Аймгийн Алдарт уяач Б.Ууганзаяа: Миний бор морины амжилтыг эвдсэн хүн аймагт гарлаа гэж би сонсоогүй

А.Тэлмэн
2017 оны 3-р сарын 23 -нд

Увс аймгийн Тэс сумын уугуулл, аймгийн Алдарт уяач Б.Ууганзаяагийн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Хэдэн онд аймгийн Алдарт уяач болж байв. Томоохон амжилтуудаасаахуваалцаач?
-Аймгийн Алдарт уяач болоод дөрвөн жил болж байна. Энд миний бор морь, халиун морины амжилт жин дардаг юм. Бор морь даагандаа Өлгий сумын 50 жилийн ойд дөрөвлөж, аймагт түрүүлээд, үрээндээ Малчин сумын 70 жилийн ой, Зүүнговийн сургуулийн ойд аман хүзүүдэн, аймагт түрүүлсэн. Харин дөнөндөө 2011 оны даншгийн өмнөх сорилго буюу хаврын бооцоот уралдаанд түрүүлж, даншигт гарсан. Халиун морь болохоор найман медальтай. Аймагт хоёр удаа зургаа авсан бол Наранбулаг, Тэс сумын ойд айрагдаж байлаа. Би ер нь Наранбулаг, Малчин, Зүүнговь, Хяргас гээд тойрсон хэдэн сумандаа айраг хүртээд л явдаг хүн. Нэг жил цэргийн алба хаасныг  тооцохгүйгээр морь уяад 15 жил болж байна. Бүр хоёрдугаар ангидаа сургуулиас гараад л адуутай хөөцөлдлөө шүү дээ.
-2011 оны баруун бүсэд хэдэн насны хичнээн морь уясан юм бэ?
-Тэр жил их нас будилсан шүү дээ. Тэр будилаан болоход халиун морь дөрөвт хурдлаад, маргааш нь дахиад тавьсан 34-өөр ирсэн. Энэ нь мориндоо төвөгтэй, дахиад гүйж өгөхгүй болчихдог юм байна лээ. Хөөрхий хөл нь сарвайчихсан орж ирэхийг хараад өөрийн эрхгүй өр өвдсөн. Адууг хамаагүй уралдуулж болохгүй юм байна. Өнжөөтэй уралдах ёстой гэдгийг бүр хатуу ойлгосон. Уг нь бид морио үсэргэсэн ч заавал өнждөг байхгүй юу. Би ч аймгаасаа гарч наадам хэсдэггүй. Үнэндээ манайх наадмаа сайн хийж чадахгүй байгаа юм. Сая төвийн бүсэд очсон чинь ямар ч зохион байгуулалт алга. Амаа булаадаг, хүүхдээ аваад хурдалчихдаг морь авч очсон би хөтлөөд төхөөрөмжнөөс гаргачихъя гэсэн хэдэн цагдаа нь оруулахгүй гэж байна. Уг нь таван морин дунд нэг хүн явж болно шүү дээ. Улсын наадмыг харж байхад морио хөтөлж аваачаад төхөөрөмжинд оруулаад тавьдаг юм байна лээ. Манайд бол доошоо гүйсэн засмалыг морь хөтөлсөн хүн давах юм бол цагдаа бариад бараг хорих юм байхаа.
-Тэгээд хэр наадсан бэ?
-Морьд муугүй ирсэн. Гэхдээ зарим морь нь хариу давираад, хүүхдээ унагааж, бэртээгээд орж ирж байна лээ. Эргэлт бол үнэхээр хэцүү. Гүйцэд хүрээд эргэсэн бол шал ондоо л доо. Манай газрыг боломжтой л гэж бодож байгаа байх. Харин миний хувьд боломжгүй гэж боддог. Ганцхан бид морио уралдуулж байгаа биш шүү дээ. Бас миний төлөө ч наадам хийж байгаа юм биш. Өнөөдөр  миний морины хөлийг авахгүй байсан ч  хэн нэгний морины хөлийг авах аюултай учраас л би ийнхүү ярьж байна.
-Та бүхэн энэ талаараа аймгийн уяачдын холбоондоо хүсэлтээ тавьж байв уу?
-2011 онд би тусдаа ирж оролцсон юм. Тэгсэн миний морь түрүүлээд ороод ирсэн манайхан намайг булаацалдаад бөөн юм болсон. Бүгд  л манай галд орооч гээд л. Тэгээд би хар Цогоогийн галд орсон ч одоо нам жим. Энэ мэтээр тухайн үедээ оволзоод л таг болчих юм.
-Одоо тэр гал бий юу?
-Би мэдэхгүй байна. Хөдөөгийн буйдхан хээрийн газрын бид ямар ч толгойгүй улс л яваад байна. Наад зах нь өвөлжин хивэг, овъёос өгчихөөд, тэжээлийн хордлогыг нь тайлж чадахгүй байгаа юм. Би жишээлбэл, найман жил тэжээсэн бор мориныхоо хордлогыг тайлж чадахгүй байна. Одоо уралдуулахаар дальдраад хөлөө өргөөд байх юм Үсэргээнд бол яах ч үгүй атлаа том баярт орохоор ирээд хэвтчихдэг.
-Мэргэжлийн хүнд хандаж үзсэн үү?
-Манай багт хавартаа нэг гарч ирж мал тарьдаг малын эмч бий. Өөр хүн байхгүй шүү дээ. Даншигт түрүүлж байсан энэ сайхан буяндаа үнэхээр санаа зовж байна шүү. Энэ мэтээр хөдөөгийн бидэнд ойртсон мэргэжлийн үйлчилгээ, мэдээ мэдээлэл их хэрэгтэй байна.
-Бор морь таны унаган адуу юу?
-Тиймээ, унаган адуу. Эцэг нь манай тольтой хүрэн азарга, харин эх нь одоо 17-той дэлтэй хулагч гүү бий. Миний бор морины амжилтыг эвдсэн хүн сүүлийн үед лав аймагт гарлаа гэж би сонсоогүй. Дөнөндөө хоёр түрүүлсэнтэйгээ дараалан тав түрүүлсэн морь л доо. Энэ тоолонд аймагт хөлөөр нь хөтөлж аваачиж байлаа. Уг нь би чинь 14-тэйдээ анхны айргаа авч байлаа. Улаангомд хээр даага уяж очоод аман хүзүүдүүлсэн юм. Даанч дөнөндөө эвдээчихсэн /эндчихсэн/ юм. Түүнээс хойш айраг авахгүй ч зургаа аваад л явсаар нэг удаа хээр дөнөн морь аваачиж аман хүзүүдүүллээ. Залгаад бор морь дааганаасаа мундаг гүйсэн дээ.
-Бор морь өөр ямар даншигуудад орж байсан бэ?
-Бор морь тавтайдаа улсын наадмын түрүү бөх Бүрэнтөгсийн алдрыг аймагт тэмдэглэхэд түрүүлсэн. Тэр жил аймгийн баяр наадмаар бор халзан морио тавьж аман хүзүүдүүлсэн юм. Тэгээд бор, халиун морио Баян-Өлгийн даншигт авч очлоо. Төхөөрөмжинд орж мэдэхгүй морьтой би, өөрөө ч анх удаа аймгаасаа гарсан нь тэр. Тэгээд бариад зогсож байсан хариу буцаад гэнэтхэн давирчихсан.
-Энэ жил баруун бүсийн даншигтаа орно биз дээ?
-Хээр дөнөнгөө мордуулаад үзнэ дээ. Бас хоёр, гурван даагатайгаа бор морио ч сойно. Хүн болгон л айраг  түрүү авахыг бодож байгаа бизээ. Гэхдээ сүүлийн үед биелэгжүү улс морь уядаг болсон болохоор малчин бидэнд шон муутай л байнаа. Үнэндээ мөнгөөр  адуу нь гүйдэг болчихлоо. Аль нэг босс нь наадмын өмнө худалдаж авчраад морио тавьчихаж байна. Битүүхэндээ айж л байна шүү.
Өнөөдөр адуугаа сайн өсгөөд сайхан амьдарч болно. Гол нь морь уяж байгаа бидэнд морио яаж эмчлэх үү, яаж хөлсийг нь гаргах уу гэхчилэн сургалт зөвлөгөө хэрэгтэй байна. Би ч халх руу явж нэг, хоёр сар сайн уяач дагадаг юм билүү гэж боддог боллоо.
-Өөр ямар бэрхшээлтэй асуудал байна вэ?
-Унаач хүүхэдгүй болж байна. Түрүүн нь миний хоёр дүү унадаг байгаад одоо хасагдсан. Би өөрөө бага насны дөрвөн охинтой. Тэгэхээр хүний хүүхэд гуйхаас өөр замгүй болчихож байгаа юм. Морины хүүхэд олон солихоор морь хөдлөхгүй байгаа юм. Тэрнээс манай хоёр чинь морио унаад, намайг дагаад л явдаг байлаа. Гэтэл хүний хүүхдийг нэг удаадаа л гуйж уралдуулна. Дараагийн удаа дахиад өөр хүүхэд гуйх болоод байдаг. Өөрийн унадаг хүүхэд гэдэг шал ондоо л доо.
-Та нар одоо адуугаа сайжруулах хэрэгтэй юм бишүү?
-Тэсийнхэн гаднаас цус сэлбэх дур муутай улс л даа. Харин үүнээс болоод буруудаад байх шиг байна.
-Тэгвэл та залуу хүний хувьд бусдадаа үлгэрлэн адуугаа сайжруулж болно шүү дээ?
-Тийм ээ, ойлгож байна. Би энэ намар Сүхбаатар явж гурван даага авах санаа байна. Одоо манайх Тува адуу тавьж байна. Урдаас хааяа гайгүй халх азарга ирэх юм бол бас тавина. Азаргаар л цус  сэлбэдэг юм. Би одоо хотондоо ах дүү нарын нийлсэн 150 адуу малладаг. Үүнээс миний өөрийн 30 гаруй юм бий.
Анх уяж байсан морьдоо бүгдийг нь хулгайд алдаж байлаа. Бор мориноос нааш л хэдэн морьтой болж байна. Бүүр жилд арван хэдээр нь алдаад, хамгийн сүүлд 30-ийг сүүлгүй чононуудад өгчихсөн.
-Хулгайчдыг барьдаг биз дээ?
-Тувачууд ирж авахгүй л дээ. Монголчууд л өөрсдөө гаргаж өгдөг юм. Тэгээд гаргасан хүмүүсийг нь
цагдаад мэдээлсэн ч үр дүн муутай. Тор гараад явчихлаа, хүн замд нь үзэхгүй, тува гэрчтэй болж таардаг. Өнөө гэрчтэй адуу нь бидэнд олдохгүй. Харин сүүлийн жилүүдэд айдасгүй, тайван сайхан болчихоод байгаа шүү.
-30 адуугаа алдчихаад дахиад л адуу цуглуулж эхэлсэн үү?
-Тэгэхэд 70 гаруй адуунаас  40-өөд нь үлдсэн юм. Тэднийгээ маллаад, одоо 150 хүргэлээ. Ноднин 30 хэдэн төл барьсан бол энэ жил 20 гаруй төлтэй. Энэ жил цас бага ороод, өсөлт  муутай хүйтний унага гаргалаа.
-Танай суманд тогтмол болдог уралдаан хэр олон бэ?
-Манай Тэсэд таван сарын бөгсөөр овооны тахилга эхэлчихдэг. Гэхдээ би овоо хэсдэггүй. Орлогын овоонд уралдчихаад л Улаангомын баярт явахыг боддог юм.
-Ингэхэд таны дээд удамд морь уядаг хүн байсан уу. Ер дурдсангүй?
-Намайг ухаан орохоос өмнө аав морь уяж байсан юм байна лээ. Миний мэдэхээс нэг зээрд морь байлаа. Би хөгширсөн хойно нь унадаг байсан. Зээрд морь аймагт нэг түрүү, нэг аман хүзүүтэй, суманд нэг түрүүтэй хүлэг  байгаа юм. Манай аав 2013 онд аймгийн Алдарт уяач цолыг хүртсэн хүн. Аав  маань таван залуу, нэг охинтой.  Одоо Тэс суманд Төрийн банкны эдийн засагч хийдэг дүү маань бас морь сонирхож уядаг юм. Манай гэр бүлийн дараагийн Алдарт байх болов уу.
-Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Энэ хонин жилдээ одтой наадаж, олон айраг түрүү аваарай.
"Тод магнай" сэтгүүл Увс аймгийн тусгай дугаар

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна