МУ-ын Алдарт уяач Д.Баянбат: Хөлс нь гарахгүй байсаар суучих шиг боллоо

А.Тэлмэн
2017 оны 7-р сарын 12 -нд

-Наран хонгор төрийнхөө их баяр цэнгэлд дахин айрагдлаа. Баяр хүргэе.
-Баярлалаа. Баяр наадам эхлээд хуваарийнхаа дагуу азарганы уралдаан цэгцтэй сайхан боллоо. Газар газрын хурдан хүлгүүдтэй уралдаж  Наран хонгор маань айргийн дөрөвт хурдаллаа.
-Уралдахын өмнө ямар асуудал гарсан бэ? Бариад уячихсан байна дуулдаж байсан?
-Эмээлтэй мордуулна гэсэн шаардлага тавьсан юм болов уу гэж би ойлгосон. Эмээлээд мордуулахад гаргасан. Хонгор азаргыг Дундговь аймгийн Дэрэн сумын харьяат Түвшинбаяр гэж хүү унадаг. Түвшинбаярын маань ах нь  2014 онд хонгор азаргыг маань унаж түрүүлгэж байсныг та бүхэн санаж байгаа байх. Одоо дүү нь ахыгаа залгамжлан унаж байгаа.
-Таны бодож тооцож байсан хэмжээний уралдаан гарав уу? Хонгор азарга ямархуу мордсон бэ?
-Энэ жил зуншлага тааруу, бороо хур багатай байсан нь морины уяанд тодорхой хэмжээнд нөлөөлсөн. Уяач болгон л морьдын хөлс жаахан тааруу байна гэж ярьж байна. Манайх ч ялгаагүй тийм байсан. Азаргаа мордуулчихаад хөлс нь гардаг болов уу яадаг бол гээд эмээж л байлаа. Яг санасан хэмжээгээр хөлөрсөнгүй. Түүнээсээ болоод суучих шиг боллоо.
-Ялгалтын тухайд ямар бодолтой байгаа вэ?
-Өчигдөр  /7.10нд /хязаалан, шүдлэн насны морьд уралдаж эхэлсэнээс хойш уяачдын ганц ярьж байгаа сэдэв энэ л байна. Миний хувьд хязаалан, шүдлэн мордуулаагүй болохоор нарийн сайн мэдэхгүй л байна. Хүн болгон харилцан адилгүй байр суурьтай байгаа байх. Гэхдээ тэрний, энэний адуу гэхээсээ илүүтэй үүлдэрлэг байдал, сэрвээний өндөр зэрэг үзүүлэлтээ нарийн шалгаад мордуулах нь зүйтэй байх. Монгол наадам тусгаар тогтнол, нэв нэгдлийн баталгаа учраас ер нь бол монгол морио уралдуулах нь зүйтэй..
-Ярилцсанд баярлалаа. Дараа дараагийнх нь уралдаануудад амжилт хүсье.
-Баярлалаа. “Тод магнай” сайтаараа дамжуулаад наадамчин олондоо  сайхан наадахыг хүсэн ерөөе.
Б.Эрдэнэсүрэн

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна