Уяач Д.Энхтөр: Аавынхаа уяаны ажлыг үргэлжлүүлэхээр хөдөөг зорьсон маань энэ

А.Тэлмэн
2017 оны 2-р сарын 07 -нд

Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын уугуул, Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын харьяат, уяач Д.Энхтөртэй хийсэн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Манай уншигчдад өөрийгөө танилцуулаач?
-Би “Бэлхийн хурд” уяачдын холбооны  тэргүүлэгчийн албатай. Хоёр жилийн өмнөөс л морь уях гэж оролдож байна даа. Одоогоор шинэ уяач учраас айхтар амжилт гэж дурдаад байх юм ховорхон л хүн дээ. Харин энд сонирхуулахад манай аав Доржсүрэн нэгэн үе хусуур сойз зүүж явсан уяач байлаа. Хонгор азарга, хүрэн морь, хээр үрээгээ хэдэнтээ дээгүүр давхиулсан. Хээр үрээ нь аймгийн 59 жилийн ойгоор түрүүлж байсан. Бас 1991 онд Сүхбаатар аймгийн Дарьгангын Алтан-Овооны хамгийн анхны тахилга, Дарьгангын пионерийн зуслангийн 10 жилийн ойтой хамт болж, тэнд даага түрүүлгэсэн. Энэ дааганы дээд угшил нь Нийгмийн хонгороос эхтэй.  Харин хонгор азаргаа аймагт гурав дөрөв оруулсан. Мөн нэг хүрэн адуу нь тун ч гайгүй давхисан. Ийнхүү аавынхаа уяаны ажлыг үргэлжлүүлэхээр хөдөөг зорьсон маань энэ.
-Доржсүрэн гуайн хүүхдээс хэд нь морь уяж байна вэ?
-Бид эцэг эхээс есүүлээ. Тэрнээс хөдөө байгаа нь би л байна.
-Үүнээс өмнө юу хийж байсан бэ?
-Янз янзын л ажил хийж явлаа. Сумын төвд хоёр гурван жил, хотод бас нэг хэсэг ажилласан. Тэгтэл ээж нас өндөр болж, хань бараа болох гээд. Нөгөөтэйгүүр хэдэн малыг маань харж хандах хүн хэрэгтэй байгаад мал дээр гарсан.
-Аавынхаа адуугаар уяаны ажлаа эхлүүлсэн үү?
-Тиймээ. Би чинь бас сүүлийн долоо, найман жил Сүхбаатараас хурдан угшлын адуу зөөж байгаа хүн. Энд авчраад зарахыг нь зарж, өөртөө үлдээсэн ч бий. Ер нь морины наймаа бол хийнэ шүү. Сүүлд шинэ цагийн адуу ганц нэгийг авч үржүүлж байна. Адъяасүрэн ахаас авлаа. Хүйн долоо худгийн үзэсгэлэн худалдаанаас ч бас нэг эрлийз хязаалан үрээ авсан. Түүгээрээ одоо азарга тавьчихаад байна.
-Таны авчирсан адуунууд энэ хавьдаа яаж давхиж байна?
-Сумын Алдарт уяач Мягмаржавт нэг хээр үрээ өгсөн нь суманд түрүүлсэн. Өөр наадмуудад ч нэлээн хэд орчихлоо. Амаржаргал гэж залууд хээр адуу өгсөн. Өнөө зун ганц хоёр орлоо. Дундговь руу нэг хар адуу гаргасан. Одоо азарга болоод мөн л сайн давхиж байгаа гэнэ. Сумын Алдарт уяач Төмөрбаатараар дамжиж тийшээ гарсан юм. Энэ мэт чих халууцуулаад байхааргүй л очсон газар бүртээ хурдалж байна.
-Морь уяад хаана хаана наадав?
-Бага насны даага, хязаалан, шүдлэн уяж уралдуулсан. Ноднин нэг бор адуу 18-аар оруулсан бол өнөө жил даага, хязаалан 18,19-өөр л ирлээ. Юм багаас эхэлдэг гэдэг дээ. Алсдаа болох байлгүй дээ. Би ч анхан шатны дамжааны хүн шүү дээ.
-Уяаны багштай юу?
- Доржсүх, Додог, Баттогтох бид хэд гэр ойролцоо болохоор хамтдаа морьдоо уядаг юм.
-Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Эхлүүлсэн ажилдаа тууштай байж олон айраг түрүүтэй уяач болоорой.

"Тод магнай" сэтгүүл Говьсүмбэр аймгийн тусгай дугаар

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна