Аймгийн Алдарт уяач З.Тэсхүү: Даншигт алаг морио аравт багтчих байх гэж бодож мордуулж байсан

А.Тэлмэн
2017 оны 7-р сарын 20 -нд

Увс аймгийн Тэс сумын уугуул, аймгийн Алдарт уяач З.Тэсхүүтэй хийсэн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Та бол 2005 онд Увс аймагт болсон Баруун бүсийн уралдаанд их морь түрүүлгэсэн чансаатай уяач. Тэр наадмын талаар ярилцлагаа эхэлье.
-Би Увс аймгийн Тэс сумын 11 дүгээр багийн уяач Тэсхүү гэдэг хүн байна. Уг нь тээврийн жолооч ажилтай байгаад мэргэжлээ сольж, 2000 оноос морь уяж эхэлсэн. 2005 онд Увс аймгийн 80 жилийн ой, баруун бүсийн даншиг наадамд 300-гаад их нас мордсоноос Бүргэд алаг морь маань түрүүлж, УАЗ 469 машинаар шагнуулж байлаа. Даншигт бас жороо хар морь зургаагаар давхиж, даага 30 хэд гаргаж орж ирсэн.
-Бүргэд алаг мориныхоо тухай дэлгэрэнгүй ярьж өгөөч. Ямар удам угшилтай, ямар, ямар амжилт гаргасан адуу вэ?
- Бүргэд алагийг хадам хөгшнөөсөө дөнөнд нь худалдаж авсан. Эцэг нь манай хадмын адууны удамтай. Эцэг нь том баярт ороогүй, эндээ л уралдаж байсан юм. Бүргэд алаг 2003 онд аймгийн баяр наадамд аман хүзүүдэж, Ховд аймгийн даншигт 11-д давхисан. Завханы Тэлмэнд болсон баруун бүсэд 54-т ирсэн. Сумынхаа баяр наадамд бол олон түрүүлсээн. Аймагт бол хоёр айрагдаж, хоёр түрүүлсэн.
-Яагаад Бүргэд гэж нэрлэсэн юм бэ? Танай хадамд байхдаа уягдаж байсан юмуу?
-Алаг нь бүргэд шиг хэлбэртэй харагддаг юм.  Багад нь уялгүй байж байгаад би аваад таван настайд нь уяад, манай суманд анхны бооцоот уралдаанд түрүүлсэн. Ер нь таван жил бооцоонд түрүүлсэн юм. Ойн баяр, аймаг, сумын нийт  50 гаруй медальтай. Таван наснаасаа нэг ч жил өнжилгүй 15 хүртлээ уралдаад зодог тайлсан даа. Сая өвөл уначихлаа.
-Бүргэд алагийн ах, дүү нь байдаг уу?
-Төрсөн дүү хонгор морь аймгийн баярт хоёр айрагдсан. Их ороо морь байгаа юм, нутгийн голоос гарч ирдэггүй, баригдана гэж байхгүй. Хоёр жил л уясан, зургаа, долоон настайд нь өнжчихсөн. Бас нэг дүү нь халиун морь бий. Тэр бас ороо, баригддаггүй юм.
-Халхад цуутай Егүзэр хээр морийг дийлж баруун бүсэд түрүүлж байсан болохоор алаг морины амжилтыг монгол даяар мэддэг юм билээ. Ер нь та Бүргэд алагаа түрүүлнэ гэдэгт итгэлтэй байсан уу?
-Би алаг морио түрүүлнэ гэж бодоогүй, ямартай ч арав дотор багтчих байх гэж бодож мордуулж байсан юм. Сэтгэл их хөдөлдөг болохоор морь дагаагүй. Миний морийг түрүүлж ирж байна гэж хүн амьтан ярихаар нь “арай үгүй байлгүй, миний морь түрүүлэх ёсгүй” гээд итгэхгүй байсан. Нэлээд дөхөж ирэхэд нь таниад үсрээд боссон чинь хажуугийн улс намайг барьж аваад явуулдаггүй. Тэгээд тэр хооронд яасныг мэдэхгүй, нэг мэдсэн чинь хүмүүс намайг дээшээ шидэж байна. Эхлээд үг хэлж чадахгүй, нулимс урсаад байдаг юм. Ер нь ч би үг яриа муутай хүн л дээ. Нэлээн хугацааны дараа тайвширч  гайгүй болсон. Аймагт морь түрүүлчихдэг гэж, зүүдэлж байгаа юм биш биз дээ гэж бодогдоод ерөөсөө итгэхгүй байж билээ. Би ер нь их насны морь түрүүлгэж үзээгүй байсан юм. Мөн ч их баярласан даа, түүхэнд байхгүй баяр болсон. Тэгэхэд манай аймгаас морь айрагдаагүй, ганцхан Тэсийн алаг морь Увс аймгаас айрагдсан байхгүй юу. Аймгийн дарга Тогоо ирж нутгийн нэр гаргалаа гэж баяр хүргээд, намайг долоо найман удаа үнсдэг юм. “Даргаа та чинь эхнэрээ ийм олон үнсэж байсан уу” гэж тоглоом болгож байлаа.
-Тэсхүү уяачийн сэтгэл хөдөлгөж, бахархал төрүүлсэн өөр ямар наадам байна?
- Манай суманд улсын Алдарт Цэвээний нэрэмжит баяр болсон юм. Би тэр баярт зургаан адуутай очоод цавьдар соёолон, хул хязаалан, халзан үрээ гурав гараад/түрүүлээд/, алаг морь гуравт орж, шарга хязаалан, халиун даага хоёр аман хүзүүдэж нэг өдөр мундаг баярлаж билээ. Миний хувьд даншигийн энтэй баяр болсон. 
-Даншигийн түрүү Бүргэд алагаас өөр ямар хурдан адуунууд байна вэ?
-Анх бол хээр мориор уяа эхэлсэн юм. Гурван жил уралдсанаас аймагт хоёр удаа айрагдаж, суманд дөрөв айрагдсан. Халиун азарга суманд хоёр айрагдаж, овоонд хоёр орсон, аймагт орж байгаагүй. Одоо байгаа халзан азарга суманд нэг түрүү, хоёр айраг авсан, 2011 оны аймгийн даншигт 12-оор ирж байсан. Аймгийн даншигт бас жороо хар морь аман хүзүүдсэн юм байна. 2006 онд аймгийн баярт дөрвөн насны адуутай очиж, хоёрыг нь түрүүлгэж, хоёрыг нь аман хүзүүдүүлээд хоёр мотоцикль, дөрвөн өнгөт зурагт авч байлаа. Жижиг морьд ч бас байна. Ноднин хоёр даага сойгоод сумын ойд уралдуулж чадсангүй. Хоёр даагаа хөтлөөд яг морь тавьдаг газар нь түрүүлээд очсон чинь дааганууд нь хүрэлгүй эргэчихсэн. Наадмын дараа дөрвөн овооны баярт уралдуулж дөрвүүлэнд нь хоёулаа айрагдлаа. 2004 онд Тэс сумын 80 жилийн ой болоход Бүргэд алаг морь гурвалж, Цэвээний хонгор морь түрүүлж, Жамаагийн шаргал морь хоёроор ирсэн. Ер нь энэ гурван морь хаана баяр болно, эхний гуравт зогсдог байсан юм. Баяр наадам болоход гурвуулхнаа уралдаж байгаа юм шиг хоорондоо ярьдаг, өөр морь урьд нь орно гэж байхгүй. Энэ гурван морь дээр үеийн бөхчүүд шиг тийм хүчтэй байсан. Нэг хэсэг чинь наадамд Бат-Эрдэнэ аварга л түрүүлдэг байлаа ш дээ. Сүүлийн үеийн морьд одооны бөхчүүд шиг л итгэл муутай болж. Уяачдадаа байдаг юм уу, мориныхоо чанарт байдаг юм уу. Миний морьд ч ялгаагүй, алагийн дүү нар байвч энд хүрэх юм алга. Уралдаанд ямар ч морь түрүүлж мэднэ.
-Алагтай хамт зогсдог Тэсийн хоёр морь 2005 оны баруун бүсэд уралдсан уу?
-Уралдсан. Хонгор морь тавд, шаргал морь долоод ирсэн юм. Ховд аймгийн даншигт Жамаагийн шаргал 12-т, миний алаг 11-д, Цэвээний хонгор тавд давхисан. Яг нас чацуу морьд, одоо 21 настай. Завханы Тэлмэнд болсон даншигт миний морь гарчих/түрүүлчих/ байсан юм. Яг сайхан уяа нь ханачихсан байтал бид хоорондоо жаахан тэрсэлдээд, тэгээд би морио тавьчихсан юм. Тэнд ирсэн халхын уяачид бүх морийг жагсааж байгаад үзчихээд, миний морин дээр юм яриагүй байхгүй юу. Би чинь өөрөө хэл яриа муутай хүн, Ядамцоо ахыг асуугаад ир гээд явууллаа. Ядамцоо ах буцаж ирээд “чи өөрөө бүгдийг мэддэг юм байна ш дээ” гээд ууртай байна. Тэгэхэд уяачдын холбооны дарга Төгсөө морио уяж өгсөнгүй гээд бас уурлаж байгаа юм. Уг нь халхын том уяачид нь ирээд, “за гардаг морь нь ирчихсэн байна” гэж хэлээд буцаж яваад, хоёр хоноод баярын урьд өдөр ирсэн. Улсын Алдарт Цэнд-Аюуш гуай баярын урьд орой “Тэсхүү минь чи хайран сайхан уяа нь таарсан морийг тавьж байдаг гэж” гээд зэмлэж байлаа. Тэгээд миний морь 54-т ирсэн.
-Уяа нь яагаад алдагдчихсан юм бэ?
-Би таван км үсэргэхгүй юу. Тэгсэн нөгөөдөх чинь зогсдоггүй, Тэлмэний энэ талын уул өөд гараад, дахиж тонгойж буугаад, зогсохгүй сумын төвийн хашаан дотор оруулж зогсоож авсан. Тэр өдөр бүх юм нь дуусчихдаг юм байгаа биз дээ. Тэр уурласан улсын ч бас зөв л дөө. “Том уяач байж та бидний морьдыг янзалж өгсөнгүй” гэж. Тэгээд Завханы Тэлмэнд манай Зүүнговийн морь гарсан/түрүүлсэн/ юм. Хүрэн морийг бид хамт уясан юм л даа. Өөрийнхөө морийг гаргахгүй, хүрэн морийг заагаад гаргачихлаа гэж Цэнд-Аюуш гуай загнаж байгаа юм.
-Уяач хүн наадмаас наадмын хооронд суралцдаг гэдэг шүү дээ. Сургамжтай наадам болжээ.
-Ер нь том баяр наадамд дахин дахин түрүүлгэх хувь тавилан цөөхөн байдаг юм байна. 2011 оны аймгийн даншигт дөрвөн морьтой очсон юм. Азарга 11-ээр, нэг морь 12-оор, хоёр морь нь хөлөө авчихлаа. Ламд үзүүлэхээр хувь тавилан хүрсэн гэж хэлдэг юм. Боломж нь ханаж дуусчихаж байхгүй юу. Алаг морины байнд ирсэн машинаа дүүдээ зарчихсан, морио бас “алдчихлаа”, тогоо тосолсон. Одоо алагийн дүү нар, хэдэн морьд байна, дотроо сэтгэл хөдөлж түрүүлчих болов уу гэж горьдож л байна. Бүгдийг шинээр эхэлж байна гэдэг утгаараа шагналаа хүнд өгч, шинэ морьдоо уяж байна.
-Ер нь Тэсийнхэн холоос цус сэлбэх дургүй байдаг юм уу, энэ тал дээр тэгтлээ анхаардаггүй бололтой. Адууг ямар нэгэн байдлаар цусыг нь холтгож сайжруулж байх ёстой гэдэг юм билээ?
-Би сая Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын хурдан удмын хээр үрээг хотоос хүргэнээрээ дамжуулж авчирсан. Замд 14 хонуулаад нэлээд муудчихсан ирээд тэжээгдэж байна. Алаг морины дүү 18-19 настай хөгшин хээгч гүүг хураалгах гэж байгаа юм. Хээгч гүү 14 удаа төрснөөс 12 хурдан адуу, хоёр охин төл гаргасан. Ирэх жилээс Сүхбаатар адуугаар уралдахаас. Бүргэд алаг, хээгч гүү хоёрын эх нь хадмын алагч гүү байсан. Эхлээд алаг морийг, сүүлд хээгч гүүг аваад би чинь хадмуудаас хурдтай болсон хүн. Гэхдээ өөрийн удмын хэдэн морь байнаа, байна. Өөрийн аавын адууны удмын шарга морь аймагт нэг түрүү, хоёр айрагтай. Хул морь бас нэг түрүү, хоёр айрагтай. Суманд бага насны адуунууд, даага хэд айрагдуулаад байна.
-Хожуу адуутай нөхөрлөсөн гэсэн. Ер нь таны хоёр аав хоёулаа уяач хүмүүс байсан юмаа?
-Манай талд уяач бараг байхгүй. Аав дээр үед хааяа нэг морь уядаг байгаад залуухандаа өнгөрсөн дөө. Тэгэхэд би 18 настай үлдсэн. Манай хадам аав Аймгийн Алдарт уяач Буянтогтох гэж хүн байлаа. Өөд болоод хоёр жил болж байна. Хадам аавынх хул голдуу зүсмийн хурдан адуутай, Тэс суманд хаана ч байнга гардаг /түрүүлдэг/. Даанч манай энэ хавь аюултай хулгайчтай, бүгдийг нь хулгай аваад бараг юм үлдээгүй. Тэдний адууны угшил ганц хоёр айлд бий. Тэр хүн л надад морь уяхыг зааж өгч, моринд оруулсан даа.
-Буурлуудынхаа буянаар айрагтай цагаатай, цол хэргэмтэй сайхан наадаж яваа байх нь ээ?
-Тиймээ. Би ерөөсөө барилдах юм уу, морь уях л ерөөлтэй байсан болов уу гэж боддог юм. 18-19 насандаа нэлээн тарган, барилдах маягтай байгаад ганц хоёр удаа барилдаад больчихсон. Тэгээд ч олон өнчин дүүтэй, тэднийгээ тэжээх гээд амьдралын шаардлагаар барилдах манатай. 1990 онд сумын заан цол авсан юм. Сүүлд гэнэтхэн хадам аав маань морь авчирч сонирхуулаад, уяач болсон.  Буурлуудын буянаар аймгийн цол авсан байх. Үгүй бол угаасаа Аймгийн Алдарт болох хувь тавилантай гэж өөрийгөө боддог юм.
- Гэр бүлд нэг нь морь уядаг байхад бусад нь хүссэн хүсээгүй татагдах нь бий. Танай дүү нараас таныг дагаж морь уяж байгаа хүн байна уу?
-Би таван эрэгтэй, нэг эмэгтэй дүүтэй. Отгон дүүгийн дээдэх нь аймгийн Алдарт уяач Мөнхжаргал гээд залуу байна. Сумын Алдарт Ганхуяг гэж байна. Намайг ч юу байхав дээ, манай хадам аавыг дагаж моринд орсон доо. Хадам аав надаас түрүүлж манай хоёрыг дагуулж морь уядаг байсан юм.
-Адуунд явахдаа хүүгээ дагуулаад явдаг юм шиг байна. Ирээдүйн уяачийг бэлтгэж байна уу?
-Манайх дөрвөн охин, нэг залуутай. Хүү бас адуунд оролцож байна. Миний хүү биеийн тамирын дээд сургууль төгсөөд эндээ багшилж байгаа.
- Онц тээвэрчин, Алтангадас одонтой юм байна. Алтангадас одон жолооч, уяач хоёрын алиных нь үнэлгээ вэ?
-Би тэжээлийн аж ахуйд 18 настайгаасаа жолооч болоод хувьчлал явагдах 1990 он хүртэл ажилласан. Тэр хугацаандаа хоёр удаа байгууллагын аварга болж байсан. Онц тээвэрчинг 2000 онд авсан. Улсын Алдартад намайг тодорхойлоод миний болзол хүрээгүй юм. Хоёр айраг дутуу. Сүүлд дахиж тодорхойлоод Алтан гадас одон өгсөн.
-Хонин жил гарсаар уралдав уу?
-Үгүй. Энэ жилийн хувьд адуу чинээ тэнхээ муутай байна. Хавар нь шуураад, морь ядаргаа ихтэй орсон. Энд хүйтэн учраас манайхны морьд нэг их хүчтэй, тарган онд ордоггүй ш дээ. Тэгээд ч хаврын бооцоонд аймгийн морьд түрүүлдэг юм. Хоёрын хооронд уралдуулчихаар зундаа хүч авахгүй болов уу гээд уяагүй. Нэгмөсөн аймгийн 90 жилдээ дөрвөн морь бэлдэж байна.
-Бүргэд алагийн шийрийг хатаасан хурдан хүлэг заяах болтугай гэсэн бэлгэтэй үгээр ярилцлагаа өндөрлөе.
-Гялайлаа.
"Тод магнай" сэтгүүл Увс аймгийн тусгай дугаар

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна