Аймгийн Алдарт уяач Б.Энхбаяр: Хүн болгонд заяахгүй хурдан хүлгүүд надад таарсан

А.Тэлмэн
2017 оны 4-р сарын 17 -нд

Баруун хязгаарын цуут хурдан хүлэг Мянгадын Чонон саарлын талаар дуулаагүй хүн цөөн байх. 20-р зууны бахархалт хүлгүүдийн нэг саарал морины нутгийн хүү энэ удаагийн маань “Хийморилог зочин”-оор уригдлаа. Түүнийг Батсуурийн Энхбаяр гэдэг. 2013 онд Завхан аймагт болсон баруун бүсийн уралдаанд Дөлгөөн бор хязаалангаа айргийн дөрөвт хурдлуулж амжилтын өм нээгдсэн тэрээр 2014 онд Галдан бошигт хааны мэндэлсний 370 жилийн ой, баруун бүсийн уралдаанд хоёр шүдлэн айрагдуулж, 2015 оны зүүн бүсийн уралдаанд хар азаргаа түрүүлгэсэн билээ.
-Сэтгүүлийн маань урилгыг хүлээн авсанд баярлалаа. Хийморилог залуу уяачийн удам, судар бага насны дурсамжаас яриагаа эхэлье?
-Миний өвөө Дамдиндорж гэж морь уядаг, орон нутагтаа сайхан наадчихдаг уяач байсан. Миний мэдэхийн өндөр хээр морьтой бас нэг халиун морьтой. Тэднийгээ уяад сумандаа айрагдуулчихна. Морины уяа эхэлмэгц оройд нэг гудас аваад хоёр морио манахаар явдаг. Шөнө морио манаж хоночихоод өглөө нь гудсаа барьсаар орж ирдэгсэн.
-Та өвөөгийнхөө уясан морийг унадаг байв уу?
-Долоон нас хүртлээ унаа морь л унадаг байсан. Тэгтэл нэг өдөр өвөө аавтай ярьсан юм байлгүй “намайг аваад унага тамгалах найранд явна” гэлээ. Өвөөгөө дагаж очоод өдөржин морь унаж давхиад орой нь иртэл “миний хүү морь унаж чадах юм байна” гээд айхтар хөөрдөг халиун морио унуулахаар болсон. Уг нь тэр халиун морийг манай ах унадаг байсан юм. Ингээд маргааш нь би халиуныг, ах хээрийг нь унаж уралдаад хээр нь гурвалж, халиун нь 30 гаргаж давхисан.
-Унаачийн туршлага дутаад айрагдаж чадаагүй хэрэг үү?
-Тийм л байх. Урьд жил нь халиун морь сумынхаа наадамд аман хүзүүдсэн байсан. Тэр жил би морио сайн давхиулж чадаагүйн шалтгаан нь туршлага муутайгаас гадна тохом суларч унасантай холбоотой. Манай нутагт тохомтой уралддаг. Гэтэл морьд эргээд удаагүй байтал миний тохом суларч унаад, морио айрагдуулах тухай бус хэрхэн уналгүй тогтож очих тухай л бодсоор ирсэн хэрэг.
-Тэгвэл ч бас аргагүй л юм. Түүнээс хойш олон айраг, түрүү хүртсэн байлгүй?
-Хоёр билүү гуравдугаар ангид байхдаа Балдорж гэж нутгийн ахынхаа хээр морийг унаж сумандаа болон Увс аймгийн Өлгий сумын наадамд тус тус аман хүзүүдүүлсэн.
-Ингэхэд танай аав морь уядаггүй байсан юмуу?
-Аав маань нэгдэлд нарийн бичгийн даргаар ажилладаг байсан. Тухайн үед төрийн албан хаагч морь уяхыг сайшаадаггүй байснаас болоод 1990 хэдэн оноос хойш л морь уясан. Уяач болсноосоо хойш гаргасан амжилтуудаа үнэлүүлэн 2014 онд аймгийн Алдарт уяач цол хүртсэн дээ.
-Бүсийн уралдаанаас нэг түрүү, гурван айраг хүртээд буй хийморилог эрхмийн морь уясан түүх хэзээнээс эхтэй бол?
-Хурдан моринд томдож хасагдаад, 1996, 97 оны үеэс эхлээд аавынхаа зааварчилгаагаар морь уясан даа. Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын ойд гурван морьтой очоод хоёрыг нь айрагдуулж байлаа. Уг нь гурвуулаа ч айрагдах боломжтой байсан. Хязаалангаасаа хөлс авчихсан нь буруудсан байна лээ. Харин их морь, шүдлэн айрагдсан. 1997 онд Увс аймгийн Өлгий сумын ойд их морь, хязаалан айрагдаад, азарга холбоотой ирээд нөгөөхөө гүйцэж түрүүлээд тэр чигтээ хадуураад гарчихсан. Зүүнговиос ирсэн азаргатай тэгж уралдсан гэхээр хурдан байсан байгаа биз. Увсын төдийгүй Ховдын нэлээд олон сумаас морьд ирчихсэн өтгөн наадам болсон юм. Манай нутагт ерөнхийдөө 6-р сарын 25-нд морьдоо барьдаг. Гэтэл би тэр жил 6-р сарын 15-нд морьдоо барьсан. Яагаад гэхээр манай сумынхан шумуулаасаа дайжаад 80 км зайтай гарч зусдаг юм. 6-р сарын 15-нд нүүхдээ морьдоо барьж уяад тэр чигт нь тавилгүй унаж эдэлсээр байгаад уралдуулсан нь тийм хурдан байсан хэрэг. Одоо бодоход эрт хөнгөрүүлж бэлтгэснийх байх л даа.
-Дунд сургуулийн сурагч байхдаа л анхны айргаа хүртэж байж?
-Тиймээ, аавын зөвлөгөөг дагана. Дээр нь нутгийн мундаг уяач ах нараасаа зөвлөгөө авна. Дунд сургуулиа төгсөөд хөдөө гурван жил мал маллаж байгаад 2000 онд хотод оюутан болж ирж байлаа. Түүнээс хойш 2010 оныг хүртэл морь мал уяагүй ээ.
-Сургууль соёлоо төгсөөд морь уяхаар шүүдсэн үү?
-Тиймээ, Загджавын Мэндсайхан бид нэг нутгийнх. Нэг өдөр манай ажил дээр ирээд “манай сумынхан Хөвсгөлд болох даншигт ирж байгаа” гэж байна. Тэрийг ч би мэдэж байсан л даа. Яагаад гэхээр манай ах Дүгэржав сумын уяачдын холбооны тэргүүн юм. Би өөрөө ч явна гэсэн бодолтой байсан. Тэгсэн Мэндээ “би эндээс хоёр морьтой явна. Хөвсгөлд очоод уулзъя” гэнэ. Тэгээд “Хотгойдын хурд” уралдааны үеэр нутгийнхантайгаа уулзаад морь мал ярьсан сайхан санагдаад “ерөөсөө хурдан морьтой болъё” гэж шийдсэн. Өмнөх жил нь улсын Алдарт уяач Ерөөлтийг Өлзийт хороололд морь уядгийг мэдчихсэн байсан. Мэндээ улсын Алдарт уяач Цэдэв гуайтай ирээд. “адуутай болъё гэж бодож байгаа энэ хүнтэй уулз” гээд танилцуулсан. 8-р сарын 21-нд Цэдэв ахынх унагаа тамгална гэж байсан юм. Ах Ховдоос ирчихсэн анх удаа азотоор унага тамгалахыг хараад, унага барьж өгөөд л. Адуу нь үнэхээр сайхан юмаа. Нэг бор унага бүр нүдэнд тусаад болдоггүй, янзын юмаа. Авмаар санагдаад Цэдэв ахад хэлтэл “наадахаар чинь азарга тавих гэж байгаа юм” гэнэ. Угшлыг нь асуусан. Эх нь Тэрбиш Алдартын улс, бүсийн наадамд дөрөв айрагдсан буурал азарганы төл бор гүү. Эцэг хүрэн азарга нь бас л хурдан адуу гэнэ. Би бас унагыг нь харахдаа эхийг нь ажигласан. Үнэхээр сайхан гүү байсан л даа. Тэр үедээ яг авъя, өгье ч болсонгүй.Намар нь манай сумын сургуулийн ой боллоо. Тэгсэн Мэндээ таараад “би Цэдэв ахтай ярьсан шүү. Нөгөө бор гүүг чинь чамд өгөхөөр болсон” гэж байна. Тэгээд ирэнгүүтээ Цэдэв ахтай уулзаж бор гүүгээ унагатай нь авсан даа. Бас болоогүй ээ нийслэлийн Алдарт уяач Дашдоржийн зөвлөсөн их насны морийг ч авсан. Хэнтийн Батноровын Наран, Саранчимэг гээд ах дүү хоёр байдаг юм. Нямдаваа сайдын хурдан зээрд азарга тэдний адуу юм билээ. Би тэднийхээс нэг халзан морь авсан.
-2011 онд уясан байлгүй. Тэр жил хэрхэн наадсан бэ?
-Тэгсээн. Манай морьдыг Цэндээ ах маань уяж байсан. Тэр жил Ховд аймгийн маань түүхт 80 жилийн ой тохиож, Увс аймагт баруун бүсийн уралдаан болсон шүү дээ. Улсын баяр наадамд халзан морь маань 550-аас 76-д давхиж, нүдэндээ нулимстай баярлан тосч байлаа. Тэр уралдаанд Дарьгангаас авчирсан Мэндээгийн хээр морь гарсан цагаас хөтөлсөөр сууж наймд орсон. Харин бор даага маань тамир муутай байсан болохоор мордуулаагүй. Мэндээгийн таван цагаан даага 11-ээр давхисан. Улсын наадмын дараа Ховд аймгийн 80 жилийн ойд очтол гараан дээр миний дааганы хүүхэд уначихаад зөнгөөрөө цогисоор 15-д баригдсан. Уг нь өмнө нь сунгахад улсад 11-ээр орсон Таван цагааныхаа урд байсан болохоор хүүхэд нь унаагүй бол гэж бодогддог л юм билээ.
-Таван цагаан нь хэдээр давхисан юм бэ?
-Зургаалсан.
-Тэгвэл ч бас аргагүй л юм. Халзан морь чинь яаж давхисан бэ?
-Сунгаанд халзан морь бас их сайн байсан. Ер нь Мэндээгийн халтартай л цуг явдаг юм. Тэгтэл уяач, хүүхэд хоёр нь шинэдсэн үү 23-аар ирсэн. Тэр жил би Сүхбаатарын Мөнххаан сумаас сайхан хул соёолон авсан байсныгаа мөн аймагтаа уралдуулж, зургаа долоо гэж зарлуулсаар байгаад үзэгчдийн хөлд орж ирээд суугаад 10 гаргаж ирсэн. Намар найман сард Бат-Эрдэнэ Тод манлайн Молор эрдэнэ одонгийн мялаалга наадам болоход Мэндээ хээр морио уралдуулсан. Харин би халзан морио мордуулалгүй аваад үлдчихсэн юм.
-Яагаад?
-Маргааш нь Өлзийт хорооны 10 жилийн ой болж, даага, их морь насны морьд уралдана гэж байсан юм. Тэр уралдаанд халзан морио Цэндээ ахын морины хүүхдээр унуулсан. Гэтэл морь эргээд л шахчихсан. Удалгүй өнгөнд гараад иртэл замаас нь зургаа, долоон морь нийлээд заримыг нь гүйцэж, заримыг нь чадалгүй байсаар дөрөвт баригдсан юм. Тэгтэл “замаас орсон морьдыг хасна” гэсэн яриа гараад. Бид ч манай халзан морь түрүүлсэн гээд тайвширчихсан байтал “морь будилсан учраас дахиж уралдана” гэсэн шийдвэр гарчихсан. Тэгэхээр нь дахиж уралдуулаагүй. Харин дааганы уралдаанд бор үрээ маань дөрвөөр давхиж анхны медалиа авч байлаа.
-Уг нь түрүү, айргийг хүртэж...
-Тиймээ. Түүний дараа МУ-ын Манлай уяач Б.Далайн нэрэмжит уралдаанд бор даага маань гуравлаж, хоёр дахь айргаа авчирсан.
-Төрийн зарлигт наадмын анхны айргийг авчирсан бор үрээ дараа жил нь яаж давхилаа?
-2012 онд шүдлэн үрээ дөрөв уралдсан. Хавар Баян суманд болсон нэг уралдаанд долоолоод, Гачууртын МСУХ-ноос зохион байгуулдаг 300.000 төгрөгний бооцоот уралдаанд есөөр давхисан. Тэгээд зун нь төрийнхөө наадамд 13-т давхиад, давхар уяагаар Дундговь аймагт болсон говийн бүсийн уралдаанд зургаад баригдсан. Тухайн үед би шинэ залу уяач дүрэм мэддэггүй байж л дээ. 25,26-аас урагшилсаар байгаад дөрөв, тавын үрээтэй холбоотой барианд ордог юм. Бичлэг харахаар миний борын хошуу арай илүү. Харин Дүү хээр нь зурхай дээр түрүүлээд гишгэчихсэн. Комиссынхон зурхай дээр түрүүлж гишгэсэн нь Дүү хээр гэхээр нь хэл үг гаргаагүй. Тэгсэн уг нь хошуугаар нь тооцдог юм билээ. Сунгаанууд дээр миний бор Ерөөлтийн зээрдийн өмнө байсан. Ерөөлт Алдарт Сүхбаатар явж зээрд үрээгээ гурваар давхиулчихаад “Энхээ чи наашаа ирж уралдах байж. Бор үрээ чинь энд бат айрагдах байсан байна. Наана чинь ч гэсэн айрагдчих байлгүй дээ” гэж байсан юм.
-Алдартын зээрд үрээ улсад хэдээр давхисан юм бэ?
-40 гаргаж давхисан. Дараа жил нь бор үрр маань хязаалан улсад дан уяагаар 28-аар давхиад, давхар уяагаар Завханы “Очирваанийн хурд”-д дөрөвт хурдалсан. Даагандаа Говьшанхад айрагдаж, шүдлэн үрээ говийн бүсэд түрүүлж, хязааландаа улсын наадамд аман хүзүүнд хурдалсан Тэргүүн хонгор түрүүлж, Говь-Алтайн Даривын халзан үрээ аман хүзүүдэж, МУ-ын Манлай уяач Т.Гантөмөрийн дараа жил нь улсад айрагдаж, Ховдын бүсэд түрүүлдэг буурал үрээ гурвалж, миний Дөлгөөн бор дөрвөлсөн. Харин тавд манай Ховдын Мөстийн Сайнбаярын хүрэн үрээ давхисан санагдана. Улс, бүсийн довтой адуунуудтай уралдаж айрагдлаа гэдгээс гадна бас нэг зүйл бахархалтай санагдсан.
-Тэр нь юу билээ?
-Завхан аймгийн 80 жилийн ойд манай сумын харьяат МУ-ын Алдарт уяач Цогтоо гуайн хүүгийн хар морь дөрвөөр давхисан байдаг юм. Тухайн үед Анод банкны захирал байсан Гүр-Аранз онгоц, машинаар морь зөөж авчраад их л том уралдаан болж байсан хэмээн манай нутгийн хөгшчүүл одоо ч ярьдаг. Түүнээс арван жилийн дараа 90 жилийн ойд нь манай сумаас дахин морь айрагдаж нутгийн нэрийг гаргах сайхан байлгүй яахав. Тэр жил би Сүхбаатар аймгийн Баруун-Уртын сумын харьяат аймгийн Алдарт уяач Мондоон Ганболд гэдэг найзаасаа сайн хонгор соёолон авч, хавар олон айрагдуулсан юм. Зун улсын наадамд өнгөний найман үрээтэй тасарч уралдсаар байгаад үзүүр дээрээ жоохон суугаад 17-оор давхисан болохоор Завханд айрагдчих байх гэсэн ч чадаагүй. Жоохон хоолны алдаа гарсан.
-Дөлгөөн бор соёолондоо яаж давхисан юм бэ?
-Хавар нь гамначихсан чинь улсад таргадаад уралдаж чадаагүй. Тэр жил би ганц шүдлэн үрээ мордуулж, 33-аар давхиулсан. Улсын наадмын дараа Ховд аймагт болсон баруун бүсийн уралдааныг азарга, их наснаас бусад бүх насны морьдтой зорьж, эхний өдөр хоёр шүдлэн айрагдуулсан. Гурваар давхисан хонгор шүдлэнгээ би өөрийн найз Даваагийн Баатарсайхандаа өгчихсөн юм. Яагаад гэхээр тэднийх адуу мал олонтой айл байсан. Манай нутагт зундаа гүү барьж айраг исгэдэг айл тийм олон биш. Харин тэднийх гүү барьж сумандаа айраг нийлүүлдэг байсан. Найз маань “нэр дээрээ ганц морь мордуулчихмаар байна. Мэдэж байгаарай” гэсэн юм. Тэгэхээр нь “за хөгшин нь нэг морь өгье. Чи өвс тэжээлийг нь авчирч өгөөрэй” гэчихсэн юм. Найз маань ч хүний юмыг аваад яаж хоосон байхав гээд үнэ өртгийг нь өгсөн. Тийнхүү наймаалцсан хонгор үрээ нутагт болсон баруун бүсийн уралдаанд айргийн гуравт хурдалж, бид бүгдийн магнайг тэнийлгэсэн дээ. Бас болоогүй ээ, сумын ойд дахин айрагдаж, найзыг маань сайхан баярлуулсан.
-Нутагтаа болсон төрийн зарлигт наадмын эхний өдөр хоёр айраг хүртэж одтой сайхан эхэлжээ дээ?
-Тиймээ, эхний өдөр даага, шүдлэн мордсон. Эрлийз, монгол хоёр даагатай очсон ч монгол нь замдаа өвдчихсөн юм. Эрлийз нь хоёр, гурван км хэртэй өнгөлж байгаад суусан даа. Дараа нь шүдлэн мордож, нэг дор хоёр айраг хүртээд “нутаг маань сайхан тосч авлаа” гээд ихэд бэлгэшээсэн. Маргааш нь хязаалан, соёолон уралдсан. Хоёулаа сайн байсан болохоор бас битүүхэн горьдоод байгаа. Халтар хязаалан нь дээр хэлсэн Ганболд найзын маань адуу, орон нутагтаа бас хэд хэд айрагдчихсан. Өмнөх давхилуудад соёолонгоосоо л хурдан байсан юм.
-Бор үрээнээс чинь үү?
-Тийм. Хязаалангийн уралдааныг би өөрөө дагасан юм. Тэгсэн бүх морь гарчихсан хойно ганцаархнаа үлдчихсэн байдаг юм.
-Яагаад тэгсэн юм бол?
-Үргэсэн л юм байлгүй. Тэгээд л хөдөлсөн. Тоос арай сийрэх хэрд харсан бараг тал дунд нь орчихсон явна. Тэгээд тэр чигээрээ урагшилсаар байгаад есөд баригдсан даа. Гараа алдаагүй бол айрагдчих байсан болов уу. Дараа нь Мянгад сумынхаа 90 жилийн ойд уралдуулж хол түрүүлгэсэн.
-Дөлгөөн борын тухайд...
-Бор үрээний хувьд бол морь эргээд л төд удалгүй тав зургаа дээр гараад ирсэн. 13 км орчим яваад суух маягтай болж 11-рүү ороод ирэхээр нь би татуулчихсан юм. Ухарч, суудаггүй адуу. Хөлөндөө жаахан эмзэглэлтэй байсан болохоор бүр дордчихож магадгүй гэж болгоомжилсон. Гэхдээ дараа нь сумын ойд уралдаад аман хүзүүдсэн.
-Хар үрээ чинь хаанахын адуу юм бэ?
-Цэдэв гуайн унаган адуу. Би тэдний хүргэн Батсанаа гээд найзаасаа авсан. Хавар уралдуулна гээд тэжээчихсэн унаж эдлээгүй, айхтар булгидаг адуу авч байлаа. Надад бас нэг сайхан хар азарга байсныг. 2012 онд талийгч болчихсон Отгонжаргал гээд ахаасаа шүдлэн үрээ авч байсан юм. Унагандаа эхээсээ өнчирч үлдээд хөхөрчихсөн туранхай шүдлэн авч, 2015 оны Дүнжингаравт уяад. Бүсийн уралдааны өмнө Чойрын уяачдын холбооноос зохион байгуулсан уралдаанд мордуулаад түрүүлгэсэн. Хар азарганы ар дээр 500-600 метр зайтай даагандаа улсад түрүүлсэн Сэрээгийн Шинэбаатарын Одон хээр. Ингэж хол түрүүлж байгаа юм чинь Дүнжингаравт айрагдчих юм байна гэж бодож байтал хөлөнд нь хөндүүр суучихаад уралдуулж чадаагүй. Тэгэхээр нь хавар эрт гүү хураалгаад Сүхбаатар луу найз Ганболдодоо “болохоор бол уяарай” гэж хэлээд явуулчихсан. Хааяа залгаад асуухаар “эрлийз адуу чинь бүтэхгүй юм байнаа”л гэдэг. Тэгсэн нэг сунгааны дараа “энэ чинь ёстой хурдан юм байна” гэж байна. Тэгээд тэр найз маань уяж Сүхбаатар аймагт болсон зүүн бүсийн уралдааны эрлийз дээд насны ангилалд хар азарга түрүүлсэн.
-Эхний мэдээгээр Батжаргалын хээр түрүүлсэн гэж байснаа эргээд холбогдоход өөрийн чинь хар азарга болсон байсан.
-Морь барианд ороход дадар өгдөг ш дээ. Эхлээд хар азарга түрүүлсэн гээд дадар өгчихсөн юм. Тэгж явж байтал цагаан хоолойгоор “Батжаргалын хээр азарга түрүүлсэн” гээд зарлахаар нь гайхаад очоод уулзсан чинь Эрдэнэбилэг гээд азарганы даамлаар ажиллаж байсан залуу Батжаргал бид хоёрыг хоёуланг нь дуудаж ирүүлээд бичлэг үзүүлсэн. Тэгсэн хар азарганы хоншоор хамаагүй илүү орчихсон байгаад амжилтыг нь хэвээр нь тооцсон юм. Өмнө нь яг тэгж айргаа алдчихсан хүн чинь туршлагатай болчихсон байлгүй яахав. /инээв/
-Баруун бүсэд айрагдсан хар үрээ өнгөрсөн хоёр жил хаагуур уралдсан бэ?
-2015 оны сунгаануудад их хурдан байсаан. Бүр эрлийз адуунуудтай мордуулахад дийлээд л... Хоёр ч сунгаан дээр тийм хурдан байсан болохоор нь улсад айрагдах нь гэж бодож байтал хөл нь эмзэглэчихдэг юм. Улсад мордуулчих санаатай хүмүүсээс асууж зөвлөж байгаад тариа хийсэн чинь гайгүй болчихлоо. Тэгэхээр нь дунд сунгаанд мордуулчихсан бүр болохоо болиод дахин уралдаагүй. Одоо гүү хураагаад нутагт байна.
-Баатарсайханы хонгорын хувьд...?
-Баруун бүсээс хойш өөр хүн дээр уягдаж байгаад 2016 онд надад ирсэн. Сунгаан дээр их хурдан байсан ч улсад 26-гаар давхилаа. Бас нэг шүдлэн мордуулж 29-өөр давхиуллаа. Улсын наадмын тухайд ийм. Дараа нь Говь-Алтай аймагт болсон баруун бүсийн наадмыг зорьж шүдлэн үрээ 19-өөр, Баатарсайханы хонгор 11, даага 20, 21-ээр давхисан.
-Цэнд-Аюуш Манлай нэгэн үе морьдын тань уяа сойлгыг тааруулж байсан. Харин одоо...?
-2011,12 онуудад Цэндээ ахаараа уяулаад, 2013 онд Эрдэнэбаяр гээд залуугаар туслуулаад өөрөө уяж үзсэн. 2014 оны тухайд Ихбаяраар уяулахаар зургаан сар гаргаад морьдоо аваад очсон. Долоон сарын эх гэхэд таргадах нь таргадаад,нэг л болохооргүй болсон. Олон хүний морь уяж байгаа амждаггүй юм шиг байна лээ. Тэгээд морьдоо аваад өөрийнхөө бодож санасан ажлыг хийсээр баруун бүсээс хоёр айраг авсан. 2014,15 онуудад Төртогтох гээд манай сумын, манай хамаатны залуу туслах уяачаар ажилласан. 2016 онд Борнуур сумын харьяат Адъяахүү гээд залуутай хамтарч уялаа. Хоёр хүүхэд нь морь унана. Ер нь унаач хүүхдүүд ээж аавтайгаа байвал илүү дээр юм билээ.
-Зургаан жилийн хугацаанд улсын чанартай бүсийн уралдаанаас нэг түрүү, гурван айраг хүртжээ. Чамлахааргүй амжилт шүү.
-Хүн болгонд заяахгүй хурдан хүлгүүд надад таарсан нь өнөөдрийн амжилтын үндэс юм. Миний авсан болгон хурдалсан. Цэдэв ахын маань хоёр унаган үрээ надад бүсийн наадмын хоёр айраг авчирлаа. Отгонжаргал ахаас авсан хар үрээ азарга болсон хойноо бүсийн наадмын түрүү авч өглөө. Бас Лхагвасанчир гээд найзаасаа авч байсан хонгор үрээ Баатарсайханы нэр дээр уралдаж бүсэд айрагдсан. Ингээд улс бүсийн наадмаас гурван айраг, нэг түрүү авсан. Орон нутгийн чанартай уралдаанд айрагдаж, түрүүлсэн морьд олон бий.
-Аав хүү Алдартуудад сайхан наадмууд олон биз. Тэднээс онцолж яривал...
-Морь айрагдуулсан наадам болгон сайхан. Тэр дундаа даага, хязаалан түрүүлгэж, шүдлэн, соёолон аман хүзүүдүүлж, бас нэг шүдлэн гурваар давхиулсан сумын маань түүхт 90 жилийн ойн баяр наадам илүүтэй сайхан санагддаг.
-Аав тань хүүгээрээ бахархаж урмын үг хэлэх үү? Манайхан чинь хүүхдээ нүүрэн дээр нь магтдаггүй нэг ”гэмтэй” хүмүүс шүү дээ?
-Аав маань намайг их дэмжинээ. Ний нуугүй хэлэхэд морь уях чинь эдийн засгийн хувьд зарлагатай ш дээ. Морь худалдаж авах, тэжээж арчлахаас эхлээд. Эхнэр маань намайг ойлгож ерөнхийдөө дэмжинэ. Гэхдээ зарим үед “одоо байгаагаа уяж болдоггүй юмуу” гэдэг юм. Хонгор морийг аавтайгаа хуйвалдаад авчихсан. Сүүлд хурдлаад ирснийх нь дараа эхнэртээ үнэнээ хэлж байгаа юм чинь. /инээв/
-Миний асуух асуулт энэ хүрээд жаргаж байна. Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Ярихыг хүсч байсан зүйлээс үлдээсэн бол нэрэлхэлгүй ярьж болно.
-Монголын хурдан морины уралдаан үндэсний уламжлалт болон мэргэжлийн спорт гэсэн хоёр чиг хандлагатайгаар хөгжих ёстой юм шиг санагддаг. Өөрөөр хэлбэл эрлийз адуу уралдах өөр уралдааныг бий болгоод монгол адуугаараа монгол наадамдаа уралдаж баймаар. Тэгэхгүй бол аль ч газрын наадам маргаан мэтгээнтэй байх болж. Тиймээс энэ асуудлыг ойрын үед шийдээсэй хэмээн хүсч явдаг даа.
-Энэ бол ганц таны бус Монголын мянга мянган уяачийн чин хүсэл. Өөрийн бодлоо хуваалцсанд баярлалаа.

"Тод магнай" сэтгүүл

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна