймгаас урд чигтээ Цэций, Мандал-Овоо, Ханбогдынхон хурд сайтай гэж яригддаг байсан юм. Одоо ч Цэцийнхэн сайн байна.
-Таны багад Булган сумын наадам хэр өтгөн болдог байв?
-Өтгөн байлгүй яахав. Сумын наадам хүүхэд насны дурсамжинд хамгийн тодоор үлдсэн байна. Харин мориноос хасагдсанаас хойш их шингэрсэн юм санагдсан.
-Аав тань морь уядаг байсан уу?
-Уянаа. Аавынхаа уясан морийг унаж, 10, 20-ийн дотор хурдлуулчихдаг л байлаа. Ингээд 14-тэй мориноос хасагдаад адуу мал хариуцан, туслах уяач болсон. Харин 2007 оноос бие даан унаган морьдоо уяж, суманд бүдүүн морь түрүүлгэсэн. Аавын ах, аймгийн Алдарт уяач Өвгөнхүүгээс азарга авч, адуугаа сайжруулан төлүүдээр нь наадаж, дөрөв, таван жил сумынхаа наадамд нэг, хоёр морь орууллаа. Ингээд 2013 оноос Цэндбаатар ахын туслахаар нэг  жил ажилласан. Харин одоо Хүрлээ ахтай ажиллаж байна.
-Сумын наадмаас хичнээн айраг түрүүтэй вэ?
-Бие дааж морь уясан анхны жилээ бүдүүн морь түрүүлгэж, 2008 онд шүдлэн үрээ гуравлуулсан. Тэр жилийнхээ намар цэрэгт яваад 2009 оны намар халагдсан юм. Дараа жил нь даага айрагдуулж, 2011 онд ахиад даагаар айраг авсан.
-Энэ үеийн сайн уяачдын нэг Цэндбаатар Алдартаас их юм сурсан болов уу?
-Тэгэлгүй яахав. Өнөө цагийн шилдэг уяачдын нэг Цэндбаатар ах маань их нийтэч хүн. Түүнээс морио унаж эдлэхээс эхлээд тэжээлийг яаж өгөх үү, хорыг нь яаж гаргах уу гээд олон зүйлийг сурсан. Би чинь говийн хүн. Тэгэхээр газар орны хувьд ялгаатай юм билээ.Зундаа өвс ногоо өтгөн ургана, ус цас ч элбэг. Адуу нь бас товир том биетэй юмаа.
-Баянхутаг сумын хүн болоод удаж байна уу?
-2013 онд энэ сумын хүн болж, малаа маллаад явж байна.
-Ирснээсээ хойш отор хийв үү?
-Цаг сайхан байсан болохоор отор хийсэнгүй.
-Өнөөдөр төрийн довтой наадамд орсон адуунуудыг та маллаж байна. Мэдээж хариуцлага шаардсан хэцүү ажил биз?
-Тийм ээ, төрийн наадмын данстай хурдан хүлгэдийг маллана гэдэг асар их хариуцлагатай ажил. Нөгөө талаараа нэр төрийн хэрэг. Улс халзан, Аварга саарал, Бүс халзангаа байнгын хараа хяналтанд байлгахгүй бол амаргүй л дээ.
-Ер нь хэдэн азарга адуутай вэ?
-16 азарга адуутай. Эрлийз адуунууд түлхүү бий. Өвөлдөө нэг их цантуулахгүй, зөөлөн маллагаанд дажгүй шүү. Гэхдээ маллагаа л мэднэ. Хэт их элдэж хөөгөөд байвал өвлийн хүйтэнд цантаад муудчихна. Өглөө эрт мордож, нарны эртэд бөөгнүүлчихээд, орой нар шингэхэд хөлрөөхгүй, цантуулахгүй бол адуу муудна гэж байхгүй гэж боддог.
-Улс халзан, Бүс халзан ямархуу онцлогтой адуунууд вэ?
-Халзан азарга гүүгээ алдана гэж байхгүй. Өөрөө ижлээ туугаад хужир  шүүн дээрээ хүрээд ирнэ. Их дөлгөөхөн амьтан байгаа юм. Төл ч сайтай. Уядаг байхдаа таван гүү тавьж, тавуулаа л унагалдаг байлаа. Харин өнгөрсөн хавраас гүүг нэмсэн. Хүрлээ ахын Бүс халзан ч мөн дөлгөөхөн амьтан.
-Уяа морины хувьд онд оролт гэдэг маш чухал байдаг. Өөрөөр хэлбэл тэр жилийн тарга тэвээрэг, тамир хүчээс дараагийн ажлууд шалтгаалдаг. Улс халзанг уядаг байхдаа үүн дээр их анхаардаг байсан болов уу?
-Тэгэлгүй яахав. Уядаг байхдаа хавар, намартаа бэлчээрээр маллаад, өвөл нь тэжээлд оруулна. Тэгээд дөрвөн сарын сүүлээр гүүгээ хурааж, зургаан сард уяандаа явна гэхчилэн явдаг байлаа. Харин энэ жилээс  бэлчээрээр өвөлжиж байна. Сайхан хангал азарга болохоор суурь сайтай л даа. Эрлийз азарга шиг байхгүй.
-Эрлийз адуу арчилгаа маллагаа их шаарддаг уу?
-Эрлийз адуу арчилгаа ихтэй. Байнгын л тэжээлтэй хашаанд байна. Гүүгээ маллаж чадахгүй болохоор байнгын хяналтанд байж төл авдаг.
-Өөр улс бүсэд орж байсан ямар адууг маллаж байна вэ?
-Хүрлээ ахын соёолондоо улсад орсон бор морь байна. Говьшанхад орсон хул морь гээд улс, бүсэд орж байсан нэлээн хэдэн адуу бий. 
- Нутгийн Лхагваа гуайн дэргэд байгаа залуус морийг зөв сайхан унаж эдэлнэ биз дээ?
-Тэгэлгүй яахав. Лхагваа ах залуус бидэнд үлгэр дууриал болсон сайн адуучин. Манай залуус аль нь ч адуундаа сайн. Энд мотоцикльтой адуунд явдаг хүн тун ховор шүү. Өвөл зунгүй л морьтойгоо ажлаа амжуулна. Тэр хэрээрээ морио бас сайхан унаж эдэлнэ.
-Хэнтийгээс улсын Аваргад идэвхитэй оролцдог. Та ийм тэмцээнүүдэд оролцож байв уу?
-Өвөл завтай үедээ оролцохыг боддог. Даанч тэр бүр зав гарахгүй юм. Нэг удаа манай эндэхийн Их ууланд шургуу болж, тэрэнд сумандаа үзүүрлэж байлаа.
-Залуу уяачийн ойрын төлөвлөгөөнөөс сонирхуулаач?
-Ажлаа 100 хувь чанартай хийхийг хүсдэг. Адуугаа сайхан маллаж, өсгөөд удам угшлыг нь сайжруулаад, зөв унаж эдлээд явахад болно доо. Мэдээж өөрийн уясан хүлгэдээ сум аймаг, улс бүсэд оруулахыг хүсч байна.
-Бидний яриа энд хүрээд өндөрлөж байна. Мориор дамжсан үндэсний өв соёлоо хойч үедээ түгээн дэлгэрүүлэх их үйлсэд тань амжилт хүсье.
"Тод магнай" сэтгүүл №71

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна