О.Энхбаяр: Ц.Мөнххуяг ахын цавьдар соёолонг аман хүзүүнд хурдлууллаа. Одтой байна даа

Сэтгүүлч
2018 оны 7-р сарын 31 -нд


-Сайхан наадаж байна уу? Баяр наадмынхаа сэтгэгдлээс хуваалцана уу?

-Нийт монголчууддаа Тулгар төрийн 2227 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 812 жил, Ардын хувьсгалын 97 жил, Үндэсний их баяр наадмын мэндийг дэвшүүлье. Та сайхан наадаж байна уу. 

-Аль сургуулийн хэддүгээр ангид сурдаг вэ?

-Удахгүй би 11 нас хүрнэ. Хан-Уул дүүргийн 59-р дунд сургуулийн зургадугаар ангид сурдаг.

-Хурдан морь унаад хэдэн жил болж байна вэ?

-Хурдан морь унаад дөрөв дэх жилтэйгээ золгож байна. Харин улсынхаа баяр наадамд хоёр дахь жилдээ  оролцож байна. Өнгөрсөн удаад Эрдэнэтийн нэг уяачийн их морийг унаж, 80-хэдээр оруулсан. Сандраад уяачийнхаа нэрийг санахгүй байх чинь ээ.

-Энэ жил хэдэн нас унах вэ. Ядарч байна уу?

-Бүх нас унана аа. Юу гэж ядрах вэ. Харин ч эсрэгээрээ гоё байна. Энэ жил одтой сайхан байна даа. Завхан аймгийн Завханмандал сумын уяач Ц.Мөнххуяг ахын цавьдар соёолонг аман хүзүүнд хурдлууллаа. Энэчлэн айраг түрүүгээр хурдлах ямар сайхан санагддаг гээч. Ажлаа сайн хийсний дараа сэтгэл тайвшраад цаанаасаа л баяр төрдөг юм аа. Мэдээж дандаа ийм баяртай явдал тохиохгүй ээ. Хааяа хойгуур оруулчихаар бас л муухай шүү.

-Наадмын эхний өдөр морь унасан уу? Зам халтиргаатай хэцүү байв уу?

-Тийм ээ, бороотой болохоор халтирчих вий гэж бодоод биеэ их чангалсан.

-Өнгөрсөн хугацаанд уралдаанчийнхаа хувьд ямар, ямар амжилтыг гаргасан бэ?

-Эрдэнэтэд болсон олон уралдаанд орж, олон ч айраг авсан. Бас Угтаалын сумын наадамд хоёр, Заамарт нэг тус тус орсон. Харин энэ он гарсаар “Дүнжингарав 2018”-д уралдаад, улсын наадамдаа оролцож байгаа нь энэ. Сэтгэл их өндөр байна аа.

-Уралдааны замд уралдаанч хүүхдээс их олон зүйл шалтгаалдаг байх даа?

-Тэгэлгүй яах вэ. Мэдээж уралдааны том жижгээс шалтгаалаад өрсөлдөөн ширүүн шүү. Хүүхэд бүхэн л унасан морьдоо айраг, түрүүгээр хурдлуулчих юм сан гэж хүсч байгаа хойно буруутгах аргагүй юм. Уралдааны замд уяачийн үгийг мартаж болохгүй. Өнөөдөр гэхэд манай уяач “Морио сайн унаад, сайн давхиад ирээрэй” гээд хаана явуулж, хаана барих уу гэдгийг нарийвчлан хэлж өгсөн.

-Ааштай морь унах хэцүү юу?

-Тийм ээ, хэцүү морьтой таарна. Гэхдээ аашийг нь олно доо. Өнгөрсөн хугацаанд унасан морьдоос улсын наадамд орсон энэ соёолон сайн морь л доо. Амархан ойлголцсон.

-Хэд сурч байна вэ. Том болоод ямар мэргэжилтэй болох уу?

-Хичээл ном дажгүй ээ. Би том болоод уяач болно гэж боддог юм. Адууны үнэр цаанаа л сайхан. Би одоо уралдаанч байгаад удахгүй мориноос хасагдана. Тэгээд ах нарын адил морины ажилд туслаж, яваандаа бие даан уяна.

 Наадмын энэ өдрүүдэд уяач болох мөрөөдөл маань илүүтэй  бодогддог юм. Маргааш уралдаан гэхэд уяач ах нар шөнөжин  адууныхаа дэргэд завгүй хононо. Харин гэрийн эзэгтэй нар хоол цай бэлдээд л амсхийх ч завгүй. Хүүхдүүд биднийг унтаж амар гэх ч нойр хүрэхгүй. Их урт шөнө өнгөрдөг юм аа. Ингэж дор бүрнээ догдолсон наадмын өдөр ирэхэд цаанаа л гоё доо. Тэгээд уясан морь нь айраг түрүүгээр хурдалбал бүүр ч янзтай.

-Ярилцсан дүүдээ баярлалаа. Хүсэл мөрөөдөлдөө хүрч, уясан болгон нь айраг түрүүгээр хурдалсан мундаг уяач болоорой. 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна