МУ-ын Алдарт уяач А.Ариунсайхан: Миний шарга морийг Онон ахаас эхлээд том уяачид их тоодог байсан

Тэлмэн
2017 оны 3-р сарын 07 -нд

Үеэлүүд төрийн наадмын түрүү хүртсэн түүх тийм ч олон давтагдахгүй байх. Энэ ховорхон түүхийн эзэд бол АХ-ын 77 жилийн ойгоор халиун морио түрүүлгэсэн /1998/ Говь-Алтай аймгийн Жаргалан сумын уугуул, нийслэлийн Алдарт уяач Дашнямын Зандансүрэн,  2012, 2014 онуудад Хөөрхөн зээрд азаргаа төрийн наадамд түрүүлгэсэн  МУ-ын Алдарт уяач Анандын Ариунсайхан нар юм. Хурдан зээрдийнхээ буянаар төрдөө үнэлэгдэж, түмэндээ хүндлэгдсэн залуу Алдартын яриаг уншигч танаа хүргэе. Таалан соёрхоно уу?
-Говь-Алтай аймгийн Жаргалан сумын уугуул хэмээн цоллуулдаг. Хасагт хайрханы хүү байх нь ээ?
-Миний аав Дашхүүгийн Ананд 1939 онд Говь-Алтай аймгийн Жаргалан сумын нутаг дахь Бүрэн хайрханы бэлд төрсөн гэдэг. Янжмаа эмээгийн ярих нь тэднийх зундаа Бүрэн хайрхандаа, өвөлдөө Жаргалан хайрханыхаа бэлд өвөлждөг байсан гэнэ лээ. Миний эмээ 100 насалсан сайхан буурал. Амьд сэрүүн ахуйдаа “миний хүү Бүрэн хайрханаа дээдэлж яваарай” хэмээн захидаг байсан юм. Эрхи эргүүлээд суудаг шүтлэгтэй буурал байж билээ.Өөрөө манай нутагт очиж үзсэн үү?
-Үзээгүй ээ, одоо л очих санаа байна
-Хажуугийн уулнуудаасаа намхан, Завхан голоо хараад зогсчихсон юм шиг жаахан хайрхан байдаг юмаа. Яагаад Бүрэн нэртэй болсон юм бэ гэхээр Хатанбаатар Магсаржав зугтаж яваад цэргүүдээ тэнд очиж тоолсон юм билээ.Тэгээд бүрэн байна хэмээн үзэж тэр цагаас нутгийн жаахан хайрханыг Бүрэн хэмээн нэрийдэх болсон гэдэг.
-Ананд гэхээр нь аавыг тань залуухан хүн байна даа гэж боддог байлаа?
-Та нарын үеийнхэн Ананд гэдэг нэрийг сүүлийн үеийн гэж ойлгодог юм шиг байгаа юм. 1930, 40-өөд оны үед ч хүүхдүүдэдээ ийм нэр өгдөг байж. Миний аав эцэг эхээс зургуулаа. Аавын хамгийн том ах нь Чүлтэм, дараагийн ахыг нь Рагчаа гэдэг. Нутагтаа үлдсэн ганц ах нь. Аавын эгчийг Рэгзэнбадам,отгон дүүг нь  Баярсайхан гэдэг. Рэгзэнбадам эгчийн хүү Зандансүрэн ах улсын наадамд Говь-Алтай аймгаас анхны их насны морь түрүүлгэсэн.
-Таны аав ямар мэргэжилтэй ямар ажил алба эрхэлж байсан юм бэ?
-Манай аавын хувьд Москвад барилгын их сургуулийг төгссөн, насаараа барилгын суурь цэвдэг судлаач эрдэмтэн доктор хүн байсан. 1997 онд инженер геологийн өрөмдлөгийн “Сойл трейд” компанийг  үүсгэн байгуулсан.
-Ариунсайхан Алдарт эцэг эхээс хэдүүлээ билээ?
-Бид бас эцэг эхээсээ  зургуулаа. Миний том эгч Ариунаа, том ах Ариунболд, дараах ах Ариунбат, охин үү Ариунжаргал болон отгон дүү Батсайхан юм.
-Танаар төсөөлж бодвол нуруу туруу сайтай л хүмүүс байдаг байх 
-Манайхан ер нь чацтай шүү.
-Дээдсийнхээ нутгаар овоглодог болов ч Алдарт хотын хүүхэд юм байна шүү дээ?
-Тиймээ. Би 40 Мянгатад төрж өссөн, Зөвлөлтийн 3-р сургуулийг төгссөн, Москвагийн Олон Улсын Их Сургуульд сурч байгаад 2000 онд ТИС-ийг геологийн мэргэжлээр төгсгөсөн юм. Сойл Трейд компанийг анх үүсгэн байгуулагдснаас хойш ажиллаж байгаа. Миний аав 10 гаруй настай байхдаа 1950-аад оны үед Улаанбаатар хотод ирсэн гэдэг. Гэхдээ моринд их дуртай хүн байсан шүү. Хүүхдээ дагуулаад Яармаг явж уралдаан үздэг. Автобусанд суугаад арай багыг нь мөрөн дээрээ суулгаад, бусдыг нь хөтлөөд дагуулаад явна. Тэгж байснаа соёолонгийн хөлс авахаар “эндээ байж байгаарай” гэж хэлээд биднийг орхиод гүйчихнэ. Эргэж ирээд хөлсөнд нь хүрсэн гараа бидний толгойд үрээд “за одоо сайхан болсон” гэдэгсэн. /инээв/
-Сэхээтэн тэр тусмаа эрдэмтэн хүн барагтай тэгэхгүй цаг...? 
-Надад “За миний хүү хурдан морь гэдэг чинь салтаа нь ийм байдаг юм. Тэр нь тийм байдаг” гээд зааж өгнө. Би ч бас дуртай байсан юм байлгүй. Зандансүрэн ахын халиун морийг Улсад түрүүлэхэд бид очоод бөөн баяр хөөр болж байснаа мартдаггүй юм.
-Багадаа морь унаж байсан уу?
-Муу, муу. Том биетэй өндөр болоод тэгдэг үү эвсэл муутай. Өнгөрсөн жил Говь-Алтай аймагт болсон баруун бүсийн уралдааны үер тус нутгаас төрсөн улсын цолтой уяачдадаа хүндэтгэл үзүүлж, эмээл хазаартай иж бүрэн морь бэлэглэсэн. Жаргалан сумаас бэлэглэсэн мориныхоо олмыг сайн таталгүй мордоод уначих дөхөхөөр нь буугаад хөтөлчихсөн.
-Би хувьдаа Хөөрхөн зээрд улсад зургаалсан 2010 оноос Ариунсайхан гэдэг хүнийг гадарлах болсон. Хэдий үеэс таны нэртэй морьд уралдаж эхэлсэн юм бэ?
-2006 онд юм байна. Аав маань хавдар тусчихаад бие нь тааруу. Бид өвчнийх нь талаар хэлээгүй байсан үе. Би аавтайгаа зөвшилцөж байгаад Төв аймгийн Эрдэнэ сумын уяач Жагаагаас талийгч Даваасамбуугийн адууны угшилтай хонгор азаргыг 69-өөр солиод авчихсан. Түүнийгээ Төв аймгийн Мөнгөнморьт сумын харьяат МУ-ын Алдарт уяач Сүндэв гуайн дунд хүү Баярсайханыд аваачиж  тэжээгээд, хавар нь онгойлгочихсон. Бид хуурай ах дүүс л дээ. Зун нь Эрдэнэ сумын наадамд уралдуулах гэж авчраад өмнө нь хуучин Эрдэнэд болсон сунгаанд мордуултал Төв аймгийн 80 жилийн ойгоор түрүүлдэг Тодоогийн /Гэсэрваань Манлайн зээ хүү/ хүрэнийг дийлээд түрүүлчихдэг юм. Тодоо тэр доор зогсочихсон “Сайхнаа чиний хонгор чинь энэ жил хурдан байгаа юм байна даа” гэж байна. Бөөн баяр хөөр болсон хүн хариад аавдаа хэлтэл маш  их баярласан. Баярлаж байгаа нь илт. Тэгж байтал Эрдэнэ сумын наадмын өмнө нөгөөх маань азаргатай зодолдож бариулаад зөндөө хазуулчихлаа. Залуу туршлага муутай хүн чинь яахав хайж байгаад нэг тос олж, түүнийгээ шахаж байгаад уралдуулсан чинь зургаалчихсан. Миний уяач болсон түүх нэг ийм. Дараа жил нь Балжинпүрэвийн Мөнгөн-Оньс гээд “Их хурд-2”-т Бөмбөг халзан морио таваар давхиулсан найзаасаа тойруулга угшилтай ээж, охин хоёр бор гүү авлаа. Том бор нь Онон ахын адууны гаралтай. Онон ах Балжинпүрэв гуайд бэлэглэсэн юм билээ. Одоо сайхан цагаан гүү бий.
-Хэдэн онд хийгдсэн наймаа билээ?
-2007 онд. Дараа жил нь том бор гүүний төл шарга морио авсан юм.
-Шарга мориныхоо талаар жаахан дэлгэрүүлээч?
-Тэр жил би бас Америк явчихсан эзгүй. Хавар нь шарга морь их хурдан байгаад Тэрэлж, Эрдэнэ, Багануур хавиар нэлээд хэд түрүүлчихсэн. Намайг зургаан сард ирсэн найз маань “ бор гүүний төл сайн соёолон байна” гэж байна. Түүнийг нь аваад Ганбаа ахдаа хэллээ “би нэг соёолонтой болсон. Энийгээ аваачиж улсад уралдуулдаг юм уу” гээд.
-Тод манлай уяач уу?
-Тиймээ, “Макс” галд орчихсон байсан үе л дээ. Ганбаа ах өөрийнх нь ухаа халзан хурдан байсан болоод тэгсэн үү “тодорхой адуу л улсад ирдэг юм шдээ” гэсэн утгатай үг хэллээ. Эрдэнэ хавиараа хэд хэд түрүүлчихсэн, дээр нь тойруулга угшилтай болохоор би хувьдаа шарга мориндоо найдлага тавиад байгаа. Сунгаанд Дуламсүрэн Тод манлай, Баттөмөр Манлайн морьдтой сунгахад миний шарга морь түрүүллээ.
-Ганбаатар Тод манлайн Ухаа халзан яаж давхихав?
-Ухаа халзан Бандгаа Ганхуяг дээр уягдаж байсан, тэр сунгаанд мордоогүй. Харин тэр жил улсад таваар давхидаг Баттөмөр гуайн алаг морь сунгаанд хол түрүүлсэн. Миний шарга соёолон ч бас их хурдан 200 метр тасарч түрүүлсэн.
-Хэн уяж байсан юм бэ?
-Мөнгөн-Оньсын дүү Мөөжиг гээд залуу. Онон Тод манлай дээр морио уядаг. Би туршлага муутай уяачийнхаа үгийг л дагана. Их сунгаанд шаргыгаа мордуулаагүй. Ухаа халзан ирээд хол түрүүллээ. Ганбаа ахад баяр хүргэхээр яваад очсон  “яагаад шаргыгаа мордуулаагүй юм. Явуулж байгаад дундаас нь татуулчихгүй” гээд зэмлэсэн. 
-Яагаад мордуулаагүй юм бэ?
-Манай уяач “хавар баахан уралдчихсан нимгэн байна. Энэ удаа өнжөөгөөд амраачихъя” гэсэн юм. Тэгээд улсын наадмаар гурав, дөрвөөр давхиж байгаад сууж амарч байгаад дахин урагшилж есөөр давхисан. Туршлагагүйгээсээ болоод тийнхүү анхны айргаа алдчихлаа. Дараа жил нь хавчиг морь өнжөөгөөд. 2010 онд долоотой морь хавар “Нүүрэнтэйн хурд”-д түрүүлсэн. Би бас Америк явчихсан эзгүй. Зун нь Архустын 50 жилийн ойд уралдаад түрүүлж. Тэгсэн морь будилсан гээд тооцоогүй юм билээ. Мөөжиг нар руу нэлээд гомдолтой ярихаар нь “тэгвэл одоо уралдуулаад дэмий” гэсэн юм. Нөгөөдөр нь залгасан “Мөөжиг ах наадаад явчихсан” гэж байна. Орой нь залгасан “шарга морь ахиад түрүүлчихлээ” гэсэн. Тэр уралдаанд Барилга хот байгуулалтын дэд сайд Лхамсүрэнгийн хар морь аман хүзүүдсэн юм билээ. Сая уулзсан “миний хар морь их хурдан байсан. Хоёр ч удаа гүйцэх гээд дийлээгүй шүү” гэж байна лээ.
-Улсад уралдсан уу?
-20 гаргаж давхисан байхаа. Дараа нь “Их хурд”-д  уралдаж байгаад эндэхээ шахсан. Улсын наадмаас хойш ерөнхийдөө хэвтээд байсан юм. Бид нэг их юм бодоогүй. “Их хурд”-д Максын Өөдөсөөр унуулаад мордуулсан. “Туушин”-гийн Зоригтын хар морины араас тохож очоод, тохож очоод байснаа сууж долоо найм руу орчихсон. Ганбаа ах бид нар дагаж явсан  болохоор “шарга ч нэг их явахааргүй болчихлоо. Болих уу даа” гээд Өөдөст хэлтэл татчихсан. Тэгж байтал цагдаа ирээд биднийг хөөгөөд явуулчихлаа. Ирээд хүлээж байсан Ариунсайханы шарга морь 21-т орлоо гээд зарладаг юм. Татуулчихсан байхад яаж 21-ээр ирэхийн гэж байтал Өөдөс харин жаахан амрааж байгаад явуулчихсан байсан. Тэгээд тэр намаржингаа хэвтээд, Цэрэндорж  эмчийг аваачиж үзүүлсэн цусны шинжилгээ аваад булчингийн үхжилт болсон байна гэсэн. Дахин сэргэдэггүй өвчин юм билээ. Өдөрт ганц нэг удаа хөл дээрээ босож жаахан зайлаад дахин хэвтэж, тэр хавийнхаа өвсийг зулгааж идээд, дахин босож өөр газар очоод хэвтдэг. Иймэрхүү маягтай өдөр хоног өнгөрөөж, чоно идчих вий гээд эмээж байтал намраа барчихсан. Тэгэхээр нь Өлзийт хороололд авчраад хашаанд оруулж витаминаар бөмбөгдсөн, босоод ирсэн.
-Уралдах боломжгүй биз дээ?
-Нэг уралдуулж үзсэн хоёр гурван км орчим яваад л суучихсан.Тэр жил өвдөхдөө туурай нь бага багаар ургасаар байгаад бүрэн солигдчихсон.
-Уучлаарай, шарга морь чинь одоо бий юу?
-Бий, бий. Хааяа ойр зуурдаа унана.
-Сайн адууны хэргийг гаргаж чадсангүй дээ гэж бодогдох уу?
-Тиймээ. Миний шарга морийг Онон ахаас эхлээд том уяачид их тоодог байсан шүү.
-Шаргын дараа ямар адуугаар наадлаа?
-2008 онд “Ирээдүйн түмэн эх” 1000 долларын бооцоот  уралдаанд миний Хөөрхөн зээрдийн эгч аман хүзүүдсэн. Америкаас ирчихээд Дүнжингаравын сунгаан дээр Максын машинд ороод суусан Тод Манлай уяач Алтангэрэл сууж байсан. Нөгөө хоёр гүүнээс чинь ямар унага гарсан бэ” гэхээр нь “хоёр охин унага гарсан” гэсэн. Эцэг нь юу юм гэж байна. Онон ахын Магнай халзан гэсэн сүртэй нь аргагүй өндийж ирснээ “ах нь 1000 долларын бооцоотой дааганы уралдаан зохиох гэж байгаа. Эр охингүй уралдана. Чамайг залуу хүүхэд гээд 800-гаар бүртгэе” гэсэн.
-Тод манлайн зөвлөсөнчлөн “Ирээдүйн түмэн эх”-д бүртгүүлж...
-Америк явахаасаа өмнө бүртгүүлчихээд, Максын хашаанд оруулсан юм. Сар тэжээгээд уралдахад аман хүзүүдсэн.
-Аман хүзүүдсэн дааганд хэдийг өгдөг юм бэ?
-10000 доллар.Тэр зээрд даага маань одоо сайхан гүү болчихсон.Энэ жил төлүүдээс нь уралдуулнаа.
-Хөөрхөн зээрдийн чинь эх аль бор нь билээ?
-Бага бор нь. Бор гүүний эцэг нь Ц.Онгуу Манлайн угшилтай улсад соёолондоо зургаалсан шарга азарга. Хөөрхөний маань эцэг нь Макс ах нарын маань Араб хээр азарга юм. Зун нь улсын наадмаар бор гүүний төрсөн дүү шарга соёолон морио есөөр давхиулсан юм. Мөн хүрэн даага маань 18-аар орж байлаа. Хөөрхөн зээрд маань 2010 оны Улсын наадамд сөнгө даага зургаагаар давхиад, Говь-Алтай аймгийн 70 жилийн ой, баруун бүсийн уралдаанд унаган зээрд даагаа гурваар давхиулж аавынхаа нутаг усны нэрийг гаргаж анхны айргаа авсан. 
-2011 онд уралдсан юмуу ?
-Улс даяараа бүх морьд ханиад хүрч уралдаагүй
-2012 онд улсад түрүүлээд  хэдхэн хоногийн зайтай төвийн бүсийн уралдаанд дахин түрүүлсэн.
-Тэгсэн. 2013 онд болохоор Дүнжингаравт зургаалаад, улсад гурвалж, Завханы даншигт аман хүзүүдсэн. 2014 онд болохоор Дүнжингаравт зургаалаад, улсад түрүүлж, Ламын Гэгээний ойд бас түрүүлсэн. Тэр жил би Баянхонгороос гурван түрүү авсан ш дээ.
-Эрлийз адууг олон уралдах чадваргүй гэлдцэг. Хөөрхөн зээрдийн хувьд дааган цагаасаа эхлээд уралдаж байна. Хөл нь гайгүй юу?
- Хөл нь муу. Нэг удаа бүр хөл нь цуурчихсан байсан. Тэгээд өвөл нь уяхгүй өнжөөгөөд зун нь  нимгэн байлгаж байгаад улсын наадмаар тавьсан зургаалчихсан.Тэгсэн Онон ах “энэ жилдээ тавьчихаад дараа жил сайхан уралд” гэж зөвлөсөн юм. Гэтэл ММСУХ-ны 20 жилийн ойгоор хамгийн хурдан хүлэг шалгаруулах уралдаан болно гэж дуулдаад зургаан хоногийн өмнө бариад уяачихлаа. Тэр жил их гантай байгаад аажуу ногоо гарсан ш дээ. Адуу ногоонд цадаад бяр орчихдог юм байна лээ. Их гоё болчихсон байсан. Нэг шөнө авч хоноод, нэг удаа давхил хийгээд Чойр луу аваад очсон Онон ах харчихаад “яагаад энийг аваад ирэв. Хэдэн км давхиулсан” гэж байна. Долоо, найм  км л давхиулсан гэсэн “тийм байхаа их гоё болсон байна” гэсэн. Тэгээд тавьсан Булганд түрүүлдэг хонгор морийг арай дийлэлгүй, аман хүзүүдсэн дээ. Арга ч үгүй байлгүй дээ, ажил дутна ш дээ.  2016 онд харин Говь-Алтайд болсон баруун бүсийн уралдаанд  ёстой км шахуу хол тасарч түрүүлсэн дээ. 
-Манлайн болзолд оччихсон юм уу?
-Нэг дутуу байгаа. Одоогоор улс, бүсийн чанартай уралдаанаас долоон түрүү, дөрвөн айраг хүртээд байна.
-Эмээгийнхээ захиасыг  биелүүлж Бүрэн хайрхандаа бараалхаж байгаа юу?
- Жил алгасаад очдог. Гурван жилийн өмнө сумынхаа 90 жилийн ойгоор очсон. Сая даншигийн дараа очсон.90 жилийн ойгоор Анандын хүүхдүүд бид аавынхаа гэгээн дурсгалд зориулж нутагтаа хийд барьж өгсөн.  Манай Жаргалан суманд хийд байгаагүй юм.
-Таны морьдын уяа сойлгыг хэн тааруулдаг юм бэ?
-Анх миний морьдийг Төв аймгийн Эрдэнэ сумын Н.Мөнх-Эрдэнэ (Мөөжиг) дүү уядаг байсан. 2010 оноос хойш миний үеэл дүү аймгийн Алдарт уяач Золзаяагийн Алтан-Эрдэнэ уяж байгаа. 2015 оны ММСУХ-ны шилдэг уяачаар шалгарсан.  Мөн Жаргалангийн садан дүү Улаанаа, Санжаа нар маань тусалдаг юм.
-Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
-За баярлалаа.

А.Тэлмэн

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна