НЭРТ УЯАЧ МАНГАЛЫН НАМБАРЫГ ДУРСАХУЙ

Сэтгүүлч
2018 оны 12-р сарын 20 -нд

М.Намбар 1885-1978 онд Сүхбаатар аймгийн Дарьганга хошуунд амьдарч байсан. Адуунд авхаалж самбаатай, унаж сургах, уяж сойхдоо асар их дадлага туршлагатай шавилхан биетэй сэргэлэн хүн байсан юм. Манай өвөөгөөс нэг насаар ах. Асгатын уул, Аюудар, Цагаан булаг, Хавирга Домбонгоор нутагладаг. Хүү Н.Лхамсүрэн нь надаас хэд ах боловч бие жижигтэй учир надтай хамт уралдааны морь унадаг байв. Хурдан хүрэн азарга, улаан морио Лхамсүрэн унаж, сумын наадамд олон удаа айрагдуулж, түрүүлгэж байсан даа. 
Хүрэн азаргыг Хэнтий чиглэлээс Ш.Ёндон гэдэг хүнээс авсан юм билээ гэж өндөр настай С.Мажигсүрэн гуай хуучилж байсан. Мөн манай авга ах Ж.Ядам хүрэн морийг Намбарынхаас худалдан авч сумандаа түрүүлгэж байлаа.
Онгон сумын адуучин Дондовын хүү, аймгийн Алдарт уяач Адъяа дурсамжиндаа: “Манай аавын ах Галсан тарваганы гөрөөнд явж байгаад Намбар гуайгаас хүрэн морь худалдаж авсан юм билээ. Аав ахаасаа авч, гурван сум нийлсэн уралдаанд уяхад нь би сургуульд ороогүй байхдаа унасан. Аав сумандаа алдартай хурдан хээр морийг надад зааж, “Үүнтэй л уралдаарай” гээд явуулдаг сан. Газар дундаа орж байхад намайг “Чи энд юу хийж  байгаа юм, урд чинь нэлээн хэдэн морь байна, түргэн яв” гэсэн юм. Тэр уралдаанд хүрэн морь хол түрүүлсэн. Хүрэн морийг 15 харайдаг гэдэг байсан нь өндөр гараатай гэдэг утгаар нь хэлдэг байж гэж одоо л боддог юм. Хүрэн морь хурднаас гадна өндөр сайхан адуу байж билээ. Би ийм морь олж авах сан гэж бодсоор Уулбаян сумаас төстэй морь би худалдан авсан” гэсэн юм. 
Харин Мичиджамбаагийн Ооёо дурсамжиндаа: “Ядамсүрэн /Луниа/ Намбар гуайтай ярилцаад хүрэн соёолонг азаргатай уралдуулан хоёр өвгөн азарга, соёолон хоёроо түрүүлгэсэн юм билээ гэж хуучилж байв. Ядамжав гуай алдарт хурдан халзан азаргаа Намбар гуай, Цэрэн гуай хоёроор дамжуулж авч байсан тухай өвгөчүүл хуучилж байсан. Манай өвөө /Эрэгдэл амбаа/ Намбар гуай хоёр морь ярьж хуучилдаг, зундаа Цагаан булаг, Хавирга, Их уулаар нутагладаг байлаа. Морь барих өдрөө өвөөгөөс асуудаг байв. Өвөлдөө жаахан холдоод өвөлждөг. Зун хэдэн гүүгээ барьж унагаа номхруулдаг, гүүний ааруул, тос мөн ч амттай байдаг сан.
Өвөө маань нэгэн өдөр Намбар өвөөг “Наадах чинь хавхтай чоно хотонд орж ирснийг хавхнаас нь салгаад тавьж явуулсан гэнэ ээ” гэж ярьж байсан. Аргагүй амьтанд хайртай байсны шинж дээ, хөөрхий. 
Ямар ч хүн амьтанд зөөлөн ханддаг, тус дэм болохыг үргэлж бодож явахыг ахмад үе маань зааж сургадаг байсан. Уул ус, газар нутгаа ан амьтнаа хайрлан хамгаалж байвал байгаль дэлхий ач тусаа хүргэнэ шүү гэж сургадаг байв. Зөв явахад зөөлөн зөөлөн замбуулин. Яасан сайхан сургаал вэ. Эцэст нь Намбар өвгөний маань үр хүүхэд, ач зээ цөм л сайн явж байгаа нь буурайн залбирч явсны ач буян шүү гэж билээ. 

Дарьгангын Зээрднүүд овогт Балжирын ЯДАМСҮРЭН

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна