Соёолон адууны хийморьтой АЮУРЫН ДАШГЭНДЭН

А.Тэлмэн
2018 оны 3-р сарын 23 -нд

Монголчууд хэзээнээсээ адууны угшил, хүний удмыг чухалчилсаар ирсэн нь өнөөдөр ч үнэ цэнэтэй хэвээр байна.
Улсын баяр наадамд хоёронтаа соёолон адуу айрагдуулж, сум орон нутгийнхаа нэрийг өргөсөн Аюурын Дашгэндэн  бол та бидний сайн мэдэх “дааган”хэмээх Р.Ганхуяг Манлайн өвөө юм. Бүр тодруулбал, Манлай ээж Доржхандын аав билээ. Бага адууны уяаг илүүтэй тааруулж түүгээрээ алдаршсан Р.Ганхуяг Манлай дээдчүүлийнхээ үйл хэргийг залгамжлан төрийн наадамд хоёр үеэрээ морь айрагдуулсан гэх бахдалт түүхийн эзэн болоод байгаа билээ.
Ингээд Манлайн өвөг эцэг А.Дашгэндэнгийн талаар хүү Д.Мөнгөнхуягийнх нь ярьсныг сийрүүлэн хүргэе.   
Миний аав Аюурын Дашгэндэн 1905 онд Төв аймгийн Баян сумын нутаг Үнэгтийн шинэ ус хэмээх газар айлын тав дахь хүү болон мэндэлсэн. Бага насаа тэр үеийн багачуулын нэгэн адил аав ээжийн гар дээр өнгөрөөж, хүүхэд ахуй цагаас мал маллах арга ухаанд суралцаж байгаад цэргийн албанаа татагдсан гэдэг. Халагдаж ирээд адуу маллаж, 1958 онд Баян сумын “Цацрал” нэгдэлд гишүүнээр элсэн орж, түүнээс хойш нэгдлийн адуу маллаж байсан. Адуунд дуртай багын зандаа хөтлөгдөн морь уяж сум, аймаг, улсын наадмаас айраг түрүү авч, нутгийн олонд сайшаагдаж явсан. Мөн нэг нутгийн Шийтэр, “дулаан” хэмээх  Дамдинжав, Лувсаншарав, Базарваань, Түвдэнчоймбол, Лувсанчойндон, хүү Галбадрахын Пунцагбалжир нартай морь уяж, төрийн наадамд хэдэнтээ ирэхдээ 1950 онд соёолон буурал азаргаа айргийн тавд, 1957 онд шарга соёолонгоо айргийн гуравт тус тус хурдлуулж байсан. Үүнээс гадна 20-ийн дотор давхисан морьд олон байсан гэдэг. Би аавыгаа одоогийнхтой адил цол хэргэм олгодог байсан бол Алдарт уяач болчихсон байгаа гэж боддог юм. Аав минь “дулаан” Дамдинжавын зэгэл азарганы төл хонгор үрээг авч, адууныхаа удам угсаа сайжруулсан бөгөөд хоёр хүүхэд нь бага сургуульд байсан учир хүргэн ах Дэмбэрэлд өгч, тэр нь Эрдэнэ сумын Гэсэрваанийн хүрэн азаргатай ид уралдаж айраг, түрүү авч байжээ. Хожмоо тэрхүү хонгор азарганы  төл хонгор үрээг надад өгсөн ч би цэрэгт явах болоод дүү Манлай уяач Р.Ганхуягт өгч, түүний төл цавьдар даага улсад айрагдаж байлаа. Аав маань хурдан адууг олон талаас нь шинжиж уяхын зэрэгцээ идэш хоолыг нь сайн тохируулдаг хүн байсан санагддаг юм. Тухайн үед одоотой адил тэжээл тариа гэж мэдэхгүй, жинхэнэ борог өвс ногоогоор уяж, хурдлуулдаг байжээ. Сонирхуулж ярихад Манлай уяач Гарамжав агсан аавын минь уясан морьдыг унаж уралддаг байсан юм билээ.
Насаараа адуу маллаж, адууны төлөө явсан аав минь 1964 онд улсын баяр наадамд морь уяж очоод насан өөд болсон юм.
А.Тэлмэн

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна