Аймгийн Алдарт уяач Б.Ундрах: Халтар морио Дэлгэрийн даншигт түрүүлнэ л гэж бодож байсан

А.Тэлмэн
2017 оны 8-р сарын 23 -нд

Аймгийн Алдарт уяач Б.Ундрах: Халтар морио Дэлгэрийн даншигт түрүүлнэ л гэж бодож байсан
-Хүний удам, адууны угшил гэдэг. Ундрах Алдартын удам сударт морь уях төрийн хэрэгт оролцож явсан улс цөөнгүй биз?
-Бий бий. Миний нагац болох Даасүрэнгийн Арслан, Дүйнхэр нарын уяачид байлаа. Арслангийн халтар гэж алдартай хурдан морь байсан. Дүйнхэр гэдэг нь МУ-ын Хөдөлмөрийн баатар хүн шүү дээ. Даасүрэнгийн Арслан, Бааст, Дүйнхэр гээд ах дүү гурав байсан юм билээ. Мөн өвөөгийн дүү нь улсын Сайн малчин Шатар гэж морь уядаг хүн байсан гэдэг. Ээжийн талд уяачид цөөнгүй бий. Аав бол зоотехникч мэргэжилтэй, аймгийн Заан хүн. Буянт начин улсын цол хүртчихээд аймагт ирж барилдаад түрүүлэхэд аав хоёрт орж аймгийн Заан цол хүртсэн юм билээ. Баян-Уул, Дарив зэрэг тойрсон сумдад дөрөв, тав түрүүлсэн.
-Удмаа дагавал морь ч уяж, бөх ч барилдах юм байна. Уяхыг сонгосныг нь бодоход багадаа хурдан морь унаж байсан болов уу?
-Авга эгчийндээ зуныхаа амралтаар очиж морь унадаг байсан. Нөхрийг нь Лхамхүү гэдэг. Хэдэн сайхан морьдтой. Тэднийхээр байж адуу малын дөртэй болсон доо. Тэгээд зургадугаар ангид байхаасаа буюу 1986 оноос даага сурган уяж уралдуулж эхэлсэн. Миний уясан даага дээд тал нь наймаар  тэгээд хойшоо 20 дотор давхина.
-Даага хэд хүрч мордох уу?
-100 гардаг байсан. Жилдээ ганц болдог наадамдаа хүн болгон л морио мордуулна.
-Өөрөө унах уу?
-Унаачтай./инээв/ Жижигхэн биетэй хүүхэд олоод унуулчихна. Дааганыхаа сүүлийг шуучихаад хээр манаад хононо./инээв/ Одоо эргээд бодохоор инээд ч хүрэх шиг. Хойд голын Алтангадас багийн адуучин Пүүшиг, уяач Далхсүрэн нарыг дагаад тиймэрхүү маягтай 1989 оныг хүртэл морь уясан даа. Тэгээд 1990 онд оюутан болоод долоон жил Анагаах ухааны их сургуульд суралцсан.
-Зуныхаа амралтаар морь уядаг байсан уу?
-Уянаа. Дүйнхэр ах ээжид нэг гүү өгсөнийг хүргэн ах Сугартайгаа байдсаар наймаалаад 1993 онд эр халтар унага гарсан юм. 1994 онд сумын 70 жилийн ойгоор нөгөө халтар даагаа уяж уралдуулаад аман хүзүүнд хурдлуулж байлаа. Тэр нь миний халтар морь.
-Анхны айргаа өөрийн адуугаар хүртсэн байх нь ээ дээ?
-Тийм. Дараа жил нь шүдлэн үрээ суманд долоолоод. Арга ч үгүй дээ, доголоод жаахан сэнсэрчихсэн байсан юм. Хязааландаа Дарив сумын ойд аман хүзүүдээд, 10 хоногийн дараа Баянгол суманд болсон “Түмэн адууны баяр”-т хол түрүүлсэн. Манай уяанаас хоёр шүдлэн, нэг даага, нэг хязаалан мордоод даага, хязаалан нь түрүүлж, хоёр шүдлэн нь айрагдаж байлаа. Нэг өдөр тийнхүү уясан бүх морьдоо түрүүлгэж, айрагдуулах сайхан л юм билээ.
-1997 онд яаж наадсан бэ? Халтар морь соёолон болсон байгаа?
-Тэр жил нэлээд гантай байсан. Наадам ойртчихсон байхад халтар соёолонгоо уулнаас олж авчраад уясан хадуурдаг болчихсон байсан. Сумынхаа наадамд хойноос гарч хөөсөөр хол түрүүлгээд баруун бүсийн даншиг болсон Дэлгэр сумыг зорьсон доо. Газар мэдэхгүй улс морьдоо хөтлөөд гарсан төөрөөд бүр Хонгор толгой орчихсон. Гэхдээ будилсан ч гэсэн халтар морь маань 300 гаруй соёолонд гурваар давхиж том наадмын анхны айргийг авчирсан даа. Нийлсэн жилээ Ховд аймгийн Дарви суманд болсон Түвдэн Манлайн мялаалга наадамд 300 гаруй мориноос гуравт давхиад, Халиун сумын ойд дөрвөлсөн. Дараа жил нь /2000 онд/ аймгийн 60 жилийн ой болоод бас ирэхдээ будилсаан.
-Төөрөөд үү?
-Тэр үед би сумандаа эмчээр ажилладаг. Ажлаа орхиод явж болохгүй сумынхаа уяачдын араас хоёр даага, нэг соёолон, нэг их морь хөтлөөд гарлаа. Манай сумынхан алга болоод өгч. Өдөр нь яваад  шөнөд нь амарч явсаар Өнцөгийн худагт ирчихээд байтал нагац ах Одонбаатар маань ирээд. За тэгээд наадам болсон даага аман хүзүүдээд, Төмөрбаатарын хээр гээд Дашхүүгийн унаган цагаан өсгийтэй хээр соёолон тав, их морь 28-аар давхидаг юм.
-Хоёр даагатай ирсэн гээгүй бил үү?
-Нэгнийх нь хөл доголоод мордож чадаагүй. Тэрнээс хойш сум орон нутгаараа наадаад айрагдуулдаг л байсан.
-Халтар морь аймгийн ойд айрагдаж чадсангүй. Түүнээс хойш яаж давхисан бэ?
-2004 онд Даривын ойд зургаалсан. Таваг нь жаахан муудчихсан байсан юм. Айрагдаагүй ч 2009, 10 оныг хүртэл уралдаж байгаад зуднаар нүд аньсан даа, хөөрхий.
-Эх нь таны өмчний гүү. Харин эцэг нь...
-Халтар морины эцэг нь Сугар ахын жороо Сайвар халтар гэж азарга. Эх нь миний хул гүү. Дааган цагаасаа хойш том жижиг нийлсэн наадмаас 20-иод түрүү хүртсэн хүлэг шүү.
-1997 оны Дэлгэрийн даншгийг жаахан дэлгэрүүлээч.
-1997 онд халтар морь их хурдан байсаан. Анх удаа тийм том наадамд явж байгаа хэр нь би халтар соёолонгоо түрүүлнэ гэж бодож байсан шүү. Ганц үрээ хөтөлж очоод яах юм гэсэн хүмүүс ч байсан. Уяачид аливаа зүйлийн бэлгэ дэмбэрэлийг боддог улс шүү дээ. Гэрээс гараад долоо, найман км орчим явж байтал туулай босдог юм. Тэгэхэд их бэлгэшээсэн. Бэлгээшээлээс гадна халтар морь зүс нь ногоон болж солонгороод их сайхан болчихсон байсан юм. Миний халтар морины хурд нь орохоороо цэцэг шиг хээ гардаг юм. Тийм хээ гарсан л бол гараа муу байсан ч зүсээд л өнгөрнө шүү дээ. Олон хоногийн уяатай. Давхар уяанд илүү. Дээр нь унахад янзтай. Алхана, хатирна, сайварлана.
-Дүү нараас нь ахын шийрийг хатаах хүлэг төрсөн үү?
-Аятайхан юм гарахгүй л байна. Нэг дүү нь эндчихсэн, ахыг нь хулгайд алдчихсан. Одоо халтар морины удмаас гурван охин адуу бий.
-Баян-Уулынхан баруун бүсийн уралдаанаас айраг алддаггүй. Таныг булган сүүлтэй гэдэг үү? Би андуураагүй бол та хамгийн анх бүсийн наадмаас айраг хүртсэн уяач нь байхаа?
-Тийм. Тэр үед би залуу хүүхэд учраа мэдэхгүй. Аав гуай л тэрэнгээр баахан баярлаж давхисан байх. Бидний үеийнхэн чинь тэгж настангуудын дэргэд хөөрч барддаггүй даруулгатай өслөө шүү дээ.
-Айрагдсан морьдын байнд юу өгч байсан бэ?
-Хивс. 2000 онд аймгийн 60 жилийн ойгоор морины байнд кассет өгч байсан гээд бод доо. Тэр үед ч бай шагнал гэхээсээ илүүтэй морь уяж уралдуулах нь л чухал байсан.
-Тоог нь өтгөрүүлж, тоосонд хутгалдаж өөрийн нэртэй морь мордуулах нь уу?
-Тийм. 60 жилээр аман хүзүүддэг халтар даага Хүйсийн говийн адуу. Адуучин Дашбалжир гэж хүний адууны гаралтай. Айрагддаг хээр соёолонгийн эх, эцэг нь хоёулаа Дашхүүгийн адууных. Биеийн тамирын багш Төмөрбаатар гэж хүн худалдаж аваад аймгийн наадамд надад өгөөд явуулсан юм.
-Халтар морийг чинь залгаж хурдалсан хүлгүүдээ танилцуулаач?
-Зудны дараа  ганц морьтой үлдчихээд 14 настай Бандгайн хулыг унах санаатай авлаа. Уг нь хурдан адуу л даа. Би залуухан байхад нь авах гэсэн өгөөгүй юм. Сүүлд нас ахисан хойно нь хүүхдүүд сүүлийг нь шуучихаад мордохоор давхиад байдаг байсан. Тэр надад ирснээсээ хойш хэдэн бага наадмуудад бүгдэд нь айрагдсан.
-Залуудаа уралдаж байсан адуу юмуу?
-Суманд нэг түрүүлж байсан. Эцэг саарал азарга нь Увсын Зүүнговийн адуу гэгддэг. 1996 онд манай аав сумын үржил станцын дарга байхдаа Увс аймгийн Зүүнговь сумаас хуц ухнаар 10 азарган үрээ сольж авчирч байсны нэг нь юм.
-Холын цустай адуу юм. 2006 оны баруун бүсийн уралдаанд хэрхэн наадсан бэ?
-Ганц халтар морьтой ирж 25-аар давхиулсан. Наадмын дараа халтар морь маань ч харилаа. Залгах адуу авъя гэж бодоод 2007 оны хавар Хэнтий аймгийн Батноров, Идэрмэгийн Дамдин гэдэг хүнээс битүү саарал үрээ авсан. Сургаа ч үгүй эмнэг  үрээ аваад том хүүгээрээ унуулж аймгийн наадамд  мордуултал Мандалын дөрөлж  хүртэл хөтөлсөн. Тэгээд аргагүй хүүхэд нь шинэ, хүлэг нь бага юм болоод сууж 30-н хэдээр орсон доо. 2008 оны хавар Баян-Уулынхаа уралдаанд аман хүзүүдээд, 5 сарын 9-нд түрүүлээд, зун нь сумын наадамд гурвалсан. Тэр жил Ховд аймагт баруун бүсийн уралдаан болж тийшээ саарал морь, бор азарга, хээр соёолонтойгоо очоод хээр үрээгээ 28, саарал морио 15-аар давхиулсан.
-Бор азарга мордоогүй юмуу?
-Хөл нь доголоод мордоогүй. Тэр бор азарга Хэнтийн Батноровын адуу. 
-2009 онд яаж наадсан билээ?
-Саарал морь хавчигтаа Баян-Уул суманд болсон “Макс”-ын ах дүүсийн мялаалга наадамд уралдаж байгаад хөлөндөө асуудалтай болчихсон. Миний тэр саарал морь ёстой нутагшдаггүй адуу байсан. Бараг жил болгон гүйнэ. Зургаан жил гүйгээд 2013 онд нутагтаа очоод үхчихсэн байна лээ.
-Яагаад ч тогтдоггүй адуу байдаг.
-Тэдний нэг л байсан байх. 2008 оны хавар ахиж зүүн тийшээ яваад зургаан долоон адуу авчирсаны дотор Баян-Өлгийд болсон баруун бүсийн даншигт түрүүлдэг Буяндалайгийн хээр азарга ирсэн. Ер нь би 20,30-аад адуу зарсан. Нэгээс бусад нь бүгд л давхиж байгаа. 2010 онд халтар морио унагаачихаад, орыг нь авчирна гэж яваад Хэнтийн Батноровын Аварзанаадий гэдэг хүнээс сартай халтар даага авсан. Ирсэн жилээ суманд айрагдаад, 2010 оны баруун бүсэд 26-аар давхисан. Шүдлэндээ “Алтайн шигшмэл хурд” болон аймгийн наадамд зургаалаад, хязааландаа аймгийн наадамд 14, Баян-Өлгийн даншигт зургаагаар давхисан. 2013 онд соёолон хавраа аймгийн бүсэд түрүүлж, бас нэг уралдаанд гурвалаад, аймгийн наадамд дөрвөлж, Завханы даншигт 11-ээр давхисан. Завханы даншигт 210-н хэдэн соёолон мордоход миний халтар  сүүлийн 10-аадхан үрээнд үлдчихсэн байсан. “Яагаад үлдчихдэг юм” гээд хөдөлгөчихсөн чинь тэр чигтээ туулж явсаар эхний хэдтэйгээ нийлчихсэн. Тэгээд дөрвөөр хэсэг явж байгаад үзүүр дээрээ унжиж ёстой сарвайсаар байгаад 11-ээр орсон доо. Тэгж эрт шахуулаагүй байсан бол бас яагаа ч билээ гэж боддог л юм.
-Уяач хүн наадмаас наадмын хооронд суралцдаг гэдэг.
-Өвөрхангайд “Түүхэнд мөнхөрсөн төрийн их хүлгүүд” гээд уралдаан болсон шүү дээ. Тийшээ бас явж уралдсан. Газрын дунд 21-ээр орж ирээд зүтгэсээр байгаад гурвалсан даа.
-Хавраас хойш тав уралджээ...
-2014 онд сумандаа болсон  хаврын бүсийн уралдаанд дөрвөлж, зун нь ойдоо еслөөд, Максын наадамд 19-д  давхисан. 2015 онд би эзгүй байсан. Отгон суманд болсон Завханы урд бүсийн уралдаанд аман хүзүүдээд, аймгийн наадамд зургаалж, Өндөр Гэгээн Занабазарын мэлмий гийсний 380 жилийн ойд 17, “Алтайн шигшмэл”-д гурав, Гэгээнтний наадамд тавласан. 2016 онд аймгийн хаврын уралдаанд дөрвөлөөд, баруун бүсийн уралдаан болон Бат-Эрдэнэ Тод манлайн мялаалга наадамд 20-д давхисан.
-30-аад тооны адуу авчирч зарсан гэсэн. Хаанаас ямар удам угшилтай адуу авчирсан бэ?
-Батноров сумаас Арслан Даваадоржийн Аварга цоохрын удмаас авсан. Хэрлэнгийн хойд хөвөөгөөрөө их тарсан юм билээ. Гүрзулын Халтар гээд тэднийхний адуунаас авчирсан. Сүхбаатарын Түвшинширээгийн МУ-ын Алдарт уяач Шуну гуайн адуунаас ганц хоёр үрээ авсан. Мөн тэндхийн аймгийн Алдарт уяач Чилаалхагва айлаас хонгор азарга ирсэн. Сая ахиад хавчиг зургаан настай хонгор морь авлаа. Энэ хонгор морины эцэг нь Шуну Алдартын хондон азарга. Эх нь болохоор Монгол хээрийн эзэн Пүрэвдорж гуайн гүү гэнэ лээ. За тэгээд Дорноговийн  Дэлгэрэхийн харьяат МУ-ын Манлай уяач Гүнширийн Дамба агсны хүү Борхүүгээс байдас авсан. Хамгийн гол нь миний авчирсан адуунууд цөм давхисан. Энэ л чухал.
-Дуламсүрэн Тод манлай үндэсний бөхөөр хичээллэж байсан маань морь уяхад дөхөм болдог. Тамирчны сэтгэл зүйг адууны сэтгэл зүйтэй холбон харьцуулж ачааллыг нь тааруулдаг гэж байсан. Түүн шиг таны эмчийн мэргэжил морь уяхад давуу тал болно биз.
-Би морь хатгана. Адууны анатоми зургийг харж байгаад хатгачихдаг. Мэдээж онолыг нь мэддэггүй харанхуй хүнээс дээр байдаг байх. Би хэдийгээр эмч ч гэсэн адуунд элдэв тариа, тарилга хийхийг дэмждэггүй. Уралдааны дараа ганц нэг шингэн хийвэл хийнэ, өөр зүйл хэрэглэдэггүй.
-Аливаа зүйлийн хэмжээ хэтрэхээрээ хор болдог шүү дээ. Миний асуулт энэ хүрээд жаргаж байна. Ярилцлагаа таны хамгийн сайхан наадмын дурсамжаар өндөрлөе.
-Том жижиг гэлтгүй очсон наадам болгонд морь айрагдах сайхан. Гэхдээ хүмүүс жаахан басах маягтай байсан болоод тэрүү Өвөрхангайд болсон “Түүхэнд мөнхөрсөн төрийн их хүлгүүд” наадам их сайхан санагддаг. Намайг эндээс явахад “төв халхын наадамд чиний морь айрагдана гэж юу байхав. Боль боль” гэсэн улс цөөнгүй байсан. Гэтэл улсад айрагдсан дөрвөн соёолонтой уралдаж айрагдахад бахтай сайхан санагдсан. Эр хүн зорьсон хэргээ бүтээх шиг сайхан зүйл хаа байхав.
-Хурдан хүлгийн босоо цагаан хийморьт өнө мөнх ивээгдэх болтугай. Ярилцсанд баярлалаа.
-Баярлалаа. Та бүхний ажил үйлс сэтгэлчлэн бүтэж яваг.
-Баярлалаа. Ерөөл бат оршиг.

"Тод магнай" сэтгүүл Говь-Алтай аймгийн тусгай дугаар

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна