Залуу уяач О.Эрдэнэбазар: Энэ хавьдаа нутгийн адуу л хурдалж байна

А.Тэлмэн
2017 оны 4-р сарын 13 -нд

Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын уугуул, залуу уяач О.Эрдэнэбазартай хийсэн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Ихэнх уяачид удам дамжин хурд ирлэн уяа тааруулах нь олонтаа. Таны хувьд ?
-Миний дээд үе адуутай байсан  ч хусуур зүүн хурд ирлэсэн хүн байхгүй. Би анх өөрийнхөө адууны ганц нэг бага адуу уяж эхэлсэн. Одоо ч тэр хэдийгээ уяад л наадам дамжин уяаны эрдэмд суралцаад айраг түрүү хүртэж амжаагүй л байна. 
-Уяаны эрдмийн талаар хэнээс зөвлөгөө авах уу?
-Манай нутгийн аймгийн Алдарт уяач Санжаа гэж хүний морийг би долоо найман настайгаа 15,16 хүртлээ унасан. Тэр хүнээс л асууж зөвлөн уяа тааруулдаг юм.
-Санжаа гуайн ямар ямар морьдыг унаж, яаж давхиулж байв?
-Санжаа гуайн хэд хэдэн их морь, азаргыг унан олон айраг, түрүү хүртэж байлаа. Эндээс моринд дурлаж 2010 оноос өөрөө морь уяж эхэлсэн.
-Итгэл хүлээлгэж байгаа хурдан хүлгүүдээ танилцуулаач?
-Дорнодын Цагаан-Овоогоос тойруулга угшилтай халзан үрээг Бандан Батаа гэж хүний адуунаас авчирсан. Энэ жил Шивээговьд есөд, Түмэн адууны баяраар 14-т, Боржигон наадамд 20-д орсон. Соёолон болох үрээ, гайгүй давхидаг. Энэндээ л их найддаг юм. Мөн дундуурхан давхидаг алаг даага, хонгор шүдлэн үрээнүүд бий.
-Алаг үрээ чинь хаанахын адуу билээ?
-Алаг дааганы эх нь Өндөршилийн Гүр адууны угшилтай, эцэг нь Айрагийн Бадрах гэдэг хүний адууны халзан азарга байдаг юм. Алаг даага энэ жил долоо, найм уралдсан хорь гаргаад л давхиад байсан. Хусран даага олигтой уяж чадаагүй. Хонгор шүдлэн нэг уралдаад хорь дотор давхисан. Удам нь бас Гүр адууных. Өндөршилийн найз маань ноднин 90 жилийн ойгоор нь очиход бэлэглэсэн юм.
-Танай энэ нутгийн адуу ямар онцлогтой вэ?
-Нутгийн адуу ер нь сайн шүү. Энэ хавьдаа нутгийн адуу л хурдлаад байна. Жишээлбэл Санжаа ах хурд сайтай Боржигон нутгийн хүн унаган адуугаараа нааддаг. Хээр азарга нь сайн хурдалсан, одоо хурдан хонгор хул азаргатай.
-Танд тэр хүний адуунаас бий юу?
-Өгөх нь өгч байсан. Би тэрнээс нь юм авч үлдэж чадаагүй. Манайхан одоо ойрхон саахалт байдаг.
-Залуу уяачийн хувьд наадам болгон дадлага болж үлддэг. Залуу уяачид юун дээр алдах магадлалтай байдаг вэ?
-Морины хоол ундыг л алдах нь илүү. Би Түмэн адууны баяраар халзан үрээний хоолыг нь дэндүү хасчихсан. Алдаа гаргаагүй бол айргийн тавд орчихоор их хурдан байсан. Хязаалан үрээнд өмнөх шөнө нь дөрвөн цагийн хоол өгчихсөн. Мордох цаг нь эрт байж магадгүй гээд тооцсон чинь их орой мордоод хоол нь багадаад дутчихсан.
-Ярилцсанд баярлалаа. Залуу уяачийн цааашдын ажил үйлсэд амжилт хүсье.
"Тод магнай" сэтгүүл Говьсүмбэр аймгийн тусгай дугаар

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна