“Сэцэнханы хүлэг” уяачдын холбооны тэргүүн Н.Санжаадорж

А.Тэлмэн
2012 оны 2-р сарын 27 -нд

   Уяачийн соёл буюу бичигдээгүй хууль

Монголын их хурдны өлгий Сэцэнхан аймагт /Монголын зүүн бүс нутагт/   адуун сүрэг, хурдан морьтой холбоотой аз хийморийн бэлгэдэл, дагаж мөрдөх болон хорьж цээрлэх ёсыг хэдэн зуунаар сахин хэрэгжүүлэн, хөгжүүлж, хадгалж, уламжилсаар ард түмний зан заншил, ёс суртахууны хэм хэмжээ болж хэвшсэн байна. Үүнийг тодруулан ухвал “нууцаас нууц, далдаас далд...” бичигдээгүй “ хууль” болон тогтож мөрдөн иржээ.

Энэхүү их соёл бичигдээгүй хуулиас тодотгон нийтэлж өгүүлвээс: Адуун сүрэг өсч үржих, үрэгдэж барагддаг тухай, Адуу бараалж өсч,  цагаарч   барагддаг. А?уу ороолж  өсдөг, жороолж барагддаг гэдэг.

Энэ нь   адуу өсч,   барагддаг байдлыг шинжин олон үеийн ажиглалтаар  ард түмний оюун ухаанд тогтсон  дүгнэлт юм.  Адуутай холбоотой харилцаанд тогтож хэвшсэн дисертацигүйгээр батлагдсан онол гэж дүгнэж болохоор ийм  бичигдээгүй хуультай, түүнийгээ өөрсдөө дагаж мөрддөг өндөр соёлтой ард түмэн. 

   Уяа морь барих, уяа эхлэхтэй холбоотой зарим ёс 

Морины уяа босгох газар, уяа  эхлэх өдөр сонгох, морьдоо барих гэх мэт үйлдлүүд  нь тогтсон ёс заншлын дагуу явагддаг. Энэ  үед  тохиож буй үйлдлүүдээс тэр жилийн уяаны өнгө бэлгэдлийг тодорхойлдог байжээ. 

 Уяа эхлэх өдрийг урьдаас тооцон гахай, туулай, нохой өдрүүдийг сонгож уяа морьдоо барьдаг. Хамгийн сайн өдөр мягмар гаригтай туулай өдөр гэдэг. Туулай, нохойг хурдан амьтан гэж бэлгэдэж морь барихад ээлтэй гэж үздэг.  Харин гахай өдөр морь барьдаг учрыг тайлбарлахдаа: -Сүмбэр уулын оройд ганцхан гахайн мөр гарсан байдаг гэдгийг  бэлгэдэж  гахай өдөр хурдан морь барихад сайн гэж үздэг  учиртай ажээ.

Газрын гэм хор нөлөөгүй  газарт морины  уяагаа босгох нь эрхэм зүйл тул нарийн болгоох ёстой.Өмнөө ойрхон уултай газар болохгүй, баруун талдаа ойрхон уул морины хий чанарт муу, хойноо хоолой газар тааруу, тал газарт морь уйдах муу талтай гэдэг. Гэрийн ойр, үхэр тэмээний хэвтэр бэлчээрт болохгүй

Гэхдээ зүүндээ талтай, урдаа устай, баруунд намхан уултай, баруун хойноо нууртай, түших энгэр газарт уяа босговоос зохимжтой гэж сургаж ирсэн уламжлалтай.

Анх барихдаа адуугаа уяаны баруун хойно хурааж морьдоо барих, ингэхдээ хөөж барих нь тааруу, гараар зөөлөн барих нь сайн, гэнэдүүлж барих нь адгийн муу гэж үздэг.

Уяа эхлэхдээ уяаны эхэн дээр идээ, сан тавьж өөр өөрсдийн даасан номыг уншуулж  хүндэтгэл ёслолоор эхэлдэг ёстой.  Морь барьж байхад болон уяж байх үед чоно таарах, уяан дээр хэрээ суух,  алагдаахай нүхээ бумбаалах   сайн гэдэг.

Одоо үед архи, дарс, ууц  шүүс тавьж найр, цэнгээн болдог нь уламжлалт ёс биш шинэ үеийн хурдан морь сонирхогчдын ёслол хийж буй шинэ хэлбэр болжээ.

Уяа морь барьж байгаа үед могой, үнэг, зараа тааралдах нь муу гэдэг. Ийм нөхцөлд морь хурдлахгүй, хөлөө авах, осол эндэлд орох таагүй зүйл тохиох тул ихэвчлэн уяа морьдоо тавьдаг. Үхэр, тэмээ уяан дээр очиход морины давхил харина. Тэмээний үнэр уяа моринд муу.

 Уурга чирсэн холын эрэлчин уяан дээр ирэхийг цээрлэдэг.Морь уяж байгаа үед уяан дээр буруу явдалтан /хулгайч, санаа муут,  халамцуу хүн гэх мэт / ирэх, уяан дээр бэлгэгүй үг хэлэх нь уяанд сэв сууна.

Уяаны үед хулгай орох,  хэрүүл маргаан, зодоон ноцолдоон гарах, түүнээс улбаалж цус гарах зэрэгт  муу үр    дагавар ирдэг.   

Иймд морь барихаас эхлээд уяанд сэв суулгахгүй байх  зөв үйл  хийж, ёсыг  чандлан сахих, сахиулах  нь уяачийн хатуу чанд хариуцлага байдаг. 

Адуу ба хурдны бэлгэдлийн тухай  сургаж ирсэн тухай

 Хурдтай болох, уяж хурдлуулах, өсгөж үржүүлэх гэдэг чухам эзэн хүнээсээ хамаардаг гэдэг. Энэ тухай “Төрийн наадмын өндөр довонд тарвагачины морь түрүүлдэггүй“ ,  “Хурдан морь эзнээ хайдаг” гэх мэтээр хэлдэг. Үнэхээр хурдан морь эзэн хоёр цагаа олсон шүтэлцээтэй байдаг нь амьдрал дээр нотлогддог.  Морь хурдлах нь эзнийхээ ажил үйлсийг илэрхийлэх, зөгнөх зэрэг далдаас далд чанар байдгийг ажил хэрэг болгон ашиглаж иржээ.

Удамгүй адуу хурдалдаггүй. Унаган даага түрүүлбэл арван жилийн өм нээгддэг, адууны буян хишиг тогтоно.Хязаалан морь эр хүний лхаа гэдэг.  Энэ нь хязаалан морь хурдалбал ажил үйлс сайнаар эргэж, ямар ч насны морь уяхад хориг цээргүй болсон гэж үздэг.    

Хусран даага, соёолон моринд албин  дон шүгэлж хурдалдаг учир давхиж байхад нь урдаас нь эгцэлж очих,  биед нь хүрэх, хөлсийг нь хүртэхийг  цээрлэдэг. Хажуу талаас нь ойртох, дэргэдүүрээ өнгөрөөх зэрэгт гэмгүй гэж үздэг. Одоо үеийнхний морины хөлс хүртэх гэдэг нь  урьдаас уламжилж ирсэн гэх хурдан морьтой нутгийн ёс биш юм.

Хурдан сайн азарга, их насны морь, уургын морь, номхон сайн морь зэрэг өөрт ээлтэй адуугаа   зөнөөхөд  адуу өсдөг, буян хишиг тогтдог.  Хурдалж байсан  морь, уургын морь өөрөө адуунд ирж зөнөхөд  хурдан унага төрдөг гэлцдэг. 

 Их насны морь эрийн лхагаар ирдэг. Ингэвэл морь их хурдалдаг.Нэг эхээс гарсан ах дүү гурван адууг нэг хүн нэг уяан дээр уявал эзэндээ буюу адуундаа муу.

Гүйж яваа морийг барьдаггүй, усалж  өвөр лүүгээ оруулах  бэлгэдлээр өнгөрөөж явуулдаг. Ингэвэл адууны буян тогтдог.

Унаган адуу эзнээ эндээдэггүй, явгалдаггүй.Морь уяж байгаа үед чөдөр олох нь хамгийн муу гэж үзэх бөгөөд авч болохгүй. Ххазаар, хусуур олох сайн тул авч хадгалах хэрэгтэй.

Хүнд өгсөн адууныхаа араас харамсан шунах нь очсон хүндээ өгөөжгүй.

Хурдан адууг өндөр үнээр үнэлж авбал хурдалдаг. Үнийг нь татах, дутуу өгөх, нэхүүлэх зэргээр хэл ам дагуулсан морь авсан хүндээ өлзийгүй.

Хардэл бэйсийн хошуунд морины уралдаан нь олз ашиг олох байдлаар хөгжөөгүй, зөвхөн бэлгэдлээр,  нууц эрдмийг тайлах, эзэмшихийн төлөө ухаанаа уралдуулж хөгжсөн байдаг.

“Олз олох гэж уралдаагүй,

Ороогий нь үзэх гэж уралдсан

Байнд нь болж уралдаагүй,

Байцыг нь үзэх гэж уралдсан”  гэдэг хоршоо үг уламжлагдаж ирсэн нь үүнийг гэрчлэх болжээ. Морины байг их бага гэж чамладаггүй, заавал авдаг ёстой.

Хурдан морины наймаа хэзээнээсээ явагдаж ирсэн уламжлалтай. Гэхдээ эр хүмүүс ээлжилж баярлая гэсэн утгаараа явагддаг байжээ. Гол нь бие биенээ хууран мэхлэх явдал гаргахгүй,  сэтгэлээрээ өгөлцөн авалцдаг итгэл сэтгэлийн харилцаан дээр тогтдог. Ингэж өгсөн авсан наймаа нь ч, сэтгэлийн сэвгүй авсан адуу нь ч   буянаа өгдөг, хурдалдаг учиртай.

Хурдан  морио зараад баяжсан, үнэтэй аваад хоосорсон хүн гэж байдаггүй. Морь нь хурдалж л байвал өгсөн нь ч, авсан нь ч, үзэгч  олон түмэн нь ч баярлаж байдаг билээ.

Хардэл жанжин бэйс өвгөн ноён М.Пүрэвжавтан  “Наадамд түрүүлж буу, түрүүлж нүү, хурд дагуулна” гэж айлддаг байсан байна. Нутгийн уяачид бага насаа сунгачихаад морио гишгүүлэнгээ наадамдаа хөдөлцгөөдөг. Нэг нь түрүүлж очиж буух довоо сонгож шав тэмдэг тавьж, маргааш нь очоод буучихна. Наадмын сүүлчийн өдөр даага мордуулчихаад гэр майхнаа ачаалаад, буйраа цэвэрлээд, хөдлөхөд бэлтгэж байгаад  даага ирэхээр хөсгөө хөдөлгөчихдөг уламжлалтай байж.Энэ бол уяач хүний бусдаас ялгаатай, бусдыг үлгэрлэх соёл, ёс суртахуун, дэг журам  юм.

Хурд хадгалах соёл

Сэцэнханы уяачид “Адууны угшлыг худал хэлбэл нүгэл болно” гэж сургадаг. Уяач хүн хүний өөрийн хүүхэд ялгалгүй хар багаас нь  адууны угшлыг үнэн зөв ярьж хэлүүлж сургах,  худал хэлж болохгүй гэсэн итгэл үнэмшил, ёс суртахууныг эзэмшүүлдэг нь хурдны өлгий нутгийн хурд хадгалж ирсэн нэгэн том соёл юм.  Үүнээс гадна хурдан адуунд гоё нэр өгөх нь хурд хадгалах бас нэг соёл байжээ.

 Хардэл жанжин бэйс М.Пүрэвжавтан ялангуяа хурдан азаргандаа онцлог гоё нэр өгөхийг эрхэмлэдэг, “адууны хойшдын буян тогтоно” гэж үздэг байж. Үнэхээр Хардэлийн хошуунд хурдан морь,  азарганы  нэрийг л сайн мэдэхээс уяачийн нэр яригдаад байдаггүй байж.   

  1911 онд 8-р богд Жавзандамба хутагт Сэцэнхан аймагт морилж ирсэнд наадам хийж их хөл болжээ. Энэ наадамд Сэцэнханы Мангал туслагчийн улаан азарга түрүүлж үүний араас  Хардэлийн хошууны Эсгэл хээр, Номинцэнхэр, Занданхүрэн, Хоовон саарал, Зул шарга  гэсэн таван азарга  дараагаараа орсон байдаг.  Эндээс харахад уяачаасаа илүү  азаргануудын гоё нэр олон түмэнд танил болон удамшин шүтэгдсэн  байна.   Ийм нэртэй хурдан азарганууд Галшарын хошууныхны бахархал, удамт хурдны өлгий болохыг гэрчилдэг.     Элбэг хээр, Идэр хээр, Тонж ногоон, Хэнз халтар, Хонгор зээрд, Хулан хонгор, Огтор хонгор, Цоохор хонгор, Оонон хар гээд олонд танил болсон хурдан азаргануудын  удам одоо ч нэрлэгдсээр, хадгалагдсаар  байгаа.   Адууг азарганы угшлаар ярьдаг нь жинхэнэ  уяач хүний  соёл. Сүүлийн үед адууны угшил асуухад  унаган адуу, манай адуу гэх юм уу эсвэл аймаг сумын нэр хэлдэг. Бүр сүүлдээ хүний нэрээр овоглодог болсон.    Хүний үр төл хурдан адуу гэж байхгүй.  Ийм буруу яриатай хүнийг уяач гэдэггүй, уяа мэддэггүй  хүн гэдэг байж.  Хардэлийн хошууны хурдны цөм сүрэг 110 гаруй жил буюу одоо хүртэл хадгалагдаж байгаа нууц нь үүнд  байдаг байж болох юм. 

Уяач төрүүлдэг  уламжлалт соёлын талаар

Хурдан морины шинж, уяа заслыг хэн нэгэнд шууд хэлдэггүй. Дөхүүлэн хэлэх ба үүнийг нь ухааран ойлгох чадамжаар уяачийн авьяасыг тодруулж хөгжүүлдэг шавь сургалтын зарчимтай  байжээ.  Энэ нь залуу хүн хөөрүү сагсуу, ёс жудаггүй болж эвдрэхээс сэргийлэх хүмүүжлийн ?авхар ач холбогдолтой юм. Морь уяж сурах авьяас, хүний байдлыг шинжсэний үндсэн дээр уяачийн эрдмээ өвлүүлж залгамжлуулдаг байж. Ийм шавийн нэг Цэнхэрмандал сумын Улсын алдарт уяач Ч.Дугарсүр?н гуай юм.

 Тэрээр өөрийгөө уяач болсон тухай: “Манай нутгийн уяач “мэргэн” Магсар гуай надад  энэ нутагт нэмнээ элээх хүн чи л болох юм байна. Миний хүүхдүүдэд морь уяж чадах хүн алга. Би чамд морь уях өвөө үлдээнэ гээд хурдан морины хусуур, сойз, хазаар уяаны хэрэглэлээ өгсөн. Надад их ч зүйл хэлж өгсөндөө...” гэж хэлж байсан юм.  Үнэхээр ч Ч.Дугарсүрэн гуай нутагтаа том уяач байсан ба 80 наслатлаа морьдоо уяж сойн хурдлуулсаар л байсан юм. Одоо энэ уламжлалт арга тасалджээ.

Уяач нь хурдны соёлыг эзэмшигч, хадгалагч, уламжлагч  мөн. Сэцэнханы хурдан морины энэ их соёлыг өндөр түвшинд хүргэсэн, уламжилж хадгалж ирсэн  ард түмэн бол уяачид  юм. Уяач гэдэг бол  авьяас, мэргэжил гэдгийг ойлгох хэрэгтэй.  Жишээ нь “Морин хуурч”-тай зүйрлэж болох юм. Морин хуурыг хөглөж найр цэнгээнд  дуу хуурын  ая эгшиг тоглодог хүнийг  морин хуурч  гэдэг дээ.  Түүнээс  морин хуурыг өмчлөгч эзнийг морин хуурч гэдэггүй.  Түүнтэй адил уяач  гэж морь уях эрдэм чадвараараа бусдад хүлээн зөвшөөрөгдсөн хүнийг хэлдэг. Хурдан морьтой байлаа ч морь  уях эрдэмгүй, морьтой харьцах чадваргүй атлаа аль нэг уяачаар уяулж айраг түрүү авч байгааг уяач  гэхгүй. Харин морины эзэн гэдэг.  Морины эзэн өөрөө сонирхолдоо хөтлөгдөн олон жил хөөцөлдөж суралцвал харин ч илүү сайн уяач болох нь бий. Энэ бол монгол хүний бахархал.        Хурдны өлгий нутгийнхан чухам уяач гэж хэнийг хэлдэг вэ? “Хүлэг морио шинждэг, өөрөө уяж чаддаг,  адуунд үнэнхүү сэтгэлээ өгсөн,  морь хурдлуулах эрдмийг сурахын  төлөө үргэлж үнэн голоосоо зүтгэдэг  ингэхдээ уяачийн соёл,  ёс суртахууныг дээдлэн сахидаг хүнийг уяач хүн”  хэлнэ.

Хурдан морины энэ их соёлыг хөгжүүлэн, хадгалж ирсэн хүмүүс бол үе үеийн Сэцэнханынхан,  хошуу ноёд, ихэс дээдэс тэдний шадар уяачид  юм. Тэдгээр ихэс  дээдсүүд  морио унаж, уяж өссөн, уяаны эрдэмд  боловсорсон,   ёс жаягийг  эрхэмлэн дээдэлж  хүмүүжсэн, ёс суртахуунтай жинхэнэ уяачид  байсан байдаг.

Тэд л уяачийг төрүүлж,  хөгжүүлж , хурдыг бий болгожээ. Харин одоо үед уяачийн уламжлалт аргыг шинэчлэх,  хөгжүүлэх, шинэ үеийн бодлого үгүйлэгдсээр байна.

Эцэст нь Монгол адуу, хурдан морины их соёлыг эзэмшигч, хадгалагч, уламжлагч, хөгжүүлэгч нь уяачид байсан цаашид ч байх болно. Иймд жинхэнэ уяачийг  хөгжүүлснээр бидний хүсээд байгаа морины их соёл хөгжин  шинэ шатанд гаргахын учир Монгол үндэстний мөнхөд орших  мөн чанар  далдын хүч энэ их соёлд ч байж болох юм.

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна