Аймгийн Алдарт уяач Н.Отгонбаяр: Уралдаан олон байсан бол аав маань улсын Алдартаа байг гэхэд аймгийн цолтон болчих байлаа

А.Тэлмэн
2017 оны 2-р сарын 03 -нд

Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул, аймгийн Алдарт уяач Нацагийн Отгонбаяртай хийсэн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
- Өвөөгийнхөө тухай мэддэгээ бидэнтэй хуваалцаач?
- Миний өвөө Бэгзийн Бямба нь Баянгийн өвөр талын хүн. Нэгдэл нийгмийн мал маллаж, сумын “Энх сүрэгтэн”, “Сайн малчин”, “Аварга малчин”-ы сацуу нутаг усандаа нэртэй сайн малчин явсан гэдэг. Хурдан морь уядаг байснаас бор, хүрэн морьдоос нь илүүг би мэдэхгүй байна. Хүрэн морь нь сумандаа тав түрүүлж, хоёр айрагдсан гэж аав ярьдаг. 1968 оны бичин жилийн зуднаар адуу малаа уруудуулаад, хавар нь нэг бор шүдлэн үрээ гүйж ирсэн гэдэг юм. Өнөөхөө уяад сумын наадамдаа мордуулсан нь сайн давхиад ирж. Яваандаа айраг, түрүүгээр л хурдалжээ. Гэхдээ тэр үед чинь олон наадам болдоггүй, жилдээ нэг л нааддаг байж. Ингэж урам орсон аав, өвөө хоёр маань хүн амьтнаас адуу мал авч адуужсан. Аавын хээр азаргыг гэхэд Далангийн хавиас авсан гэдэг юм. Их ч хурдан азарга байж, гарсан төлүүд нь ч сайн давхисан. Хээр азарга өөрөө сумандаа тав түрүүлж, гурав айрагдсан. Хамгийн сүүлд нь хөгшин азарга айргийн гурваар давхиад, хойтон хавар нь хөөрхий Баян-Уул сумынхаа зүүн ард өнгөрсөн.
-Өвөө тань хэдэн хүүхэдтэй юм бэ?
-Хүү, охин хоёртой. Аав маань дээрээ нэг эгчтэй.
-Аав тань хоёр дахь үеийн уяач, тиймээ?
-Тиймээ, аав маань 1975,76 оноос хойш морь уяж байна уу даа. Намайг мэдээ орохын л дагуулаад мал хуйгаа ингэж маллана, морийг ингэж уяна, даагыг сургахдаа ингэнэ гээд заана. Дараа нь хурдны морь унадаг болоход “морио ийм үед явуулж байгаарай, хөлс нь жоохон гарах үед амыг нь тавьж, татаж яваарай, эхнээс нь зөв сургаж, зөв эдэлбэл морь аль болох номхон дөлгөөн болдог” гэж хэлнэ. Бас урдуураа үүрчихээд, их мориныхоо амыг ингэж барь гээд л жолоогоо бариулчихаад заадагсан. Уяачийн хувьд аавын оргил үе 80-аад оны эхээр таарсан гэж би боддог. Тэгэхэд  бараг уясан болгон нь айрагдсан байх шүү. Хэрвээ одоо шиг уралдаан олон байсан бол улсын Алдартаа байг гэхэд аймгийн дээд цолтон болчих байсан болов уу. 
-Аавын тань нэрийг гаргасан ямар, ямар хурдан хүлгүүд байв?
-Аавын хээр, их бага алаг морьд байлаа. Ер нь олон сайхан морьдтой л доо. Аавынхаа уясан морьдыг ах бид хоёр унаж хурдлуулна. Ямар одоо шиг тэжээл овъёос гэж байсангүй. Цагаан өвсөөр нь уяад л уралдуулчихна. Эндээс ахын нэртэй хээр морийг аав 18 хүртэл нь уясан. Шүдлэн цагаасаа хурдалсан бөгөөд шүдлэндээ барианд ирээд аав туган дундуур хөтлөөд ороход арын морь нь ирээгүй байлаа. Харин хязаалан, соёолондоо Хөхморьт руу очиж уралдсан. Соёолонд нь  очиход Гонгорын шарга гэж хурдан хүлэг ирсэн юм. Тэгэхэд аав “Гонгорын шарга ирсэн байна. Миний хүү Гонгорын шаргатай цуг явж байгаад бариа дөхөж ирэхээр тавиарай” гэж захисан. Би ч яг хэлснээр нь тэр шарга морьтой цуг яваад, бариа дөхөж ирэхэд гуядаад түрүүлж байлаа. Бас аавд хурдан хээр азарга байсан. Нацагийн хээр нэртэй тэр азарга миний мэдэхийн сумандаа тав түрүүлж, гурав айрагдсан.
-Аавтайгаа өөр суманд очиж наадаж байсан уу?
-Явж байгаагүй ээ. Гэхдээ хэдэн онд билээ дээ. Манай нагац ах МУ-ын Алдарт уяач Дамдинбазартай, ах Ариунзоригийн алаг морийг аваад Дарвийн ойд тавихаар хамтдаа явж байлаа. Тэнд тэр алаг морь 10 дээр ирсэн.
-“Нацагийн хээр” азарга хаанахын адуу юм бэ?
-Манай Баян-Уулын унаган адуу. Хязаалан үрээ байхад нь аав авсан. Үр төлөөс нь бараг 90 хувь нь давхисан байна уу даа.  Бид ч үр удмыг нь таслачихгүй юмсан гэж хичээж явна. Том ах Тэшигсүрэнгийн нэртэй Эвдэн хээр морь бол хязаалан, соёолон болтлоо түрүүлсэн. Морь болоод ч түрүүгээр давхисан. Нөгөө ах Ариунзоригийн хээр морь соёолон хүртлээ хурдаллаа. Ахын хулгар хээрийг соёолонд нь манай ах унаад уралдааны замд байдаг Бөнтгөр дээр ганцаараа гарч ирсэн ч хадуураад, улсууд хөтөлж буулгаж л дээ. Тэгээд уралдаж байгаа морины араас тавихад эргэж давхиад тавласан гэдэг. Хэрвээ хадуураагүй байсан бол их хол түрүүлэх байсан гэж хөгшчүүл ярьдаг. Энэчлэн аавын хээр азарганы төлүүд хурдтай. Өдгөө манай энэ хавиар гурав дахь үеийн төлөөс хоёр, гурван айлд бий.
-Аавыгаа ямар хэмжээний уяач байж гэж боддог вэ?
-Ярианы эхэнд хэлсэн дээ. Улсын байг гэхэд аймгийн Алдарт байх байсан гэж. Сумын  30, нэгдлийн 25 жилийн ойгоор аавын уясан дөрвөн морь дөрвүүлээ  түрүүлж, айрагдсан аатай түүх бий. Гурван хусууртай харьж байлаа. Энд нэг дурсамж санаанд орж байна. Наадам маргааш гэж байхад ах бид хоёр морьдоо манаж хонож байгаад алдчихдаг юм. Маргааш өглөө нь соёолон наймаас, их морь нэг цагаас мордоно гэж байдаг. Тэгээд хайж яваад соёолонгоо явуулж чадалгүй хоцорчихоод аав “тав дээр ирсэн хүний морь азтай байна даа” гэж хэлж билээ. Би ч бага байж. Яагаад ингэж хэлж байгаа юм бол гэж бодоод л өнгөрсөн. Харин бүдүүн морь мордохын өмнө өнөөхөө оллоо. Сүүлийг нь шуугаад зогсож байхдаа аав “өнөөдөр хээр морины өмнө орох адуу байхгүй ээ. Миний хүү амыг нь татаж яваарай” гэж унасан хүүхэддээ хэллээ. Би ахиад л гайхсан. Алдагдаад одоо ирж байгаа ийм их идэштэй адуу яаж түрүүлэх билээ гэж бодож байгаа юм. Тэгсэн хоёр хээр морь гараад ирлээ шүү. Нэг нь  нагац ах Дамдинбазарын цагаан шилт хээр, өнөөх нь аавынх.  Хоёр хээрийг унасан нагацын хүүхдүүд уралдааны замд ойр яваад ярилцаж гэнэ. Манай хээрийг унасан нь “миний морины ам хүчрэгдэхгүй байна. Би явлаа шүү” гэсэн нагац ахын хүүхэд “миний морь үлдчих гээд байна. Чи татаад хүлээгээч” гэтэл “амыг нь дийлэхгүй байна” гээд түрүүлээд явчихсан. Ингээд түрүүлж байлаа. Тэгэхэд би аавыгаа уясан морио хаана яаж давхихыг яаж мэдэж байнаа гэж биширсэн л дээ. Бас нэг хязаалан байсан юм. Тэрийг хойтон жил нь түрүүлэхэд ноднин түрүүлэх байсан алдагдаад чадаагүй. Энэ жил түрүүлж байгаа юм энэ гэж хэлж байлаа.
-Та бас мэддэг болсон уу?
-Уясан морьдоо хараад уралдах өдрөө барагцаа байнаа.
-Та уяаны эрдмийн талаар ааваасаа, нагацаасаа номын дуу олонтаа сонсоно биз?
-Тэгэлгүй яахав. МУ-ын Алдарт уяач Дамдинбазар чинь манай ээжийн төрсөн дүү байгаа юм. Нагац ахтайгаа Дарвийн ой руу шүдлэнгээ аваад хамт явдаг юм. Тэр 1996 он. Тэгсэн Элсэн богочоор морьд даваад ороод ирвэл нагац ах “Элсэн богочоор нэг жижигхэн хээр адуу гараад ирлээ. Тэр чиний хээр үрээ мөн байна” гэнэ. Удсан ч үгүй миний хээр үрээ Элсэн богочоор гурваар орж ирээд, хурдалсаар түрүүлсэн. Тэгж хамт явахдаа ахаасаа их юм сурсаан.
-Та аав ээжээсээ хэдүүлээ юм бэ?
-Миний аав Нацаг хоёр охин, зургаан хүүтэй хүн. Биднээс дөрөв нь хөдөө, гурав нь хотод амьдарч байна. Хөдөө байгаа бид дөрвөөс хоёр нь сумын Алдарт уяач цолтой. Ариунзориг ах маань аймгийн сайн малчин. Сүүлийн жилүүдэд ах нар уяхаа байгаад би үлдэж байх шигээ.
-Та хэдэн оноос өөрийн нэртэй морь уралдуулж эхлэв?
-Аав маань 1989 онд бурхан болсон. Тэр жил нь би цэрэгт явж, 1996 бие даан морь уяж эхэлсэн юм. Морь уясан анхны жилээ Дарвийн 70 жилийн ойд очиж, шүдлэн үрээ түрүүлгэж, уяачийн гараагаа эхэлж байлаа. Залгаад сумынхаа наадам болох Түмэн адууны баярт аман хүзүүдээд, хойтон жил нь сумандаа түрүүлсэн. Тэгээд  Хөхморьтод болсон Онх начны наадамд очиж түрүүлгэж,өөр нэг соёолон үрээгээ сумынхаа наадамд түрүүлүүлсэн.
Ер нь халтар зүсмийн адуугаар нааддаг. Одоо ч халтар голцуу адуутай. Дараа нь 2001 онд аймагт очиж азарга, бүдүүн морь тус тус аман хүзүүдүүлсэн. Хойтон жил нь сумандаа хээр азарга нь түрүүлгэж, хээр морь нь аман хүзүүдсэн. Ингээд 2004 онд аймгийн Алдарт уяач цол хүртсэн.
-Хээр азарга ямар ямар амжилт гаргаж байв?
-Хээр азарга чинь анх соёолон үрээ уягдаж, азарга болж аймагт уралдаад 2001 онд аман хүзүүдээд, хойтон жил нь түрүүлсэн. 2003 онд сумандаа ахин түрүүлж, 2004 онд болсон сумын 80 жилээр түрүүлээд, 2005 онд Ховдын Дарвийн сургуулийн ойд аман хүзүүдсэн. Тэгээд хөл нь болохоо байгаад уяхаа больсон.  Дараа нь хээр азарганы төл нь хээр даагаар хэсэг наадсан.  Энэ даага 2008 онд сумынхаа наадамд аман хүзүүдэж, тухайн онд болсон Ховд аймагт болсон баруун бүсийн даншиг “Алтайн унага” наадамд очиж аман хүзүүдсэн. Үргэлжлүүлээд “Алтайн бахархал” аймгийн наадамд аман хүзүүдэж байлаа. Харин шүдлэндээ уялгүй өнжөөд, 2010 онд Ховдын Дарвид болсон Сутайн хишигтний наадамд түрүүлсэн. Тэгээд сумандаа ирж сургуулийн ойд түрүүлсэн. Соёолондоо аймгийн баяр наадамд гуравлаж, аймгийн Шигшмэл хурдад дөрөвлөснөөс хойш дахин уягдаагүй.
- 2010 оноос хойш яаж наадаж байна вэ?
- 2010 онд Сутайн хишигтний наадамд шинээр соёолон үрээ аман хүзүүдэж байсан. Тэр хээр морь хавчиг соёолон 2011 онд аймгийнхаа Алтайн бахархал аймгийн шигшмэлүүд уралддаг наадамд айргийн дөрвөөр ирж байсан. Тэрний хойтон жил нь аймгийн баяр наадамд айргийн гуравт ирж, 2014 онд аймгийнхаа баяр наадамд айргийн дөрөвт ирээд, 2014 оны Ховдын даншигт долоолсон.
-Зургаад ямар морь орлоо?
-Яруу саарал морь орж байсан. Намдагийн Хүрлээгийн саарал.
-Тэгээгүй байсан бол танай Говь-Алтайн морь завсаргүй орж ирэх байжээ.
-Тэгсэн.
-2015 онд хээр морь яаж уралдсан юм?
-Ноднин аймгийн баяр наадамд гурваар ирсэн, тэгээд уяачдынхаа баярт сумандаа дөрвөөр ирсэн. 2016 онд уяачдынхаа баярт түрүүлээд, аймгийнхаа баяр наадам даншигт очиж 17-оор ирсэн, Бат-Эрдэнэ Тод манлайн наадамд 20 гаргаж ирсэн.
-Энэ шарга азарганы тухайд?
-Макс угшилтай. Максын Сүүн шаргын төрсөн дүү нь. Мөнхдэлгэр гэж манай хуурай дүү аймагт байдаг юм. Тэр надад уяж өгөөч гэж хавчиг соёолон азарга ирсэн юм. Одоо наймтай. Би хавчиг соёолон уяад Ховдын даншигт уралдаад 13-аар ирсэн. Ноднин Алтайн шигшмэл хурдад түрүүлж, энэ жил даншигтаа 19-өөр ирээд, Бат-Эрдэнийн мялаалга наадамд 10-аар ирлээ. Надаас өмнө Мөнхдэлгэрт байхдаа даагандаа суманд ирж сургуулийн баяраар түрүүлээд, шүдлэндээ аймгийн баяр наадамд түрүүлээд, Увсын даншигт айргийн гуравлаж, хязааландаа аман хүзүүдэж байсан юм.
-Өөр сүүлийн үед уягдаж байгаа ямар морьд байна вэ?
-Хээр азарганы төл хар үрээ байна. Даагандаа сумын уяачдын наадам болон аймгийн баяр наадамд тус тус түрүүлж, Хөхморьтод болсон ургийн баяраар ахиад түрүүлсэн. Батжаргал ахын халиун үрээ Завханы даншигт түрүүлсний мялаалга наадмаа хийхэд мөн л түрүүллээ. Харин шүдлэндээ Ховдын даншигт есөөр ирж, сумынхаа 90 жилийн ойд түрүүлсэн. Хязаалан, соёолондоо тамир муутай байсан учраас уяагүй. Бас хар үрээний ах хар морь байна. Одоо ногооны нийлэх морь шүдлэндээ сумын баяр наадамд гуравлаад, хязаалан аймгийн баяр наадамд наймаар, соёолондоо бас аймгийнхаа баяр наадамд 10-аар давхиад, хавчиг соёолон сумын уяачдын баярт айргийн таваар давхисан.  Үүнчлэн хээр морь, шарга азарга маань ч хурдан байгаа. Хээр морь бол манай сумын аймгийн Алдарт уяач Нанжид гэж хүний халтар азарганы төл байгаа юм. Бага насандаа уягдаагүй. Анх соёолон Сутайн хишигтний наадамд уралдаж аман хүзүүдээд, хавчиг соёолон сумынхаа баярт аман хүзүүдээд, уяачдынхаа баярт дөрвөөр ирээд, аймгийнхаа шигшмэл хурдад дөрөвлөсөн. Нийлсэн жилээ аймгийн баяр наадамд айргийн гурав, сумын баяр наадамд дөрвөөр ирж, хойтон жил нь ахиад аймагт очоод гуравласан. Дараа жил нь буюу 2014 онд Ховдын даншигт очиж долоогоор, 2015 онд аймгийнхаа даншигт уралдаж 18-аар, 2016 онд уяачдын баярт түрүүлсэн. Үүнээс гадна аймгийн даншигт шарга азарга маань 18-аар ирсэн. Харин Бат-Эрдэнийн мялаалга наадамд 10-аар давхисан.
- Уяа эвлүүлсэн энэ он жилүүдээс хамгийн одтой нь хэдийд байв?
- Оргил үе нь 2011 он юмуу. Тэр жил даага гуравлаж, хязаалан түрүүлээд, соёолон аман хүзүүдэж, их морь нэлээн хөтөлж яваад 12,13-аар ирж, азарга аман хүзүүдсэн. Алтайн шигшмэл хурдад соёолон болон их насны морь тус тус айргийн дөрвөөр давхиж, үнэхээр одтой наадаж билээ. Тэр үед Алтайн шигшмэл хурдад гурван аймаг, есөн сумын уяачид хурдан хүлгээ мордуулсан өтгөн наадам болсон юм.
- Өнөөдөр танай удмаас дөрөв дэх үеийн уяачид гарч байна уу?
-Нэгэнтээ морь унаж байсан хүүхдүүд маань туслах уяачид болсон байна. Удахгүй бие даан морь уяж, нутаг орныхоо нэрийг гаргах биз ээ.
-Бидний яриа энд хүрээд өндөрлөж байна. Урилгыг маань хүлээн авч ярилцсанд баярлалаа. Хурдан тууртын босоо цагаан хийморьт өнө мөнх ивээгдэж яваарай.
П.Ундраа

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна