Бүсгүйн уужуу ухаан гэр гийгүүлдэг

А.Тэлмэн
2017 оны 3-р сарын 28 -нд

Тод магнай” сэтгүүл уншигч та бүхэнтэй учран золгоод долоон зуны наадмыг зураглаж, долоон өвлийн жаврыг сөржээ. Гурван ч удаа шилдгээр нэрлэгдэж, Монголын морин уралдааны түүх, амьд судар хэмээн сайшаагддаг болов. Гэхдээ магнай тэнийлгэсэн магтаал, нүд сэргээсэн шагналаас илүүтэй нүүр буруулаагүй долоон жилийг үдсэн эрхэм уншигч та бүхний минь “ХААН” сонголт бол бидний авч болох хамгийн дээд шагнал юм. “Тод магнай”-н үнэнч уншигч та бүхэндээ дахин баярласнаа илэрхийлж, урсан ирэх олон олон он жилүүдийг хамтдаа өнгөрүүлэхийн ерөөлийг дэвшүүлье.
Уламжлалт морин уралдаан түүний эргэн тойрон дахь сонин сайхнаас хүргэдэг “Тод магнай”-н хуудаснаас хурдан хүлгүүдийн хийморийн хөлс, ааг омог, аз хийморь нь бялхсан эрчүүдийн баяр бахдал, омогшил ханхийдэг гэдэгт би огт эргэлздэггүй. Товчхондоо “Тод магнай” хаанаас нь ч харсан эрчүүдийн, тэр дундаа уламжлал, ёс, заншлаа дээдэлдэг, морин эрдэнээ эрхэмлэгч Монгол эрчүүдийн сэтгүүл юм. Бид ч гэсэн анхнаасаа энэ бүлэгт нийцүүлэхийг зорьж нийтлэлийн бодлогоо тодорхойлж байсан. Гэхдээ сүүлийн үед нэг л зүйл дутагдаж, нэг зүйлийг орхигдуулаад байх шиг мэдрэгдэх болж. Чухам юу билээ. Амжилтаараа илүүрхсэн уяачдын арга туршлага, айраг, түрүүнд багтсан уралдаанч хүүхдүүдийн ярилцлага, нэр цуутай хүлгүүдийн удам, угшил алдрын товчоон, уях, сойх арга барилын талаарх зөвлөмж, хот хөдөө, хол ойрын сонин сайхан. Морин уралдааныг тойрсон бүхий л өнгө төрх тусгагдсан байх шиг. Гэхдээ л дутуу. Нэг тийм уян, зөөлөн уур амьсгал үгүйлэгдээд байх шиг. Тиймээ, арын албаныхан. Эр нөхрөө амжилт гаргах бүхий л нөхцөл бололцоогоор хангаж, хүний өөрийн олон хүүхдэд ээж болсон гэргий нар. Наанадаж эр нөхрөө амжилт гаргахад, цаашлаад монгол өв соёлыг түгээн дэлгэрүүлэхэд үлэмж хувь нэмрээ оруулж яваа эзэгтэй нар.
Хот, хөдөөгийн олон уяачидтай уулзахдаа “айлын эхнэр моринд дурлахад сая морь айрагддаг юм” гэсэн үгийг нэг бус удаа сонсож байлаа. Энэ эхнэр нь морь мэддэг таньдаг болоод, уяж сойхдоо тулна гэсэн шууд утга бол мэдээж биш. Харин айлын эхнэр эр нөхрийнхөө морь уях хүсэл сонирхлыг дэмжих нь амжилт гаргах хамгийн том үндэс болдог гэсэн санаа юм.
Өөрөөр хэлбэл уяач ар гэртээ санаа зовохгүйгээр зөвхөн адуу мал, уяа сойлгондоо анхаарч, түүндээ төвлөрч чадвал сая амжилт үзүүлж чадна гэсэн санаа.
Тусгаар тогтнолын баталгаа болсон эрийн гурван наадам, тэр дундаа морин уралдаан. Түүгээр уламжлагдсан өв соёлыг хойч үедээ түгээн дэлгэрүүлэх үйлсэд үлэмж хувь нэмрээ оруулж яваа эгэл жирийн монгол бүсгүйчүүдээ сэтгүүлийнхээ хуудсаар дамжуулан алдаршуулъя. Тэдэндээ урам зориг нэмье. Ийм бодлоос үүдэлтэй нэгэн буланг уншигч танаа танилцуулж байна.
“Хатан гоо” булангийнхаа анхны зочноор Тод  манлай уяач С.Ганхуягийн гэргий Д.Мягмаржаргалыг урилаа. Тод манлайнх Дорнод аймгийн Цагаан-Овоо суманд суурьшаад арваад жилийн нүүр үзэж буй. Тэднийг хотод түр ирээд байхад нь бид амжиж уулзсан юм.
Хүмүүний дотоод сэтгэл, мөн чанар, үйл хөдлөл, үг хэл тэргүүтнээр гаднаа илэрч байдаг. Тэрхүү зан байдлаар нь хувь хүмүүнийг тодорхойлох нь ч бий. Монголчууд эртнээс зөв бодолтой, зөв үйлдэлтэй нэгнийг “Нүдэнд дулаахан” хэмээн дүгнэсээр ирсэн. Энэ удаагийн зочин тийм л нэг нүдэнд дулаахан хөдөлмөрч эмэгтэй. Түүнийг Доржийн Мягмаржаргал гэдэг. Төв аймгийн Баянцогт суманд төрж өссөн. 11 дүүтэй айлын ууган охин.
Аав Дорж нь жолооч. Ажлаа завчлаад цөөн хэдэн адуунаасаа уяж, сумынхаа баяр наадамд уралдуулна. Нэг бус удаа айрагт хурдлуулж байсан ч Д.Мягмаржаргал унаж байсангүй. Гэхдээ гэр орны ажил, тэр дундаа угааж арчих тэргүүтнийг хүнээр хэлүүлэлтгүй хийнэ. Эвлэгхэн дуулдаг учир сургуулийнхаа урлагийн үзлэгт тогтмол оролцоно. Цаашлаад сумын хэмжээнд зохион байгуулагдах бэсрэг концертонд орж ая дуугаа өргөнө. Хүүхэд насны гэнэн зангаар ирээдүйгээ дуучин болсноор төсөөлдөг байсан ч гэх. Гэхдээ аавынх нь “том охиноо эмч болгоноо” гэсэн үг түүнийг бодлоо өөрчлөхөд хүргэжээ. Хэдийгээр аавынхаа хүссэнчлэн эмч болж чадаагүй ч урмыг нь хугалахааргүй ажиллаж амьдарч, хүний зэрэгтэй явна. Хүний эцэг эх үр хүүхдээсээ үүнийг л хүсдэг шүү дээ.
Нэг ангийн найзууд
Нэг насны хань
С.Ганхуяг, Д.Мягмаржаргал нар ангижавууд. Найман жил нэг ангид суралцаж, хүүхэд насны гэрэл гэгээтэй нандин сайхан дурсамжуудаар гагнагдсан тэд 1991 онд тоонот гэрт толгой холбож, удам залгах хүүтэй болжээ. Удалгүй гэр гийгүүлсэн бяцхан охиноор бүл нэмж амьдралын төлөөх тэмүүлэлт өдрүүдтэй учран золгосоор...
Социалист систем задарч, бүх зүйл үнэгүйдсэн ороо бусгаа цаг үед өрх тусгаарласан ч түүнийгээ харин ч давуу тал хэмээн үздэг гэх. Одоотой адил бүх юм бэлэн зэлэн байсан бол бид ингэж амьдралын төлөө гэсэн эрмэлзэлтэй болохгүй ч байсан байж мэднэ. Тэгж үзвэл тэр цаг үе бидэнд харин ч боломж олгосон хэмээн Жаргал эзэгтэй ярих. Дунд сургуулиас эхлээд уяачийн эрдэмд шамдсан нөхөр нь зундаа морио уяна. Эхэндээ өөрийн цөөн тооны морьд уядаг байсан бол жил ирэх тусам уях морьдын тоо нэмэгдэж, тэр хэрээр эзэгтэйн ачаалал ч ихэсчээ. Хурдан морь унахаар зорин ирсэн багачуулыг өөрийн гурван хүүхдээс дутуугүй үзэж, асран халамжлах үүргийг хүлээнэ.
"Миний хувьд манай морь түрүүлээсэй, айрагдаасай гэдгээс илүүтэй хүүхдүүд минь мэнд уралдаад ирээсэй л гэж хүсдэг. Ерөөс ганц миний бус бүхий л уяачийн гэргий нар тийн залбирч цай сүүнийхээ дээжийг өргөдөг байх."
Анх хүүгээ таван настай морь унаад мордоход төрж байсан тэр сэтгэл зүй өнөөдөр ч хэвээрээ. Миний хүү чинь гурван настайгаасаа эхэлж морь унаад таван настай анх уралдааны морь унаж, хамгийн бяцхан унаачаар нэрлэгдэн 100.000 төгрөгөөр шагнуулж байсан юм шүү дээ” хэмээн хуучлах “өндөр” ээж нэг зүйлд тунчиг сэтгэл хангалуун байдаг бололтой. Тэр нь манайд байсан хүүхдүүд ажил, хөдөлмөр хийх наад захын арга туршлагатай болдог гэх. Нээрэн ч “алтны дэргэдэх гууль шарладагчлан” зүгээр суухыг мэддэггүй энэ бүсгүйн дэргэд байсан хэн ч болов хараад сууж төвдөхөөргүй. Уяаны ид үед том бага нийлсэн харцуул гэрийн хоймор дүүргэж, хөл гишгэх зайгүй хөлхөлдөнө. Тэдний идэх хоолыг бэлтгэх, өмссөн хувцсыг угаах гээд ажил мундахгүй. Хөдөө угаалгын машин гэж байх биш. Гараар л бүгдийг угаана. Нэг хүн бүгдийг амжуулахад бэрх шүү дээ. Тиймээс хүний өөрийн гэлтгүй хүүхдүүдэдээ ажил хуваарилаж, гүйцэтгэлд нь хяналт тавина. Идэж, уусан аяга, дотуур хувцас, оймсыг нь өөрсдөөр нь угаалгаж хэвшүүлнэ. Өөрөөр хэлбэл нас насанд нь тохирсон ажил хуваарилж багаас хөдөлмөрт сургана. Тэгээд хийж байгаа ажилдаа сэтгэлээ зориулж хариуцлагатай хандахыг хүснэ. Хүний ээж аав үр хүүхдэдээ зөв дадал зуршлыг өөрийн биеэр үлгэрлэн үзүүлж, түүнийг хэвшүүлэх ёстой. Жаргал энэ үүргээ сайн биелүүлнэ. Эднийд амьдарч, эдний морьдыг унаж байсан хүүхдүүдээс төрснөөс дутахгүй өөриймссөн нэг хүү бий. Түүнийг Балжинням гэнэ. Нэгдүгээр ангийн бяцхан хүү анх морь унахаар ирсэн бол өдгөө өрх тусгаарлаад хоёр хүүхдийн аав болчихсон явж байх. Ийнхүү морины хүүхдүүд түрүүчээсээ хөл нь дөрөөнд, гар нь ганзаганд хүрчээ.
Монгол өв уламжлал бүдгэрэх ёсгүй
“Талийгч Пунцаг ахын аав “манай Жаргал бараг өдрийн 30 удаа хоол хийх юм. Тэгээд түүндээ огт түүртэхгүй шүү” гэдэгсэн. Нээрэн ч би хоол, цай хийхдээ нэг удаа ч түүртэж байгаагүй. Өдөрт хэдэн ч удаа хоол унд хийх болсон цааргалахгүй. Айлд эрийн нэрээр орж, эхнэрийн нэрээр гардаг гэдэг. Сайн нэрийг олох гэсэндээ бус монголчууд хэзээнээсээ орсон гарсанд унд, устай байсан. Түүгээрээ ч зартай ард түмэн. Дээдсийн тэр уламжлалыг энэ цаг үед бүдгэрүүлэхгүй байхыг хичээдэг. Манайх ер нь жилийн дөрвөн улирлын алинд ч хөл тасрахгүй дээ” хэмээн ярих Жаргал бүсгүй өглөө бүр ёс юм шиг зургаан цагт босно. Өвөл ажил багатайд ч ялгаагүй. Хэзээний л сурсан зангаараа зургаатай уралдаж босоод цайгаа чанана. Тэгээд урьд орой нь жагсааж бичээд униндаа хавчуулсан төлөвлөгөөт ажилдаа орно доо. Хийсэн ажлаа дугуйлаад хасалт хийнэ. Энэ бол Жаргалын ихийг амжуулдгийн нууц. Аливаа юмыг цагт нь хийх л чухал. Би ямар ч ажлыг хойш тавьж байгаагүй. Хүүхдүүдээ ойр тойрныхондоо ч гэсэн тэгж л захидаг” гэх. Товчхондоо энэ бүлийнхэн “гар хөдөлж байж, ам тосдоно” гэдгийг хүнээр заалгахгүй улс.
Анх амьжиргааны цөөн хэдэн малтай байсан бол өдгөө тоо толгой нь нэлээд өсчээ. Эднийх таван хошуу мал малтай. Цагаан-Овоо суманд очсон даруйдаа зургаан айлыг туслах малчнаар авч, цалинжуулахын зэрэгцээ малжуулсан гэх.
Өдгөө гурван туслах малчинтай. Малчдынхаа ахуй хангамжийн тал дээр нэлээд анхаарна. Нийгмийн даатгал, шимтгэлийг нь цаг тухайд нь төлнө. Тэр хавьдаа бүү хэл Цагаан-Овоодоо цаашлаад Дорнод аймгийн хэмжээнд эднийх шиг туслах малчдынхаа амьдрал ахуйд анхаарал хандуулдаг айл цөөн байх. Тиймдээ ч 2014 онд аймгийн Шилдэг нийгмийн даатгал төлөгчөөр шалгарсан бизээ.
Удам залгах малч Монгол
Тод манлайнх хоёр охин, нэг хүүтэй. Ганц хүү нь есдүгээр анги төгсдөг жилээ “за өнөөдөр л намайг сургуулиас гаргахгүй бол дараа дахин энэ талаар ярилтгүй шүү” хэмээн тулгажээ. Хүний л ээж болсон хойно хүүхдээ сургууль, соёлын мөр хөөлгөе гэтэл аав нь “би ч гэсэн сурах сонирхолгүй байсан. Миний хүү өөрөө мэд дээ” хэмээн шулуутгах нь тэр. Тод манлай өөрөө хичээл хийдэггүй болохоос биш потенциал сайтай гэж үнэлэгддэг сурагч байж. Ямар хоосондоо л наймдугаар анги төгссөн 100 гаруй сурагчаас сурлагаараа эхний гурав, дөрөвт бичигдэж байхав. Хүүгээ малчин болгохоор шийдсэн даруйдаа эхний нэг жил бог мал хариулгаж. Чи энэ замыг өөрөө сонгосон. Тэгэхээр эхлээд богино хөлийн малаас эхэлнэ хэмээн аав үүрэгдэж. Жил хонь хариулж дөр суухтай зэрэг хоёр жил үхэр маллуулж. Одоо бол Будхангай аавдаа туслан адуугаа хариуцан маллаж байна. “Мал дагавал ам тосдоно” гэдэг. Залуу хүү 2009 онд сум, 2012 онд аймгийн сайн малчнаар тус тус шалгарсан. 2015 онд Улсын сайн малчинд тодорхойлсон ч “нас залуу” гэсэн шалтгаанаар түтгэлзжээ.
Тод манлайн ууган охиныг Зүмэн гэдэг. ХААҮИС-ийн зоо техникчийн ангид суралцдаг. Өнөө жил сургуулиа төгсөнө. Малч удмын үр сад ийнхүү орчин цаг үетэйгээ нийлэн, онол практик хослуулан мал маллах арга ухаанд суралцаж байгаа бол бага охин Лхам?? “Хобби” дунд сургуулийн долдугаар ангид суралцдаг аж.
Бүсгүйн уужуу ухаан гэр гийгүүлдэг
25 жил үргэлж инээж хөхөрч өнгөрсөн гэвэл мэдээж ташаа. Хүний л амьдрал юм хойно сайн муу, сайхан муухай сүлэлдэнэ шүү дээ. Гэхдээ миний амьдралдаа баримталдаг зарчим бол хүлээц, хүндэтгэл хоёр. Заримд нь хуучинсаг үзэлтэй мэт ойлгогдож болох ч би эр нөхрөө эрхэмлэн дээдэлж явах учиртай л гэж боддог. Гэр бүл болсон цагаас эхлээд нөхрийнхөө хийж байгаа аливаа ажилд хошуу, хуруу дүрэхгүйг хичээсээр ирсэн. Ялангуяа морины тухайд. Энэ олон жилийн хугацаанд нэг ч удаа морины уяа руу очиж, уяж байгаа морьдод нь гар хүрч байгаагүй. Залуу байхдаа морио ээлжилж манаад машиндаа хоноцгоодог л байсан. Ганц би биш бусад уяачийн гэргий нар ч гэсэн ингэж адуу маналцаж байсан байх. Түүнээс бусад цагт морины ажилд нь оролцдоггүй ээ. Монголчууд эрт дээр үеэсээ бүсгүй хүн морины уяан дээр очихыг цээрлэсээр ирсэн. Би тэрхүү цээрийг сахидаг юм. Өөрөө очдоггүй болохоор тэгдэг үү хүний хурдан хурц моринд хамаагүй хүрч байгаа хүүхнүүдийг харахаар таатай харагддаггүй. Нэгэнт л бид энэ өв уламжлалыг сахин үргэлжлүүлж байгаа учраас цээр ёсыг нь ч гэсэн дагадаг байх хэрэгтэй. Уяачийн гэр бүлд мөрдөгдөн сахигдах ёстой өөр нэг зүйл бол хэрүүл, маргаан. Хурдан морь хутаг суух нь амархан тул хэл, ам таталж, хэрүүл шуугиан тарихыг мөн л эртнээс нааш цээрлэсээр ирсэн. Бид ч гэсэн энэ цээр ёсыг дагахыг хичээдэг. Хааяа хоёулаа сууж байгаад “чиний энэ зан чанар чинь буруу байна, ингэвэл яасан юм” гэх мэтээр ярилцаж зөвлөнө. Ер нь тэгээд эмэгтэй хүнээс л бүх зүйл шалтгаалдаг юм шиг санагддаг. Бүсгүй хүн жаахан хүлээцтэй, уужуу байхад тэр айл гэрийн амьдрал тайван амгалан, өөдрөг өнгөлөг байдаг. Хүүхдүүдээ ч гэсэн тэгж захидаг юм.
Нэг зорилго тэмүүлэл амжилтанд хүргэдэг
Хүний амьдрал баялаг шүү дээ. Алдаж онолгүй л яахав. Гол нь гаргасан алдаагаа давтдаггүй л байх хэрэгтэй. Сүүлийн үед морь уях сонирхолтой залуучууд олон болж. Монгол ахуй, амьдралтайгаа ойр байя гэсэн тэдний хүсэл зориг сайшаалтай ч гэр бүлдээ түүнийгээ ойлгуулах, ойлголцох тал дээрээ жаахан дутаад байх шиг. Бид гэр бүл болоод удаагүй саалийн хэдэн үнээ, цөөн малтай байлаа. Тэгсэн нэг өдөр Бандгаа шар үснээсээ салаагүй соёолон үрээ авч, оронд нь нэг тугалтай үнээг минь өгчихлөө. Залуу ч байж дурамжхан байгаагаа хэлсэн. Гэтэл нөгөө үнээ маань шаварт шигдээд үхчихсэн гэхийг дуулаад санаа их зовж билээ. Би жаахан юм бодоод өгснөөс боллоо гээд өөрийгөө нэлээдгүй зэмлэсэн. Түүнээс хойш дахин нэг ч удаа Бандгаагийн хийж байгаа наймаанд оролцохоо больсон. Үүгээр юу хэлэхийг хүссэн бэ гэхээр нэгэнт л эр, эм бололцож эхнэр нөхөр болсон бол биенийхээ хүсэл зорилгыг хүлцэж, нэг санаа бодолтой байхыг хичээх хэрэгтэй юм билээ. Нэг гэрийн эр эм хоёр нэг зорилго, тэмүүлэлтэй болж байж сая амжилтанд хүрдэг гэдгийг амьдралынхаа туршлагаас мэдсэн. Залуус маань дор бүрнээ бодно биз. Ер нь тэгээд морь уях, уралдуулах гэдэг дан ганц таны нөхрийн, танай гэр бүлийн асуудал бус Монгол түмний хэрэг шүү дээ. Тийн бодож уужуу хандахыг хичээгээрэй.
Ийн захих хөдөлмөрч даруу бүсгүй Төв аймгийн Баянцогт, Дорнод аймгийн Цагаан-Овоо сумынхан нийт ард иргэдэд өвлөө өнөтэй сайхан даваад сайн хаваржихын ерөөл өргөж, тусалж дэмжиж байдаг ойр тойрныхондоо талархлаа илэрхийлэхийг хүссэнийг уламжилж байна.

"Тод магнай" сэтгүүл

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна