Уралдаанч А.Ганхүү: Үзүүр дөхөх тусам “Яана аа, энэ хоёр дааганд нөмрүүлчихвэл зургааллаа” хэмээн айсан

Сэтгүүлч
2018 оны 8-р сарын 01 -нд

АХ-ын 97 жилийн ойн үндэсний их баяр наадамд унасан даагаа айргийн дөрөвт хурдлуулан наадамчин олноо баясгасан уралдаанч Адьяахүүгийн Ганхүүтэй уулзан баярын сэтгэгдлийг нь хуваалцлаа.  Хурдан морины нуруунд дөрөв дэх жилдээ мордож өнөө жил төрийн зарлигт наадмаас хишиг хүртсэн байна.   

- Миний дүү өөрийгөө танилцуулаарай?

- Намайг Адьяагийн Ганхүү гэдэг. Би 10 настай, дөрөв дэх жилдээ хурдан морь унаж байна. Улсын баяр наадамд хоёр дахь жилдээ ирлээ. Өмнөх жил даага, шүдлэн унах байсан боловч хасагдан уралдаж чадаагүй. Энэ жил шүдлэнгээ 102-оор, соёолон гуравт явж байгаад хадуураад хорин хэдээр оруулан, даагаа айргийн дөрөвт хурдлууллаа. Төрийн том наадмаас айраг хүртсэндээ баяртай байна.

 - Анхны улсын наадмын айраг юм байна. Санасандаа хүртэл уралдаж чадав уу?

- Чадсан. Өглөө уралдааны өмнө айрагдах юмсан гэж бодож байсан хүсэл биеллээ. Үзүүр дөхөх тусам “Яана аа, энэ хоёр дааганд нөмрүүлчихвэл зургааллаа” гээд айсан. Нэгэнд нь дайруулаад айргийн дөрөвт орсон. Уяач маань баяр хүргэж үнсээд, хүн болгон баяр хүргээд төрийн наадамд морь айрагдуулах гоё юм. Энэ наадам миний хамгийн дурсгалтай наадам боллоо.

- Улсын баяр наадамд уралдах бусад уралдаанаас өөр байна уу. Өмнө нь улсын чанартай бүсийн уралдаанд оролцож байсан уу?

- Улсын наадамд олон морь уралдаж том болдог юм байна. 2017 оны Сэлэнгэ аймгийн бүсийн уралдаанд хязаалан тавд, даага 19, их морь 88- аар давхиулсан амжилттай.

- Хурдан морь унаад анхны айраг түрүүгээ хаанахын наадмаас авсан бэ?

- 2016 онд Атарын сангийн аж ахуйн уралдаанд Нэргүй гэж хүний хязааланг унаж түрүү магнайд хурдлуулсан. Хурдан морио унаад айрагдаж түрүүлэх нь гоё байдаг.

- Танай гэрт морь уядаг хүн байдаг уу. Чамайг уралдаанд явахад аав ээж нь юу гэж захидаг бэ?

- Манай аавын ах Жижигээ морь уядаг. Би Б.Энхбаяр ахын морийг гурван жил унаж байна. Намайг уралдаанд  явахад “Миний хүү айраг, түрүүнд хурдлаад ирээрэй. Мориноосоо унав болгоомжтой байгаарай” гэж захидаг.  

- Хичээл амарсанаас хойш морь унадаг уу?

- Үгүй.Би морь унах дуртай болохоор өвөл зун аль ч улиралд морь унадаг. Өглөө хичээлдээ явж өдөр нь морины ажлаа хийн орой нь хичээлээ хийдэг.  Би Өлзийт хороололын 59 дүгээр сургуулийн дөрөвдүгээр ангийг төгссөн, намар тавд орно.  

- Ярилцсанд баярлалаа. Цаашдын уралдаанд нь амжилт хүсье.

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна