Аймгийн Алдарт уяач Т.Гантөмөр: Манайхан хэдэн үеэрээ адууч улс

А.Тэлмэн
2017 оны 9-р сарын 08 -нд

Увс аймгийн Улаангом сумын уугуул, аймгийн Алдарт уяач Т.Гантөмөртэй хийсэн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Аав тань Увс аймгийн анхны Алдарт уяачдын нэг юм байна. Аавынхаа  тухай бидэнд хуучлаач?
-Миний аавыг Түвшин гэдэг.1936 онд төрсөн. Улаангом сум анх байгуулагдахад нэгдлийн гишүүнээр элч,нийгмийн мал маллаж байсан юм билээ. Нэгдлийн үед тэмээнээс бусад бүх малыг маллаж байсан гэдэг юм. Цэргийн албыг болохоор Ховд аймагт хааж байгаад ар гэрийн гачигдлаар халагдаж, 73 нас хүртлээ морио уяж байгаад бурхан болсон. Миний аав моринд эрэмгий, нас өндөр болсон хэдий ч морь бугуйлдаад л тогтоочихдог хүн байсан.
-Аав тань хэдий үеэс морь мал уясан гэдэг вэ?
-Нэлээд насжсан хойноо буюу дөч хүрээд морь уясан гэдэг шүү. Нэгдлийн адуу хариулахын зэрэгцээ морь уядаг. Аймгийн баяр наадамд хээр азаргаа гурав түрүүлгэж, хоёр айрагдуулж байсан хүн. Тэр амжилтаараа 1997 онд аймгийн Алдарт уяач цолыг хүртэж байлаа. Мөн нэгдлийн мал маллаад 600 эх малаас 600 төл бойжуулсан хэмээн Монголын радиогоор магтуулж байсан гэдэг юм.
-Хурдан хээр азарганы танай өөрийн адуу юу?
-Түргэн сумын Түмэндээ гэдэг хүнээс авч байсан юм гэнэ лээ. Урьд нь уралдаж байгаагүй битүү хязаалан үрээ зармаар байна. Хэдэн хонины хэрэг байна гэхээр нь манай аав 15 хонь, шүдлэн үхэр өгөөд авч байсан гэдэг. Анх авахдаа уралдуулна гэж бодоогүй юм шиг байгаа юм. Азарга тавих зорилготой байсан юм билээ. Бүдүүрсэн хойно нь би Тариалангийн ойд уяад гурваар давхиулсан юм. Түүнээс хойш л уяж, аймагт уралдуулдаг болсон. Хээр азарга 1989, 1990 оны аймгийн наадамд түрүүлээд, 1991 онд ардын хувьсгалын 70 жилийн ойгоор тавд давхиж, 1992 онд дахиад түрүүлсэн. Одоо үр төлүүд нь энэ хавиар их сайн давхиж байна. Манай нутгаар төлүүд нь их тарсаан. Одоо аймгийн Алдарт уяач болсон Тогтох гэж хүнд байна, манай дүү Алтансүхэд байна. Мөн манай хүргэчүүлд ч бий. Аавын уяж байсан морьдоос хээр азарганаас гадна  хонгор морь бас их сайн давхисан.Тэр хонгор морь баруун талын сумдадаа алдартай адуу байлаа. Бас нэг хатирдаг халтар мориор наадаж байсан.
-За тэгвэл таны хувьд хэзээ уяачийнхаа гарааг эхлэв?
-1990 онд таван насны морьтой аймагт очиж уралдаад соёолон гуравлуулж, шүдлэн зургаад давхиулж байлаа. Дараа нь 1992 онд хязаалан аймагт айрагдуулсан. Хоёр жил дараалан  хөх морио айрагдуулж чадалгүй зургаад давхиулахад аав маань хээр азаргаа түрүүлгээд, бага морьдоо айрагдуулж байлаа. Морь хүн хоёр наадмаас наадмын хооронд суралцдаг юм хойно дараа нь  хөх морио айрагдаж түрүүлгэсээн. Түргэн сумын ойд түрүүлгэж, Тариалан сумын 70 жилийн ойд гурваар давхиулсан. Тэгсэн 1997 онд манай аймгийн нэг залуу Сэлэнгэ шилжихдээ “хүний нутагт нутгийнхаа нэрийг гаргаж уралдъя” гээд миний хөх морийг гуйсаар байгаад аваад явсан. Тэнд очоод Хэнтий рүү зарагдсан дуулдана лээ.
-Гантөмөр Алдартын нэрийг хамгийн олонтаа дуурсгасан хурдан хүлгээ танилцуулаач?
-Шүдлэндээ аймгийн наадамд гуравт, соёолондоо хоёрт, нас нийлээд тавд давхисан хурдан хээр морь маань байна. Манай энүүгээр хулгай их. Сүүлд хулгайд алдчихсан юм.
-Уулзсан хүн болгон л ярьж байна?
-Адуугаа хулгайд алдаагүй айл ховор доо. Хээр морины дараа бас нэг хээр морь дөрвөөр давхиулсан, аймгийн наадамд. Одоогоос 11 жилийн өмнө Бөхмөрөнгийн ойд даагаа түрүүлгэж байсан.
-Хэдэн онд аймгийн Алдарт уяач цолоо авсан юм бэ?
-2012 онд онд аймгийн Алдарт уяач болсон.
-Баруун бүсийн наадмуудад оролцож байв уу?
-Увс аймагтаа болсон баруун бүсийн уралдаанд оролцож нэг морь гучин хэдээр давхиулж байсан. Зэргэлдээ аймгуудад болсон уралдаануудад явж амжаагүй. Хөдөөний бид чинь хүн бүлгүйгээсээ болоод гарч орж чадахгүй юм байна шүү дээ. Бид чинь хонио хариулангаа морио уяадаг улс. Урд газрынхан болохоор гал болж зохион байгуулалтанд ороод зөвхөн морио  уядаг гэх юм билээ. Харин энэ жил баруун бүсийн наадамд оролцох санаатай байна.
-Таны оролцсон хамгийн сайхан наадам хэдэн оны ямар наадам байв?
-1990 оны аймгийн наадам юмуу даа. Аавтайгаа хамт очоод хээр азарга түрүүлж, миний соёолон аман хүзүүдэж, шүдлэн зургаалж байлаа.
-Адууныхаа удам угшлыг сайжруулахад санаа тавьж байна уу?
-Түргэн сумын Отгонтөгс гээд залуугаас Бөхмөрөн сумын ойд түрүүлсэн хул азаргыг нь авсан. Мөн Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумаас нэг улаан азарга, Завхан аймгийн Завханмандал сумаас нэг хөх азарга авсан. Аавын адууны гүү сайн учраас азарга л авъя гэж боддог доо.
-Үр хүүхдэдээ үлдээх адуугаа чанаржуулах үүрэг оногдож буй биз?
-Аа, тэгэлгүй яахав. Манай хүүхдүүд бүгд морь уяж байна. Адууны захад өссөн хүүхдүүд арга байж уу дээ. Аав үлдэж, өөрөө сэлбэсэн адуунаасаа өгч л байна. Манай өвөө Хулцаа гэж эмнэг хангал сургадаг, адуунд их эрэмгий хүн байсан гэдэг юм. Хангал морь нь туйлж байхад сур илдээд явж байсан гээд гээд нутгийнхан одоо хэр нь ярьдаг. Тийм их иртэй хүн байж. Дээр нь сур элдэж, чөдөр, бугуйл хийдэг байсан юм билээ. Тэгэхээр манайхан хэдэн үеэрээ адууч улс байгаа биз.
-Тийм байна. Хэдэн онд Алтангадас одонгоор энгэрээ мялааж байв?
-2012 онд авсан. Би 2004 оноос багийн Засаг даргаар ажиллаж байгаа. Засаг даргаар ажиллаж байхдаа өөрөө зургийг нь гаргаад Хархираа багийнхаа төв дээр 13*7метрийн хэмжээтэй байшин барьсан. Багийн эмч, хурлын дарга, засаг дарга гээд бүгд тус тус өрөөтэй. Тэр бүү хэл хурлын заалтай.
-Өөрийн хөрөнгөөр үү?
-Нутгийн ахан дүүсийн хандив дэмжлэгтэйгээр барьсан. Байрны нээлтэн дээр манай аймгийн Засаг дарга, Хурлын дарга, хурлын төлөөлөгч нар ирж оролцоод их сайшаасан. Сүүлд нь УИХ-ын гишүүд ирж үзчихээд “сайн болж”  гээд магтаад л байсан. Тэгснээ манай аймгийн 83 багт миний зургийн дагуу улсын төсвийн хөрөнгөөр багийн байр барьсан юм. Тэр дагуу 83 ажлын байр бий болсон. /манаач нар/ Түүнийг маань төр засгаас үнэлж Алтангадас одонгоор шагнасан юм. Би бас нутаг усандаа “Улаан загалмай” нийгэмлэгийн ажилд манлайлж оролцдог. Малын индексжүүлсэн даатгалд 2006 оноос эхлэн одоог хүртэл тасралтгүй хамрагдаж байна.
-Нийгэм, нийтийн ажилд хичээл зүтгэлтэй ханддаг тантай ярилцах таатай байлаа. Хурдан тууртын босоо цагаан хийморьт өнө мөнх ивээгдэж яваарай гэсэн бэлгэтэй сайхан ерөөлөөр ярилцлагаа өндөрлье.
"Тод магнай" сэтгүүл Увс аймгийн тусгай дугаар

1 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.