Аймгийн Алдарт уяач Г.Нямгэрэл: “Уясан морь, унасан хүүхэд чинь эрүүл ирвэл тэр хамгийн сайхан наадам” гэж аав маань хэлдэг байсан

А.Тэлмэн
2017 оны 9-р сарын 14 -нд

Увс аймгийн Наранбулаг сумын уугуул, аймгийн Алдарт уяач Г.Нямгэрэлтэй хийсэн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
- Унасан газар, угаасан ус, бага насны тань дурсамжаас яриагаа эхэлье?
-Би Увс аймгийн Наранбулаг сумын нутаг Гурван толгой хэмээх газар адуучин  Гэцэлийн хоёр дахь хүү болон мэндэлсэн. Манай аав бага залуугаасаа эхлээд олон жил нэгдлийн адуу малласан хүн. Би аавыгаа сайн адуучин төдийгүй, сайн уяач гэж боддог.
-Адуучин аавын хүү болж, агтны төвөргөөнд өсжээ дээ?
-Тиймээ, миний хүүхэд нас адууны захад өнгөрсөн. Аав маань залуудаа жин тээдэг байж Нэг жил наадмын өмнөхөн Улаангом руу жин тээгээд очсон аавын таньдаг Хотон залуу ирээд ааваас өөр хүн унадаггүй булгидаг цагаан морийг нь унаад уралдчихъя гэсэн юм билээ. Уяаны ажил огт хийгээгүй морь тарган байлгүй яахав. Аав маань хэдэн хоног ажил хийж, сайхан нимгэлээд  мордуулчихсан чинь түрүүлсэн гэдэг. Тэгээд  л ер нь адуу маланд их дуртай болсон гэж ярьдаг байсан.
Нөгөө морийг нь унаж түрүүлгэсэн Хотон залуу аавын туслах болж, аав маань адуучин болсон гэнэ лээ.
-Аав тань морь мал уядаг байсан уу?
-Уяж байсаан. Уяачийн хөдөлмөрийг үнэлж, алдар цол өгдөггүй цаг үе байсан учраас цол хэргэм авч чадаагүй.
-Аавын тань нэртэй ямар хурдан хүлгүүд байв?
-Миний аавын хурдан хээр морь сумынхаа наадамд хоёр түрүүлж, дөрөв айрагдсан. Нэг жилийн наадмаар би яг бариан дээр мориноосоо унаж, аман хүзүүдсэн удаатай. Би өөрөө ч унаагүй , бариач мориныхоо амыг дийлэхгүй очиж мөргөж унагаагаад би хоёрдугаар байранд орж байсан.
Тэр хээр морины дараа хурдан  хонгор гарсан. Аавын нэрээр нэг жил уралдаад, дараа нь ахын нэрээр уралдаж олон айраг авч байсан.
-Хэдэн настайгаасаа хурдан морь унасан бэ? Танай аймагт харьцангуй том хүүхдүүд унадаг юм билээ?
-Зургаа, долоон настайгаасаа хурдан морь унасан. Бие томтой хүүхэд байсан болохоор олон жил унаагүй ээ. Эмнэг хангал ч сургадаг л байсан. Ахыг цэрэгт явсан хойно өөрөө уяж, унаад түрүүлгэж ч байлаа. Ер нь адуу нэг ойртсон хүнээ холдуулдаггүй шидтэй амьтан юм шүү дээ. Би гэхэд л сургууль соёлын мөр хөөж олон жил холдсон ч, сэтгэл дотроо адуутайгаа ойр байсан. Уржнан сумынхаа 60 жилийн ойгоор аймагт айраг, түрүүнд хурдалсан  азаргануудыг дийлж түрүүлсэн. Сайхан л юм билээ.
-Хожуу ч гэлээ, хэдий үеэс морь уяж байгаа юм бэ?
-Би 1996 онд Увс аймгийн холбоонд Ерөнхий инженерээр ажиллаж  байгаад, Дундговь аймгийн холбооны газрын даргаар томилогдсон. Тэнд байхдаа нутгийн хурднаас бишгүй цуглуулсаан.
-Дундговь аймагт олон бэсрэг угшил яригддаг. Хэнийхний адуунаас авч байв?
- МУ-ын Алдарт уяач Яринпил гуайн адуунаас авч байлаа. Олон сайхан хар адуутай хүн. Мөн холбоонд ажилладаг байсан “буурал” Дашдорж гээд Хэнтий, Сүхбаатараас адуу цуглуулж, цус сайжруулсан сайн уяачаас адуу авч байлаа. “Мухар” Баатар гээд сайхан хөгшнөөс адуу авч байлаа.За мөн, Дэлгэрцогт сумын харьяат МУ-ын Алдарт уяач Шаравжамц гэдэг хүнээс ч адуу авсан.
 Миний адууны гол  цөм нь  Дорнод, Сүхбаатар угшилтай.
-Олон адуутай юу?
-300-гаад адуутай. Дундговиос Төв аймаг руу томилогдоод, 2000 онд хот руу орж ирсэн. Би 1998 оноос адуу цуглуулж эхэлсэн хүн. Нутагт байсан эцгийн адуун дээрээ үндэслээд Сүхбаатар, Дорнод, Дундговь, Төв гээд олон газраас угшил цуглуулсан. 2001 онд аавынх хот руу ирээд, би энд тэндээс цуглуулсан хэдэн адуугаа аваачсан.
-Азаргаар нь адуу авдаг байсан гэх юм билээ?
-Тэгж  авсан удаа бий, бий. Сүхбаатар аймгийн уугуул, Төв аймгийн Алтанбулаг суманд амьдардаг  хурдан саарал азаргатай Цэвэгжав гэж хүн байсан. Тэдний саарал азарганы угшлын адуутай Лхасүрэн гэж хүн надад 40 гаруй тооны адуугаа, газар, өвөлжөөтэй нь зарсан юм. Тэр тухай дуулсан байх л даа. Дараа нь бас ахиад 2002 онд цанын бааз орчмын аж ахуйтай Сүхбаатарын Хүрлээ гэдэг айлаас 40 гаруй адуу авсан. 
-Сайн адуунд гар татдаггүй юу?
-Увс аймгийн хамгийн өндөр үнэтэй адууг би авч байсан. 2001 онд одоогийн аймгийн Алдарт уяач Ядамцоогоос халзан морийг нь 10 сая төгрөгөөр авч байлаа. Тухайн үед адуу тэгтлээ үнэд ороогүй байсан болохоор бидний наймаа нэлээд шуугиан тарьсан шүү.
-Халзан морь тан дээр ирээд хэр давхисан бэ?
-Орон нутагтаа хэд хэд айрагдчихсан адуу. Энд ирээд Ерөнхийлөгчийн нэрэмжит уралдаанд түрүүлж, хаврын уралдаанд хоёр, гурван ч удаа айрагдсан.
-Хаагуур голдуу нааддаг вэ?
-Голдуу улсын наадамд л нааддаг даа. Олон аавын хийморилог хөвгүүд нааддаг болохоор одоохондоо хараахан морь айрагдуулж чадаагүй л байна. Гэхдээ хурдан тууртын буян ивээж, 20-иос урагшаа зөндөө  давхиулсаан. Сүүлийн хоёр, гурван жил хүүхдийн асуудал хүндээр яригдаад морь уяхад дарамттай болж байна шүү.  Бидний багад бол хурдан морь унах гээд тэрүүхэндээ хоорондоо өрсөлддөг байлаа шүү дээ.
-Хэдэн онд аймгийн Алдарт уяач цолоо хүртсэн бэ?
-2008 онд аймгийн Алдарт уяач цолны эзэн болсон. 2000 онд Дундговьд  ажиллаж байхдаа хоёр морио айрагдуулсан. Мөн Увс аймгийн баяр наадмаас гурав, дөрвөн айрагтай. Төв аймгийн бүсийн наадмаас хэд хэдэн айраг авсан. Миний өөрийн амжилтаас гадна Увс нутгийнхаа хурдан морины хөгжилд оруулж буй хувь нэмрийг үнэлж, энэхүү цолыг өгсөн болов уу гэж боддог. Би Сүхбаатар, Дорнод чигийн нэлээд хэдэн тооны адуу нутаг руугаа явуулсан шүү. Очсон морьд маань ч гайгүй давхиж байгаа дуулддаг. миний адууны угшил гайгүй болж байгаа харагдаж байгаа. 2012 онд аваачсан адуунуудын зарим нь Өмнөговь, Ховд, Наранбулаг сумдын 90 жилийн ойд түрүүлж айрагдсан гэнэ лээ.
-Хамгийн сайхан сэтгэлд хоногшсон наадмын дурсамжаас хуваалцаач?
-Олон сайхан наадмын дурсамж байлгүй яахав. Морь уячихаад нутаг усны ах дүү, хамаатан садан, гэр бүлийнхнээ цуглуулчихаад суух шиг жаргал монгол хүнд хаана байна. Гэхдээ та онцолж асуусан болохоор онцгойлж нэгийг нь сонгоод хариулъя даа. Манай Өндөрхангай сумын харьяат Цэрэнжээгийн хээр морь түрүүлдэг жил би маш их баярласан. Өөрийн биш ч гэлээ галын гишүүний морь түрүүлж, Их Хурлын дарга гээд хүндэт зочид ирсэн тэр жилийн наадам миний болоод манай галынхны  хувьд хамгийн сайхан наадам байсан байх. Багабанди Ерөнхийлөгч хүртэл манай уяан дээр ирсэн шүү дээ.
-Манай гал гэдэг нь ...?
-“Хурдны манлай ” гал. Миний аав “уясан морь, унасан хүүхэд чинь эрүүл ирвэл тэр хамгийн сайхан наадам” гэж ярьдаг байсан юм. Би аль ч газрын наадамд  очихдоо аавынхаа хэлснийг ямагт санаж явдаг юм. Тэгж яваад 2006 онд  нутгийн хэдэн залуустайгаа нийлээд “Хурдны манлай” гал буюу төрийн бус байгууллага байгуулан анхны тэргүүнээр нь гурван жил ажилласан. Манай галын гол зорилго бол Увс нутгийнхаа нэрийг улс, бүсийн наадмын дэвжээнээ гаргаж, энд байгаа уяачдаа нэгтгэх явдал юм. Манай  “Хурдны манлай” гал 30-аад хүний бүрэлдэхүүнтэй. Жил бүр өөрсдийн нэрэмжит уралдааныг зохион байгуулдаг. Одоо галын тэргүүнээр УИХ-ын гишүүн, БСШУ-ны сайд Гантөмөр ажиллаж байна.
-Өнөө жил Увс аймагт баруун бүсийн наадам болно. Хэдэн насны морьтой очихоор төлөвлөж байна вэ?
-Зургаан насны морьдтой очихоор төлөвлөж байна. Улаанбаатар хот орчимд амьдардаг Увсын уяачид цөм очиж наадах бодолтой байна лээ. Тэгэхээр манай баруун бүсийн наадам өтгөн сайхан болох байхаа.
-Баруун бүсийн наадамдаа амжилттай сайхан наадаарай. Ярилцсанд баярлалаа.
-За баярлалаа. Та бүхний ажилд мөн амжилт хүсье.

"Тод магнай" сэтгүүл Увс аймгийн тусгай дугаар

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна