Аймгийн Алдарт уяач Б.Оюун-Эрдэнэ: Хүн л хатуу ширүүн ааш гаргахгүй бол мал дороо эзэндээ дасаж ээнэгшдэг

А.Тэлмэн
2017 оны 5-р сарын 22 -нд

Баянхонгор аймгийн Заг сумын уугуул, аймгийн Алдарт уяач Б.Оюун-Эрдэнэтэй хийсэн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Морь уях төрийн хэрэгт оролцож байдаг хуруу дарам цөөн бүсгүйчүүдийн нэгтэй уулзаж буйдаа таатай байна. Адуучин, уяач болоход юу нөлөөлсөн гэж боддог вэ?
-Би уг нь эцэг эхээс наймуулаа. Гэхдээ аавын маань ах хүүхэдгүй хүн байсан болохоор намайг зургаан настайд өргүүлсэн юм. Өргөсөн аав, ээж маань ахимаг насны хүмүүс байсан учраас би багаас бүх зүйлийг гардан хийдэг байсан. Нөгөөтэйгүүр намайг өсгөсөн аав маань нэгдлийн адуу олон жил малласан хүн. Аавыгаа дагаж морь унаж сурсан цагаас хойш адууны дэргэдээс холдоогүй дээ. Морин дэл дээр явж байх дуртай. Өглөө адуунд явна гэхээр шөнийн хоёр гурван цагаас хойш сэрвэлзээд л унтахгүй. Тэгсэн хэр нь ээж үнээ саагаарай гэвэл унтчих гээд байна шүү. /инээв/Тэгж байгаад 1982 онд наймдугаар ангиа төгсөөд аавыгаа залгамжилж адуучин болъё гээд илгээлтээр мал дээр гарсан хүн дээ. Түүнээс хойш зургаан жил адуу маллаж, 171 эмнэг сургаад, 1985 онд спортын мастерын болзол хангаж байлаа.
-Өндөр тоо байна шүү?
-/инээгээд/ Анхныхаа эмнэгийг бүр нэгдүгээр ангид байхдаа сургасан. Даага сургаад, нөгөөдөх нь булгисан чинь хоёр хөл дээрээ бууж байсан гэж байгаа. Тэгээд л дараа жилээс нь эхлээд даага зүгшрүүлдэг ажилтай болсон доо.
-Ганц охиноо морь малнаас уначихна гээд аав ээж хоёр чинь хориглохгүй юу?
-Манай аав хайр нь дотроо хал нь гаднаа хүн байсан. Ер нь тэгээд хүүхдийг нүдэн дээр нь өмөөрөөд нялхамсуулах дэмий юм шигээ. Бидний үеийнхэн тэгж л өссөн. Муу юм болохгүй л байна. Аав, ээж хоёр маань хүү, охин хоёр өргөж авсан. Ах маань техник сэтгэлгээтэй, цэргээс ирээд л даргын жолооч болчихсон. Тэгэхээр би адуунаас хол байх аргагүй байгаа биз дээ. Манайх 40 гүү саадаг. Аав, бид хоёр  унага татаж, ээж саана. Олон гүү болохоор 30 минут болоод дараагийн саамандаа гарна. Хоёр саамны дараа 40-ийн бидонд сүүгээ хийгээд ферм дээр аваачиж өгнө. Жаахан хүүхэд 40 литрийн саам өргөөд явахаар хүмүүс гайхна. Нэг удаа сүү авдаг Бямбажав ахын эхнэр “чи өргөж байгаа бол би өргөлгүй яахав” гээд татсан даалгүй 40 литр саам асгачихаж байсан юм.
-Үеийнхэнтэйгээ бол харьцуулахааргүй охин байжээ?
-Илүү байлгүй яахав. 40 бидонтой усыг гол дээрээс шүүрч аваад эмээлийнхээ урд тавьчихаад давхихаар хүүхдүүд гайхдаг л байсан. Ер нь эршүүд шүү. Тарвага, туулайг нохой барьчихсан байвал нугасан дээр нь ташуураа тавьж байгаад пүд хийлгэчихнэ. /инээв/
-Сургасан эмнэгүүдээс хамгийн ярдаг нь ямар адуу байсан бэ?
-Нэг буржгар хээр морь байсныг гуравдугаар бригад руу хүнд өгчихсөн юм. Тэгсэн худаг дээр мал усалж байсан гүйгээд ирлээ. Ус хийгээд өгсөн чинь уугаад зүв зүгээр баригдчихлаа. Тэгэхээр нь аавдаа “буржгар хээр гүйгээд ирчихэж. Бариад уначих уу” гэсэн “чи чадах юм уу” гэнэ. Чадна гээд ус өгч байгаад ногтлоод авлаа. Мордсон гайгүй байнаа. Тэгээд аргамжиж хоноод маргааш нь мордсон булгиад яг алахаа шахсан. Бүх олом ширэм нь тасраад эмээлтэйгээ үсрээд ойчсон. Тэгсэн чинь хүн унаад жигшээчихсэн байсан юм билээ л дээ. Мэдээж мориноос зөндөө л унасан. Гэхдээ түүн шиг айхтар унаж байгаагүй.
-Уургалах, бугуйлдахдаа хэр вэ?
-За ямар ч байсан хээр хүн гуйхгүй морио юүлчихнэ. Өвлийн тэсгим хүйтэнд морь уургалах ч бэрх шүү. Гар нэл цэврүү болоод хөлдчихнө. Тэрний сорви одоо ч гялайгаад харагддаг./үзүүлэв/ Зургаан жил адуу маллачихаад нэг хэсэг төвд амьдарсан. Аав, ээж хоёр маань ядраад байсан юм. Тэгээд Монгол үнээний ферм дээр нэг жил ажилласан. Дараа нь бригадын нярав, үсчин, халуун усчин, нормчин, талхчин гээд хийгээгүй ажил байхгүй. Тэгж байгаад 1989 онд ханьтайгаа суугаад дахин хөдөө гарсан даа. Манайх зургаан охинтой. Эхний хүүхэд гэдсэнд байхад морь харнаас зөндөө л унасан. Бүр есөн сартай өнөө маргаашгүй болчихсон байхад морь булгиад унагаачихсан.
-Тэгээд гайгүй юу?
-Гайгүй ээ. Морь эмээлээ чирээд давхичихаар нь араас нь морь унаад хөөсөөр бариад ирж байсан. Би бага охиноо 44-тэй гаргасан. Мориноос холдолгүй байсаар цөмийг нь эрүүл саруул төрүүлж, өсгөж хүн болгосон доо.
-Бас л бөх зүрхтэй хүн ээ?
-10 сард төрөх гэж байж есөн сард Баян-Улаан багийн уяачдын наадамд даага уяад түрүүлгэж л байлаа. Бас нэг удаа Говь-Алтайн Дэлгэр лүү явах гэсэн ээж “өнөө маргаашгүй төрөх гэж байж”  гэж зэмлээд явуулаагүй.
-Гэр бүлийн тань хүн дургүйцэхгүй юу?
-Үгүй ээ, манай хүнд хэдэн хонь л байвал болоо. /инээв/
-Хүүхдүүд морь маланд хэр вэ?
-Уг нь гайгүй. Би том гурван охиноороо хурдан морь унуулсан юм. Сүүлийн гурваараа чадаагүй. Одоо бага охин маань морь уная л гээд байгаа. Нас яваад байгаа юмуу, хайрлаад байдаг болчихдог юм байнаа. Гэхдээ манай хүүхдүүд ер нь эршүүд талдаа. Гэхдээ би тэднийгээ өөр шигээ болгохгүй гэж боддог. Бүсгүй хүн сургууль соёлын мөр хөөж оюунлаг амьдраг. Миний том хоёр ХААИС, Боловсролын их сургуульд сурдаг. Нэг нь Их засаг их сургууль төгсч ирээд Төрийн банкинд ажиллаж байна.
-Хэзээнээс морь уях болсон юм бэ?
-Эрчимтэй уясан нь 1999 он. Түүнээс өмнө уядаг л байсан гэхдээ тийм идэвхтэй биш. Анхны айргаа 1986 онд хүрэн үрээгээрээ авч байлаа. Тухайн үед медаль гэж өгдөггүй, үнэмлэх өгсөн. Одоо ч бий. 1999 оноос явдаг ч бай, үгүй ч бай нас болгоны морь  уяна. Тэгж байгаад 2002 онд хадам талаасаа шар хээр морь авч түүгээрээ  сайхан наадсан даа. Заг сумын “Давшилт” нэгдлийн адууны гаралтай. Шүдлэн үрээ хөтөлж яваад Баянбүрдэнд айрагдуулж, хязааланд нь Байдрагт айрагдуулаад, соёолон, хавчигт нь өнжөөсөн. Тэгээд гүйцсэнээс нь байнга уяж байгаа. 2012 онд сумынхаа наадамд аман хүзүүдүүлээд, нэгдүгээр багийн наадамд айрагдуулсан. “Баянхонгорын шигшмэл хурд”-ын урилга авсан ч явж чадаагүй. Гиннест бүртгүүлэх уралдаанд бас урилгатай байсан ч сүлжээгүй газар яваад мессэжийг нь уншиж чадаагүй өнгөрөөсөн байна лээ. Түүнд л жаахан харамсч явдаг даа.
-Одоо шар хээр морь чинь уралддаг юм уу?
-Уралданаа. 18 медальтай морь гадаа уяатай байна.
-Алдартын магнайг тэнийлгэсэн өөр ямар хурдан хүлгүүд байна вэ?
-Манай өөрийн унаган том шарга морь байна. Багад нь уяж байгаагүй гүйцээсэн хойно нь уясан болохоор нэлээд ааширхаг. Надаас өөр хүн унуулахгүй. Би өөрөө түшиж мордоно. Эрэгтэй хүн бол хавьтуулах ч үгүй. Байсхийгээд булгина. Гэхдээ би ойчиж байгаагүй ээ. Унаад давхихад УАЗ-469-ийн чинь урд л явна шүү дээ. Адуун дээрээс барьж аваад жаахан уяж мордоход давхиан дундаа баагаад биеэ суллачихдаг. Хэр баргийн хүүхэд унаж чадахгүй болохоор хоёр наадамд 17,18 хүрсэн бандиар унуулсан. Олигтой амжилт үзүүлээгүй ээ. Бас нэг жижиг хээр морь байсан. Ноднин зайлуул хөгшрөөд явчихлаа. Тэр хээр маань даагандаа айрагдаж байсан. Эднээс гадна нэг сартай хүрэн үрээ байсан. Байдрагийн үсэргээнд түрүүлчихээд дараа нь наадамд тавьсан чинь хүүхэд уначихсан юм. Дараа нь би Утай Гүмбэнд аялчихаад ирсэн чинь гайгүй гэсэн долоон тооны адуу маань алга болчихсон. Хайгаад олоогүй.
-Бусдын жишгийг дагаж энд тэндээс адуу авч байна уу?
-Ерөөсөө адуу мал аваагүй ээ. Өөрийнхөөрөө хэдийг л оролддог юм. Харин цус сэлбэх зорилгоор Төв аймаг гаралтай ягаан азарган үрээ авсан. Дараа нь ахиад нэг бор азарга авсан.
-Хэдэн онд Алдарт уяач цол хүртсэн юм бэ?
- 2012 онд. Би аймгийн уяачдын холбооны тэргүүн Мөнх-Эрдэнэд их талархаж явдаг. Энэ залуу ажил авснаас хойш манай аймгийн морь их сэргэсэн. Уяачид нь идэвхтэй болсон. Түүнээс өмнө бид чинь хонь хурга шиг л байлаа шүү дээ. Холбооны үйл ажиллагаа идэвхжээд ирэхээр уяачид ч гэсэн урам орж байгаа юм чинь.
-Таны хэлж байгаа ч үнэн шүү.
-Маргах юмгүй. Дээр нь намайг өдий зэрэгтэй амжилт гаргаж, өнөөдөр “Тод магнай” сэтгүүлд ярилцлага өгөөд сууж байхад нөлөөлсөн хүн бол миний хань Халтмаагийн Батсайхан. Намайг ойлгож, дэмждэгийн буянаар би өдий зэрэгтэй яваа. Ар гэр найдвартай байж л санаа зовохгүйгээр наадамд явна шүү дээ. Хардаж сэрддэг айхтар хүн байсан бол юун морь уях. Би бас 5-6 жил пургон барьж хүн тээвэрлэсэн. Хонож өнжих үе бишгүй гарна. Миний хань нэг удаа надад хатуу үг хэлж үзээгүй. Тийм болохоор нь би дандаа нөхрийнхөө нэр дээр морио цоллуулдаг.
-Амжилт бүхний ард гэрийнхний дэмжлэг байдаг шүү дээ. Та түрүүн үхэр, хонь унаанд сургадаг гэх шиг болсон. Тэр ямар учиртай юм бэ?
-Манайд монголын нэг бух байсан. Ээж үхэр аваад ир гэхээр нь нөгөөхийг чинь хазаарлаад уначихсан. Булгиад сүйд болсон. Түүнээс сургамж аваад дараа нэг хайнаг сургалаа. Жигтэйхэн номхон гарын аясаар. Манай хүүхэд унаад зураг авахуулчихсан байгаа. Хүүхэд унах болохоор хазаарлачихдаг юм. Манай хүүхдүүд эхлээд хонь, ямаа унаж сураад дараа нь үхэр унаж сурдаг. Тэгээд дараа нь морь унана. Би ер нь малыг их эрхлүүлнээ. Хүмүүс мал үнсдэггүй л гэдэг. Би бол байнга үнсэнэ, ярина. Мал чинь ухаантай. Би адуугаа залчихаад уяж байгаа морьдоо цөмөөрөнг нь хазаарлаад л ирэхэд улс уурга бариад хөөж байдаг. Одоо миний унаж яваа морь намайг гурийлахаар хүрээд ирнэ. Ер нь би гурийлж байгаад л морио барьчихдаг. Хүн л хатуу ширүүн ааш гаргахгүй бол мал дороо эзэндээ дасаж ээнэгшдэг ш дээ.
-Бидний урилгыг хүлээн авч ярилцсан Алдартдаа баярлалаа. Хүлэг эрдэнийн хийморь ивээх болтугай.
-За баярлалаа. Та бүхний ажил, амьдралд өндөр амжилт хүсье. Энэ цаг хатуу цас шороонд хутгалдаж бидний нэр сүрийг өргөж яваа та бүхэнд маш их баярлалаа.
-Баярлалаа.
"Тод магнай" сэтгүүл Баянхонгор аймгийн тусгай дугаар

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна