Аймгийн Алдарт уяач Д.Түнэрэв: Миний жороо халтар морь 40 миллтэй ташдаг

А.Тэлмэн
2017 оны 2-р сарын 21 -нд

Увс аймгийн Сагил сумын харьяат, аймгийн Алдарт уяач Д.Түнэрэвтэй хийсэн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-“Дархан хүлэг”-ээр өргөмжлөгдөх гэж байгаа таны жороо халтар морины талаар яриагаа эхэлье. Ямар удам угшилтай адуу юм бэ?
-Уг нь Тэс угшлын адуу. Тэсээс нүүж ирсэн  Хасаагийн Нанжаа гэдэг хүний бор гүүнээс төрсөн юм. Эцэг талараа бол манайхны Өндөрмодны  Аймгийн Алдарт уяач Төгсөө гэдэг хүний жороо халтар азарганы төл. Би шүдлэн үрээ худалдаж авч байсан юм.
-Жороо морь харьцангуй үнэтэй байдаг гэсэн. Та халтар морио хэдээр худалдаж авсан юм?
-Халтар морио 1999 онд 50 хонин дээр нэг морь, 50,000 төгрөг өгч худалдаж авсан юм.
-Халтар морь хэдий үеэс хурдалж эхэлсэн юм бэ?
-Анх 2003 онд зургаан настайд нь аймгийн баяр наадамд уралдуулахад зургаагаар ирсэн. 2004 онд Бөхмөрөн сумын 80 жилийн ойд айргийн гуравт, Сагил сумын баяр наадамд аман хүзүүнд, 2005 онд Сагил сумын 80 жилийн ойд айргийн гуравт давхисан. 2006 онд Их Монгол улс байгуулагдсаны 800 жил, АХ-ын 85 жил, Улаангом суманд суурин амьдрал үүссэний 320 жилийн ойд айргийн тавд, Сагил сумын баяр наадамд аман хүзүүнд хурдалсан. 2007 онд АХ-ын 86 жилийн ойд айргийн дөрөвт, 2008, 2009 оны АХ-ын 87, 88 жилийн ойн баяр наадамд хоёуланд нь айргийн гуравт давхиж байлаа. 2010 онд АХ-ын 89 жилийн ойд аман хүзүүдэж, долоон сарын 25-нд нь Баян-Өлгий аймгийн 70 жилийн ойд аман хүзүүдсэн. 2011 онд Увс аймагт болсон Баруун бүсийн даншиг наадамд айргийн гуравт давхисан боловч харамсалтай нь жороо морьдын уралдаан будилж, маргааш нь дахин уралдаад айрагдаж чадалгүй долоод давхисан. 2012 онд Баян-Өлгий аймагт болсон баруун бүсийн даншиг наадамд айргийн таваар орж, мөн онд АХ-ын 91 жилийн ойн айргийн хоёрт хурдалсан. Овоо тахилга, багийн наадам, ургацын баяр, цолны мялаалга зэрэг бэсрэг наадмуудад ч олон айраг түрүү авсан. Миний халтар морь нийт 21 айраг, түрүү авсан байдаг юм. Тэр амжилтыг нь үндэслэж 20 настай халтар морио 90 жилийн ойгоор “Дархан хүлэг”-ээр өргөмжлөхөөр тодорхойлсон байгаа.
-Хэдий үеэс морь мал уяж эхэлсэн бэ? Та бол Тэс сумын уугуул хүн. Тэсийнхэн голдуу удам дамжсан уяач нар байдаг юм билээ.
-Би 1988 цэргийн албанд яваад 1990 онд халагдаж ирээд, 1991 оноос хойшоо морь малтай ноцолдож эхэлсэн. Манай удмын хүмүүсээс Аймгийн Алдарт уяач Жангар гэдэг хүн байгаад бурхан болсон. Хүүхдүүд нь бас морь уяж байгаа. Манай Жангар ах их олон жил айраг, түрүү авсан, хамгийн сүүлд бурхан болдог жилээ их морио уяж ирээд баярын урд орой даралт харваж бурхан болсон юм. Миний мэдэхээр нэг жил хоёр их морио нэг жил айрагдуулж, азаргаа бас айрагдуулаад, гурван их морь айрганд оруулж байсан. Манай аав бас залуу насандаа олон сайхан морьд уяж байлаа. Хатирдаг мориор түлхүү нааддаг, хатирдаг шарга морьтой. Хатирдаг шарга морь нь Тэсэд түрүүлж, аймагт бас олон түрүүлж, айрагдсан. Айраг, түрүүг нь сайн дараалж ярьж мэдэхгүй байна. Өөр нэг жороо улаан морь байсан нь Тэсэд очиж уралдаж айрагдаж байсан юм шиг байна лээ.
-Удам дамжсан уяач юм бол хурдан удмын адуу бас өвлөгдөж ирсэн болов уу гэж бодож байна?
- Манай аав 1983 онд Тэс сумын Г.Цэрэн гэдэг их хурдан адуутай хүнээс тухайн үедээ үнэтэй, 1500 төгрөгөөр бөөсөгтэй хул үрээ худалдаж ирж азарга тавиад, тэрнээс л манай адууны түүх эхэлсэн юм. Хул азарга өөрөө ч их хурдан, олон түрүүлж, олон айрагдсан. Түүний дараа халтар азарга тавиад манай адууны бага тал нь гарсан байдаг. Тухайлбал ноднин Сагилын ойгоор манай таван настай алаг соёолон морь түрүүлсэн. Ер нь манай адууны тэгээд олон сайхан амжилтууд байдаг юмаа. Одоо ахын цавьдар азарга, дүүгийн хээр азарга гээд хурдууд байна. Дүүгийн хээр азарга өнгөрсөн жилийн наадамд 10 уралдаж найм түрүүлсэн. Манай дүү Аймгийн Алдарт уяач, хүргэн бас Аймгийн Алдарт уяач хүн бий. Хүргэний хүрэн азарга бас олон уралдаж, айрагдаж түрүүлсэн. Бас олон морьдууд байгаа. Өнөө жил уралдуулах хоёр хурдан соёолон байна. Ноднин хязааландаа Сагилын ойд нэг нь түрүүлж, нөгөө нь хоёрт ирсэн.
-Та ер нь багадаа морь унаж байв уу? Яаж давхих уу, хэнийх нь морийг илүү унах уу?
-Би 11-12 настай Сагилд ирээд л морь унаж эхэлсэн. Удвалын Батсүх гэж манай Сагил сумын Аймгийн Алдарт уяачийн хээр морийг олон унасан даа. Бөхмөрөний ойд будилж аман хүзүүдээд, сумын баяраар айргийн хоёрт хурдлуулж байсан.
-Сагилын наадам, Тэсийн наадам ямар ялгаатай вэ?
-Ер нь Тэсийн наадам манай Сагилын наадмаас арай өргөн болдог юм байна лээ. Жинхэнэ хурдны өлгий нутаг учраас арай өргөн хүрээтэй болдог юм болов уу гэж сүүлд наадамд нь оччихоод бодож байлаа. Сүүлийн үед манай Сагилынхан бас моринд их орж байна. Тэсийн наадам морь ч хурдан, хүмүүс нь ч үе дамжин морио уяж ирсэн хүмүүс байдаг учраас арай өргөн болоод байх шиг байгаа юм. Гэхдээ манай Сагил ч бас сайхан болноо.
-Уяачийнхаа гарааг эхлээд хамгийн анхны айраг түрүүгээ хаанахын ямар наадмаас авч байв? Тэрнээс хойш нийт хичнээн айраг, түрүү хүртээд байна?
-Би 1994 онд багийнхаа наадамд улаан морио түрүүлгэж анхны айргаа хүртсэн шиг санагдаад байна. 1994 онд би гэр бүл болоод, тэр намраа анхны айргаа авсан. Тэрнээс хойш миний халтар морины айраг 21  гэхээр барагцаагаар бодоход нийт 40 орчим айраг, түрүү хүртсэн байхаа..
-Аймгийн баяр наадамдаа хэр олон удаа очиж наадав?
-Аймгийн баяр наадамд би жил болгон очдог.1995 оноос би аймгийн баяр наадамд тасралтгүй орж байгаа. Халтар морио 2003 онд их насны хатирч шарга морьтойгоо хамт авч очиж байсан. Аймгийн баяр наадмаас би арваад айрагтай. Аймгийн Алдарт уяачийг би 2008 онд хүртсэн.
-Та хурдан морь гэхээсээ илүү хатирч, жороо морио илүү уяж хурдлуулж байна уу?
-Ер нь бас ааваас уламжлагдаж ирсэн юм ч байна, удамшиж ирсэн адуу нь ч байна. Манай аав бас хатирдаг, жороо морио илүү уядаг байсан, бид нар ааваасаа залгаад л хатирдаг, жороо мориор уралдаад байдаг юм л даа. Яахав хурдан морь чиг бас уяж, аймгийн баяр наадамд айрагдуулж л байсан. Арай түрүүлгэж чадаагүй л байна.
-Хамгийн өндөр амжилт үзүүлсэн ямар хурдан адуу байдаг вэ?
-Миний нэг улаан морь байсан юм. Улаангом сумын Балжиннямын Батдэлэг гэдэг хүнээс худалдаж авсан. Улаан морь аймагт айрагдаагүй, хойд талын сумуудын баяраар долоо найман удаа айрагдсан байхаа. Тав зургаан удаа дандаа зургаад ирсэн. Эхэндээ дандаа зургаад ирдэг, хаана ч очоод уралдана улаан морь зургаадл ирдэг байлаа. Ямар сонин юм бэ гэж байтал 2008 онд намайг Аймгийн Алдарт уяач болоход манай сумын нэг баяраар миний улаан морь түрүүлж эхэлсэн юм. Тэгээд долоо, найман удаа лав айрагдсаан. Манай дүүгийн алаг соёолонг би уядаг байлаа. Алаг соёолонг дааганд нь эхэлж уяад гурав айрагдуулаад, соёолонд нь түрүүлгэсэн.
-Хамгийн холдоо хаана хүртэл явж наадаж байв?
-Баян-Өлгий аймгийн 70 жилд очиж халтар морио аман хүзүүдүүлж байлаа. 2012 онд Баян-Өлгий аймгийн даншигт очиж миний халтар морь тавд ирж, халтрын дүү жороо улаан морь гурваар давхиж байсан. Улаан морь манай ахын морь, би уяаг нь тааруулдаг юм. Хаа байсан хол зорьж очоод, тийм том даншигаас хоёр айраг авахад хүний сэтгэл огшдог юм байна лээ.
Ховд аймгийн даншигт очиж байсан ч айраг авч чадаагүй.
-Жороо моринд хэр олон адуу уралддаг юм бэ?
-Баян-Өлгийн 70 жилд очиход 56 жороо морь уралдаж байсан юм. Даншигт нь очиход Хөвсгөл, Улаанбаатар, Ховд аймгаас ирсэн шилдэг 20-н хэдэн морь уралдсан. Түүнээс Увс аймгаас хоёрхон морь уралдаж нэг нь гуравт, нэг нь тавд ирсэн нь ах бид хоёрын морьд. 
-Жороо морь, хурдан морь хоёрын уяаны арга барил өөр үү? Хурдан морийг хөлслөнө, сунгана, тарлана гээд олон юм байна. Жороо морины тухайд ямар ажилбар хийдэг вэ?
-Жороо морь, хатираа морь бол унаж эдэлж сурсан тийм нэг залгамжилсан дадал чадвар байдаг шиг байгаа юм. Надад ааваас минь өвлөгдсөн явдал ахиулах, тэгшрүүлэх талын юм байгаа. Энэ тал дээр хүмүүсээс илүү.  Хөлслөх, тарлах тал дээр бол яг л хурдан морьтой адилхан. Хоол унд нь ч бас л адилхан. Ялгаа байхгүй, яг л морь уядагтайгаа адилхан уяна.
-Явдлыг нь ахиулахын тулд ямар ажил хийдэг юм бэ?
-Зөв л унаж эдлэх ёстой байдаг юм л даа. Намар унаж мал хариулаад, тарлаад байдаггүй, цовоо сэргэлэн хадгалж, хурдан морийг бодоход арай тамир тэнхээтэй байлгах ёстой юм шиг байгаа юм. Ер нь хатирдаг жороо морь найм ес хүрч тамир тэнхээ, бие бялдар нь гүйцэж байж явдал нь тэгширдэг юм. Бага насанд нь буруу унаж эдлээд ам хамрыг нь язлаад авчих юм бол дахиж засрахгүй. Амыг нь л зөв эдэлгээнд оруулж байж явдлыг нь тэгшрүүлдэг. Би бол өөрөө гардаж эдэлж байж л жороо морь сургадаг. Эхлээд өөрөө сургаад, явдал нь тэгшрээд ирэхээр хүүхдүүдээр унуулдаг болсон.
-Жороо морийг хатуу, зөөлөн явдалтай гэж ярьдаг байхаа?
- Жороо морь унаж байгаа хүндээ хэцүү. Тойрогт уралдаад ирэхээр ёстой л хамаг тэнхээгээ бараад ирдэг. Зарим морины явдал нь хатуу байна, зарим нь зөөлөн байна. Зарим нь ч ёстой нэг сүмбэлзсэн сайхан зөөлөн явдалтай. Манай шарга морь бол явдал нь орсон үед зоон дээр нь аяганд ус хийгээд тавьчихад унахгүй байх гэж боддог юм. Зүгээр нам л намираад байдаг. Харин халтар морь хатуу явдалтай.
-Есөн алдын жороо, арван алдын жороо гэж бас нэг үзүүлэлт байх шиг байдаг юм?
- Ховд аймаг тийшээ есөн алдын жороо, арван алдын жороо гээд жороо морьдыг явдал дунд нь газраас хөндийрч байхыг нь хэмждэг юм шиг байна лээ. Тэнд очоод миний морьд адилхан л уралдаж, түрүүлж байна лээ. Зүгээр хурдны морьд бол 40-50 миллийн хурдтай давхидаг байхад миний жороо халтар морь бол 40 миллтэй л жороолдог байсан юм. Шарга морь бас 40 миллтэй ташна. Ер нь тэгээд 35-аас дээшээ явчихад л морь нь айрагдана, 20-30 миллтэй морьдууд бол айраг руу орохгүй ш дээ.
- Гайгүй явдалтай адуунд чаддаг хүн бол алхаа оруулдаг гэдэг. Тэгэхээр жороо адуу удамшдаг юмуу? Эсвэл хичээл сургуулилтаар бий болдог юмуу?
-Хатираа, жороо морь бол бас л удмаар гарна. Зүгээр нэг хурдан удмын гүүнээс жороо морь гарахгүй. Ганц нэг адуунд алхаа оруулах гэж оролдож үзсэн боловч бага зэргийн ахих төдий л алхаа сууна уу гэхээс нэг их сүртэй орчихдоггүй юм байна лээ. Тэгэхээр жороо морь цаанаасаа төрдөг юм шиг байна лээ. Миний жороо халтар морины эцэг нь жороо азарга, эх нь ч бас жороо байсан юм.
-Жороо морины амжилт уяачийн цол хэргэмийн амжилтын тоонд ордог уу?
- Манай аймагт бол орно. Улсад уралддаггүй учраас ордоггүй юм шиг байна лээ.
-Та тэгвэл одоо бүсийн хоёр айрагтай гэж явах юм байна. Аймгийнхаа сумдаар хэр нааддаг вэ?
-Ямартай ч даншигаас хоёр айраг хүртлээ. Сумаасаа гадагшаа аймгийн хэдэн сумуудаар бараг бүгдээр нь явсаан. Өндөрхангай, Зүүнхангай гэсэн урд талын хоёр гурван сумуудаар очоогүй, бусад сумдаар бол очсон. Аль ч сум, аймгийн наадам өдрийн сайнаа харж цаг товлож хийдэг юм чинь бүхий л наадмууд сайхан байдаг. Тэрнээс олон сайхан наадмаас нэгийг нь онцолж дурдаад, нэгийг нь муу болгоод яахав. Ер нь тэгээд бид нар хүүхэд, морь хоёр эсэн мэнд сайхан уралдаад ирсэн наадмыг сайхан наадам боллоо гэж бэлэгшээдэг ш дээ.
-Ах, дүүс чинь бас уяачид гэсэн байхаа? Таныг уламжлан морь уях залгамж халаагаа хэр бэлдэж байгаа вэ?
- Одооноос морь унах хүүхдээ бэлдэж, морь унуулж сургаж байна. Миний бага хүүхэд 11 настай, ноднин жилээс морь унаж эхэлсэн. Урагшаа хүүхдийг зургаа долоотойгоос нь морь унуулдаг бол бид нар хууль энэ тэрээс болоод арав хүргэж байж уралдаанд оруулдаг. Долоо наймтайд нь гэр зуур, бага сага наадмуудад л морь унуулж бэлтгэл хийлгэдэг юм. Би айлын долоон эрэгтэй, дөрвөн эмэгтэй, 11 хүүхдийн ахмад нь. Манай дүү нарын хүүхдүүд, ач нар гэж олон эрэгтэй хүүхдүүд байдаг. Жил болгон л нэгээс хоёр хүүхэд сургаж унаач хүүхэд бэлддэг юм. Уяач нарын хувьд морь унуулах хүүхэд хайж, гуйгаад л ярвигтай юм байна лээ. Би олон эрэгтэй ач нартай учраас надад тийм асуудал гардаггүй. Уяхын тухайд манай дүү нар ер нь бүгд морь уяж байгаа. Миний төрсөн дүү Ганзориг гэж Аймгийн Алдарт уяач байна, хүргэн бас Аймгийн Алдарт уяач хүн бий. Тэгээд хотны хүмүүсийн нэг нь уяж байвал эр эмгүй л мориор амьсгалдаг юм байна лээ. Өвөл морио тэжээхээр эхнэр, хүүхдүүд ч оролцоод тэжээл энэ тэр өгөөд явдаг. 
"Тод магнай" сэтгүүл Увс аймгийн тусгай дугаар 

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна