МУ-ын Алдарт уяач Б.Баянбат: Төрт ёсны их баяр цэнгэл наадамдаа нэг адуугаар олон жил амжилттай наадах зорилготой

А.Тэлмэн
2017 оны 10-р сарын 11 -нд

- Наран хонгор төрийн наадамд дахин айрагдлаа. Баяр хүргэе?
-Баярлалаа. Төрийн их баяр цэнгэл наадмын азарганы уралдаан цэгцтэй сайхан боллоо. Наран хонгор маань газар, газрын хурдан хүлгүүдтэй хурд хүчээ сорьж, айргийн дөрвөөр давхисанд баяртай байна.
- Уралдахын өмнө бариад уячихсан байна гэж дуулдсан. Ямар асуудал гарсан юм бол?
-Эмээлтэй мордуулна гэсэн шаардлага тавьсан юм болов уу гэж ойлгосон. Тэгээд эмээллээд мордуулсан.
- Хонгор морины уралдаанч хүүхдийг сольсон харагдана?
-Хонгор азаргыг маань Дундговь аймгийн Дэрэн сумын харьяат Түвшинбаяр гэдэг хүү унадаг юм. Түвшинбаярын маань ах  2014 онд хонгор азаргыг маань унаж, түрүүлгэж байсан. Одоо дүү нь ахыгаа залгамжлаад унаж байна.
- Таны бодож тооцоолж байсан хэмжээнд хүрэхүйц уралдаж чадав уу?
-Энэ жил хур бороо ховор, зуншлага тааруу байгаа нь морины уяанд тодорхой хэмжээгээр нөлөөлж байна. Морьдын хөлс тааруу байгаа талаар уяач болгон л ярьж байна. Манайх ч бас ялгаагүй. Азаргаа мордуулчихаад “хөлс нь гардаг болов уу, яадаг бол” гэж эмээж л байлаа. Бодож байсанчлан сайн хөлөрсөнгүй, түүнээсээ болоод л суучих шиг боллоо.
- Эрлийз адууг, монгол адуунаас ялгаж уралдуулах шийдвэрийн талаар уяачид янз бүрийн л байр суурьтай байна. Таны хувьд ямар байр суурьтай вэ?
-Өчигдөр  /долоодугаар сарын 10-нд/ хязаалан, шүдлэн насны морьд уралдсанаас хойш уяачид энэ талаар л ярьцгааж байна. Миний хувьд энэ насны морьд мордуулаагүй болохоор нарийн ширийн зүйлсийг сайн мэдэхгүй байна. Хүн бүр л өөр өөрийн гэсэн бодолтой байгаа нь мэдээж. Монгол наадам нь Монгол Улсын тусгаар тогтнол, эв нэгдлийн баталгаа болсон баяр цэнгэл учраас монгол морьдоо уралдуулах нь зүйн хэрэг л дээ. Хамгийн гол нь үүлдэрлэг байдал, сэрвээний өндөр зэрэг үзүүлэлтээ нарийн шалгаж ялгах хэрэгтэй.
Нөгөө талаар орон нутгийн уяачид болон морь сонирхогч олныг хамруулсанд сайшаалтай байна. Мэдээж анхны юм гэдэг алдаа, оноотой л байдаг. Тэрхүү алдаа, оноог нь хүн бүр хувь хувьдаа үнэлэн дүгнэх нь ч ойлгомжтой. Дараа, дараагийн жилүүдэд энэ шийдвэрийн маань хэрэгжилт улам цэгцтэй сайхан болж, алдаа нь багасаж, оноо нь ихсэж, монгол түмнээ хэл ам, хэрүүл маргаангүй сайхан наадахад том хувь нэмэр оруулах байх гэж бодож байна.
- Та энэ жилийн наадамд хэдэн насны морь мордуулав?
-Азарга, их насны морь хоёртой л ирсэн. Их насны морь маань 30 гараад л ирлээ. Нэлээд шороотой байсан болохоор шорооноос гарч чадахгүй байсаар хожимдоод эргэчихсэн юм шиг байна лээ.
- Их насны морь тань танай унаган адууны угшилтай юу?
-Манай Цолмонгийн төл Сарт хөх цавьдрын төл Сарт гэдэг азарганы төл. Улсын баяр наадамд хязааландаа айрагдаж, соёолондоо зургаагаар давхисан юм. Энэ жил долоон настай.
- Багануурт мордуулсан уу?
-Үгүй ээ. Багануурт хонгор, зээрд хоёр морь мордуулсан. Азарга, их нас хоёроо улсын баяр наадамдаа тоосыг нь өргөчихөөд хойтон жилийн наадам хүртэл амраах бодолтой байна.
- Сайн адууг гамнаж уралдах нь зүйтэй. Ингэж гэмээнэ нэг адуугаар тогтмол амжилттай уралдана гэдгийг үлгэрлэж харуулахыг зорьж байгаа юмаа даа?
-Яг тийм. Төрт ёсны их баяр цэнгэл наадамдаа нэг адуугаар олон жил амжилттай наадах зорилготой л хадгалаад байгаа юм шүү дээ. Хонгор азарга 2014 онд их хурдан байсан. Улсын баяр наадамд түрүүлчихээд, Дундговьд бас очиж түрүүлж байлаа. Одоо нас нь ч бас ахиж байна. Тиймээс гамнаж байгаад, олон жил уралдуулах зорилго тавьж байгаа юм.
- Уяачдын амжилт нэгэн үе хувь хүнээр яригддаг байсан бол одоо гал, хамт олноороо яригддаг болсон. Таны харьяалагддаг “Ажнай гал” уяаныхан энэ жил нийт хичнээн морь мордуулж, ямар амжилттай наадацгаав?
-Манай гал уяаныхан энэ жил зургаан насны морьд уяж уралдууллаа. Манай галыг ер нь азарганы айраг, түрүүний даллагатай гэж хэлж болно. Тэр сайхан уламжлалаа энэ жил ч бас алдалгүй үргэлжлүүлж, азарга айрагдууллаа. Тодруулбал, Ажнай Бат-Эрдэнийн маань азарга өнгөрсөн жилийн “Их хурд” уралдаанд айрагдсаныг та бүхэн санаж байгаа байх. Энэ жил тэр азаргаа өнжөөж, амрааж байгаа.
- Морь тайлбарлагч Оюунбаатар улсын баяр наадмын азарганы уралдааны үеэр өвөөгийн тань тухай “адуугаа услахдаа ховоогоо ханцуйгаараа арчиж байгаад л усладаг, ингэж л адууг дээдэлдэг хүн байсан. Ийм л хүмүүсийн үр сад монгол төрийн наадамд гурван үеэрээ морь айрагдуулж, түрүүлгэх нь хувь зохиол биз ээ” хэмээн ярьж байхыг сонслоо. Үүнээс үүдээд хонгор азаргаа хойтон жил амраана гэдэг ч бас өвөөгөөс тань уламжлагдсан арга ухаан болов уу гэж бодогдлоо?
-Тиймээ, тэгэлгүй яахав. Мэдээ орсон цагаасаа л тэр хүний заавар зөвлөгөөгөөр явж ирлээ шүү дээ.
Өвөөгийн маань Ажнай хүрэн азарга төрийн наадамд дөрөв түрүүлж, нэг айрагдан түүхэнд мөнхөрсөн. Тэр сайхан хүлгийн заяа буян биднийг одоо ч ивээсээр байгаа гэдэгт итгэдэг.
- Баяр наадмын талаар сэтгэгдлээсээ хуваалцсанд баярлалаа. Хурдан тууртын заяа буян үеийн үед тань ивээх болтугай?
-Баярлалаа. Монгол адуу, монгол уяач, монгол уралдаанч хүүхдүүдийн үе залгамжлан хадгалж буй өв соёлыг олон түмэнд таниулан сурталчилж буй танай сэтгүүлийн хамт олонд баярлаж талархаж явдагаа энэ дашрамд илэрхийлье. Ажилд нь амжилт, амьдралд нь сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

А.Тэлмэн

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна