Аймгийн Алдарт уяач С.Цолмон: Өв уламжлалаа хадгалж үлдэх зорилгоор “Сэдэн залуугийн тэмцээн” явуулдаг

А.Тэлмэн
2017 оны 4-р сарын 04 -нд

Увс аймгийн Тариалан сумын уугуул, аймгийн Алдарт уяач С.Цолмонтой хийсэн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Сумынхаа морин спорт уяачдын холбоонд нэлээд хэдэн жил ажилласан туршлагатай тэргүүн гэж таны талаар сонслоо. Хэдийнээс эхэлж тэргүүнээр ажилласан бэ?
-Би сумынхаа МСУХ-ны тэргүүнээр 2005-2013 оны хооронд найман жил ажилласан, хоёр дахь тэргүүн нь. Манай холбоо анх 2000 онд байгуулагдаж, тэргүүн нь Намсрай гэж малын эмч хүн байсан юм. Холбоо байгуулагдахаас өмнө баяр наадмын үеэр хурдан морины комисс гэж л ажилладаг байсан.
-Уяачдын эрх ашгийг хамгаалсан байгууллагатай болсноор өмнөхөөс ямар өөрчлөлт, ахиц дэвшил гарсан бэ?
-Сумын Алдарт уяач гэж цол байдаггүй байсныг бий болгосон. Уяа сойлгын тал дээр уяачид хоорондоо санал бодлоо солилцдог боллоо. Анхны тэргүүн Намсрай дарга өөрөө баяр наадмаар “Сэдэн залуугийн тэмцээн” явуулдаг байлаа. Сэдэн залуу гэдэг нь сэргэлэн, овсгоотой, самбаатай гэсэн үг. Бүр дээр үед ийм тэмцээн хийдэг, хэдэн лангийн эмээл хазаар хэрэглэж байна гэдгээр хэмждэг байсан юм гэнэ билээ. Одоо бол хос морьтой залуусыг шалгаруулаад, дараа нь наадамчдын өмнө морио тушаад оролцож байгаа хүмүүс бүгд “Сэцэн залуу” гэж аянд биелгээ хийнэ. Тэмцээнд нэгдүгээрт морины явдал, хоёрдугаарт хос морь, эдлэл хэрэглэл, гуравдугаарт бие билгээгээр шалгаруулдаг. Манай Тариалан сум тариа тарьдаг, гурил хийдэг газар тариалангийн сум учраас энэ хөдөлмөрийг эрхлэх явцад хийгддэг хөдөлгөөнийг бие биелгээгээр илэрхийлж чаддаг байх ёстой. Зөвхөн морио уралдуулах биш, өв уламжлалаа хадгалж авч үлдэх гэсэн явдал л даа. Анхны тэмцээнийг 2003 онд хийхэд би оролцоод алтан медалийг нь авч байлаа. Тэр үедээ залуу ч байж, бас биелдэг, хуурддаг, бас морь сонирхдог байсан болохоор тэмцээнд орсон.
-Жилдээ хичнээн уралдаан зохион байгуулдаг вэ?
-Ер нь 5 сарын 1 хүртэл өвөл, хавар морь уралдуулахыг Аймгийн Засаг даргын захирамжаар хорьж байгаа. Тэрнээс хойшоо суманд бооцоот уралдаан 5 сарын 10-нд болно, аймгийн бооцоот уралдаанд бас оролцоно. Сумын баяр наадам, багийн өдөрлөг гэх мэт уралдаанууд болдог.
-Танай сумын уяачид өөрийн сумаас гадна хаашаа явж голдуу нааддаг вэ?
-Ойролцоох зэргэлдээх сумд болон аймгийн наадамд явж уралдана. Ноднингоос хойш л морь ачдаг болж байна. Аймаг ойрхон болохоор аймгийн наадам, Өмнөговь, Ховд зэрэг сумдын наадамд морьдоо хөтлөөд л явдаг байсан. Ноднин гэхэд л би Ховд сумын ойд очихдоо хөтлөөд л явсан.
-Тэр хол хөтөлж явахаар морины амжилтанд нөлөөлөхгүй юу?
-Ер нь нэг их нөлөөлдөггүй шиг байгаа юм. Морь чинь жаахан амраахын төдийд хүч сэлбэчихдэг. Нэг их амжилт муудаж мэдэгддэггүй. Манай сумын Буянаа гэж залуу Ховдод адуугаа хөлөөр нь хөтөлж аваачаад азарганы түрүү, авч байсан. Бас Ганбаатар ч түрүү авсан, айраг бол зөндөө зөндөө. Өлгий, Өмнөговь, Ховд сумдын морьд ч наашаа хөлөөрөө ирээд, эндээс ч гэсэн түрүү, айраг авдаг.
-Энэ жил танай сум 90 жилийн ойтой. Ойн бэлтгэл хэр хангагдаж байна вэ?
-Сая хандив хөрөнгө цуглуулах ажлаар Дархан, Эрдэнэт, Улаанбаатар, Сэлэнгэд очиж нутгийн зөвлөлийнхөө хүмүүстэй уулзаад ирлээ. Тэнд байгаа нутгийн уяачид ойн баяраар Тариаланд ирж уралдчихаад, дараа нь Увс аймагт болох баруун бүсийн уралдаанд очно гэсэн яриатай байна. Тухайлбал манай сумын харъяат Монгол улсын аварга малчин Сосор гэж хүний үр хүүхдүүд Архангайн Эрдэнэмандалд амьдарч байна. Тэдний бор азарга Архангайн 90 жилийн ойгоор айргийн дөрөвт хурдалсан. Тэр азаргыг телевизээр Увс аймгийн Тариалан сумын угшилтай гэж хэлж байна лээ. Манай сумын унаган бор азарга бас сумынхаа ойгоор ирнэ. Сосор аварга Тариалан сумандаа болон  аймаг, зэргэлдээх сумдад хүртэл их олон түрүү, айраг авсан, мундаг уяач хүн дээ. Түүний үр хүүхдүүд нутгийн адууны удам угшлаараа очсон газраа бас сайхан уралдаж байна. Ер нь нутгаа гэсэн сэтгэлтэй нутгийн уяачид хаа сайгүй л байдаг юм байна. Өнгөрсөн 10 сарын 2-нд Сэлэнгэ аймгийн бооцоот уралдаанд Сэлэнгийн Найрамдал, Цагааннуурт байгаа Тариалангийн угшилтай нутгийн хүүхдийн даага түрүүлж байх жишээтэй. Уяж л чадах юм бол Монгол адуу чинь хаана ч давхидаг юм билээ. Сүүлийн үед шинэ монгол гэж эрлийзжүүлдэг, цус холтогодог, чанар сайжруулах юм хийж байна. Тэр яахав байлгүй л яахав. Дээр үед Чингис хаан хүртэл морьдын цусыг холтгоод зохион байгуулалттайгаар хурдан хөнгөн морьд бий болгож л байсан гэсэн. Цус холтгоно гэдэг бол муу юм биш, байх ёстой зүйл гэж би боддог.
-Уралдааны зам хэр вэ. Засаж янзалдаг уу?
-Би МСУХ-ны тэргүүнээр ажиллаж байхдаа барианы газрыг өөрчилсөн. Урьд нь Хүрээ хадын сарьдагаас хойшлуулаад саяын морь барианы урдхан талд чулуутай жалгатай хэцүү газар морь барьдаг байсан. Бөөн бөөн чулуутай, жалга таарсан газар морь харайна, хүүхэд унана. Үүнийг өөрчлөөд Шар бүрдийн баруун хөвчөөр хойшлоод Хүрээ хадын сарьдагийн урд талын торгон ногоон дээр морь уралдуулахаар шинэ газар сонгосон. Ингэж газар өөрчилснөөр морьдынх нь хөл улдана гэж айгаад ирдэггүй байсан олон газрын морьд манай сумын наадамд ирдэг болсон. Гадны морьд айхгүй ирж байгаа нь сайн хэрэг, өрсөлдөөн бий болж, чанар сайжирна гэсэн үг.
-Гарааны төхөөрөмжтэй юу?
-Гарааны төхөөрөмж сая авсан. Баяр наадмынхаа өмнө морь шүдлэх, морь барих газар зэргээ бүгдийг олс дээс татаад гортигжуулаад, хашаа хайс барьж засаад, төхөөрөмжөө байрлуулчихна. Харин гурван насны морьд шууд уралдуулахаар, соёолон, азарга, их насаа гарааны төхөөрөмжөөс гараад хагас тойрог байдлаар уралдуулахаар төлөвлөөд байгаа л даа. Тэгэхгүй бол нэг өдөр багтдаггүй. Газар нь холдоод, харанхуй шөнө хүрч байсан тохиолдол бий. Хагас тойрог байдлаар уралдуулах нь цаг хожно, хүүхдэдээ амар.
-Тариалан сумын нэрийг гаргадаг ямар ямар хурдан хүлгүүд байсан бэ?
-Дээр үед давхиж байсан адуу гэвэл Маамуугийн дарга байна, Цэдэвийн зээрд, Бадарчийн Халтар,  Авирмэдийн халтар гээд хурдууд байдаг байлаа. Мөн Моломын буурал гээд алдартай хурдан адуу байсан. Бас Нүүдэл адуучийнх удмаараа адуу нь сайхан хурдалдаг, сумандаа төдийгүй аймаг, зэргэлдээх сумдад дандаа айраг түрүү авдаг. Бүүр дээр үед Тохомт гээд Сагил, Түргэний наадамд очоод дандаа түрүүг нь авчихдаг алаг адуутай хүн байлаа. Тохомт гуай жаахан бардамдуу хүн байж л дээ. Морио зарчих гэсэн чинь  “дөчин ижилтэй алаг адууг дөчүүлэнг нь ав” гэж ярьдаг байсан гэсэн. Сайн уяачдаас гадна бас моринд гарамгай улсууд манайд бий. Манай уяачид дотор Самбуу, Тэгшээ, Маамуу гээд эмнэг сургалтаар спортын мастер болсон хүмүүс байна. Тэгшээ бол эмнэг сургах явцдаа эмнэг хангалын булгиан дунд газраас цэцэг шүүрч амандаа зууна, малгайндаа хавчуулдаг, авъяастай залуу байгаа. Одоо бас Ганзориг гэж залуу болзол хангачихсан байгаа.
-Таны хувьд хэдий үеэс морины уяа сойлго тааруулах болсон бэ?
-Манай аав морь уядаггүй ч морь их хайрладаг, уул өөд морио хөтөлж явдаг хүн байсан. Манай нагац тал хурдны удамтай адуутай. Гэхдээ малын тоо толгойнд хавчигдаад өсгөж чаддаггүй байлаа. Миний ах дүү нар багаасаа морь унаж байсан, морины уяа сойлгыг гадарладаг тийм л улсууд. Би хүүхэд байхын л нагац ах шигээ хурдан морь унаж, туг бариад дуулаад явах юмсан гэж боддог байсан. Тэр үед баяр наадам эхлэхээр морьтой хүн туг бариад, морины тухай уртын дуу дуулдаг. Тэрийг манайхан “архиан дуу” буюу архи уухдаа дуулдаг дуу гэдэг. Нагац ах маань одоо ная гарчихсан өвгөн байж байна. Тэр үеэс л моринд их дуртай болсон. За тэгээд сургууль төгсөөд Сэлэнгэ аймагт гурван жил, дараа нь Замын-Үүдэд хоёр жил ажиллаад нутагтаа ирсэн. Намайг ирэх үед зах зээл эхэлчихсэн байсан учраас хатуу хүтүү янз бүрийн ажил хийлээ, тариа ногоо ч эрхэллээ. Тэгээд 12, 13 жилийн өмнөөс морины ажилд орсон. Адуугаа сайжруулах юмсан, цусыг нь холтгох юмсан гэдэг бодол хэн хүнд ч байдаг. МСУХ-ны тэргүүнээр тавьчихаар уяачдаа манлайлахгүй бол болдоггүй юм байна. Тэгж л явж байгаа хүн дээ.
-Өнгөрсөн хугацаанд хичнээн айраг, түрүү авсан байна?
-Тэрийг тоолж үзээгүй, тоолоход бэрх байхаа. Ноднин гэхэд миний хээр шүдлэн, хонгор соёолон сумандаа түрүүлээд, их насны Жижиг цавьдар морь аман хүзүүдсэн. Тэр хээр шүдлэн аймагт даагандаа түрүүлж байсан юм. Хонгор соёолонгоороо энэ жил азарга тавьчихаад байгаа. Боломжийн хэрээр ойролцоо зэргэлдээ сумдын наадамд явна. Тэгэхдээ ажил амжихгүй юм даа. Алба хашиж байгаа хүн наадам хэсээд яваад байх чинь хаашаа юм. Ганц нэг морио аваад яв гээд уяачдаа захидаг. Манай Тариалан суманд адуу мал өсгөх үнэхээр бэрх. Өндөр ууланд чоно ихтэй, хэдэн унагыг түүчихнэ. Өвөл адуугаа хашиж хамгаалж хонохгүй бол хээр хонуулна гэсэн ойлголт ерөөсөө байхгүй. Чоно авлахад бэрх. Машин явахгүй, морьтой хүн явахад бэрх, явган хүнд чоно алагдахгүй. Малын хулгай бас их байгаад хил гааль чангарч, цагдаа хуулийн байгууллага сайн ажиллаж байгаагийн хүчинд сүүлийн үед гайгүй болсон байна.
-Аймгийн Алдарт уяач цолыг хэдэн онд авч байсан бэ?
-2010 онд Аймгийн Алдарт уяач болсон. “Таныг Аймгийн Алдарт уяач болгосон нь олон айраг, түрүү авсандаа биш морин спортыг энэ орон нутагт хөгжүүлэхэд их хувь нэмэр оруулсанд өгч байгаа юм” гэж Засаг дарга хэлж байсан. Тэр үед уяачдаа аймгийн наадамд авч яваад, морьдын хоол, тэжээл энэ тэрийг хувиасаа гаргаж, сумын нэрийг гаргахын төлөө хүний өөрийн гэж ялгадаггүй байлаа. Тэрнээс хойш 2 жилийн дараа 2012 онд Засаг даргын ажлыг авсан.
-Аймгийн наадамд даагандаа түрүүлсэн хээр үрээ хаанахын удам угшилтай адуу вэ?
-Манай Тариалан сумын унаган адуу. Баруун бүсийн уралдаанд түрүүлсэн Төгсжаргалын Намираа халтар азарганы мялаалга 100-н дааганы уралдаанд тасархай түрүүлсэн. Миний дааганы хойно Тэс, Зүүнговийн даага орж байлаа шүү дээ. Тэгээд шүдлэндээ сумандаа түрүүлээд, энэ жил хязаалан, жижигхэн хээр үрээ бий.
-2011 онд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаанд та яаж наадсан бэ?
-2011 оны бүсийн уралдаанд миний нэг хүрэн морь 17-оор ирсэн. Манай сумын морьдоос өндөр амжилт үзүүлсэн нь бол Нүүдэл адуучийн хүү Буянаагийн хээр даага зургаад ирж байсан. Зэргэлдээх сумдын ойд бол өгөө аваатай л байдаг. Манай Тариалангийн газрын хөрс хатуу, чулуутай. Тэгтэл Өлгий, Өмнөговь сумдаар явахад зөөлөн элсэрхэг хөрстэй учраас уралдахад бас хэцүү. Манайх чинь хангайн бүс, уулархаг газар.
-За баярлалаа. Сум орон нутгийнхаа ойг сайхан зохион байгуулаарай, амжилттай сайхан наадаарай.
-За баярлалаа. 
"Тод магнай" сэтгүүл Увс аймгийн тусгай дугаар

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна