МУ-ын Манлай уяач Т.Болдбаатар: Манлай уяач цолыг маань төрийн наадмын түрүүгээр мялаасанд туйлын их баяртай байна

А.Тэлмэн
2017 оны 7-р сарын 11 -нд

-Монгол түмний бахархалт хүлэг Магнай халиун төрийнхөө их баяр цэнгэлд хоёр дахь удаагаа түрүүллээ. Халуун баяр хүргэе.
-Баярлалаа. Хоймор нутаг Хөвсгөлийн зон олны маань хайрлан хүндэлж явдаг нийт Хөвсгөлчүүдийн маань хүлэг болох Магнай халиун азарга маань улсын баяр наадмын адуун сүргийн манлай азарганы уралдаанд амжилттай сайхан уралдаж наадамчин олон, хоймор нутгийнхаа зон олон, уяач, уралдаанч хүүхдээ сайхан баярлуулж төрийн наадмын түрүү хүртсэнд туйлын их баяртай байна.
-Эзэн хүнийхээ шинэхэн цолыг төрийн наадмын түрүүгээр мялаалаа?
-Тэглээ. Тахиа жилийн сар шинийн босгон дээр төрийн тэргүүнээсээ МУ-ын Манлай уяач хэмээх эрхэм хүндтэй цол хэргэмийг хүртсэн. Магнай халиун азарга Манлай уяач цолыг маань төрийн наадмын түрүүгээр мялаасанд туйлын их баяртай байна.
-Төрийн наадамд морь түрүүлгэх олон хүний хүч хөдөлмөрийн үр шим биз?
-Тэгэлгүй яахав. Магнай халиун азарганы уяа сойлгыг Сүхбаатар аймгийн харьяат, аймгийн Алдарт уяач Эзэнмөнхийн Мөнх-Эрдэнэ тааруулдаг. Унаж хурдлуулсан Батжаргалын Гантөгс хүү. Хоёр дахь жилдээ  унаж хоёр дахь түрүүгээ авлаа. Миний халиун азаргыг нэг айлын хоёр хүү унаж хурдлуулдаг юм. Энэ дашрамд уяачдаа, уралдаанч хүүхдэдээ баярлаж талархаж явдгаа илэрхийлье.
-Өнөө жилийн баяр наадмын талаарх сэтгэгдлээсээ хуваалцаач?
-Энэ жилийн баяр наадмын хамгийн том  онцлог  бол Монгол төрийн наадамд Монгол шандаст хурдан хүлгүүд нь уралдаж Монгол төрийн жолоог Монгол хүн атгасан явдал юм. Товчхондоо бол энэ жилийн баяр наадмын зохион байгуулах хороо их сайн ажиллалаа. Ялангуяа МУ-ын Шадар сайд Хүрэлсүх маань төрийн наадмыг сонгодог утгаар нь хийж чадсанд нийт уяачид болон, Хөвсгөлчүүдийнхээ өмнөөс талархал дэвшүүлье.
-Өнгөрсөн жил хоймор нутгийн хоёр азарга айрагт багтаж байлаа. Өнөө жил олон уяачид ирэв үү?
-Энэ жил Рашаант сумын харьяат Амарсайханы Арвай хээр азарга ирж уралдан 14,15-аар давхичих шиг боллоо. Ер нь халиун азарга нутгийнхаа азаргыг чирч орох дуртай. Өнгөрсөн жилийн тухайд гэхэд л зүүн бүс, улсын наадамд манай Хөвсгөлийн хоёр азарга орсон шүү дээ.
-Бас нэг хүрэн азарга мордуулсан байсан. Хэдээр давхисан бэ?
-Энэ жил гурван азарга мордуулсан. Нэг нь  түрүүлж, нөгөө хоёр нь цулбууртай уралдлаа. -Ярилцсанд  баярлалаа. Сайхан наадаарай.
Б.Эрдэнэсүрэн

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна