Монгол Улсын Алдарт уяач Д.Пүрэвдорж: ММСУХ-ны гишүүний №01 тоот үнэмлэх
Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын уугуул,Монгол Улсын Алдарт уяач Д.Пүрэвдоржтой хийсэн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Та 1997 онд Баруун бүсийн хоёр дахь том даншиг наадмыг Дэлгэр суманд зохион байгуулжээ. Тухайн үед уралдаан зохион байгуулна гэдэг амар хялбар байгаагүй нь лавтай. Энэхүү уралдааныг зохион байгуулахад таныг юу зоригжуулсан бэ?
-Би 1990 оны цагаан морин жил Хэнтий аймгийн Галшар, Баянхутаг сумдаас есөн адуу Говь-Алтайд авч ирсэн юм. Тухайн үед Говь-Алтай аймаг Завхан аймгаас тусгаарласны 50 жилийн ой болох гэж байлаа. 40 жилийн ойн наадамд Бигэр сумын Пүүжавын хүрэн морь аймагтаа түрүүлсэн.
Би тэр үед Бигэр сумын нэгдлийн даргаар ажиллаж байлаа. Гэтэл малчид маань баг бригадын хурал дээр “40 жилийн ойн наадамд манай сум түрүүг нь авсан. Одоо ч бас нэг юм бодно байгаа” гэсэн санал гаргасан юм. Тэгээд би “Халхын хурдан буян бол Хэнтийн Галшарт бий дээ” гэж бодсон. Гэтэл 1984 оны долдугаар сард Намын сургууль төгсөж ирээд, Бигэр сумын “Эрх чөлөө” нэгдлийн дарга, Хөдөлмөрийн баатар Чулуун гэдэг хүний ажлыг хүлээн авсан маань ч санаанд орлоо. Тэгээд 1985 оны хавар Улаан-Үдэд аймаг бүрээс хоёр, хоёр нэгдлийн дарга оролцсон нэг сарын курс сургалтанд би Халиун сумын нэгдлийн дарга Санжаа гуайтай хамт явж байлаа. Тэр үед ХАА-н институтын дотуур байранд дөрөв, дөрвөөр нь байрлуулсан юм. Орос оюутнууд ид шоуддаг байсан үе л дээ. Өглөө босоод ирэхэд коридороор нэг бужигналдаад л, нийтийн ариун цэврийн өрөө архины шилээр дүүрчихсэн байдаг байлаа. Бидний дунд бас Хэнтий аймгийн нэгдлийн дарга Цэдэв, Сандагдорж гэж хоёр мундаг хүн явсан юм. Гэтэл оройдоо унтуулахгүй байна гэж байгаад “Одон” зочид буудлыг чөлөөлөөд хоёр, хоёроор нь байрлууллаа. Тэгэхэд би Хэнтий аймгйн Баянхутаг сумын “Тэмцэл” нэгдлийн дарга, аймгийн Арслан Хээшигтэй нэг өрөөнд хуваарилагдсан юм. Бид сайхан танилцаад “Хурдан адуу сонирхдог бол би Галшар, Баянхутагаасаа сайхан хурдан хүлгүүд олж өгнө” гэж Хээшиг амласан юм. Түүнээс хойш дөрөв, таван ч жил өнгөрчихөж. Тэгээд Хээшиг рүү захидал бичтэл долоо хоногийн дараа нааштай сайхан хариу ирлээ.
Тухайн үед нэгдэл түүхий эд бүтээгдэхүүнээ худалдаа бэлтгэлийн ангидаа л өгдөг байлаа шүү дээ. Гэтэл Хэнтий аймгийн Хээшиг, Дэрийлаа нарын дарга нар түүнээс гажаад түүхий эдийнхээ хамгийн сүүлчийн юмыг шавхаж аваад, нэг чиргүүлтэй тэрэг, бас нэг дан тэрэгтэй Нарангэрэл, Сэнгээ гэдэг хоёр жолоочтой гараад л ачаа нь жаахан дундуурдаад байхаар нь Хонхорт байдаг эм боловсруулах үйлдвэрээс зээргэнэ авч дүүргээд, гурван тэвшний тал дундуур ачаатай Улаанбаатарт давхиж ирээд бэлэн мөнгөтэй болоод буцдаг байсан гэнэ лээ. Уг нь нэгдлийн дарга нар бэлэн мөнгөөр наймаа хийж болдоггүй хатуу цаг үе юм шүү дээ.
- Та Хэнтий аймаг руу хэдий үеэр явсан юм бэ?
-Тухайн үед нэгдлийн холбооны дээд зөвлөлийн дэргэд нэг хоршоо байгуулаад хэсэг хүмүүс нийлээд буриад гутал хийдэг байсан юм. Тэр хоршоонд тэмээнийхээ ноосыг өгч, нэхий дотор, гар хийцийн хэдэн сайхан буриад гутал авч байгаа юм. Түүнийгээ зарж хэдэн төгрөгтэй болж аваад, тавдугаар сарын сүүлчээр гурван хоосон тэрэгтэй Хэнтий рүү гарч давхисан. Зургадугаар сарын 1-ний орой Хэнтийд давхиад очлоо. Ардчиллын салхи намирч байсан үе. Овооны тахилга гээд Хэрлэнгийн хөвөөнд бүх сумын урлаг соёлын ажилтнууд ирчихсэн, улаан дарцаг намираад л угтлаа.
Хээшигийгээ эрээд ололгүй, Баянхутагт очоод зочид буудалд байрлаад байтал өрөөсөн хөлдөө хром, өрөөсөн хөлдөө улавч углачихсан өндөр хар өвгөн ороод ирлээ. “Сайн байна уу, Говь-Алтайн тэрэг манай энд юу хийж яваа юм бол гэж сонирхоод ороод ирлээ” гэж байна. Би ч залуу хүн болохоор хэрэгт дурласанд нь жаахан дургүйцэж байлаа. Хэсэг суугаад ярилцтал жинхэнэ чухал хүнтэйгээ уулзжээ. Баянхутаг суманд 30 гаруй жил мал зүйч, зоотехникчээр ажилласан Нанжийсүрэн гэдэг хүн аж. Тэр өвгөн бидэнд арван хэдэн километрийн цаана байдаг цэг дээр Гонгор гэдэг их хурдан адуутай хүн байгаа гэж зааж өглөө. Өөрөө бидэнд гарын үсэг ч хийгээд өглөө. Нар жаргахын алдад давхиад очтол цэгийн дэргэд нэг амбаар байна. Хаалга нь онгорхой, хүн алга. Цэг рүү нь явж байтал арьс нь ясан дээрээ хатчихсан янхир хээр морь хөтөлсөн өвгөн наашаа чиглээд алхаж явна. Тосож очоод мэнд ус мэдсэн чинь Гонгор гуай мөн байна. Нөгөө өвгөний дөрвөлжин шугамтай цаасан дээр уйгаржин монгол бичгээр бичиж өгсөн захиаг Гонгор гуайд өглөө.
“За яах вэ, холоос яваа улс байна. Би адуу үзүүлье” гэлээ. Тэр үед хадаг олддоггүй байсан юм. Гандангаас хоёр хадаг авлаа, тэгэхэд Хүлэг гээд хар морьтой архи дөнгөж гарч байсан юм. Түүнийг манай эгч Улаанбаатараас өгч явуулсан. Өнөө архиа хадагтайгаа өгчихлөө. Өвгөн ч ардаа байсан хайрцагаа түлхээд нэг шил юм гаргаж ирлээ. Би ч ёслоод л өгчихлөө. Өвгөн жаахан халаад “Чи холоос ирсэн, бас манай даргын найз юм байна. Тиймээс би чамд нэг даага бэлэглэнэ ээ. Бусдыг нь бол адуугаа үзэж байгаад, үнээ хэлээд авна биз. Гэхдээ би адуугаа үнэтэй зарна шүү” гэж байна.
-Амаргүй хүн байх нь?
-Тийм. Манай Бигэр дарсны том үйлдвэртэй байлаа. Хөдөлмөрийн баатар Чулуун гуай говьд анх удаа чацаргана тариалж, тэндээсээ дарсны үйлдвэр байгуулсан юм. Би хайрцагаар нь машиндаа ачаад явж байсан юм. 40 градусын чихэр амттай ликёр оруулаад задаллаа. Гонгор гуай ч “Энэ чинь ёстой янзын гоё архи байна” гээд л балгаж байна. Нэлээн ч халлаа. Шөнө ч боллоо. “Хээшиг даргыг ирэхээр буцаад ирье” гэж хэлээд явлаа.
Би морь шинжих хоёр хүн, хоёр жолоочтой тавуулаа явсан юм. Нөгөөдүүл маань ч унтчихаж. Унтах гэж байтал Хээшиг ч хүрээд ирлээ. Шөнөжин л ярьж хонолоо. Нар гарах гэж байхад дугхийгээд, хоёр цаг унтаад бослоо. Хэрлэн рүү давхиж очоод, 300-гаад адуу цуглуулаад, үзэж харлаа. Гэтэл Хээшиг “Би чамд найдвартай нэг юм үзүүлье” гээд дагуулаад явлаа. Нэг айлын гадаа очтол хурга хөнгөлж байна. Хээшиг маань ч нөгөө мориныхоо эзнийг дагуулаад ирлээ. Өнгөрсөн жил сумын наадамд аман хүзүүдсэн хүрэн морь гэнэ. Тэгсэн нөгөө морины эзэн “Монгол нууц товчооны 750 жилийн ой болох гэж байна. Манай сумын ганц найдвар болсон хүлгээ хүнд хэдэн төгрөгөөр өгөөд явуулчихвал хүмүүс та бид хоёрыг муу хэлэх байлгүй дээ” гэж байна. Тэгэхээр нь заавал тэр тодорсон морийг нь биш, аймгийн ойн наадмаар түрүүлчих хэмжээний л морь авах санаатай яваагаа хэллээ. Тэгээд хүрэн морьтой гарал нэгтэй хэдэн сайхан морьд үзэхээр боллоо.
Орой нь буцаад иртэл өнөөх чинь адуугаа хураачихаж. Нар ч арай жаргаагүй байсан юм. Шарман цавьдар морь зааж байна. Үнэндээ сайхан амьтан юмаа. Гэвч би зүсийг нь голлоо. Гэтэл дэлийг нь зассан хар саарал морь бас зааж байна. Хандгай шиг өндөр хүзүүтэй, сайхан биетэй амьтан юм. Дүүгийнх нь морь гэнэ.
Ингээд хоёр, гурван айлын адуугаар тойроод орой болж байхад Хээшигийнд ирлээ. Хээшиг Цог гэдэг залууг дуудуулж авч ирээд “Говь-Алтайгаас хурдан адуу хайж яваа улс байна. Чи саарал морио зарах юм уу” гэсэн. Нөгөө залуу ч дуугүй л байна. Тэгсэнээ “Та хоёр гал тогооны өрөөнд ороод ярь” гэдэг байгаа. Шууд нүүр тулж уулзаад үнийг нь асуутал 3500 гэнэ. Би ч шууд л авъя гэлээ.
Тэгээд Галшар руу Дэрийлаа руу яриад, адуугаа хоёр сумын зааг дээр нийлүүлэхээр боллоо. Тэндхийн нэгдлийн орлогч дарга нь Цэрэг гэдэг Баянхутагийн хүн байсан юм. Түүнийг дуудаад, маргааш нь хоёр нутгийн зааг дээр уулзахаар боллоо. Тэр үед Галшар омгийн адуу цуглуулж, үржлийн ферм байгуулахаар бэлтгэж байсан юм билээ.
-Тэр ажлыг Дэрийлаа гуай зохион байгуулж байсан гэдэг?
-Яг гардаж хийсэн нь Дэрийлаа юм гэсэн. Тухайн үед дөнгөж адуугаа цуглуулаад удам судрыг нь сэргээгээд байж байсан юм. Хоёр нутгийн зааг дээр уулзахаар товлосны дараа Хээшигийгээ дагуулаад Гонгорындоо очлоо. Бас нэг шамарга шиг юм болоод адуу нь уруудаад, хэдэн гүүгээ чөдөрлөчихсөн, сувайнууд нь урагшаа уруудаад явчихсан байж таарлаа. Машинаар адуугаа эргүүлсэн боловч тогтож өгдөггүй. Тэгсэн бараг шүдлэн шиг дэнхийсэн даага заагаад “Чи чамд үүнийг өгөх гэсэн юм” гэж байна. Бас наана нь байгаа гурав, дөрвөн үрээг заагаад “Чи эднээс үзэж байгаад нэгийг аваарай. Гэхдээ овоо үнэтэй өгнө шүү” гэсэн. Зурвастай халзан хязаалан үрээ заасан чинь “Наадахыг чинь би ноднин Сүхбаатарын гаралтай Гомбожав гэдэг садангийнхаа хүүд заагаад өгчихсөн юм” гэнэ. Тэгээд сартай, хамар цагаан хүрэн үрээ заалаа. Хоёр буриад гутал бэлгэнд өгөөд, халзан үрээг нь 3500-гаар авлаа. Тэр үедээ бол ханасан үнэ л дээ.
-Өмнөх сааралтайгаа нийлээд, хоёр адуу 7000 төгрөгөөр авчихав уу?
-Тийм. Маргааш нь бас Нацагдорж гэдэг их хурдан адуутай хүнээс шүдлэн хонгор үрээ авсан. Үдээс хойш Цэрэг дарга ч пургонтой хүрээд ирлээ. 300 адуу цуглуулчихаж. Нэлээд үзсэний эцэст бүх адуу л сайхан харагдаад эхэллээ шүү. Тэгээд хоёр байдас, гурав дөрвөн азарган үрээ авахаар боллоо. Нэг дэлтэй хонгор үрээ авъя гэсэн чинь өгдөггүй ээ. Тэгээд сонгосон адуунуудыг маань хүзүүгээр нь холбоод, хоёр сүүлийг нь зангидаад орхичих юм. Гэтэл жаахан бороо ороод, адуучид бороонд цохиулаад, манай пургон дотор ороод ирдэг. Би ч шар уснаасаа аягалаад өглөө. Тэд ч халж эхэллээ. Гэтэл шохоорхоод байсан хонгор үрээг маань ч өгөхөөр болчихдог юм байна.
Тухайн үед нэг машинд гурван адуу л ачдаг байлаа, одоо ч арвыг ачдаг болжээ. Ингээд анх удаа адуу аваад ирсэн чинь хүмүүс “Адуу машинд ачиж зовоолоо” гээд нэлээд шүүмжлэнгүй л байсан.
-Та есөн адууг нийтдээ хэд орчим төгрөгөөр авсан бэ?
-Яг үнийн дүнг нь санахгүй байна. Дансны дугаарыг нь аваад нэгдлээс шууд шилжүүлж байсан юм. Хувийнхаа мөнгөөр худалдаж авсан гурван адуугаа л сайн мэдэж байна.
Бид зургадугаар сарын 10-даар ирсэн юм. Авч ирсэн адуунууд маань туранхай ч байлаа. Тэр үед тэжээл өгдөггүй байсан юм. Нарангэрэл гэдэг жолоочийг аймаг руу явна гэхээр нь би Халзан сайр руу халзан даагаа өгч явууллаа. Тэнд манай авга Сандагийнх морь уяаны доохно талд байсан юм. Тэнд ногоо ч сайхан гарчихсан. Ногоонд сайхан цатгаад, хөлс аваад, шар усыг нь унагаагаад өгвөл наадмаар уралдах юм шиг санагдсан хэрэг.
Түүнээс хойш аймгаас ирсэн хүмүүс “арван хэдэн морь уралдахад танай халзан даага түрүүлж байна” л гээд байлаа. Шавийн голд 9-ний сунгаан дээр яваад очлоо. 70-аад даага уралдахад миний даага хол тасархай түрүүлж байна.
Ойн баяр ч боллоо. 250-аад даага уралдлаа. Захиргааны ажлаа хүнд хариуцуулж өгчихөөд 11-ний өглөө хүрээд ирсэн чинь даага явах болчихож. Дагах гэсэн чинь дагуулдаггүй. Тэгэхээр нь эмнэлгийн тэргэнд суучихлаа. Луультын хөндийн аман дээр ирэхэд эхний хэдтэй л ирж байна. Эмнэлгийн тэрэг ч унасан хүүхэд аваад явчихсан. Бараан зүсмийн даага л түрүүлээд, хоёр тугны хоорондуур орж байгаа нь хөтөл дээрээс харагдаж байгаа юм. Би ч “Мөн байх болтугай” гэж ханцуй дотроо залбирч байлаа. Тэгэхэд Ховдын Дарвиас манай аймагт прокуророор ирсэн Рагчаа гэдэг найз маань “Пүүжээ даага чинь түрүүлсэн” гэж анхны мэдээг дуулгахад миний нулимс ч асгарчихсан. Хол тасархай түрүүлсэн дээ. Түүнээс хойш ч тав, зургаа түрүүлээд Сар хайрханы наадмаар дөрвөөр давхисан. Түүний өмнөхөн Говь-Алтай аймгийн нэрэн дээр улсад ч, нийслэл, дүүргийн наадамд ч дээгүүр давхисан. Тэгээд Адъяагийн Баярмагнайн 10 засгийн наадам, долоон хошуу даншиг наадмын айргийн таван морийг жагсаасан баримтуудад хэдэн он тасарсан байдаг. Тэр баримтан дээр Засагт хан аймаг, Алтай аймаг, Хан тайшир аймаг, Говь-Алтай аймаг гэсэн нэр ерөөсөө айргийн таван моринд бүртгэгдээгүй. Тэрэн дээр анх удаа Говь-Алтай аймгаас адуу айрагдуулсан хүн гэдэг гарчигтай нийтлэл гарч байлаа.
-Та тэр ойн наадамд Бигэр сумын нэр дээр их насны морь түрүүлгэх зорилготой байсан биз дээ?
-Тийм. Нэгдлийн нэр дээр уралдсан их насны морь маань зургаагаар давхисан.
-Хонгор уу?
-Хар саарал. Харин Нацагдоржоос авсан хонгор халзан хязаалан соёолондоо аймагт нэг айрагдсанаас хойш айрагт ороогүй юм. 1992 оны бага хувьчлалаар Очирбат гэдэг хүн авсан юм. Түүний удмын дааганууд бага насандаа сайн давхиж байсан шүү.
-Таны авч ирсэн есөн адуунуудаас халзан дааганаас бусад нь давхиагүй юм уу?
-Тийм ээ. Тэгж хэлж болно.
-Би танаас 1997 онд зохион байгуулсан Баруун бүсийн даншиг наадмын талаар асуусан. Бодвол энэ хоёр үйл явдал хоорондоо нягт холбоотой болохоор та зориуд энэ дурсамжийг ярьсан болов уу?
-Тиймээ. Улаан-Үдэд Хээшигтэй танилцсан хийгээд Галшар явсан, миний даага түрүүлсэн зэргээс улбаалаад л би адуу руу орсон юм л даа. Улмаар Сар хайрханы уралдаанд миний халзан азарга айрагдсан. Хавчиг соёолондоо аймагтаа түрүүлчихээд очсон юм.
Тэр үед улаан дээлтэй хүн намайг очихоос өмнө машин тойроод, хадаг уячихсан зогсож байсан. Намайг очиход “Чи энэ морины эзэн үү?” гэсэн юм. “Тийм” гэвэл “Чи түрүүнд тавихгүй яасан юм бэ. Түрүүлсэнтэй л ялгаагүй сайхан давхилаа” гэж байна. Тэр бол Д.Даваахүү байсан юм. Надад баяр хүргээд “Чи Галшар, Тэс удмын адууг хурдан гэдгийг харууллаа” гэсэн.
-Сархайрхан танайхаас нэлээд зайтай биз дээ. Хэд хонож байж очив?
-Би Хөхморьт хүртэл морьдоо ачуулаад, тэндээсээ мориор явсан. Хомын тал, Монголын элс, Завхан голыг гаталж очсон. Завхан гол үертэй байсан болохоор замдаа хоёр хоног явж хүрсэн. Буцахдаа ч энэ л журмаар явсан.
Би Монголын элсэн дээр уяачдаа гүйцэж ирээд өглөө мандаж буй наранд залбираад “Би нэгд, Говь-Алтай аймагтаа уяачдын холбоо байгуулна. Хоёрт, төрсөн нутаг Дэлгэртээ очъё. Захиргааны ажлаа хүлээлгээд өгчихсөн юм чинь Дэлгэрийн талд дараагийн Даншиг наадмыг хийе” гэж бодож байлаа. Тэр цагаас хойш энэ л миний мөрөөдөл болсон юм.
1996 онд орон нутгийн сонгууль ч болох гэж байлаа. Аав маань намайг сургууль төгсөхөд “За, миний хүү нутагтаа л очиж ажиллаарай” гэж захисан юм. Би тэр үгийг дандаа бодож явдаг. Миний аав тайж угсааны хүн байсан. Хоёр өвөөг маань 1938 онд Завханы Улиастайд аваачиж цаазалж, хамаг хөрөнгийг хураасан юм гэнэ лээ. Манай аав баян Даржаа гэж хүн мянган малтай байсан. Тэгээд чардайж байгаад 1958 онд нэгдэлд албан татуургаар орсон. Хөрөнгөө хоёр ч удаа хураалгасан гэдэг.
Би 1968 онд аравдугаар ангиа төгсөөд Жамсрангийн Самбуугаас илгээлт авч, таван хүүхдийг уруу татаад Говь-Алтай аймгийн Цогт суманд анхны 10 дугаар анги төгссөн илгээлтийн эзэн бол байлаа. 1000 хонь авч хоёр жил хариулаад Хөдөө аж ахуйн дээд сургуульд орж суралцан, малын эмч мэргэжил эзэмшсэн. Тэр үед нэгдлийг тарааж, Үндсэн хууль батлаад, зах зээлийн үед шилжиж эхэлж байсан. Би Ардын хурлын депутат болж, нутагтаа ирсэн. Энэ нь нэгд, аавынхаа хүслийг биелүүлэх, хоёрт сумын хошуу ноён болж, сумынхаа тамгыг атгах зорилготой байсан юм. Тэр үед олон намын системтэй болчихсон байсан. Орон нутгийн сонгуулиар манай намын гурван хүн нөгөө нам руу урвахад би ганцхан саналаар унаад лааз өшиглөсөн дөө.
-Та аль намын гишүүн байсан юм?
-МАХН. Тэр үед гаднаас ирсэн хүн гэсэн яриа тараасан байсан л даа. Буцдаг ч юм бил үү гэж бодож байтал манай эхнэр сургуулийн хичээлийн эрхлэгчээр томилогдлоо. Би ч бас нөгөө мөрөөдлөө биелүүлчих санаатай үлдэхээр шийдлээ.
Тэгээд би 1996 онд аймгийн хурлын төлөөлөгчөөр сонгогдсон юм. Адуугаар нэр олж эхэлж байсан болохоор хүмүүс намайг багагүй таньж байсан. Тэгэхээр нь 12 дугаар сард болсон хурлаар аймгийн уяачдын холбооны асуудлыг хөндлөө. Өмнө нь 1995 онд Пунцагбалжиртай хамт Үйлдвэрчний соёлын төв ордонд өрөө түрээслээд, Баярмагнай гуай тэргүүтэй хүмүүс уяачдын холбоо байгуулсан юм. Тэднээс дүрэм журмыг нь аваад, хөрсөн дээр буулгах санаагаа хоёр дахь удаагаа уулзаж заавар зөвлөгөө аваад гарах гэж байтал Баярмагнай гуай хоёр талтай ногоон үнэмлэх тэвэрчихсэн орж ирсэн юм. Тэр бол уяачдын холбооны гишүүн үнэмлэх байсан юм. Пунцагбалжир гуай тэндээс №01 үнэмлэхийг надад бичиж өгч билээ.
-Говь-Алтай аймгийн салбар хорооны №01 үнэмлэх үү?
-Үгүй. ММСУХ-ны №01 тоот үнэмлэх байсан юм. Тиймээс ч би 12 дугаар сард нь аймгийн уяачдын холбоог байгуулж, дэвшүүлсэн зорилтон дотроо Дэлгэр суманд Баруун бүсийн даншиг наадмыг зохион байгуулна гэж зориуд тусгаж өгсөн юм. Нэгэнт эрхэлсэн ажилгүй байсан болохоор мотоцикль унаад л ойрын аймгуудаар тойрч, Засаг дарга нарт албан бичиг хүргэж өгсөн. Аймаг бүрээс 200 мянган төгрөг, бас сум бүрээс хэдэн төгрөг гаргуулах төлөвлөгөөтэй. Манай сумынхан чинь айрагдсан адуу болгонд нэг адуу өгнө гэдэг юм байна. Хагас жил тойроод 10 гаруй сая төгрөгийн төсөв бүрдүүллээ.
Тэгээд “Монголын Баруун бүсийн адууны хишиг өлзий Дэлгэр Морин Эрдэнийн Бат Оршил их наадам” гэж нэр өгөөд, Зүмбэрэлийн саарал үрээ цэнхэр тэнгэрийн наана сайхан харайж байгаагаар эмблем хийлгэсэн. Бааст, Ховдын Дарвийн Түвдэн хоёр шар торгон жолоо авчирч өгч байлаа. Тэгээд л Дэлгэрийн даншиг наадмыг хийсэн юм даа. Бүсийн гурав дахь наадмыг хуучин сум нэгдлийн дарга байсан Балдандоржид өгөх санал тавьтал аймгийн Засаг дарга Цогтбаатар Гомбожавыг санал болгосон юм. Түүнээс хойш бүсийн гурван ч наадам хийлээ. Шигшмэл хурд ч хоёр удаа боллоо.
-1990 онд Говь-Алтай аймгийн 50 жилийн ойгоор таны халзан азарга даагандаа түрүүлсэн. Түүний дараагийн наадмуудад хэр давхисан бэ?
-Он дарааллан түрүүлсэн. Хязааланд нь л нэг өнжсөн юм.
-Сархайрханы Даншиг руу явъя гэдэг шийдвэрийг хэрхэн гаргасан бэ?
-“Монгол адуу” нийгэмлэг, ММСУХ хоёр Сархайрханы Даншигийг хамтран зохион байгуулсан юм. Аймагтаа тодорч байсан адуугаа илүү өндөр чансаатай уралдаанд оролцуулж үзэхсэн гэсэн хүсэл байсан юм. Гонгор гуай сүүлд бас сая төгрөгөөр нэг морь өгсөн нь аймагт нэг удаа айрагдаад байсан. Аймагт түрүүлдэг жороо бор морио энэ хоёртойгоо хамт 30 машинд ачуулаад л гарсан даа. Цээл, Баянцагаанаас цөөн хүмүүс Сархайрханы Даншиг руу явсан. Би тэднийг Монголын элс дээр гүйцэж очсон юм.
-Сархайрханы Даншиг та бүхний төсөөлж байсан хэмжээнд хүрч чадсан уу?
-Миний хувьд Жигжид гуайн хар, Найдангийн бор морь хоёрт найдаж байсан. Жороогоос гандуу дээлт Буянтогтохын бор болон өөрийнхөө бор морь хоёрыг харж байлаа. Миний бор морь 10-аар давхисан. Манай авга ах хэтэрхий даруухан харайлгачихсан юм. Өөрөөр хэлбэл, жороогоор нь явуулах гэж татсаар байгаад хойгуур оруулчихсан хэрэг л дээ. Түүнээс биш Хөхморьтод Буянтогтохын бор морьтой л ана мана үзэж байсан юм. Аймагтаа бол түрүүлдэг л морь л доо.
Цар хүрээний хувьд ч их өргөн дэлгэр болсон болохоор би ч энэ хэмжээний наадмыг Дэлгэрийнхээ талд л хийе гэж шийдсэн юм.
-Сархайрханы Даншигт Говь-Алтайн уяачдаас та л ганцаараа айраг авсан юм уу?
-Тийм. Увсынхан голдуухан л нэр нь сонсогдоод байсан. Завханы Дөрвөлжингийн Туяа халиун гэдэг морь түрүүлж байлаа.Тэгээд Уяачдын холбооны дараа дараагийн хурлаар “Бүсийн наадмыг гурван газар хийж, тэндээсээ шигшигдсэн морьдыг Хархоринд уралдуулж байя” гэж ярилцаж, шийдсэн юм. Нэрийн хувьд “Монхангай” группийн захирал Сэргэлэнгийн санал болгосон “Их хурд” нэрийг сонгосон. Нэрээсээ үүдээд, эхлээд азарга, их нас хоёроо уралдуулсан.
-Дэлгэрийн Даншгийг зохион байгуулахын тулд ММСУХ-той хэрхэн холбогдсон бэ. Та “Монгол адуу” нийгэмлэгийн гишүүн байсан юм уу?
-Би Бигэр сумын “Монгол адуу” нийгэмлэгийн дарга байсан юм. Уяачдаа бүртгэж аваад, багахан хэмжээний хандив цуглуулаад, нутгийн угшлын адууг сайжруулах санаатай өөр аймгуудаас адуу авч ирнэ гээд л байж байсан.
-ММСУХ-ны анхны их хуралд Говь-Алтай аймгаа төлөөлж, Ванчиг гуай та хоёр оролцсон билүү?
-Уяачдын холбооноос албан ёсны урилга ирээгүй. Тиймээс анх үүсгэн байгуулж, дүрмээ боловсруулах хуралд томилолтоор явж байсан Оросоо л Говь-Алтай аймгаа төлөөлж оролцсон юм. Харин анхны их хуралд Ванчиг бид хоёр суусан.
-Тэр их хурлаар салбар холбоодоо байгуулах шийдвэр гаргаж, та Говь-Алтай аймгийн салбар холбооны анхны тэргүүн болсон биз дээ?
-Тэгсэн. 1996 оны өвөл.
-Та Говь-Алтай аймгийн уяачдын холбооны анхдугаар хурлыг зохион байгуулсан уу?
-Тийм. Хоёр ч удаа хуралдсан. Анхдугаар хуралд аймгийн төлөөлөгчдөөс гадна Галуут, Тайшираас цөөн тооны уяачид оролцсон. Энэ ч утгаараа тэргүүлэгчдийн хурал ч гэж нэрлэж болохоор болсон. Хоёр дахь удаагийн хурлаар бүх сумдын тэргүүнийг томилж, сумд руу албан бичиг хүргүүлсэн.
-Та холбооны тэргүүнээр ажиллах хугацаандаа ямар, ямар томоохон ажлуудыг хийсэн бэ?
-Сумдын салбар холбоодын тэргүүнүүдийг томилж, дүрэм журмаа хувилж тараасан. Дараа нь Дэлгэрийн Даншгийг зохион байгуулахаар хандив цуглуулсан юм.
-Дэлгэрийн Даншигт уралдсан нийт морьдын тоо харилцан адилгүй яригддаг. Яг хэдэн морь уралдсан юм бэ?
-Мянга гаруй морьд уралдсан. Надад бүртгэл нь бий л дээ. Баян-Өлгийгөөс бусад нь бүгд оролцсон. Улаанбаатараас ч ирж байлаа. Зургаан аймгийн 28 сумын уяачид ирсэн.
-Уралдаанаа ямар насаар эхэлж байв?
-Азарганы уралдаанаар эхэлсэн. 200 гаруй азарга мордсон. Дараа нь их насны 700 орчим морь уралдсан. Гэтэл их насны уралдаанд будилаан ороод, 200 гаруй морь дутуу эргэчихсэн юм.
-Таны халзан азарга яаж давхисан бэ?
-Аймагт түрүүлчихээд хойноос ирэхдээ шамарган борооноор сунгаж хаяад мултарчихсан. Дэлгэрийн Даншигт Цагаанбаатарын хүрэн азарга, Дэлгэрийн бас нэг азарга уралдсан. Харин соёолонд Баян-Уулын Батзоригийн соёолон түрүүлсэн.
-Дэлгэрийн Даншиг таны мөрөөдлийн Даншигт хэр дөхөж очсон бэ?
-Морьд бол хангалттай сайн ирсэн. Зохион байгуулалтын хувьд сумын хоёр дарга ямар ч рольгүй байлаа. Би ямар ч албан тушаалгүй мөртлөө ер нь ганцаараа л удирдсан гэж боддог. Аймагт болсон 200 хүний цайллагыг аймгийн Засаг даргын Тамгын газраас мөнгийг нь гаргасан байлгүй. Би санхүүд нь хяналт тавьж чадаагүй.
-Төхөөрөмж ашигладаггүй байсан учраас морь дутуу эргэсэн үү. Морьд дутуу эргэсэн нь юунаас болсон гэж боддог вэ?
-Бид тэр үед олс татаж эргүүлж байсан юм. Гэтэл их насны морьд татсан олсноос 500-хан метрийн өмнөөс эргэчихсэн. Буцаагаад ч хүчрээгүй. Би тэр үед жороо морь тойруулчихаад, их насны морьд руу явах гэж байтал “дутуу эргэчихлээ” гэсэн мэдээ ирсэн. Түрүүлж ирсэн морьдыг бүх морь ирж дуустал нь хорьсон. Тэгээд шүдлэн тэр өдөртөө багтаагүй. Маргааш нь наадам тарсан хойно Ванчиг бид хоёр шүдлэнгээ хойд хайрхан дээр зохион байгуулж, бай шагналыг нь гардуулсан. Цэндийн Чимэддорж, Нансалмаа хоёр ирж, Нансалмаа морин дээрээс дуулж, Цэндийн Чимэддорж “Нууц товчооны морьд” гэдэг шүлгээ уншиж байлаа. Наадмын нээлтийг Н.Жанцанноровын хөгжмөөр эхлүүлж, есөн хөлт цагаан тугийг есөн өнгийн тугаар орлуулсан. Тоглолтын ерөнхий найруулагчаар хөгжмийн зохиолч Ганбаатарыг ажиллуулсан юм. Найман шарга морины оронд дан цагаан морьд гаргаад, аймгийн Засаг дарга Жанчивдорж, Ванчиг, Жанчивдорж бид гурав Уяачдын холбооны болон төрийн тугаа барьчихсан өмнө нь явж байлаа.
-Бүсийн уралдаан зохион байгуулах хэцүү байв уу?
-Зохион байгуулах комисс томилж, нас насны морьдыг тус бүрт нь хариуцах хүмүүс гаргасан. Даншгийн өмнө баярын хурал зохион байгуулж, Галшар удмын адуу манай аймагт хэдий үеэс хэрхэн орж ирсэн талаар илтгэл тавьсан. Надаас өмнө Төгрөг, Чандманьд Галшарын адуунууд орж ирсэн байдаг. Цэрэгт яваад, Өвгөн ноёны адууг маллаж байсан Чойндон гэдэг хүн Төгрөгт анх адуу авч ирж байсан билээ.
-Та 1990 оноос хойш дахиж Галшараас адуу авч ирсэн үү?
-Галшараас хоёр удаа адуу авсан. Баянхутагаас. Гэсэрваань гуайн хүрэн азарганы удам судар гээд авчирч байлаа. Манай аав цоохор азаргатай байсан юм. Тиймээс Донойн Сундуйн давхиж байсан цоохор адуунаас цоохор азарга хүртэл авч ирж байлаа. Өөрөө л зөөдөг байдаг. Гантөмөр, Гомбожаваас эхлээд манай аймгийн салбар холбоодын тэргүүлэгчид намайг дагаад адуу руу орсон юм. Гантөмөрийн аав Туваанжав бол “Монгол адуу” нийгэмлэг гэж байхад Говь-Алтайгаас анх удаа аймгийн Алдарт уяач цол хүртсэн хүн. Ванчиг анх тэр цолонд тодорхойлж байсан юм. Би Халиун суманд цолны найраа хийхэд нь оролцож байлаа.
-Дэлгэрийн Даншиг наадмаас хойш та аймгийнхаа хурдан морины хөгжилд хувь нэмрээ оруулах ямар, ямар ажлууд хийсэн бэ?
-Анхны “Их хурд” Хархоринд зохион байгуулагдахад оролцож, аймгийн баяр наадамд айрагдсан морьдод урилга өгч, 30-аад морьд оролцуулсан. Тэр наадмаас хойш нэг их удалгүй Гомбожавт ажлаа өгсөн.
-Яагаад ажлаа өөр хүнд хүлээлгэж өгөхөөр шийдсэн бэ?
-Би суманд ажилтай, аймгийн төвд байнга байдаггүй болохоор зохион байгуулж чадахгүй байсан юм. Энэ хэрээрээ ч миний нэр нөлөө муудсан.
-Та ингэхэд халзан азаргаа хэзээ зарчихсан юм бэ?
-2000 онд зарсан байх шүү. Аймгийн баяр наадамд тав түрүүлж, Сархайрханы Даншигт айрагдсаных нь дараа Цогтбаярт зарсан. Цогтбаярт очсоныхоо дараа нэг айрагдсан.
-Халзан азарганаас өөр таны нэрийг гаргаж, сайн давхиж байсан ямар хүлгүүд байна?
-Би ч гайгүй шиг даага болонгуут нь л хүнд бэлэглээд байсан юм. 2000, 2001 оны зуднаар миний бэлэглэсэн адуунууд ч үгүй болсон. Манайх бараг адуу, үхэргүй болсон. Намайг бага байхад аав морь уядаггүй боловч манайх олон адуутай байсан. 1967, 1968 онд болсон айхтар зуднаар хэдхэн морьд үлдсэнээс би дөрвийг нь аваад Цогт руу явсан юм. Аав, ээж хоёр маань тэгээд Улаанбаатар руу шилжсэн. 1969 онд би анх удаа бие дааж соёолон морь уяж Цогтын баяр наадамд уралдуулаад айрагдуулж байлаа. Дараа нь Чандманьд малын эмчээр ажиллаж байхдаа нэг морь уяж түрүүлүүлсэн. Тэр үед түрүүлсэн морины байнд нэгдлээс нэг даага өгдөг байсан юм. Гэвч тэр жил даага бэлдээгүй болохоор өгөөгүй. Хойтон жил нь би халзан Дүгэрсүрэн гэдэг хүний адуунаас жижигхэн сартай даага зүсэлж авсан. Тэр даага маань анх удаа суманд түрүүлж, миний анхны түрүүг авчирч байлаа.
-Таны халзан азарга хаанахын ямар угшилтай адуу байсан бэ?
-Халзан азарганы маань эзэн Сүхбаатар аймгийн гаралтай, олон хүүхэдтэй айл байсан юм. Хүмүүс адуу урагшаа нэлээд гаргадаг, тэднийхээр их орж гардаг байж. Тэгээд нутаг орондоо нэр нь жаахан муудаад ирэхээр нь амьдрах арга хайж, Улаанбаатар руу дөхөхөөр тэмээн тэргээ хөтлөөд нүүж явсан юм гэнэ лээ. Хэнтий аймгийн Баянхутагийн Дэрстэй, Галшар хоёрын зааг дээр буучихаад нэг өглөө босоод ирсэн чинь гадаа нь нэг чөдөр байж байсан гэдэг. Тэрийг их бэлгэшээсэн гэж Гонгор гуай өөрөө ярьсан. Тэр үед өөрөө арван хэдтэй хүүхэд л байсан юм гэнэ лээ. Тэгээд тэндээ хэд хонож байтал их олон адуутай, төрсөн хүүхэдгүй нэлээд баян язгууртан айлынх тэднийхнээр ажилдаа хамжуулж эхэлсэн байгаа юм. Гонгор гуай ч адууг нь маллаж, эмнэг догшныг нь сургасаар тэр айлдаа шингэчихэж. Тэгж байгаад гурван жилийн хугацаатай цэргийн албанд яваад, ирэхийнх нь өмнөх хавар нөгөө хөгшин бурхан болчихсон юм билээ. Хөгшин бурхан болохдоо “Манай тэр хүүг цэргээс ирэхээр нь хүрэн азаргатай адууг өгөөрэй” гэж захиж үлдээсэн юмсанж. Гэтэл Гонгор гуайг ирэнгүүт нь нэгдэлжих хөдөлгөөн өрнөж, мал нийгэмчлээд эхэлж. Бичиг үсэгт тайлагдаад ирсэн болохоор нь нөгөө талын багт нь бригадын даргаар томилсон юм байна. Тэгээд нөгөө адууг нь ч авч чаддаггүй. “Адуугаа ирж ав” гэдэг ч өөртөө данслуулаагүй болохоор очиж авч чаддаггүй. Мал нийгэмчлэх ажилтай л өдөр, шөнөгүй яваад байсан байгаа юм. Гэтэл нэг өдөр хүрэн азаргатай, хөгшин гүүтэй нэг азарга адуу гэрийнх нь гадаа туугаад ирж. Тэгээд тэрийгээ нэг малгүй шахуу, ядуу айлд өгч, аргалж байсан гэдэг. Өгөхдөө “Чи үүнийг сайхан маллаад, энэ хоёр үрээг сайхан номхруулаад байж бай. Хойтон жилийн наадмаар уях юм шүү” гэж захиж л дээ. Тэр хоёр үрээ нь хойтон жилийн баяр наадмаар бараг түрүүлж, аман хүзүүдсэн гэдэг байх шүү. Адууны эх тал нь Сүхбаатарынх, эцэг тал нь мэргэн Шовгор Ишжамц гэдэг хүний бор азарганы угшлын адуу юм гэнэ лээ. Өвгөн ноёны адууны цус ч холилдсон л гэдэг юм. Гонгор гуай “Энэ адуунаас бор адуу гарахаар л их хурдан байдаг юм” гэдэг байсан. Миний халзан азаргыг Галшарын Донир гэдэг хүний адууны угшил л гэдэг юм. Шарын Ганхуяг номдоо Донир адуу гэдгийг тодорхой сайхан бичсэн байна лээ. Азарга нь сэлдийгээ хумхисан үедээ бол үзүүр дээрээ дөрөв билүү, таван нугараатай. Хоёрдугаарт үсийг нь ярахаар буурал үс гарч ирдэг гэж бичсэн байна билээ. Манай Сандаг авгын хүү Нарангэрэл одоо Галшарт амьдарч байгаа. Адуу малладаг л юм, гэхдээ хурдан адууны өнгө бол үндсэндээ тасарчихжээ. Хамгийн сүүлч нь миний халзан азарганы эцэг халзан азарга байсан юм. Түүний хамгийн отгон охин гүүнээс гарсан үрээг Нарангэрэл зуучилж Баянхутагт аваачсан нь одоо давхиад л байгаа сурагтай. Шүдлэн үрээг нь Галуутын нэг уяачид өгсөн юм. Сүүлийн хоёр, гурван жил уралдах болгондоо л айрагдаж байгаа. Аймгийн баяр наадамд хоёр ч түрүүлчихсэн. Миний халзан азарганы угшил гэвэл яг тэнд л явна даа.
-Танд халзан азарганы чинь удмын адуу одоо бий юу?
-Алсын удамтай хоёр гүү л байна. Түүнээс гарсан нэг унагыг хязааланд нь азарга тавиад дөрөв, таван хязаалан байдас нийлүүлсэн. Ер нь залуу азаргыг хөгшин гүүтэй нийлүүлэх ёстой. Дүрэм зөрчиж байгаа байхгүй юу. Тэгж байгаад олон жил хурдлах галыг нь авчихсан байх гэж боддог юм.
-Тухайн жилдээ л оч дарагдах байхаа?
-Манай сумын Гомбо манай азарганд дөрвөн хөл нь алаг хээр гүүгээ тавьсан юм. Тэр гүүнээс нэг хээр унага гарсан. Тэр хээр унагыг надад мэдэгдэхгүй хоёр гурав уяад, Буман хонины баярт түрүүлсэн. Өндөр хээр нэртэй. Түүний төл хүрэн морь гарсан. Тэр хүрэн морь аймгийн баяр наадамд хэд хэдэн удаа айрагдаж, Дэлгэр сумын 90 жилийн ойн наадамд түрүүлсэн. Түрүүлэх, түрүүлэхдээ улс, аймгийн бүсийн наадамд түрүүлсэн Дорноговийн Дэлгэрэхийн Сүхийн Балдандоржийн хонгор морины өмнө гишгэж түрүүлсэн шүү.
-Та өөрөө тэгсгээд л морь уяхаа больчихсон юм уу?
-Зөндөө л адуу авсан. Цоохор азарга аваад, Гуулинд нэг удаа айрагдуулсан. Цагаанбаатарын хүрэн азарга Бүсийн наадамд айрагдсан.
-Хүүхдүүд тань морь уяж байна уу?
-Үгүй. Би гурван жилийн өмнө Жаргалант угшлын хээр азарга авсан. Унаганууд нь гайгүй гарах шинжтэй. Харамсалтай нь, шүдлэнд нь машин дээр ачиж яваад ташааг нь жаахан цөмлөчихсөн юм билээ. Төв аймгийн Жаргалантын нэг лам хүнээс авсан юм. Одоо ч тэгээд унах хүүхэдгүй болохоор морь уяхаа больчихлоо. Ерөнхийдөө айлд хэдэн адуу байна. Хөгшин хүрэн азаргаа ноднин зарчихлаа. Түүний унага ноднин дааганаасаа аймагт давхиж эхэлсэн. Бааст Манлайгаас авсан хээр гүү, миний халзан азарганы угшилтай азарга хоёрын дундаас гарсан юм. Дааган цагаасаа бүс, аймаг, суманд хэд хэд түрүүлсэн. Аймгийн баяр наадам болон “Шигшмэл хурд”-д айрагдсан. Ариунсангийн хүрэн зээрд гэдэг соёолон үрээ бий.
-Та 2001 онд Монгол Улсын Алдарт уяач цол хүртсэн. Хэдэн айраг, түрүү хүртсэн амжилтаар энэ цолыг авсан бэ?
-Нэгдүгээрт, өргөмжлөлөөр авсан юм. Тодруулбал, Олон нийтийн байгууллага, биеийн тамир, спортын хорооны тэргүүлэгчдийн хурлаар орсон. Тэр үед Олон нийтийн байгууллага санал дэвшүүлээд, материал бүрдүүлээд, хурлаар оруулаад баталдаг байсан. Одоо ч Ерөнхийлөгчийн зарлигаар олгодог болж. Хоёрдугаарт, Д.Даваахүү уяачийн албан ёсны шавь болсон. Амжилтын хувьд улс, бүсийн наадмын зургаан түрүү, хоёр ч билүү, айраг авсан байсан.
-Баяр наадмын тухай хууль батлагдаагүй, аймгийн баяр наадмын амжилтаар цол олгож байсан үе шүү дээ?
-Тийм байхаа. Яг хэдэн айраг авснаа мартжээ.
-Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Халуун хошуут, бүлээн дэвсгэрт малын буян заяанд мөнхөд ивээгдэж явах болтугай.
"Тод магнай" сэтгүүл Говь-Алтай аймгийн тусгай дугаар
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
- 2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд Х.Гарь…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд 106 да…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд ангилалд эхний …
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насны уралдаанд…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насанд 65 хурда…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд эхний 10…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд С.Баярса…
- 2024 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд 79 хурдан хүлэг бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 13 -нд Цоллооч хүүд Д.Чулуунбат Тод манлай даага амлав
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан д…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Х.Улам-Өрнөхийн хээр даага тү…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 258 даага бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Энх-Очир: Захаар нь дайрч ороод Нандин…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Хишиг-Очирын Бөхбатын хүрэн с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 217 соёолон бүртгүүлж, 152 нь гараа руу хөдөлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд Б.Ерөөлтийн халтар морь түрүү…
- 2024 оны 7-р сарын 11 -нд 228 их насны морь бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан а…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор …
- 2024 оны 7-р сарын 11 -нд 192 азарга бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна