ХАМБА ОВГИЙН ЛУВСАНБАЛДАНГИЙН ДАШЗЭВЭГ

Сэтгүүлч
2019 оны 1-р сарын 04 -нд

Төв аймгийн Заамар сумын харьяат Хамба овгийн Лувсанбалдан нь 1913 онд төрсөн бөгөөд халтар морь, зээрд морио орон нутагтаа уяж хурдлуулдаг сайн уяач, хурдан морь шинжээч байжээ. Түүний хүү Дашзэвэг 1942 онд төрсөн. Тэрээр аавынхаа морь уях эрдмийг өвлөн 1960 оноос морь уяж эхлэн 1997 оныг хүртэл 37 жил хурдан хүлгийн уяа тааруулахдаа улсын наадамд нэг удаа морь айрагдуулан, аймаг, сумын наадмаас давхардсан тоогоор 45 айраг түрүү хүртэн аймгийн Алдарт уяач болсон байна. 

ХАМБА ОВГИЙН Л.ДАШЗЭВЭГИЙН АМЖИЛТЫН ТОВЧООН: 


Азарга

1967 онд улсын баяр наадамд хээр хязаалангаа аман хүзүүнд хурдлуулсан азтай одтой жилийнхээ зун Хэнтий аймгийн Батноров сумаас хүрэн азарга авсан нь олон жил хурдалж, төлүүд нь ч мөн эзэндээ хурд хүчээ өргөсөн гэдэг. Хүрэн азарга Заамар сумын наадамд 1970-1976 онуудад дөрөв  түрүүлж, гурав аман хүзүүдсэн аж. Мөн давхар уяагаар 1972 онд Лүн суманд тавд, 1973-1974 онд Булган аймаг, Дашинчилэнд хоёр түрүүлснээр нийт зургаан түрүү, дөрөв айрагдсан байна. 
Их нас:
1974 онд Заамар сумын наадамд хээр морь түрүү, 1982-1985 онуудад хүрэн халзан морь гурав шөвгөрч нэг удаа гуравт хурдалсан. 
Соёолон:
1973 онд Булган аймгийн Дашинчилэн суманд цавьдар халзан соёолон айргийн тав, Заамар суманд 1978 онд хүрэн халзан соёолон айргийн дөрөвт давхисан. 1984 онд хул үрээ нэг түрүүлж,  нэг аман хүзүүдсэн. 1986 онд хамар цагаан хээр соёолон түрүү магнай. Соёолон насны мориор хоёр түрүү, гурван айраг хүртсэн.  
Хязаалан:
1967 онд улсын наадамд хээр үрээ аман хүзүүнд хурдлуулж уяачийн эрэмбээ харуулсан бол 1985 онд Заамар сумын наадамд зээрд үрээ айргийн дөрөвт давхиулсан. 
Шүдлэн:
1966 онд Заамар сумын наадамд хээр үрээ аман хүзүү, 1978 онд улаан хээр үрээ түрүү, халтар үрээ айргийн гуравт давхисан. 1987 онд Булган аймгийн Дашинчилэн сумын 50 жилийн ойд хүрэн халзан үрээ тавд хурдалсан. 1989 онд Булган аймгийн Баяннуур суманд мөн хүрэн халзан үрээ тавд давхисан. Шүдлэн үрээний нийт амжилт нэг түрүү дөрвөн айраг.
Даага:
1970 онд Заамар суманд халтар даага гурав, 1972 онд зээрд даага мөн гурав, давхар уяагаар Лүн суманд аман хүзүүнд хурдалсан. 1981 онд Булган аймгийн Дашинчилэн суманд хул даага түрүүлсэн. Нийт нэг түрүү, гурван айраг даагаар хүртсэн байна.

Д.Энхтуяа


1 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.