Э.Мандахчулуун: Цоллоочийн малгай тэмдэгтэй болчихвол хүнээс дутахгүй дээ гэж боддог

А.Тэлмэн
2012 оны 2-р сарын 15 -нд

-Хүүхэд байхын л морь уяж, цол дуудсан нэгэн явсан гэдэг? Тэндээс яриагаа эхлэх үү?

-Тийм шүү. Хүүхэд байхын л морь уяж эхлэсэн. Тэр чинь 1985 он юм шүү дээ. Анх удаа даага, хязаалан, соёолон уяж, морины амтанд орж байлаа. Дунд сургуульд байхдаа урлагийн үзлэгт хурдан морины цол дуудаж, мандаж явлаа. /инээв/ Түүнээс хойш 20 гаруй жил өнгөрчээ. Энэ хугацаанд Улаанбаатар хот орж Тод манлай уяач Аюуш, манлай уяач Нямдорж гуай нарын дэргэд байж морь уях нарийн ухаанаас нь цухас ч болов суралцсандаа баярлаж явдаг. Эрдэм гэдэг багаддаггүй юм билээ. Одоо Баян-Өндөртөө эргэж ирээд морио уяад, айраг, түрүүгээ аваад л явна.

-Хэчнээн айраг түрүүтэй вэ?

-1985 оноос хойш таван түрүү, 22 айраг авсан байна. Харамсалтай нь энэ жил зуднаас болоод өөрийнхөө морьдыг уяж чадсангүй. Юмчин гэж найзынхаа морийг уяж гурван түрүү, 3 айраг авч өгсөн амжилттай сууна даа.

-Хурдан морины салшгүй нэг хэсэг болсон цоллоочийн асуудалд анхаарал хандуулах цаг нь болсон юм шиг санагддаг?

-Өөртэй чинь санал нэг байна. Хурдан морь цоллодог хүн ховор болж байна шүү. Дунд сургуульд байхаасаа хойш цол дуудаж байгаа ч өнөөдрийг хүртэл хүндтэй шагнал энэ тэр авч байсангүй. Төв аймгийн Октябрийн сангийн аж ахуйд 2003 оны хавар хөлтэй уралдаан болсон. Тэнд морины цол дуудахад дараа нь олон хүмүүс хаанахын хүн бэ, яаж ингэж гоё дуудаж сурсан бэ гэж асууж байсан. Бүүр мориныхоо цолыг дуудуулсан улсууд гарын бэлэг хүртэл өгсөн. Сэтгэлд их тод үлдсэн наадам байгаа юм.

-Хурдан морь цоллоочдын уралдаанд оролцож байв уу?

-Одоохондоо оролцож үзээгүй ээ. Хэрвээ боломж гарвал алдахгүй шүү. Манай суманд бас Шарын Дашдондов гэж өвгөн бий, дэндүү гоё дууддаг юм. Улсад очвол тэр хүнийг гүйцэх хүн байхгүй л болов уу. Манай нутагт айлын шинэ гэрний найраар морь уралдана. Тэр бүрт би цол дуудна даа. Төрийн наадамд түрүү авсан хүний морины цол дуудахад сайхан шүү. Тиймдээ ч би үнэрхдэггүй. Улсын морь цоллооч нарын малгай залаатай, тэмдэгтэй байдаг юм билээ. Би нэг тийм малгай, тэмдэгтэй болчихвол хүнээс дутахгүй дээ гэж боддог юм.

-Ярилцсан танд баярлалаа

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна