Аймгийн Алдарт уяач Р.Батнасан: Морь уяна гэдэг сургуульд сураад эзэмшдэг мэргэжил, ном уншаад хамгаалдаг эрдмийн зэрэг биш

А.Тэлмэн
2018 оны 3-р сарын 07 -нд

Төв аймгийн Баян, Баянжаргалан, Эрдэнэ сумдын хийморилог уяачид, хурд хүлгүүдийн тухай тусгай дугаар бэлтгэгдэж байгааг уншигчдадаа бид дуулгасан билээ. Өнөөдөр тус аймгийн Баян сумын уугуул, аймгийн Алдарт уяач Рэнцэндоржийн Батнасан гуайн ярилцлагыг хүргэж байна. Р.Батнасан нь 1938 онд Гашуун хэмээх газар айлын гурав дахь хүүхэд болон мэндэлсэн бөгөөд ХХАА-н Тэргүүний залуу алтан медаль, АХ-ын 60, 70, 80, 90 жилийн ойн медалиар шагнагдаж байжээ. Мөн МАН-ын ахмад зүтгэлтэн юм.

-Морь уях төрийн хэрэгт үе дамжин шамдаж буй эрхмүүдтэй уулзах ямагт таатай байдаг. Ингэхэд Алдарт хэд дэх үеийн уяач вэ?
-Манайхан дөрвөн үеэрээ морь уяж байна. Миний аав Рэнцэндорж одоогийнхоор бол төрийн алба хашиж байсан ч моринд их дуртай. Өөрөө завгүй болохоороо хүнд өгөөд уяулчихдаг хүн байсан.
-Аавын тань талаар нутгийн уяачид цөөнгүй дурсан ярьсан?
-Миний аав хоёр эгчтэй, айлын ганц хүү. Энэ нутгийн уугуул хүн. Хожмоо бидний ээж Гомбын Намсрай гэж Баянцагааны уугуул хүнтэй гэрлээд дөрвөн хүүхэдтэй болсны ууган хүү нь би юм. Би дээрээ нэг эгч, нэг ахтай. Аав маань тухайн цаг үедээ ховорт тооцогддог бичиг үсэгтэй хүн байсан болохоор Авдарбаян сумын даргаар ажиллаж байгаад сүүлд Улсын дээд шүүхэд ажиллаж байсан. Маршал Х.Чойбалсантай их ойр дотно явсан гэдэг юм. Биднийг багад Чойбалсан дарга манайд цөөнгүй ирдэг. Ирэхдээ тухайн үед олддоггүй гоё чихэр, боов авч ирж өгдөг байсансан.
-Ямархуу хүн байсан санагддаг вэ?
-Зузаан биетэй, жаахан зантай хүн байсан санагддаг юм. Аав маань биднийг багад бурхан болсон болохоор сайн мэддэггүй юмаа. Гэхдээ Авдарбаян сумын даргаар ажиллаж байхдаа Хэнтий аймгийн Галшар сумын их хурдтай хүнээс улсын баяр наадамд айрагдсан үрээг авчираныг нь мэднэ.Т ухайн үед манай нутгийн хашир уяачид “энэ зэгэл азарганаас их хурдан төл гарна шүү” гэлцэж байсан юмдаг. Нээрэн ч намайг 16, 17-той байхад тэр зэгэл азарганы төл болох хонгор даага улсын баяр наадамд айрагдаж байлаа.
-Хэдэн онд билээ?
-Би 1956 онд нэгдлийн анхны гишүүн болж, хоёр унагатай үлдээд, дараа жил нь хусран даага улсын баяр наадамд аваачиж уралдуулсан гэхээр 1957 он юм байна. Тэр жил улсад түрүүлж, айрагдсан морьдод Засагт төрийн зандан ширээ, Мандах төрийн мөнгөн магнай гэх мэт содон цол өгч байсан. Манай дааганд Бадрах хонгор нэр өгсөн юм.
-Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат гэсэн байна. Яагаад Сэргэлэн сумаар овоглосон юм бэ?
-Тэр үед манай сум хоёр тасарч, нэг хэсэг нь Баян суманд, нөгөө хэсэг нь Сэргэлэнд харьяалагдах болсон юм. Тэгээд л Сэргэлэн сумаар овоглож байсан хэрэг. Тэгэхэд бас нэг соёолон үрээ маань 25-аар, азарга бас дээгүүр давхисан шүү.
-Хонгор дааганы эцэг нь Галшарын зэгэл азарга. Харин эх нь ямар гүү байсан юм бэ?
-Дулаан Дамдинжав гуайн бор азарганы төл гүү байсан юм. Аргагүй хоёр талаас хурдны удамтай учраас улсад айрагдсан байх л даа. Тэгэхэд би арван хэдтэй жаахан хүүхэд юугаа мэдэхэв, нутгийн уяачдыг дагаад л явж байгаа юм чинь. Аав болохоор ажилтай гээд хүнд захиад үлдээчихдэг.
-Бадрах хонгор дараа нь ямар амжилт үзүүлсэн бэ. Улсад айрагдсан адуу сумандаа бол дархан түрүү биз?
-Шүдлэн болон хязааландаа сумын баяр наадамд айрагдсан. Даанч манайх Мөнгөнморьт руу нүүхдээ Бадрах хонгорыгоо хулгайд алдчихсан юм.
-Харамсалтай л юм. Ингэхэд эцэг зэгэл азаргыг нь уясан уу. Галшараас хэрэг болгож авчирсан адууг уясан л баймаар?
-Уясаан. Баянцагааны баяр наадамд түрүүлж, Авдарбаянгийн наадамд айрагдаж, түрүүлж байсан. Улсад бол уралдуулаагүй. Тухайн үед шаардлага өндөр. Ажил албаа орхиод дураараа явчихаж  болохгүй шүү дээ. Хэрвээ тиймгүйсэн бол аав минь улсын наадмыг зорих л байсан байх. Аавын үед ч гэлтгүйнамайг морь уяж байхад ч ялгаагүй улсын баяр наадамд тэр болгон оролцох боломжгүй байлаа шүү дээ. Хэрэв хэд хэдэн удаа оролцсон бол ганц, хоёр айраг хүртэх л байсан болов уу гэж одоо боддог юм.
-Танай аавыг сайн адуутай байсан гэлцэх юм билээ. Тэр талаар нь дэлгэрүүлээч?
-Нэгдэлжих хөдөлгөөн өрнөхөд манайх 400-гаад адуугаа нийгэмчилсэн айл. Намайг багад аав Баянцагааны Батбуянгийн хонгор халзан гэдэг азаргыг бас авч байлаа. Мөн Баянцагааны Толбот бор гэж хурдан хүлэгтэй жижиг Банзрагч гэж хүн манайд хүргэн орсон юм. Тэдний адууны угшилтай гүү надад бэлгэнд ирсэн. Хожмоо тэр гүүний төлүүд бас их хурдалсан шүү. Төв аймгийн Мөнгөнморьт сум гурван бор азаргаараа алдартай. Сүндэв, Өлзий гэж хүмүүсийн хурдан боруудын удам манайд бас бий. Энэ мэтчилэн тухайн цаг үедээ хурдан хурц гэгдэж байсан угшлаас ер нь ихэнх нь манай адуунд нийлсэн шүү. Тэрний буянаар миний хүүхдүүд, тэдний хүүхдүүд одоо унаган адуугаар наадаж байна. Миний ач хүү сумын Алдарт уяач цол хүртсэн. Сүүлийн үед хар морь нь сайн давхиж байгаа.
-Та багадаа хурдан морь унадаг байсан  уу?
-Уналгүй яах вэ. Аав завгүй болохоороо Авдарбаян сумын мундаг уяачдаар морьдоо уяулдаг. Тухайн үед Цэрэнчимэд гэж энэ нутгийн сайн уяач манай адууг малладаг байлаа. Тэр хүн манай морьдыг уяад Баян, Баянцагаан гээд ойролцоох сумдаар  сайхан наадчихдаг байсан.
-Тэгвэл хурдан морь уясан нь?
-За бараг моринд томдож хасагдаад л уясан даа. Хамгийн анх морь уясан жилээ  улсад даагаа айрагдуулсан.Түүнээс хойш энд тэндээс хурд цуглуулж, түүнийгээ уяж хурдлуулаад сайхан л наадаж явна. Миний хул азарга бол энэ хавьдаа бас л алдартай хүлэг.
-Яг л асуух гэж байлаа?
-Төмөртийн хулын угшилтай адуу. Би соёолонд нь Доржсүрэн гэдэг хүнээс авч байсан юм. Тухайн үед би эхнэр хүүхэд аваагүй, ганц бие, тэгээд бас эвлэлийн үүрийн даргаар ажилладаг байлаа. Нэгэн өдөр Доржсүрэн гуай ирээд “Би нэг угшил сайтай хурдан үрээ авсан юм. Даанч унаж эдэлж чаддаггүй. Чи нэг мордоод өгөөч. Шагнана шүү” гэж байна. Би ч цааргалалгүй мордчихлоо. Тэгсэн зоо нь түхэс түхэсгээд л, хүзүүгээ хоёр тийш нь хаялаад л, даага шиг л чавхадчихдаг юм байна. Хүзүү нь их урт юмаа. Гэхдээ булгисангүй. Жаахан давхиж байгаад ирээд чөдөрлөчихлөө. Харсан эвтэйхэн юмаа.
Тэгээд ирээдүйн хадам эцэг болох Нэргүйн Гомбожав гэдэг хүнээсээ ямархуу адуу байна гээд асуулаа. Манай  хадам аав Дулаан Дамдинжав гуайгаас хурдан азарга авч, адуугаа сайжруулсан, бас энэ нутгийн сайн уяачдын нэг л дээ. Аав харчихаад “Би чамд нэг үрээ өгнө л дөө. Одоохондоо жаахан голосгээд байна” гэсэн юм. Гэтэл маргааш нь  Доржсүрэн гуай дахин ирээд “Жаахан сургаад өгөөч” гэж байна. Тэгэхээр нь би ажил  ихтэй гээд нэлээд цааргаллаа. Өвгөн нэлээд бодсоноо “Би эдэлж чадахгүй юм чинь чи ав. Тэгээд оронд нь хүүхэд уначихаар номхон морь, 350 цаас өг” гэдэг юм байна. Тухайн үед надад үрлэг, зарлага гэж байсан биш. Бэлэн мөнгийг нь тоолж айрагтай өгөөд “Баян суманд манай ахынх бий. Тэднийхээс өлзий тамгатай хар морь аваарай” гэж хэлээд соёолонгоо хөтлөөд давхичихсан. Замдаа Дэндэв тайж гэж их хурдтай айлаар орж асуувал “Наадах чинь нээрээ зүгээр байх шүү” гэж байна. Орой нь сүүн завод дээр яваад очтол Рэгжээбуу, монхор Дорж зэрэг морь уядаг найзууд маань шил юм тавьчихсан сууцгааж байна. Хөөрсөн амьтан хүрч очоод “миний хул хурдан” гээд л үрээгээ  цоллож, баахан дуулж, хөөрөлдлөө. Тэгээд тэр жилээ эмнэг соёолон уралдаад айрагдсан. Дараа нь Баянжаргалан сумын 50 жилийн ой гэж их том наадам болоход Гэсэрваань гуайн хүрэн түрүүлж, Дондовын шарга аман хүзүүдээд, миний хул гурваар давхиж байлаа. Түүнээс хойш барагцаагаар сумын баяр наадамд гурав түрүүлж, дөрөв, тав айрагдсан байх шүү. Охин төлөөс нь гарсан саарал морь  нь сумын баяр наадамд тав түрүүлсэн. Тэр саарал морийг л улсад уралдуулах байсан байна лээ /шүүрс алдав/. Эдгээрээс гадна  бас нэг хул алаг хурдан морь байлаа. Мөн Хавчиг хонгор, Ажаагийн хонгор гээд сайхан хурдууд заяасан даа. Ажаагийн хонгор гэдэг нь манай хадам аавын Дулаан гуайгаас худалдаж авсан азарганы угшилтай юм.
-Саарал морины тань эцэг нь ямар угшилтай азарга вэ?
-Хадам аавын Дулаан угшилтай азарга.
-Ээж тань Баянцагааны хүн гэлүү. Тэдний талд уяачид бий юу?
-Бий, бий. Гомбын Рэнцэн гэж сайн уяач байлаа. Уясан морьд нь Баян сумандаа айрагдаад, Баянцагаанд айрагдаж, түрүүллээ л гэж дуулддаг байсан.
-Өдгөө үр хүүхдүүдээс хэд нь таныг залгамжлан морь уяж байна вэ. Ямартаа ч нэг ач хүү уядаг юм байна?
-Хоёр хүргэн хоёулаа уяна. Хэнтий аймгийн Мөрөн сумын харьяат Дашдоржийн маань адуу чанаржуу. Одоо Багануурт байдаг юм. Хүү Даваасүрэн маань морь сайн уяна. Сумын Алдарт уяач цолтой. Даваасүрэнгийн хар морь Баяндэлгэрийн наадамд түрүүлж, буурал азарга нь Хэнтийн Цэнхэрмандалд очиж түрүүлээд, Өмнөдэлгэрт аман хүзүүдсэн. Хүүхдүүд ямар ч байсан уяа таслахгүй л юм байна гэж бодоод сэтгэл тайван байдаг даа.
-60 гаруй жил хурдан хүлгийн уяа сойлго тааруулж, хурд ирлэжээ. Энэ хугацаанд олон бахдалт наадмууд тохиосон байх. Тэдгээрээс хамгийн баяр бахтайг нь онцлооч гэвэл хэдэн оны ямар наадмыг ярих вэ?
-Баянжаргалан сумын 50 жилийн ой юмуу даа. Одоогийнхоор бол бүсийн наадам юмуу даа. Их өтгөн наадам болсон юм. Тэгэхэд халхын мундагуудтай уралдуулж хул азаргаа айрагдуулчихаад өөрийгөө “уяач болж байгаа юм уу даа” гэж тоож билээ. Тэр үед хэтэрхий хаширлаагүй байсан бол хул азарга минь түрүүлж ч мэдэхээр байсан юм шүү. Би “амыг нь тат” гэсээр байгаад гуравт оруулчихсан юм. Хамаагүй уралдуулж байгаад хөлгүй болгочих вий гэж эмээсэн хэрэг л дээ. Тэгж татуулсан хэр нь зэрэг шахуу орж ирээд цаад хоёр азарга нь сөхөрч уначих гээд хөлсөө хусуулахгүй байхад миний хул хөлсөө хусуулахгүй, дайрчих гээд л дүүхэлзээд байсан.  Тэр жил үнэхээр хурдан байсан шүү.
-Уяач хүн наадмаас наадмын хооронд суралцдаг гэдгийн нэг жишээ аж.
-Тийм шүү. Ер нь морь уяна гэдэг сургуульд сураад эзэмшдэг мэргэжил, ном уншаад хамгаалдаг эрдмийн зэрэг биш. Адуу болгоны тарга хүчийг тохируулах, хоногийг нь тааруулж барих, хөлсийг нь цоолох, биеийнх нь хөндүүрийг гаргах гэдэг торгон мэдрэмж шаардсан нарийн ажил шүү дээ. Биеийн хөндүүр нь арилаад хөлс нь зөв адуу бол хэзээд ч давхиулсан бэлэн байдаг. Хүнээр бол бэлтгэл ханасан тамирчин юмуу даа.
Гэтэл өнөөгийн залуус наадам боллоо гээд л бушуухан барьж аваад уяхаа л боддог болчихож. Бас өвөл, зунгүй л тэжээл, тариагаар “нүдээд” байх юм. Бидний үед тэжээл, тариа гэж байсангүй, цэвэр өвс ногоогоор л уядаг байлаа. Тиймдээ ч хоол унд нь сайхан таарч, биеийн хөндүүр нь амархан арилдаг байсан байх. Ер нь зөв уясан морь л хурдалдаг. Ганц л зүйл буруудвал хэдий хурдан морь байгаад ч давхихгүй.
Нэгэн жишээ дурдахад, Өндөртолгойн наадам манай сумаас хоёр өнжөөтэй болдог юм. Би хавчиг хонгорыгоо соёолон байхад нь тэр наадамд явуулсан чинь айрагдчихсан. Залуу ч байж, давилуун ч байж. Айргаа чамлаад маргааш нь сунгаж, нэг өнжөөгөөд Баянцагаанд уралдуулсан чинь түрүүлчихсэн. Тэгэхэд би хэнээс ч асуугаагүй. Уяач хүн адуугаа харсаар байгаад ийм ажил хийнэ гэдгээ хүссэн хүсээгүй мэдэрдэг болдог юм.
Бас нэгэн удаа аймгийн Алдарт уяач Ичинноров гэдэг хүү наадмын урд орой намайг дуудлаа. Тэгсэн чинь “Өмнөх жил нь түрүүлсэн Бямбын хул морийг үзээд ирээч” гэж байна. Олон ч уяач тойроод буучихсан байсан. Ямар уяан дээр нь очоод, морийг нь эргүүлэлтэй нь биш дээ. Зэрвэс хартал түрүүлэхгүй морь шиг л санагдаад явчихлаа. Тэгж байтал Цэдэвдорж гэдэг хүү давхиад ирдэг юм байна. “Та манайхаар очоод, миний хонгор морийг үзээд өгөөч” гэж байна. Үзлээ. Бас л түрүүлэхгүй морь байна. Гэхдээ “За, чиний авьяас л мэднэ. Жаахан амрааж байгаад жаахан хөдөлгөчих. Тэгээд гэдсийг нь дүүртэл идүүлчихвэл чиний морь айргийн тавд орох юм байна. Тэгэхгүй бол зургаа, долоогоор л давхина шүү” гэж хэллээ. Тэгсэн чинь маргааш нь тэр морь зургаагаар давхисан юм. Нөгөө хүү маань “Би жаахан тулгамдчихсан юм аа” гээд л зогсож байсан даа.
-Одоо нутгийн залуус мэдэхгүй чадахгүйгээ асууж, зөвлөнө биз?
-Асууна, асууна. Хэнгэрэг гуай хүртэл надаар морио уяулъя гэж байсан юмдаг. Баянжаргалангийн наадамд явах гэж байсан болохоор “танай сум бригад олон сайхан уяачтай. Залуучууд зөндөө л байна. Та тэднээр уяулаач” гэсэн. “Үгүй, үгүй. Би чамд л өгнө” гээд зүтгэчихдэг юм байна. Тэгээд би тэр үрээг уяж айрагдуулж л байлаа. Дараа нь Хэнгэрэг гуайд тоогдохыг бодоход би бас морь уях дөртэй болсон юм байна гэж өөрийгөө тоосон. /инээв/ Ер нь манай сумынхан “бага насны адууг Батнасанд үзүүл” л гэлцдэг юм. Одоо “Сүүлдээ их насны адуунд сайн болчихож” гээд л хөхрөлдөөд байна. Гэхдээ миний мэддэг юм ч шалихгүй л дээ.
-Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Хурдан тууртын босоо цагаан хийморьт өнө мөнх ивээгдэж яваарай.
-Баярлалаа, миний хүү. Ажил үйлс чинь бүтэмжтэй байж, сайхан ярилцлага, нийтлэлүүдээр олон түмнийхээ сэтгэлийг баясгаж яваарай.

А.Тэлмэн

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна