МУ-ын Тод манлай уяач О.Батбилэг: Яаж морь уяж сурах вэ? гэхээсээ өмнө яаж хурдан адуутай болох вэ гэж бодох хэрэгтэй

Тэлмэн
2017 оны 2-р сарын 24 -нд

3 настай аавдаа хөтлүүлээд номхон морьтой адуунд явдаг байсан гэдэг
Сар саатан уншигч таны гарт хүрдэг «Тод магнай» сэтгүүлийн маань энэ сарын зочин хойморт Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул, Дорнод аймгийн Баянтүмэн сумын харьяат МУ-ын Тод манлай уяач Ононгийн Батбилэг уригдлаа. Сүүлийн гурван жил дараалан МУ-ын чансаа өндөр есөн уяачийн нэгээр шалгарч, 2014, 2015 оны шилдгийн шилдэг уяачаар тодорсон түүний ярилцлагыг морь сонирхогчид битүүхэн хүлээж байсан бизээ. Анх гурван настай морины нуруун дээр гарч, долоон настай төрийн наадмын айргаа амссан тэрээр шаггүй уралдаанч байсан хэмээдэг. 1997 оноос уяачийн гараагаа эхэлж сүүлийн гуравхан жилийн хугацаанд улс, бүсийн чанартай наадмаас 10 түрүү, 41 айраг хүртэн МУ-ын Манлай уяачаар эрэмбэлэгдсэн хийморилог залуу эрхмийн дэлгэрэнгүй ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Гурван жил дараалан чансаа өндөр уяачаар шалгарч, сүүлийн хоёр жил тэргүүллээ. 2016 он гарсаар ямар, ямар шагналын эзэн болоод байна вэ?
-ММСУХ-ны чансаа өндөр уяачдыг тэргүүлж, могой жилийн шилдэг уяачаар шалгарсан. Түүний дараа “Дүнжингаравын хурд-2016” уралдаанаас нэг түрүү, дөрвөн айраг авч Дүнжингаравын шилдэг уяач болсон.
-Хүн болох багаасаа хүлэг болох унаганаасаа гэдэг. Манлайн хүүхэд ахуй цагийн дурсамжаас яриагаа эхэлье.
-Би айлын ууган хүү. Наадмын дараахан  төрсөн юм билээ. Аав маань нэгдлийн адуучин байсан болохоор ухаан орохын л адуутай ойр өссөн. Анх гурван настай морь унаж сураад аавдаа хөтлүүлээд номхон морьтой адуунд явдаг байсан гэдэг юм. Яг үнэндээ тэр үеэ би өөрөө санадаггүй л дээ. Харин дөрөвтэйдөө морь унаад хаа саагүй явж, саалийн гүү ээждээ дөхүүлж өгдөг байснаа бол санадаг. Тэр үед манайх 70,80-аад гүү саадаг. Тэр олон гүүний унагыг андахгүй таньж, чагтыг нь мулталж ээжид нь тавьж өгдөг л байлаа.
-Их эрт тусад оржээ?
-Ганц би биш, бидний үеийнхэн ер нь эрт бие даан ээж аавдаа тусалдаг байсан шүү дээ. Дүн өвлийн хүйтнээс бусад улиралд мориноос салалгүй өдий хүрчээ. Цагаан сарын дараагаас аав маань намайг дагуулаад л адуундаа явна. Нэг удаа даага унуулаад тавьчихсан чинь нөгөөх нь авч давхиад аав араас нь ирж зогсоосон юм билээ. Тэр үед нь би юу ч болсон шинжгүй давхиж явсан гэдэг юм. /инээв/
-Ээж нь л их айсан байх даа?
-Эмээ л “хүүхэд аллаа” гээд зэмлэж байсан гэдэг. Өглөө босоход л эмээл хазаартай морь бэлэн байдаг. Өдөржин түүнийгээ уначихдаг байсан болохоор тэр үеийн хүүхдүүд моринд чадамгай байсан л даа. Ер нь ажиглаад байхад аль болох багадаа морь унаж сурсан хүүхдүүд илүү дадамгай байх юм. Машин ч ялгаагүй. 40,50 хүрээд машин барьж сурсан хүн явж чадахгүй байхад арван хэдтэй сурсан нөхдүүд илүү зоримог итгэлтэй давхидаг. Намайг багад манайд хачин номхон тэрэгний хөгшин халтар морь байлаа. Би түүнийг л голдуу унана. Хожим арван хэдтэй болчихсон байхад 20 нэлээд гарчихлаа гээд хүнсэнд хэрэглэх гэхээр нь уйлж байгаад тавиулж нэг жилийн нас хайрласан даа.
-Анх зургаан настай хурдан морь унаж байсан гэдэг билүү. Тэр үеийнхээ дурсамжаас хуваалцаач?
-Ямар ч гэсэн тэр тэрэгний халтар морийг унаад уралдаж байснаа санадаг юм. “Хулгар” Нарангэрэл гээд Төв аймгийн Баянжаргалангийн хүний буурал даагыг мөн унаж уралдаж байлаа. Тэр үед одоотой адилхан төхөөрөмж гэж байсангүй. Гараан дээр цэрэг барьж байгаад тавьдаг байсан юм. Нас бага, дээр нь туршлагагүй болохоороо цэрэгт баригдчихгүй юу. Тэгээд 100 гаргаад ирсэн санагдаж байна. /инээв/ Түүнээс хойш бол тархинд л эргэдэг болсон. Нэг үе бол морь эргүүлдэг гээд бүр зартай байлаа шүү дээ./инээв/
-Наадам будилаантуулдаг байсан байх нь...?
-Тэгж хэлэх нь ч хаашаа юм бэ. Унасан морио л түрүүлгэхийг бодно шүү дээ. Тэгээд аль болох хойно явж байгаад түрүүлж эргэхийг хичээнэ. Хамгийн ард явахаар тууж яваад нөхдүүд нь нүдэлчихгүй юу. 69-ээр туугаад сигналдана, шилбүүрдэнэ, чулуу шиднэ. Одоо тэгж туувал хэрэгт унана ш дээ. Гарааны төхөөрөмжтэй болсноор энэ бэрхшээл байхгүй болсон.Гэхдээ хүүхдүүд төхөөрөмжөө хараад байраа эзлэх гээд тарлачихаад байна. Тэгэхээр төхөөрөмж өргөн байх хэрэгтэй. Хэдий чинээ өргөн байна хүүхдүүд цаашаа очихдоо тарлахгүй, морио хөөргөхгүй шүү дээ.
-Таны үеийн уралдаанчдаас хамгийн адтай нь хэн байв?
-Дааган Ганаагийн морийг унадаг байсан Золбаяр гээд хүү байлаа. Манай найз л даа.Одоо Бишрэлтэд ажилладаг юм. Адуу мал нь манайд байдаг. Сүүлдээ олон сайн унаачид гарч ирсан. Максын морийг унадаг байсан Өөдөс бол үнэхээр сайн унаач. Одоогийн хүүхдүүдийн хэрэглэж байгаа тактикийг үндэслэсэн хүн байхгүй юу. Морь эргээд л хүүхэд гараа ч хөдөлгөхгүй явдаг биз. Өөдөс тэгж унадаг байсан юм. Мориндоо зүдэргээгүй учраас амжилт гаргах магадлал өндөр.Тиймээс хүмүүс хүүхдэдээ “яг Өөдөс шиг яв” гэж захидаг болсон. Манай дээр уягддаг байсан Бямбадорж гуайн морийг унадаг байсан Аагий гээд хөрш айлын маань хүү мөн яг тийм техниктэй. Одоо ч уралдаан олшрохын хэрээр сайн уралдаанчид ч нэмэгдэж байна даа. 
-Уралдаанч хүүхдийн аюулгүй байдлыг хангаж уралдах нь нэн тэргүүний асуудал. Дээхнэ үед хүүхэд мориноос унадаггүй байсан юмуу, унасан ч тоодоггүй байсан юмуу? Яагаад тэр үед яригддаггүй байсан юм бэ?
-Энэ чинь спорт шүү дээ. Тэр утгаараа ямар нэг байдлаар эрсдэл бий. Дээхнэ үедээ хүүхдүүд унаж л байсан байх. Гэлээ гээд гэмтэл бэртэл авах нь бага байсан байж мэднэ. Учир нь зайдан голдуу унадаг. Эмээлтэй уналаа гэхэд гуталнаас эхлээд эрсдлээс сэргийлэх боломжийг тооцдог байж. Дээр нь би түрүүн хэлсэн, тэр үеийн хүүхдүүд ахуйгаасаа болоод дадал сайтай байсан. Өглөө босохоос эхлээд үдэш унтатлаа морь унана. Хүүхэд болгон шахуу морь унадаг. Тэднээс аль сайнаар нь шилж унуулна. Тэгэхээр  мориноос унах эрсдэл бага байж. Нөгөөтэйгүүр айлын хүүхдээр морь унуулна гэсэн ойлголт бараг байсангүй. Унууллаа гэхэд ах дүү амраг садангийнхаа хүүхдээр унуулна. Тэгэхээр элдэв хэл ам гарах нь бага байж. Одоо болохоор байнгын дадалгүй уяаны хэд хоногт морь унадаг хүүхдээр унуулдаг. Дээр нь ихэнх нь айлын хүүхдүүд байна. Үүнээсээ болоод унах эрсдэл нь нэмэгдэж, хэл ам  дагуулаад байдаг байх. Би хувьдаа ингэж л хардаг.
-Улсын наадамд хурдан морь унасан хоёр дахь жилдээ морио айрагдуулсан байдаг. Өнөөдөр ч гэсэн 1989 оны наадам таны хувьд нандин дурсамжуудын нэг байдаг байх гэж бодож байна?
-Мэдээж сайхан байлгүй яахав. Соёолондоо улсын наадамд айрагдчихсан долоон настай морийг өвөл аав авч байсан. Тэгээд зун нь би найман настай морь унаж аман хүзүүдэж байлаа. Халзан морь их хурдан. Хүмүүс ярьдаг шүү дээ. Ясны хурдан адуу гэж. Тийм л морь. Аавын дүү Сугар намайг гаргаж өгсөн юм. 20-иодоор гараад Айдас өгсөхөд тархинд ирж, Рэндамбын саарлыг гүйцэлгүй аман хүзүүдэж байсан юм. Тэр жил саарал морь аргагүй хурдан байсан. Морио цоллуулахдаа машинаар явж, замдаа Туул голд нүүрээ угааснаа бүдэг бадаг санадаг юм.
-Уралдаанч хүүхдүүд төрийн тэргүүнээсээ шагнал авах нь хамгийн сайхан гэлцдэг. Тэр үед шагналаа хэнээс авч байсан бэ?
-Батмөнх даргаас авч байсан. Нэг хайрцагтай юм л өгсөн. Дотор нь юу байсныг санадаггүй ш дээ.
-Тэр жил хэдэн насны морь унасан юм бэ?
-Их нас, шүдлэн, соёолон унасан юм. Дараа жил нь Монголын Нууц Товчооны 750 жилийн ой гэж том наадам болоход зургаан насны морь унасан. Хөдөө аралд болсон тэр наадамд морин тэрэгтэй олон хоног явж  хүрсэн болохоор их л хол санагдсан. Одоо гэтэл өдөртөө л хүрчихэж байна./инээв/
-Тэнд яаж наадлаа?
-Их нас нь будлиад хоёр уралдсан шүү дээ. Эхний өдөр хоёр тасарч уралдахад халзан морь эхний хэсэгт айрагдсан юм.
-Хэдээр давхисан бэ?
-Дөрвөөр давхиад хасагдсан. Тэгээд маргааш нь дахиж уралдаад хөл нь асуудалтай болчихсон юм. Тэр үед аав ч залуу байж.
-Тэр үеийн хамгийн том наадам байсан гэлцдэг?
-Хамгийн том наадам боллоо гэлцэж байсан. Ер нь намайг уралддаг байхад морь их олон морддог байсан. 700,800 хүрч л морддог байсан санагдана. Сүүлийн жилүүдэд морьдын тоо цөөрсөн хэдий ч чанаржсан.Харин тэр үед наадам цөөн байсан  болохоор уяснаа улсын наадамд л мордуулдаг байж. Одоо бол аймаг, сум, бүсийн гээд ард нь олон наадам болж байна. Уяачид морьдоо харж байгаад зорьсон наадамдаа л уралддаг болж. Магадлал өндөртэй гэсэн морьдоо л уралдуулж байна. Манайх гэхэд уягдсан тэр олон мориноос улсын наадамд хоёр нь юм уу, гурван ч юмуу л мордож байна шүү дээ. Заримыг нь бүр тэр жилээ уралдуулалгүй өнжөөх нь ч бий.
-Ингэхэд танай халзан морь хэд хүрсэн юм бэ? Таны хүү Буяндэлгэр унаад зургаа авахуулчихсан байдаг?
-32 хүрсэн. Их сайхан том  морь л даа. Нас ахихаараа жижгэрээд байдаг юм билээ.
-Хурдан морь унаж байх үеийнхээ хамгийн сайхан дурсамжаас хуваалцаач. Өөрөөр хэлбэл уралдаанч Батбилэгийн хамгийн сайхан наадам нь хэдэн оны ямар наадам байсан бэ?
-Саарал азарга айрагдсан 1994 оны улсын наадам юмуу даа. Дүүтэйгээ хамт морь унаад, дүүгээ эргүүлж өгчихөөд өөрөө 10-н хэдээр орж байсан. Тэр л их сайхан санагддаг юм.
-Чи өөрөө ямар азарга унаж байсан юм бэ?
-Шар халзан азаргаа. Би арай том болоод тэрүү унахаараа гайгүй давхиулдаг байсан юм. Хоёр гурван ч удаа арав гаргаж давхиулсан.
-Өөрөө биш дүү нь айрагдсан наадам яагаад илүүтэй нандин санагддаг юм бэ?
-Яахав дүүгээ гаргаж өгөөд араас нь болоогүй хашгирч зөвлөгөө өгсөөн бас. Дүүдээ тусалж зөвлөсөн гэдэг утгаараа ч юмуу яагаад ч юм сайхан санагддаг юм. Бас нэг удаа манай дүү ахын хүрэн морийг, би талийгаач Пунцагбалжир агсны Шувуу хүрэнг унаад улсад долоо, наймаар давхиж байлаа. Тэр бас их сайхан санагддаг. Тойруулгын хоёр халзан морь дараагаараа орсон гэхээр 1995 оны наадам болж таарах нь. Гуравт орос Болд гуайн хээр халзан, дөрөвт Доржсүрэнгийн хээр, тавд Сэлэнгийн Зэлтэрийн том эрлийз зээрд  морь орж байсан юм. Зургаад Налайхын Энхтайваны буурал морь, долоод миний унасан Шувуу хүрэн, наймд Болдоогийн унасан хүрэн, есөд Санжмятавын халзан тус тус давхиж байсан. Тэгэхэд  би хүрэн морио айрагдчих байх гэж бодож байсан болохоор их тод санадаг юм. Алдар толгой ороогоод гараад ирсэн тавладаг том зээрд морь нэлээн суучихсан Буянт-Ухаа өөд өгсөж явсан юм. Хажуугаар нь дайраад гарах гэсэн зууралдаад явуулдаггүй. Дайрах гэж үзээд, дайрч чадахгүй байсаар байгаад тавынхаа морьтой ойртоод ирсэн. Тэгж байтал зээрд морь ухасхийгээд тав дээр явсан буурал морийг дайраад айрагдчихсан юм.
-Наадмаас наадмын хооронд суралцдаг гэдэг нь үнэн бололтой. Ингэхэд ах дүү хоёр “Тод магнай”кинон дээр гардагчлан уралдааны өмнөх орой аминчхан яриа өрнүүлэх үү?
-Орой нь ч юу байхав. Гараа руу явж байхдаа хэлнэ л дээ. Энүүгээр явж байхад ийм нүхтэй байна шүү, энэ талынхаа замаараа яваарай гэх мэтчилэн.
-Ингэхэд хэд хүртлээ хурдан морь унасан юм бэ?
-1988-1996 оны хооронд найман жил хурдан морь унасан.
-Тэгвэл уяачийн гараагаа хэзээ эхэлсэн бэ?
-Морь унадаг байхаасаа л уясан даа. Өөрөө уяад Болдоогоороо унуулна. Хусуур түрүүлсэн нэг их том уяач л явдаг байлаа./инээв/ 1995 онд улсад хоёр хүрэн давхиулсан гэж ярьсан шүү дээ. Тэгээд наадмын дараа  талийгаач Гарамжав гуай, Батчулуун ах, Бандгаа ах нартай Өвөрхангайн Есөнзүйл суманд болсон даншигт явдаг юмаа. Бандгаа ах бүр залуухан байлаа. Аав Батчулуун ахыг дагуулаад намайг хоёр морьтой явуулчихсан. Тэгж явахад Гарамжав гуай намайг “энэ Билгээ гайгүй уяач болно доо” гэсэн юм билээ.
- Юун дээр тэгж үнэлэхэв?
-Хүүхдүүд тоглож байхад би дүүгээ дагуулчихаад морь малаа хараад л явж байхгүй юу.
-Тэр наадамд морьд тань ямар амжилт үзүүлсэн бэ?
-Манай морьд айхтар сайн давхиагүй ээ. Хамт явсан Бандгаа ахын уясан талийгаач Пунцагаа ахын цавьдар даагыг Болдоо унаж хол түрүүлгэсэн. Мөн Бандгаагийн дүү Зоригоогийн зээрд хязаалан морь айрагдаж, Сундуйжав гуайн халиун үрээ дөрвөөр давхиж байсан юм. Гарамжав гуайн хувьд жаахан таагүй наадам болсон. Тэр наадмаас ирчихээд их морь, даагатай Ар Жанчивлангийн наадамд очсон ч айрагдуулж чадаагүй.
-Анхны айргаа 1997 онд авсан гэдэг байхаа. Гурван даагаар тэр жил бузгай наадсан юм биш үү?
-Тэгсээн. Манайх Тойруулга угшилтай хэдэн адуу авчихсан байсан үе л дээ. Түүнийх нь төл ухаа даага  их хурдан байсан юм. Сүүлд нь Дуламсүрэн Тод манлайд өгсөн азарга шүү дээ. Нөгөө нь одоо давхиад байгаа хул азарганы маань эцгийнх нь ах хул үрээ. Гурав дахь нь болохоор сөнгө ухаа даага байсан юм. Наадмаас хойш тэр гурвыг уяад жижиг наадмуудад олон түрүүлгэж, айрагдуулсаан. Очсон болгондоо хул, ухаа хоёр нь дараагаараа орно. Хамгийн сүүлд Яармагт болсон уралдаанд нэгийг нь их хол түрүүлгэсэн.
-Тэгвэл томоохон наадмын анхны айргаа хэдэн оны ямар наадмаас хүртэж байв?
-2004 онд Алтан-Овооны тахилга наадамд Магнай халзан гээд Оросоос орж ирсэн үрээгээ хол түрүүлгэж байлаа. Мөн тэр жилээ аав уяж улсад түрүүлгэсэн Энхбаярын хамар цагаан зээрд хязааланг би давхар уяанд нь уяж Алтан-Овоонд түрүүлгэсэн. Тэр зээрд үрээг би хавар нь уяж Налайхад болсон 500.000 төгрөгний бооцоот уралдаанд аман хүзүүдүүлж байсан юм. 
- Зүүн бүсийн наадмаас анх хишиг хүртэж байжээ?
-Түүнээс өмнө 2001 оны “Их хурд-2”-т миний буурал морь хүүхэдгүй гурвалсан.
-Аварга хээр түрүүлж, ахиад  хоёр морь айрагдсан бахдалт наадам шүү дээ?
-Тиймээ. Аварга хээр улсад түрүүлээд дараа нь Их хурдад түрүүлсэн. Хавар нь хээр морь тойруулгад болсон уралдаанд түрүүлээд 69-өөр шагнуулахад аав байг нь надад өгсөн. Тухайн үед би мотоцикль л унадаг, машин барьж чаддаггүй байсан. Тэгсэн харин хөдөө явж байхдаа 69-өөр чинь морь авчих уу гэхээр нь “тэг тэг” гэсэн юм.
-Тэр нь буурал морь уу?
-Тиймээ.
-Хаанахын адуу юм бэ?
-Дарьгангын адуу. Суманд ганц нэг айрагдаж байсан гэдэг. Тэр жилээ улсад уралдуулалгүй дан уяагаар Их хурдад айрагдуулсан нь тэр.
- Алтан-Овооруу ганцаараа явсан юмуу? 2004 онд давхар уяагаар анхныхаа айргаа авсан байх нь ээ?
-Аав Их хурд руу хээр болон бусад морио аваад явчихсан байсан үе л дээ. Тэгээд би халзан үрээндээ ажил хийж байгаад цэвэр цусны адуунуудтай анх уралдуулсан нь тэр.
-Яг цэвэр адуу байсан уу?
-Тиймээ, цэвэр адуу. Жоохон эвлүүлээд уяхад л айрагдаж түрүүлэхээр байсан юм. Түүнээс өмнө би 2001 онд Японд цэвэр цусны адуун дээр дадлага хийж байгаад ирсэн туршлага бас байлаа. Өөрөөр хэлбэл эрлийз адуутай нэлээн хөөрхөн харьцаад сурчихсан байсан.
-Японд хэр удсан бэ?
-Гурван сарын хугацаатай явсан юм. Тухайн үед Гарамжав гуай, талийгаач Ганболд ах нар намайг явуулж байсан.
-Жокейчин байсан байх нь ээ?
-Жокейн үнэмлэхгүй болохоор бэлтгэл хангагч байсан гэх юм уу.
-Олуулаа байсан уу?
-Бүүр ерэн хэдэн оноос манайхан яваад эхэлчихсэн байсан. Тэр жил нэгдүгээр сарын 9-нд дөрвүүлээ явж байлаа. Анх очсон ерөөсөө морь унуулдаггүй. Тэгсэнээ нэг номхон цагаан гүүг, долоо хоног жижигхэн хашаанд унуулаад, эмээлд сургахыг заадаг юмаа. Харин өнөө гурав маань бараг морь унадаггүй. Сүүлдээ намайг моринд муугүйг мэдчихээд ам нь хатуу, агсардаг, булгидаг болгоноо унуулдаг болсон. Тэгэхэд нэг өдөр амардаг байсан юм. Харин би юугаа ч хийж амрахав. Долоо хоногт долууланд нь морь унана, жүчээний хоёр өрөөгөө цэвэрлэнэ. Ингээд гурван сарын визний хугацаа дуусаад буцах болсон багш авч үлдэнэ гээд сандаргасан. Нэг өдөр багш Япон хүүхэнтэй ирснээ намайг “морио унаад ир” гэнэ. Унаж яваад мориноосоо буусан “чамайг энэ хүн морь сайн унаж байна. Визийг чинь жилээр сунгаад өгье. Үлдээч” гэж байна гэлээ. Гурван сар болоод л буцна гэж бодчихсон байсан болохоор яг тэр үед хэлэх үг олдсонгүй. Монгол руу ээж, аавтайгаа яръя гэлээ. Тэгээд тэдэнтэйгээ яривал хоёулаа “өөрөө л мэд” гэдэг байгаа. Тэгэхээр нь анхнаасаа л явна гээд бодчихсон байсан болохоор эргэлзэлгүй нутаг буцсан.
-Цаг тавирчихсан наадам дөхчихсөн байсан болохоор нутгаадаа яарсан байх л даа?
-Тийм шүү. Түүний дараа 2003 онд би Америк явсан юм. Мөн гурван сарын хугацаатай яваад найман сард ирсэн. Тэр жил Хүйн долоо худагийн анхны наадам байсан ч би үзэж чадаагүй. Ганцаараа хүний нутагт, “Монголд наадам болоод сайхан байгаа даа” гэж бодохоор сэтгэл тогтохгүй. Бараг л ухаан орохын наадмын амтыг мэдэрсэн хүн чинь үнэхээр хэцүү юм байна лээ. Хөдөөний хүмүүс чинь тэр болгон утастай байхгүй. Интернэтийг дөнгөж л ашиглаж эхэлж байсан үе болохоор хүссэн үедээ гэрийнхэнтэйгээ холбогдож чадахгүй. “ТВ-5”-ын интернэт мэдээ бас л сонин мэдээний нэг байлаа. Яг наадмын өдөр утсаар ярьж арай тайвширсан.
-Уйлсан байх даа?
-Бараг л уйлсан. Манайх чинь олон адуутай. Би орой болохоор адуугаа багширтал нь хураана. Мотоциклиор давхиад л бүгдийг нь хумина. Тэр нь нар жаргахын алдад өөрийн эрхгүй бодогдож, бүүр нүдэнд зураглагдана гээч. Түүнээс хойш  ахин  гадагшаа яваагүй.
-Тэгвэл Батбилэг гэж хүнд хариуцлага мэдрүүлсэн наадмууд хэдэн оноос эхэлсэн байдаг вэ?
-2005 оноос уяа тусдаа гарсан. Тэр онд Бал алаг гэж Батхүү гуайн соёолон алаг морийг уяад түрүүлгэсэн юм. 2006 он шиг санагдана. Хонгор морь улсад түрүүлсэн. Яах аргагүй л би өвлөөс авахуулаад өөрөө гардан уяаны бүх ажлаа хийсэн. Тэр жил бас Цэнгэл гуайн соёолон хээрийг өвөл нь  жоохон уяж байгаад тавьчихсан юм. Тэгээд хавар “Нийслэлийн хурд” болно гэх сургаар барьж авч уяад Далан дээр км гаруй хол түрүүлгэж байлаа. Мөн Хүйн долоон худагт болсон Түвдэн агсны наадмаар хол түрүүлгэсэн. Ингээд давхар уяатай улсын наадмын сунгаагаар долоо, наймаар л ирээд байна. Тэгэхэд Максын Сарт их хурдаан, өнгөлөөд л ороод ирнэ. Хүмүүс ч Сарт түрүү авах нь тодорхой гээд л өөр хоорондоо ярина. Ингээд дунд сунгаанаар  аав “их сунгаа хийгээд хэрэггүй. Бэлэн болчихож” гэнэ. Би ч их сунгаагаа тусад нь ганцааранг нь хийлээ. Хажууд нь дагаж яваад хөдөлгөөд үзсэн явж байна. Ирээд аавд хэлбэл “хээр морины чинь давхил нь орчихож. Явахаар болжээ” гэж хэллээ. Аавын үгэнд урамшсан би улсын наадамд ямар ч эргэлзээгүй мордуулсан нь тэр.
-Цэнгэл гуай магнай хагартлаа баярласан байх даа? 
-Ёстой санаандгүй юм болсон л доо. Цэнгэл гуай тэр хээрээ тоодоггүй байсан болохоор түрүүлчихнэ гэж бодоо ч үгүй байсан байх. Тэгтэл хээр нь түрүүлээд бөөн юм болохгүй яахав.
-Онон гуай бол таны уяаны эрдмийн багш. Гэхдээ ааваасаа санал зөрөөд алдаж оносон үе гарч байв уу?
-Ганц нэг тарган туранхайн ярианаас болоод зөрсөн юм бий. Тэрнээс нэг их айхтар бишээ.
-2014 онд бараг л зургаан насны морь айрагдуулах дөхсөн?
-Тиймээ, хул азаргаа зургаалуулж, их насанд Пүрэвбаатар ахын бор морийг гуравлуулж, сартай зээрд соёолон аман хүзүүдүүлээд Хакуход өгсөн. Харин хязааланд Янзага, хээр үрээгээ  тус тус гурав, таваар оруулж, шүдлэнд Пүрэвбаатарын загал үрээг аман хүзүүлгээд, Максын хар бор даагыг гурваар оруулж одтой сайхан наадсан. Бас тэр жил Дорнодын зүүн бүсэд очоод зургаан наснаас таван айраг авсан. 
-Аль нас айрагдаагүй билээ?
-Зээрд соёолон маань чөдрөндөө хөлөө халаачихаар нь мордуулаагүй юм. Хэрвээ мордсон бол айраг амсах байсан байхаа.
-Онон гуайд зургаан насны айраг түрүүг авч байсан тохиолдол бий юу?
-Байхгүй. Харин дөрөв, тав бол байгаа. Оныг нь санадаггүй ээ. Ямартаа ч азарга, их нас, соёолон, шүдлэн, хязаалан билүү даага оруулж байсан санагдана. 
-Бараг рекорд юм бишүү?
-Түүнээс өмнө 1982 онд Даваахүү гуай оруулж байсан.
-Тэр жил хул азаргыг бараг л түрүүлнэ гэж бодож байлаа. Тэгэхэд юун дээр алдсан гэж боддог вэ?
-Даваахүү гуайн Наран хонгор азарга түрүүлсэн жил шүү дээ. Хонгорыг дийлдэггүй юмаа гэхэд аман хүзүүдэхээр хурдан байсан. Сунгаан дээр эрлийз азарганы араас очиж тохоод хүрээд байсан юм. Урд хоёр жил айрагдахдаа тийм хурдан байж чадаагүй. Тэгэхээр нь найдвартай улсад бараг түрүүлнэ гэж бодчихсон чинь талаар болсон. Яахав болохгүй юм болдоггүй л юм билээ. Сунгаан дээр их хурдан байгаад, татаатайгаа яваад л гарч ирээд байсан болохоор хүү маань ч тэгээд л бодчихсон байж. Өөрөө зөнгөөрөө яваад гараад ирчихнэ гээд айхтар шахалгүй явсаар Цагаан хөтөл рүү алдчихгүй юу. Нэгэнт тийшээ алдаад буучихвал хүрч чадахгүй холдчихдог юм. Тэгж явсаар ес дээр орж ирээд дайраад зургаалсан.
-Уяачийн тань хувьд эрдэм ухааныг шаардсан ямар наадам байна вэ? Танд тохиолдсон бодит жишээ залуу уяачдад зөвлөмж болох болов уу.
-Аавын маань гучаад жилийн хөдөлмөрийн үр шимээр манай адуу сайжирсан. Сайн адуунууд ч төрж байна. Хаана ч очоод наадсан манай тамгатай адуунаас бараг айдаг болж.  Үеийн залуустаа аминчлахад адууг зөв л эдлэж, зөв засах хэрэгтэй. Уяандаа зөв сургачихсан адуу хурдан байдаг юм. Өвөл зөв сайхан эдэлчихсэн адуу, зуны уяандаа зөв шургачих юм бол эрчээ алдахгүй дээ. Тэрнээс буруудчихвал засахад хэцүү. Зөв эхэлнэ гэдэг нь тухайн адуунд ямар засал хэрэгтэйг мэдэрэхийг хэлж байгаа юм. Мэдээж энэ бол уяачаасаа шалтгаална. Гэхдээ хамгийн гол нь гэдэс л дээ.
-Хар гэдэс юм уу, эсвэл...?
-Хар гэдэс ч юу байхав. Адуу чинь хий, цараа суучихна. Тэрийг нь эхлээд засна. Хар гэдсийг нь авна. Хэрвээ нарийсчихвал яаж ч гэдсээр нь оролдоод нэмэргүй болдог гэмтэй. Тэгэхээр гэдэс, бие нь тавиу байхад засах хэрэгтэй байдаг юм.
-Өнөөдөр танай тамгатай адуунууд хаагуур хурдалж байна вэ?
-Бид жилдээ 100-гаад шахуу адуу гаргаж байна. Үүнийгээ зарж борлуулна. Бид чинь адуугаараа л амьдарч байгаа улс. Үүнээс өөр бизнес байхгүй. Өнгөрсөн жил давхардаагүй тоогоор улс бүсийн наадамд манай “данстай” 16, 17 адуу айрагдсан байна лээ.
-Жилдээ хичнээн унага авдаг вэ?
-Өнгөрсөн жил их сайн авсан. 200 гаруй унагатай. Энэ жил ч өмнөх амжилтаа бататгана л гэж үзэж байна. Гэхдээ чоно ихтэй болохоор хэцүү л дээ.
-Монгол орны  21 аймагт танай адуу байна уу?
-Сайн мэдэхгүй байна. Баян-Өлгийгөөс бусад аймагт нь очсон байх шүү. Бас Баянхонгор луу гаргаж байснаа санахгүй байна. Ер нь гайгүй сайн адуу гарчихвал сургаар нь хүмүүс хүрээд л ирдэг юм. Одоогоор хамгийн их нь Хөвсгөл рүү гарсан байна. Ер нь гарсан адуунууд маань сайн давхиж л байвал хөдөлмөрийн маань үр шим юм даа гэж баярладаг юм.
-Нууц биш бол дундаж адуу ямар ханштай вэ?
-Гурван саяас л эхлэнэ дээ. Бараг шүдлэндээ зарагдаад л дуусчихдаг юм. Тэгэхгүй бол азаргасаад адуу үймүүлээд байдаг болохоор амаргүй. Харин үлдсэнийг нь хөнгөлчихдөг.
-Гүү унагалахад өөрийн эрхгүй догдолно биз?
-Одоогоор аав, Болдоо хоёр Дорнодод адуун дээрээ байна. Би чинь хотод байгаа хүн шиг адуун дээрээ нэг их очиж амжихгүй юм. Намартаа л унага тамгалахад очдог болоод байгаа.
-Уяач хүний хамгийн жаргалтай үе нь хэзээ вэ?
-Мэдээж наадмын дараа. Өөрөөр хэлбэл 12-ны орой морь, хүүхэд эсэн мэнд, аваар осолгүй ирж, айраг түрүүтэй наадчихаад сэтгэл өег хэвтэж байх ч сайхан шүү.
-Хүүтэйгээ хамт оролцсон нэвтрүүлгийг үзээд “хүүгээрээ их бахархдаг юм байна” гэж бодсон.
-Аавдаа олон айраг, түрүү авчирсан бяцхан хүүгээрээ бахархалгүй яахав. 2013 онд хул азаргатайгаа улсад тавлаад ороод ирэхэд нулимсаа барьж дийлээгүй. Дараа нь Их хурдад дахин айрагдуулсан. Миний хүү чинь багаасаа морь унасан. Дөрөв, тавтайд нь өглөө морьтой хөтлөөд цэцэрлэгт нь хүргээд өгчихнө. Орой морьтойгоо очиж авна. Ингэж сургаж байгаад Есөнзүйлд болсон наадмаар анх удаа Мэндээ ахын хар морийг унуулсан.
-Хүүгээ анх морь унуулчихаад айж байв уу?
-Айх юу байхав. Би ч өөрөө хурдан морь унаж өссөн хүн. Тэгээд ч хар морь хүний оролцоогүй өөрөө гараад замаа олоод  явчихдаг ухаантай амьтан. Сул тавьчихсан ч давхиад ирнэ гээч. Тийм болохоор сэтгэл тайван байлаа.
-Эхнэр тань хаанахын хүн бэ?
-Бид нэг сумынх. Хөдөө өссөн болохоор эхнэр маань миний ажлыг сайн ойлгож дэмждэг. Найр наадмын үед хоол ундаа зэхэж, арын албыг хариуцдаг хүн дээ.
-Танайх хэдэн хүүхэдтэй юм бэ?
-Хоёр хүүтэй. Энэ зунаас Болдоогийн маань хүү  уралдаанчаар нэмэгдэж байгаа. Манай хоёрыг бодвол моринд нугасгүй нөхөр бий. Хэдэн адуугаа Билгээ ахынх, манайх, өвөөгийнх гээд сүрхий ялгана.
-Энэ цагийн шилдэг уяачид нэг гэрт өссөн байдаг. Ихбаяр, Батаа та гурав мөн тийм адуунд нүдтэй хүүхдүүд байв уу?
-Бараг л тийм. Манай Батаа эртэч хүүхэд байлаа. Хажууд нь Иеэ бид хоёр шөнө унтахгүй хөрвөөсөөр өглөө оройхон босно. Харин өнөөх маань эрт унтаад эрт босдогсон. Тэр үед  Иеэ, Батаа бид хэд мориныхоо хүүхдүүдтэй нэг гэртээ л бужигнана шүү дээ. Хавар адуу услаж байхдаа хэдүүлээ хуруудаж байгаад хожигдсон нь зайдан барьж аваад булгиулна. Иеэ их сайн булгиулдаг байсан. 
-Ихбаяр, Батаа  та хэд нас чацуу юу?
-Ихбаяр нэг дүү, монгол бичгийн ангид сурна. Харин Батаа бид хоёр чацуу. Бүүр нэг ангийнх. Анги үсрээд гурваасаа тавд орсон санагдана. Гэхдээ би ч айхтар сурлагатай байгаагүй ээ. Зургадугаар ангиасаа сургуулиас гарчихсан. Түүний дараахан Иеэ дөрөвдүгээр ангиасаа гарсан.
-Сурч төвдөхгүй байсан хэрэг үү?
-Хүүхэд байж дээ. Гэртээ харьчихаар буцаад явмааргүй санагдаад л тэр.
-Харин Батаа?
-Батаа найм төгссөн. Мөн л сургуулиас гарна гэж явтал мориноос ойчоод хөлөө хугалчихсан юм. Тэгээд хөлөө эдгээгээд буцаад сургуульдаа орсон.
-Одоо та хэд тавтай суугаад, халуун яриа өрнүүлж амжиж байна уу?
-Чадахгүй юмаа. Цаг зав гарахгүй явсаар бүүр холдчихож байх шигээ. Гэхдээ энд тэнд баяр ёслолоор таарахаараа хэсэгтээ л салж чадахгүй юм болно гээч.
-Одоо та хэн, хэний морийг уяж байна вэ?
-Пүрэвбаатар, Цанаа ах хоёрын морь байна. Дээр нь ганц нэг найзуудын маань адуу бий. Сүүлийн жилүүдэд аав морь уяхгүй байгаа болохоор олон адуу авахгүй байгаа. Аав зөвлөөд, би уяад л. Гэхдээ хүний адуу уях хэцүү. Өөрийн морь байгаад болохгүй бол тавьчихна. Харин нөгөө хүн тэгж бодохгүй шүү дээ. Үнэтэй авчихсан учраас хурдлуулах л ёстой, давхих л ёстой гэнэ. Уул нь давхиулчихмаар байдаг ч нөгөөдөх нь явдаггүй юм байна. Бас төвөгтэй л дөө. Яахав ойлгох хүмүүс бий.
-Залуу уяачдад зориулан зөвлөгөө нэлээд өгдөг бололтой.
-Хөвсгөлийн дөрөв, таван сум, Булган руу яваад ирсэн. Сүүлд хорин хэдэн үрээ Хөвсгөлд аваачиж  өгөөд буцахдаа Булганд болсон уяачдын зөвлөгөөнд оролцсон. Тэд хар гэдэсний талаар их асуух юм билээ. Хар гэдэс суучихаар уушгиндаа нөлөөлчихдөг гэмтэй. Тэгэхээр уушгийг нь эмчлэх хэрэгтэй гээд өөрийн мэддэгээ хуваалцсан. Үнэндээ хүн морийг төгс мэднэ гэж юу байхав. Үзэж харснаа, сонсож дуулсантайгаа нийлүүлээд барагцаагаар л ярьж байгаа юм.
-Ононгийн адуу аргагүй илүүрхэж байна. Сайн адуутай болохын тулд яах ёстой вэ? Зөвлөөч?
-Хүмүүс  “яаж морь уяж сурах вэ” гэж асуудаг. Зүй нь “яаж хурдан адуутай болох вэ” гэдэгт анхаарлаа хандуулах хэрэгтэй. Хурдан адуутай болчихвол морь уях тийм ч хэцүү биш. Тэгэхээр хамгийн эхлээд адуугаа сайжруулах зорилго тавих хэрэгтэй. Адуугаа сайжруулахад гүү хамгийн чухал үүрэгтэй. Яагаад гэхээр адуу эхийгээ татаж төрдөг. 1990-ээд оны эхэн үед манайх Гарамжав гуайнхтай ойрхон морио уядаг байсан юм. Гарамжав гуай өсгий цагаан хар азарга, Гоё хүрэн гээд эрлийз адуутай. Сунгахаар манай морьд тэд нарынх нь ар дээр ирдэг. Түүнээс улбаалаад л аав “ийм холын цустай адуутай болъё” гэж бодсон юм шиг байгаа юм. 1993 онд Баянцогт руу отроор явж ирчихээд хавар нь тухайн үеийн морин тойруулгын дарга байсан Даваадорж гуайтай ярьж байгаад 33 адуугаар тойруулга угшилтай 11 адуу сольж авсан. Одоо манайд давхиж байгаа бүх адуунууд тэгэхэд ирсэн гүүний төлүүд.
-11-ийн хэд нь гүү байсан юм?
-Ес нь. Нэг азарга, нэг шүдлэн үрээ бусад нь гүү ирж байсан юм. Хамгийн сайн төл өгсөн нь Солонго цавьдар халзангийн төл зээрд гүү. Түүнээс хурдан хул азарга маань гарсан. Хул азарганы төл нь  Сугарын хул. Тэр зээрд гүүнээс манай Янзага, Энхбаярын хамар цагаан зээрд, Сугарын зээрд гээд улсад айрагдсан гурван адуу төрсөн. 1994 онд Болдоо унаж айрагдуулж байсан саарал азарганд тавиад гарсан төлүүд нь.
-Алтангэрэлийн хүрнүүдийн эх нь мөн тэгэхэд ирсэн гүү юу?
-Тиймээ, хамар цагаан хүрэн гүү байсан юм. Би унаад хэд хэдэн удаа арав гаргаж давхиулсан гэдэг шарга халзан азарганд тавиад гарсан төл нь Гуулин зээрд. Гуулинг даага байхад нь эхтэй нь хамт Алтангэрэл ахад өгсөн. Гуулин зээрд даагандаа улсын наадамд наймаар давхиад, давхар уяагаар Дундговь аймгийн 60 жилийн ой говийн бүсийн уралдаанд түрүүлж, 2004 онд хязааландаа дөрөвлөөд АПУ-гийн Батсайханд очсон байдаг.
-Танайхаас очсон хамар цагаан хүрэн гүүгээ Мөнххаанаас авсан хүрэн азарганд хураалгаад хоёр хүрэн нь гарсан?
-Тэгсэн. Манайд бол дээр ярьсан зээрд гүү их хурд тарьсан. Тухайн үед зээрд гүүний ах гээд сохор ухаа азарга ирж байсан юм. Тэр азарганы охин төлүүд бас их хурд гаргадаг. Тэр үед эхийнхээ гэдсэнд ирсэн Майжгий гээд бор азарга болон шүдлэн үрээ нь азарга болж үр төлүүд нь одоо ч хурдалж байнаа. 
- Улсад айрагдаж, танайд хурд тарьсан саарал азарга тань хаанахын адуу гэдэг билээ?
-Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат Манлай уяач Даш агсны адуу. Хэнтийн Баянхутаг гаралтай  хурдан хонгор азарганых нь төл. Эх нь Манлайн Тожилын саарал гэдэг азарганы төл байсан гэдэг юм. Манайх 13,14-тэй азарга авч байсан.
-Танайд ирэхээсээ өмнө ямар амжилт үзүүлээд байсан бэ?
-Улсын наадамд дандаа  арав гаргаж давхидаг байсан юм билээ. Авсан жил нь би унаад есөөр, дараа жил нь Болдоо унаад дөрвөөр давхиулсан. Түүнээс хойш дөрөв, таван жил гүү хураахдаа олон сайхан төл өгсөн дөө. Би сая адуун дээрээ байж байгаад ирлээ. Аав бид хоёр тоолсон манайд энэ саарал азарганы удмын 10 азарга байна. Азарга тавих гэж байгаа нь нэлээд хэдэн үрээ байна.Сүүлийн үед үр төлүүд нь дээд талаа дагаад саарал болж гараад байгаа.
-Тойруулгын 11-ээс гадна өөр хаа хаанаас адуу авсан бэ?
-Миний мэдэхийн хоёр Сундуйн адуунаас бий. Галшарын дураараа Мийгаа гэж хүний адуунаас нэг охин хүрэн даага авчирч байсан. Тэр хүрэн гүүний төлүүд мөн сайн давхиж байгаа. Авзагын Мэндбаярын бор тэр хүрэн гүүний охин төлөөс нь гарсан. Мөн Хэнтийн Баянхутагийн хар Батжаргал гэдэг хүний адуунаас бас нэг хүрэн гүү авсан. Түүнээс Болдоогийн хээр азарга гарсан. Манайх сайн гүү цуглуулж чадсан. Түүнийхээ хүчээр түрүүн өөрийн чинь хэлсэнчлэн адуу очсон газар бүртээ хурдалж байгаа юм.
-Саалиа бэлтгэхээр саваа бэлд гэдэгчлэн юун түрүүнд сайн гүү цуглуулах ёстой юм байна?
-Азарга тавихдаа ч гэсэн эхийг нь ямар гүү байсан билээ гэж бодох хэрэгтэй. Яагаад гэхээр гарсан төлүүд нь эмээгээ татаж төрдөг. Өөрөө сайхан азарга байсан ч эх нь тааруу бол төлүүд нь тийм гарах жишээтэй.
-Ингэхэд танайх ер нь ямар ямар азаргатай байсан юм бэ?
-Тойруулгын гурван азарганаас өмнө нэгдлийн адуунаас азарга  тавьдаг байсан байх. Түүн дээр улсад айрагдсан саарал, миний унадаг байсан шарга халзан азарга нэмэгдэнэ.
-Ингэхэд шарга халзан чинь хаанахын адуу вэ?
-Хурц сайдын шарга азарганы хамгийн сүүлийн төл.
-Адуугаа чанаржуулах, хурдлах чадварыг нь нэмэгдүүлэх гэхдээ цусанд нь буцааж оруулах аргыг түлхүү ашиглах болж. Танайх хэд дэх үе дээр нь буцааж нийлүүлдэг вэ?
-Янз янз л байна. Хоёр гурван үе холдуулаад эргүүлээд нийлүүлчихэж ч байна. Тэглээ гээд муудчихсан юм алга. Гэхдээ хэт ойртуулбал туниа муутай, хэврэг адуу гарна. Дөрөв, тавдугаар үе дээр нь цусанд нь буцаагаад оруулахад сайн чанаруудаа хадгалж төрөөд байх шиг ажиглагддаг шүү. Мэдээж төрсөн болгон нь хурдална гэсэн үг биш шүү. Хүмүүс тэгж ташаа ойлгоод байх шиг санагддаг юм.
-Эрлийзжүүлгийн ажлыг хэзээнээс эхэлсэн бэ?
-Зарим хүмүүс манай адууг тэр чигээрээ эрлийз гэж боддог юм шиг байгаа юм. Тэгээд адуун дээр ирж үзчихээд “тэгтлээ эрлийз юм алга” гэдэг. Шударгаар хэлэхэд манай адууг хурдан болохоор эрлийз гэж харддаг юм болов уу. Болдоогийн хээр азарга гэхэд монгол адуу. Тойруулга адууны холын цустай. Тэгэхэд л хүмүүс  фэйсбүүкээр “эрлийз” гээд л бичээд байдаг. Наран хонгор,  манай Янзага бүгд л тойруулга цустай адуу. Хэдийгээр хурдан ч нэгдүгээр үеийн эрлийзтэй уралдаж чадахгүй. Харин хоёр дугаар үетэй бол уралдчих байх.
-Миний асуултын оновчтой хариулт биш л байна?
-2004 оноос цэвэр адуу оруулж ирсэн. Бадамсүрэн гуайтай хамт явж ОХУ-аас авчирсан үрээ 2004 оны Алтан-Овооны наадамд түрүүлж байсан. Тэгэхэд орж ирсэн адуу ихэнхи нь Араб. Тэдний төлүүд 2007 оноос давхиж эхэлсэн. Мэндбаярын бор, Бандгаан ногоон гээд анхны 50 хувийн цустай тэр үе хамгийн хурдан адуунууд гарч ирсэн. Тэр үед эрлийз буюу цустай адуу цөөхөн байсан. Харин одоо улсын наадамд уралдаж байгаа 200-гаад дааганы Монголыг нь тоолоход илүү хялбар болж. Худлаа ярьсан хүнд монгол даага бараг байхгүй байна.
-Одоо хэддүгээр үеийн эрлийз адуунууд гараад байна вэ?
-Одоо манайд 25, 50 хувийн цустай азарганууд байна. Эрлийз адуунаас уралдаж байгаа нь ганцхан Үзмэн бор. 50 хувийн цустай адуу шүү дээ. Дааганаасаа эхлээд улсын наадамд айрагдаж байгаа.
-Ялгалтын тухайд хүмүүс өөр өөр байр суурьтай байдаг. Манлайн хувьд...
-Цаг хугацааны л асуудал даа. Сэрвээний өндрөөр ялгая гэхээр жижигхэн биетэй эрлийзүүд орчих гээд ялгахад бэрх л байдаг бололтой. Уг нь 50 хувийн цустай буюу нэгдүгээр үеийн эрлийзүүдээ уралдуулахаа больчихвол заавал ялгах албагүй л дээ.
-Яг шударгаар хэлэхэд танайх нэгдүгээр үеийн адуу уралдуулж байв уу?
-Дааганд бол ганц нэг орсон. Түүнээс Янзага, Сартай зээрд эд нар бол тойруулга цустай адуунууд. Тийм байхад л хүмүүс итгэдэггүй. Худлаа ярьдаг  гэж боддог юм байлгүй.
-Үржүүлэгт ашиглаж байсан гадны адуунуудаас аль нь илүү нийцтэй санагддаг вэ?
-Нутагшихын хувьд аль нь ч адилхан, гайгүй. Англи нь амархан хөлөө авчих гээд байдаг талтай. Илүү хурдтай болохоор тэгдэг байх. Харин Араб адуу бол холч буюу тэсвэр хатуужил талдаа илүү. Англи адууг эрлийзжүүлэхэд өөрийн хэв шинжээ алдах нь элбэг юм. Өөрөөр хэлбэл хоёрдугаар үеийн эрлийз адуу монгол талаа илүү татаж гарах жишээтэй. Гэтэл Араб адуу хэлбэр хийц өөрийн хэв шинжээ хадгалж төрөх нь элбэг.
-Бидний урилгыг хүлээн авч цаг зав гарган ярилцсанд баярлалаа. Хурдан тууртын босоо цагаан хийморь таныг, таны үр хүүхдүүдийг, гэр бүлийг өнө мөнхөд ивээж явах болтугай.

"Тод магнай" сэтгүүл

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна