Уяач Д.Сэрээнэн: “Хээр азарганы маань 7 төл нэг наадамд цуваагаар орж ирж билээ”

А.Тэлмэн
2012 оны 2-р сарын 15 -нд

-Нутгийнхан таны хурдан хээр азарганы тухай олон сайхан амжилтыг ярих юм билээ. Тэр алдарт хээрийн тухай бидэнд ярьж өгөөч?

-Сая Самдангийн хүрэнд хөшөө босгоно гээд л яриад байна шүү дээ. Тэр бол хээр азарганы эцэг тал нь байгаа юм. Хээр азарга шүдлэндээ улс хувьсгалын 50 жилийн ойгоор Баян-Өндөр болон Төв аймгийн Дэлгэрхаан сумын наадмуудад таваар давхисан. Тэрний дүү зээрд даага нь мөн Баян-Өндөр болон Дэлгэрхаанд тус тус аман хүзүүдсэн. Ингэж сайхан наадчихаад 1971 оны 08 дугаар сарын 20-нд цэрэгт явлаа. Гурван жил болоод иртэл орхиод явсан зээрдийн маань өрөөсөн засааг нь аваад, асман азарга болгочихсон, харин хээрээр нь азарга тавьчихсан байдаг байгаа. Үүнээс хоёр жилийн дараа хээрээ бүдүүрсэн хойно нь уяж Баянзүрхийн наадамд аман хүзүүнд хурдлуулж байлаа. Тэрнээс хойш 1977, 1978 онуудад аль алинд нь л аман хүзүүдсэн. Харин 1979 онд өмнө нь давхиад байсан хоёр азарга зарагдчихсан болохоор түрүүлэх нь гарцаагүй гэж бодтол Борын Бат-Очирын зээрд азарга түрүүлчихсэн. Тэр зээрд азарга уг нь гурван жил миний хээрийн ард давхисан юм.

-Түрүүлэх боломж ойрхон л байж дээ?

-Уяа дутуудуулсан уу, эсвэл илүү хөлс авчихсан уу гэдгээ учрыг нь ололгүй л өнгөрсөн дөө. Азарга болсноосоо хойш 4 аман хүзүүдэж, 3, 4-д нэг нэг удаа, шүдлэндээ хоёр удаа айрагдсан юм. Нийт 9 айрагдчихсан адуу миний хээр азарга. Бүүр 17 хүрсэн хойноо ч 10-д давхиж байсан, хурдан буян байгаа юм. Манай сумынхан бүгд мэднэ дээ. Түүний төл нэг хурдан хүрэн азарга байлаа. Хязаалан, соёолондоо айрагдаж, хавчигтаа түрүүлсэн.

-Тэр хээр азарганы төл үү?

-Тийм. Нэг удаа Баян-Өндөрт болсон нэг наадам дээр дараалаад долоон төл нь эхний 7-д цуваад ирж байлаа шүү дээ. Дундаа нэг ч азарга оруулалгүй ирсэн гээд бод доо.

-Та сумын алдарт уу? Эсвэл аймгийн?

-Би аль аль нь бишээ. Уг нь болзол биелэхийн хувьд биелчихсэн л дээ. Жижиг наадамд тэр бүр ороод байдаггүй болохоор нэг түрүү, нэг айрагтай л явна. Харин нийт гээд яривал 8 аман хүзүү, хоёр түрүүтэй, 9 айрагтай. За энэ дээр ургийн наадмыг оруулбал 3 түрүү, 8 аман хүзүү, 10 айраг гээд бий бий. Ихэнхийг нь хээр азарга маань авчирсан. Түүний төл хүрэн халзан үрээ хязааландаа дөрөвлөж, соёолондоо тавлан, хавчигтаа дөрвөлж байлаа.

-Өөр газраас азарга авч байв уу?

-Гаднаас аваагүй, нутгаасаа л арай холдуулж авдаг юм. Ноднин Сэлэнгээс нэг үрээ авчирсан. Энэ жил эмнэг, дөнгөж сургачихаад байгаа. Ирэх жилээс ид шидийг нь үзнэ дээ.

-Сайхан дурсамж тээсэн наадам олон байхаа. Онцолж сонирхуулаач?

-1978 оныг хэлнэ дээ. Түрүү аваагүй ч олон айраг хүртсэн тэр жилийн наадам санаанаас огт гардаггүй юм.

Таван морьтой сумынхаа наадамд ирээд гурван аман хүзүү,нэг айраг хүртэж билээ.

-Ярилцсанд баярлалаа. Таныг хурдан морины босоо цагаан хийморь өнөд ивээж явах болтугай.

- Монголын ард түмэндээ сайн сайхан бүхнийг хүсье. Нийт уяачдын маань морь хурдан байх болтугай.

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна