Аймгийн Алдарт уяач Д.Одонхүү: Тахийн цустай адуунд чоно ойртдоггүй юм билээ

Бадрал
2017 оны 5-р сарын 18 -нд

Говь-Алтай аймгийн Бугат сумын уугуул, аймгийн Алдарт уяач Дарамын Одонхүүтэй хийсэн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна. Тэрээр 1943 онд Бугат сумын нутаг Гурван хашаат хэмээх газар айлын дөрөв дэх хүүхэд болон мэндэлжээ.
-Уугуул нутаг Бугат юм байна. Энэ нутагт шилжин суурьших болсон нь ямар түүхтэй вэ?
-Би Худалдаа эдийн засгийн дээд сургуулийн нягтлан бодох бүртгэлийн ангийг төгссөн. Хотод ажиллаж байгаад 1976 онд Говь-Алтай аймгийн худалдаа удирдах газрын намын хорооны илгээлтээр Гуулингийн худалдаа нийтийн хоолны ангийн даргаар томилогдон ирж байлаа. Яг 40 жилийн өмнө юм байна. Удалгүй аймгийн намын хорооны товчооны шийдвэрээр ажил сайжруулах үүрэгтэйгээр  энд томилогдож ирээд ажлыг нь сайжруулан 100 хувьтай байгууллага болгож улсын болоод аймгийн Аваргаар шалгарч байлаа. Тэгээд хувьчлалаар хөдөө гарч хоёр жил багийн даргаар ажиллаад тэтгэвэртээ суусан даа.
-Хурдан морь уяж сойх болсон нь хэзээнийх вэ?
-Долоон настайгаасаа хурдан морьтой нөхөрлөсөн. Манай аав Бугат сумын харьяат улсын сайн малчин Дарам гэж хүн байлаа. Аав минь морь сайн уядаг байсан.
-Өвөө тань морь уядаг байсан уу?
-Өвөө хааяа морь уянаа. Миний хувьд 13 хүртлээ аавыгаа дагаж морь унасан.  Аавын Тахь хонгор нэртэй тахийн эрлийз морь байсныг унаж байсан.
-Тахийн эрлийз ээ... Тэр талаараа жаахан дэлгэрүүлээч?
-Манай хоёр гүү алга болоод нэлээд удаж. Тэгсэн хээр гүүг тахийн азарга хураачихсан явж байгааг хүмүүс харчихаад ээжид ирж хэлсэн юм билээ. Тэр дагуу нь аав хүмүүстэй яваад хоёр гүүгээ салгаж авчирч, хавар нь нэгээс нь эр хонгор унага гарсан нь Тахь хонгор. Их хурдан морь байсаан. Би унаж дөрөв түрүүлгэн, тав айрагдуулж байсан. Гэм нь их зантай, догшин.
-Хэлбэр хийцийн хувьд монгол адуунаас өөр үү?
-Их ганган, босоо биетэй. Хамар нь бүрээ шиг том сартгар. Толгой нь жоохон мэлгэр. Банхгардуу, бүдүүлэг хүзүүтэй. Ул, туруу их сайтай. Их л босоо биетэй адуу байсан.  Би тэр морио унаж таван удаа айрагдуулж, дөрвөн удаа түрүүлгэсэн дээ.
-Танаас өөр хүн унасан уу?
-Би хүний ганц хүү. Гурван эгчтэй. Тахь хонгорын дараа дааганд нь Ховдоос авчирсан  Захчин гэж их өндөр том хар морийг унаж хэд, хэдэн удаа түрүүлгэж, айрагдуулж байлаа. Захчин харын дараа Нарийн зээрд гэж аймаар догшин морь байсан. Одоо эргээд бодоход манай аав их хэрцгий хүн байжээ. “Унаад үзээрэй” гээд л мордуулчихна. Их уур нь хүрвэл чулуугаар шидэж хөөнө. Муу ээж минь “хүүхэд аллаа” гээд уйлж байдагсан.
-Ганц хүүгээ хатуужилтай өсгөх гээ юм болов уу?
-Тийм юм байлгүй. Нарийн зээрдийг бас нэлээд хэдэн удаа айрагдуулсан.
-Ер нь унасан болгоноо айрагдуулдаг адтай уралдаанч байжээ дээ?
-/инээгээд/Нарийн зээрд аавын унаган адуу. Манайх олон адуутай айл байсан. Би аавыгаа дагаж морь унаад Цээлээс эхлээд тойргийн хэдэн сумдаараа явж уралдан айраг, түрүү зөндөө авсаан. Тэгээд моринд томдож хасагдаад сургууль соёл, цэрэг гэж яваад хорь гаруй жил мориноос хөндийрч байгаад 1987 оноос дахин уясан. Багын дуртай хүн чинь хорхой хүрээд байдаг юм билээ. Тэсэлгүй азарган хээр үрээ худалдаж аваад уясан.
-Уучлаарай Тахь хонгор чинь хэд хүрсэн юм бэ?
-28 нас хүрээд 1967 оны бичин жилийн зуднаар л үхсэн юм байна лээ. Тахийн цустай адуунд чоно ойртдоггүй. Хэд хэдээрээ тойрч зогсож байгаад төлөө хамгаалдаг.Тахь хонгорын ээжийг шүдлэн үрээнд хураалгачихсан байхад нь тахийн азарга булаачихсан байсан гэдэг юм.
-Шүдлэн үрээнд гүү хураалгачихаж байгаа юмуу?
-Шүдлэн үрээ гүү хураана гэж юу байхав. Гэхдээ манай эцэг тэр үед хураалгачихсан л юм билээ. Тэгсэн нөгөөхийг чинь тахийн азарга юу ч үгүй барьчихаад хоёр гүүг нь аваад явчихсан байсан. Хожмоо нөгөөх чинь сайхан азарга болоод. Унаганд нь ер чоно хүрдэггүй. Тэр хавийн улс гайхаад “энэ Цагаан амт номтой юмуу хаашаа юм адуунд нь ер чоно хүрэхгүй юм. Бусад айлын адууны унагыг тэсгээхгүй” гэдэгсэн. Багадаа тэгж айхтар бариулсан болоод тэгдэг юмуу адуунаасаа саахалтын зайтай хол явна. Адуун дундаа явна гэж байхгүй. Их мундаг дайчин азарга байж билээ.
-Томилолтоор ирээд тэсэлгүй азарган үрээ авсан гэсэн. Тэр талаараа дэлгэрүүлээч?
-Дэлгэрийн цаад талаас хязаалан хээр үрээ авч сумынхаа Бадарч гэдэг хүнээс хүрэн гүү авснаа хураалгаад. Дээр нь аавынхаа төхөөрч өгсөн нанжин гахай гөлөмтэй эмээлийг халиун байдас, бор дааганаас өгч адуужих эхлэлээ тавьсан даа.
Тэд маань өсөж үржсээр 70 гаруй адуутай болчихоод байтал 2002 оны зуд дайрч зургаа нь л үлдсэн. Гол харламаар юм билээ.
-Тэгэлгүй яахав. Олон уяачийн уяан зэл эзгүйрсэн гэнэ лээ?
-Мал өсөх сайхан, үрэгдэх тэр тусмаа олноороо үгүй болох хэцүү юм билээ.
-Алдартын магнайг тэнийлгэж, нэрийг нь өргөсөн удамт хурдан хүлгүүдийн талаар яриагаа үргэлжлүүлье?
-Миний Шанхат халтар азарга Цогтод нэг түрүүлж, аман хүзүүдэн, нэг долоолсон. Халиун сумын ойгоор нэг аман хүзүүдсэн. Сумандаа хоёр удаа аман хүзүүдсэн. Наадмаар стадион тойруулбал тоглоод хүүхдээ аваад шидчихдэг. Цэргээс ирсэн залуус л унаж үсэргэдэг. Сонин адуу байж билээ.
-Цоллуулахад бөөн хэрэг мандах уу?
-Цоллуулахдаа яах ч үгүй. Уралдахаас нь өмнө стадион тойруулаад морь бүртгэхэд булгиад байдаг байсан юм. Явж байгаад л гэнэтхэн булгиад шидчихдэг. Манай нутагт адуу идэхээр хордож үхдэг Тэхийн сахал гэж урт ургамал байдаг юм. Шанхат тэр ургамлыг идээд үхчихсэн. Тэгсэн миний найз мажаа Намсрай гэж Бигэрийн голын морь таньдаг, сайн уядаг хүн ирээд “чиний хээр азарганы ор байж байна” гэдэг юм байна. “Хаана байна” гэсэн чинь “энэ хээр даага байна. Азарга тавьчихаарай, чамайг олон баярлуулна даа. Чи миний үгэнд ороорой, битгий засаарай” гээд явсан. Тэгээд тэр даагаар нь  азарга тавиад Цогтод олон жил түрүүлгэж, айрагдуулсаан. Намайг аймгийн Алдарт уяач болоход энэ хээр азарганы амжилт их нөлөөлсөн дөө. Сайхан буянт хүлгээ би Аравгар хээр гэж нэрлэсэн.
-Шанхатын чинь төл юм уу?
-Тийм, ганц эр хээр унага гарсан нь Аравгар хээр.
-Аравгар хээр чинь хэдий үеэс эхэлж уягдсан юм бэ?
-Бүр хавчиг соёолонд анх уясан. Манай сумын 70 жилийн ой болоход 50 гаруй азарга мордлоо. Аравгар хээр хамгийн жижиг, муу нь. Ерөөсөө хүний нүдэнд өртөхөөргүй. Хүмүүс “тэрнийх айрагдах нь, түүнийх түрүүлэх нь” гээд байсан. Миний азаргыг тоож хардаг хүн байдаггүй. Тэгсэн Тавхнаг гээд уяач “чиний хээр өнөөдөр айрагдах нь дээ. Хэдэн настай вэ” гэж байна. Би “бүдүүн үрээ” гэсэн  “айргийн тав дотор ирнэ. Манай хүр дүүгийн хээр азарганы өмнө ирэх юм байна” гэж билээ. Тухайн үед би энэ хөгшин худлаа ярьж байна даа гээд тоогоогүй. Тэгсэн нээрэн гурваар дахиад айрагдсан. Түүнээс хойш зургаа түрүүлж, долоо айрагдсан даа хөөрхий. Жижигхэн биетэй гэхдээ их гоё том толгойтой.Цээжний бяртай, цуцна гэж байдаггүй.  Өгсүүр газар бүр аюултай.
-Танай энд гайгүй болов уу гэсэн үрээгээ хөнгөлөөд морь болгочихоод байдаг юмуу даа.
-Голдуу морь болгоно. Эрдэнэцагаанаас авсан хоёр хүрэн шүдлэнгийнхээ нэгээр нь азарга тавиад нөгөөг нь морь болгосон. Уралдаад шалиагүй л байна. Сүүлийн үед нас өтлөөд морио эдэлж, уяа сойлгыг бас тааруулж чадахгүй байна. Хүүхдүүд уяхаар санаанд тохирохгүй юм. Уг нь адуугаа сайжруулах санаатай зүүн талаас хоёр гүү авчирч тэр зүгээс авчирсан азаргандаа хураалгасан. Одоогоор үр төл нь уягдаагүй байна. Хээр азарганы угшилтай соёолон үрээгээ уяхаар хадуураад байх юм. Уг нь даагандаа хоёр гурав түрүүлж, шүдлэндээ нэг удаа зургаалсан. Тэгээд хязаалан болсноосоо хойш зам онохоо байчихаад байгаа юм.
-Аймаг руу явж наадаж байгаагүй юу?
-Би аймаг руу явж үзээгүй. Харин манай аав энд, тэндхийн даншиг хошуунд морио уралдуулдаг байсан. Түүнийг оролцуулаад 40 удаа айраг, түрүү авсан юм. Аймгийн морин холбоонд миний материал байгаа байх. Тэрэн дээр бичигдээд л явсан.
-Танай хүүхдүүд морь маланд хэр иртэй байна?
-Манай хүүхдүүд суурин газар амьдарнаа. Улаанбаатар, Эрдэнэтэд  суурин амьдардаг. Энд хоёр гурав нь байна. Морь маланд тааруухан. Бага хүү морь сонирхмоор байсан ч хаясан. Тэгээд энэ жилээс жаахан оролдож байна. Би хагалгаа хийлгэсэн учраас энэ жил морь уяж чадаагүй. Бага хүүгээ морь уях юм болов уу гэж бодоод зүүн талаас ганц, хоёр гайгүй адуу олж өгье гэж бодож байгаа.
-Өөрөө зүтгэлтэй, сэтгэлтэй бол уяна л даа?
-Уяна. Уг нь багадаа их сайн морь унадаг хүүхэд байсан юм. Тэгээд цэрэг, сургууль гэж яваад хөндийрчихсөн.
-Сумын заан цолтой юм байна. Хэзээнээс барилдаж эхэлсэн бэ?
-Хотод ажиллаж байхдаа Төв аймгийн Лүн суманд хоёр түрүүлсэн. Төв аймгийн Баян-Өнжүүл суманд нэг түрүүлсэн. Энд ирээд Гуулинд ургацын баяраар барилдаад дөрөвт үлдсэн. Мөн Бугатын ойгоор аймгийн бөхчүүлтэй барилдаж дөрөвт үлдсэн.
-Та ажил алба хашдаг байхдаа тэр бүр найр наадамд явж чаддаггүй байсан байх. Тийм үү? 
-Алба хашдаг байсан үед их хатуу байсан. Морь уялаа гээд цалин хасна гэнэ шүү дээ. Гэсэн ч сумын орлогч дарга Дагвасэд “Монгол хүн эрийн гурван наадамд оролцох эрхтэй” гээд цалин хасуулдаггүй байсан.
-Хүүхдүүдээс чинь барилддаг уу?
-Шалих юм ч алга. Нэг хүү барилдах гэж оролдож байгаад бас хаячихсан. Барилдана гэдэг нь хүнээс тэсвэр тэвчээр, ухаан, хатуужил, хөдөлмөр шаардана. Морь уяхад ч мөн ялгаагүй. Хөдөлмөрч хүн л морь сайн уяна. 
-Ярилцлагаа таны хамгийн сайхан наадмын дурсамжаар өндөрлөе.
-Цогт сумын ойгоор манай сумаас долоон азарга уралдахаар очиж байсан юм. Тэнд миний хээр азарга хол түрүүлсэн. Тэгээд Цогтынхон Бигэрийн адуунаас нэг хэсэг айдаг болж билээ. Арга ч үгүй байж уу дээ. Долоон азарга очоод ар, араасаа орж ирсэн юм чинь. Тэр л их сайхан дурсамж байсан даа.
-За баярлалаа. Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Эрүүл, энх байж урт удаан наслаарай.
-За та нарын ажилд ч амжилт хүсье. Монголын морин эрдэнийн ухааныг дэлгэрүүлээрэй. Улам сайхан нарийн болгоорой. Энэ сайхан түүх уламжлалыг битгий таслаарай.
"Тод магнай" сэтгүүл

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна