Уяач Ж.Энхбат: Энэ нутагт ирээд уяа эвлүүлж, хурд ирлэж байна

А.Тэлмэн
2017 оны 4-р сарын 19 -нд

Булган аймгийн Булган сумын уугуул, Хэнтий аймгийн Норовлин сумын харьяат, уяач Ж.Энхбаттай хийсэн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Таны бага насны талаар ярилцлагаа эхэлье.
-Манайх Булган аймгийн Бугат сумын айл байлаа. Багадаа бусад хөвгүүдийн л адил морь мал унаж өссөн. Дунд сургуулиа аймгийн төвд суралцан төгсөж, “Бетон гүүр” компанид ажиллаж байсан.
-Аав нь морь уядаг байв уу?
-Үгүй ээ. Манай ах Булган аймгийн Алдарт уяач Хишигсүрэн гэж хүн бий. Мөн аавын маань дүү Намжил морь мал уядаг. Багадаа тэднийхээ хурдан морийг унадаг байлаа. Сүүлд сургууль соёл, ажил амьдрал гэж ийш тийшээ их явсан. Эндээ ирж суурьшаад 10 гаруй жил болж байна.
-Энд суурьшсан цагаасаа морины ажил руу оров уу?
-Тийм ээ. Энд ирээд би хувиараа бизнес эрхэлж байгаад, хэдэн малтай болсон. Энд тэндээс адуу цуглуулж хоёр азарга адуутай боллоо. Тэгээд дүүтэйгээ хамтарч морь уяж эхэлсэн.
-Хаана хаанаас, ямар ямар угшлын адуунууд цуглуулсан бэ?
-Дандаа Норовлингоосоо л цуглуулсан адуунууд даа. Айхтар удам угшлыг нь судлаад сүйд болсон зүйлгүй. Дандаа бага насны адуу авсан. Нэг хүрэн үрээ Давааням гэдэг залуугаас авч азарга тавьсан. Тэрний маань төлүүд гайгүй сайн давхиж байна. Хэнтий аймгийн наадамд зээрд морь тавлаад, сумынхаа 90 жилийн ойд түрүүлсэн. Одоо нас нийлж байна.
-Уяа эвлүүлээд гурван жилийн нүүр үзжээ. Анхны наадам ямар наадам байв?
-Норовлин сумандаа даагаа зургаалуулсан. Тэр хүрэн зүсмийн даага манай өөрийн унаган адуу л даа. Эцэг нь Даваанямаас авсан хүрэн азарга. Эх нь Сүхбаатар гаралтай. Шар Цогоо гэж залуугаас авсан буурал гүү. Тэр хоёрын төл байгаа юм. Баян-Адрагын 90 жилийн ойд бас зургаалсан. Ноднин Хэнтий аймгийн ойд 15-аар давхиж, шүдлэн үрээ энэ жил сумын ойд уралдаад есөөр ирсэн.
-Та өөр хаана хаана наадаж байв?
-Жижиг наадмаар л явж байсан. Улсын наадамд очиж байгаагүй.
-Хамт уяа эвлүүлдэг хүн бий юу. Үр хүүхдээс тань морь сонирхох уу?
-Манай хүргэний ах нь надтай цуг морь уядаг. Морь сунгаа, бүхий л ажилд хамт явдаг Төмөр-Очир гэж залуу бий.
-Адууны тань тоо толгой хэд хүрсэн бэ. Өөр мал ахуй байна биз?
-60-аад адуутай. Адуу, үхэр, хонь, ямаа гээд тэмээнээс бусад нь байгаа даа. Тоо толгойн хувьд хонь, ямаа нь илүү.
-Та бизнес эрхэлдэг гэсэн?
-Хувиараа дэлгүүр хоршоо ажиллуулдаг юм.
-Ярилцсанд баярлалаа.

"Тод магнай" сэтгүүл

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна