Уяач О.Доржсүх: Би бол удам залгасан уяач

А.Тэлмэн
2017 оны 2-р сарын 21 -нд

Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын уугуул, Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын харьяат, уяач О.Доржсүхтэй хийсэн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Танай удамд уяачид олон байна уу?
-Би Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын уугуул хүн. Манай Дундговийнхон чинь адуу мал сайтай улс. Нэгэн үе улсын наадамд амжилттай наадаж, нутаг орныхоо нэрийг гаргаж байлаа. Өнөө жил ч ялгаагүй сайхан л наадлаа шүү дээ. Би бол удам залгасан уяач. Миний аав уяач хүн байлаа.  Даанч тэр үед уяачийн хөдөлмөрийг одоо шиг үнэлдэггүй байсан юм болов уу. Бас миний ах сумын Алдарт уяач Бямбасүрэн гэж хүн одоо Эрдэнэдалай сумандаа амьдарч байна.
-Аав тань ямар удам угшлын адуугаар нааддаг байв?
- Биднээс өмнөхийг сайн мэдэхгүй байна. Нэг хурдан хонгор морь байсан тухай ярьдаг юм. Миний мэдэж байгаагаар аавд Нарийн зээрд гэж нэг улаан зээрд азарга байсан. Тэр азаргыг би унаж, сумын наадамд айрагдуулаад баярын бичиг, үнэмлэх авч байлаа. Одоо би унаган адуугаа үржүүлэхийн сацуу цус сэлбэж гаднаас ч авч байна. Анх нутгийнхаа Дондов гэж айлын хурдан цавьдар азарганы төл зээрд азаргыг авсан юм. Энэ цавьдар азарганы үр удмыг манай нутгийнхан Дондов адуу гэхээр андахгүй ээ. Манайх тэндээс угшилсан адуутай айл.
-Та энэ нутгийн хүн болоод удаж байна уу?
-Би Шивээговь суманд 2010 онд шилжиж ирсэн.
-Хэзээнээс морь уяж байгаа юм бэ?
-Нутагтаа адуу малтай, морь уядаг л байлаа. Гэхдээ айраг түрүүгээр хурдлуулж шалиагүй ээ. Бага сага наадмын л амжилттай. Харин 2000 онд сургуулийн 80 жилийн ойгоор хүрэн даага аман хүзүүдүүлсэн нь анхны айраг байгаа юм. Тэрнээс хойш нутагтаа хоёр, гурван морь айрагдуулаад энд ирсэн.
-Энд ирээд хаагуур наадав?
-Хүн мал шинэ нутагт дасах  гээд хэсэг хугацаа өнгөрлөө. Саяхнаас л дахин морио уяж байна. Манай дүү Баттогтох надад нэг хонгор морь бэлэглэсэн юм. Тэгээд хонгор мориороо энэ жил том жижиг наадмаас арваад айраг авлаа. Дундговь аймгийн Баянжаргалан сумын 90 жилийн ойд аман хүзүүдүүлж, Боржигон наадамд зургаад давхисан. Дараа нь Даланжаргалан сумын наадамд дөрөвлөөд, уурхайн 25 жилийн ойд аман хүзүүдэн, хоёр ч овооны наадамд айрагдлаа. Залгаад Цагаандэлгэр сумын багийн “Алтан намар” өдөрлөгт айрагдсан. Хонгор мориноос гадна ганц нэг шүдлэн бага сага наадмуудад мордуулсан. Эндээс Зүүнтээгээс Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумаас авчирсан нэг хүрэн бор даага бий. Одоо шүдлэн болсон. Бас Эрдэнэдалай сумаас авчирсан нэг зээрд шүдлэн байна.
-Энэ хавьдаа л уралдаад байна уу?
-Тиймээ. Энд ирээд тав зургаан жил болохдоо гадагшаа гарч уралдсангүй. Баянжаргалан сумын 90 жилийн ойд очиж хонгор морио аман хүзүүдүүлсэн. Тэгэхэд 100-гаад соёолон уралдсан гэсэн байх шүү. Тэгээд Чойрын наадамд нэг удаа очсон. Одоохондоо ажил төрөл амжихгүй болохоор зорьж хол явахгүй байна. Зав зайтай бол уяач, морь хоёр дов үзэж байсан нь дээр л дээ.
-Та бол хоёр дахь үеийн уяач.  Гурав дахь үеийн уяачаа бэлтгэж байна уу?
-Хүүхдүүд ажил төрөлтэй болохоор морь малны ажилд туслахаасаа туслахгүй нь их байна. Бага хүү маань л одоо гар хөлийн үзүүрт гүйх юм. Уг нь ч манай хөвгүүд багадаа хурдан морь унаж өссөн болохоор бүгдээрээ адуу маланд элэгтэй улс л даа. Яарах юу байхав. Хойшдоо залгаад морь уяна байхаа л гэж боддог юм.
-Бидний яриа энд хүрээд өндөрлөж байна. Ярилцсанд баярлалаа.

"Тод магнай" сэтгүүл Говьсүмбэр аймгийн тусгай дугаар

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна