Дархан түмэн эхийг төрүүлэгч Очирын Санжаабүрэг

А.Тэлмэн
2018 оны 3-р сарын 09 -нд

Омойтох, огших хөөрлөө даруу зангаараа хүлж, нутгийн олондоо “томоотой” хэмээн хүндлэгдсээр ирсэн энэ эрхмийг Монгол мэднэ. Мэдэхээс ч аргагүй юм. Тэр бол 1940-өөд оны сүүл 1950-аад оны эхэн үеэр ид шуугиулж, төрийн наадамд гурав түрүүлэн, дөрөв айрагдсан Дархан түмний эх цавьдар азарганы эзэн Очирын Санжаабүрэг билээ. Тэр үеийн Авдарбаян буюу одоогийн Баян сумын харьяат О.Санжаабүрэг ерөөл буянаар учирсан сайн хүлгийнхээ ачаар түмэндээ танигдаж, төрдөө үнэлэгдсэн уяач болсон агаад харамгүй сэтгэлээр хурд хуваан 20-р зууны манлай азаргыг төрүүлсэн юм.
1948-1952 оныг хүртэл завсаргүй таван жил төрийн наадамд түрүүлж, айрагдсан цавьдар азарганы удам угшлын талаар хэд хэдэн янзын таамаг бий. Боржигон Сэцэн Вангийн хошууны уяач Баастын даншиг наадамд хоёр аман хүзүүдсэн ногоон азарганы угшилтай хэмээн үзэх нэг хэсэг байхад Нэрэмжимээ адууны угшилтай гэх өөр нэг хэсэг ч бий.Дээрх таамгуудын аль нь ч үнэн байсан О.Санжаабүрэгийн цавьдар азарга бол эгэлгүй хурдан хүлэг байсан гэдэг нь маргашгүй үнэн бөгөөд үүнийг төрийн наадамд дөрөв түрүүлж, гурван удаа аман хүзүүдсэн Ж.Шийтэрийн зээрд азарга улам бүр баталдаг билээ. Өөрөөр хэлбэл эцэг, хүү хоёр азарга арав гаруй жилийн турш /1948-1962/ монгол төрийн наадмыг эзэгнэж, хөлийн хурдаар эзэрхийлж байжээ. Ингээд XX зууны шандаст хүлгүүдийн нэг О.Санжаабүрэгийн Дархан түмэн эх цавьдар азарганы амжилтын товчоог хүргэе.
1944 он буюу АХ-ын 23 жилийн ойд хязаалан айргийн гурав
1948 он буюу АХ-ын 27 жилийн ойд азарга түрүү
1949 он буюу АХ-ын 28 жилийн ойд аман хүзүү
1950 он буюу АХ-ын 29 жилийн ойд түрүү
1951 он буюу АХ-ын 30 жилийн ойд айргийн гурав
1952 он буюу АХ-ын 31 жилийн ойд түрүү
1953 он буюу Ах-ын 32 жилийн ойд айргийн дөрөв
А.Тэлмэн

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна